Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 101/2016/09422/И |
Дугаар | 001/ХТ2017/01204 |
Огноо | 2017-10-19 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2017/01204
Б.С-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/00842 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2017/01101 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч Б.С-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч “У” ОНӨААТҮГ-т холбогдох,
Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, ахлах нягтлан бодогчийн орон тоотой дүйцэхүйц ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаярын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөр, Г.Сэлэнгэ, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Би Улаанбаатар зам, засвар арчлалтын компанид 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ерөнхий нягтлан бодогчоор ажилд орж, ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа, дутагдал гаргаж байгаагүй бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэж, ямар нэг байдлаар сахилгын арга хэмжээ тооцуулж байгаагүй. 2013 оны 09 дүгээр сард Улаанбаатар зам засвар, арчлалтын компани татан буугдаж “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ болж, тус байгууллагад тооцооны нягтлангаар 6 сар ажиллаад ахлах нягтлан бодогчоор дэвшсэн. 2016 оны 09 дүгээр сард байгууллагын удирдлагаас манай байгууллага татан буугдах гэж байгаа талаар хэлсэн бөгөөд ажилчдыг ажилгүй болгохгүй 3 хэсэг хуваагдах гэж байгаа гэсэн. Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ажилдаа иртэл байгууллага татан буугдаж байна бичиг баримтаа цэгцэл гэсэн. Үүний дагуу хариуцсан бичиг баримтаа янзалж төв байранд очоод ажлаа хийж байтал 09 дүгээр сарын 30-ны өдөр “У” ОНӨААТҮГ-ын дарга Ж.Ганзориг, захиргаа санхүүгийн хэлтсийн дарга н.Ариунболд, хуулийн зөвлөх А.Буяндэлгэр, хүний нөөцийн мэргэжилтэн н.Тогтохбаяр нар ажилчидтай уулзсан. Намайг ороход “манай байгууллагад ахлах нягтлангийн орон тоо байхгүй болсон учраас тантай хамтран ажиллах боломжгүй байна” гэснээс хойш миний бие ажлаа хийж байсан бөгөөд 11 дүгээр сарын 07-ны өдөр хүний нөөцийн ажилтан ажлаас халагдсан тушаал өгснийг хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд бичилт хийж өгнө үү.
Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын бүтэц орон тоонд ахлах нягтлан бодогчийн орон тоо байхгүй тул ахлах нягтлан бодогчийн ажил, албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны “Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай” 14 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны “Тогтоол хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/638 дугаар захирамжийн дагуу “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөр татан буулгаж “У”, “Хот тохижилтын газар”, “Геодези, усны барилга байгууламж” ОНӨААТҮГ гэсэн 3 байгууллага болгон хувааж зохион байгуулсан. Энэ өдрөөс “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал байгууллагын нийт ажилтанд татан буугдаж байгаа, ажилтнуудыг мэргэжил, мэргэшлийн дагуу харьяалагдах байгууллагад шилжүүлнэ гэж сонсгол хийсэн.
Б.С-о “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-т ахлах нягтлан бодогчоор ажиллаж байгаад бүтцийн өөрчлөлтөөр шинээр зохион байгуулагдсан “У” ОНӨААТҮГ-ын орон тоогоор ахлах нягтлан бодогчийн ажлын байргүйгээр батлагдаж Нийслэлийн Засаг даргын захирамжаар өгсөн үүрэг даалгаврын дагуу хүмүүсийг ажилд томилсон. 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “У” ОНӨААТҮГ-ын дарга Б.С-отой уулзаж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь хэсэгт заасны дагуу орон тоо нь хасагдсан тухай мэдэгдсэн ба асуух зүйл байна уу гэхэд Б.С-о алга байна гэснээр тэмдэглэлд тусгагдсан нь шинэ бүтцээр орон тоо хасагдсаныг зөвшөөрч байна гэж үзсэн. “У” ОНӨААТҮГ Б.С-отой хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ч татан буулгах комиссын зохион байгуулснаар “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын хуучин цалингийн хэмжээгээр нэг сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгосон. Хөдөлмөрийн тухай хууль, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 14 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/638 дугаар захирамжийн дагуу орон тоо хасагдсан тухай мэдэгдэж, нэг сарын хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/00842 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч “У”-т холбогдуулан гаргасан ахлах нягтлан бодогчийн ажил, албан тушаалтай дүйцэхүйц ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэгч Б.С-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тус нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2017/01101 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/00842 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурджээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа мөн хуулийн 40.5-д зааснаар ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл ажил олгогчийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ны Б/250 тоот тушаалд мэдэгдэх заалт ороогүй бөгөөд үүгээрээ ажил олгогч ажилтанд мэдэгдэл өгөөгүй гэдэг нь нотлогдож байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Монгол Улсын Дээд шүүхээс Хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай холбоотой хуулийн зохицуулалтыг нэг мөр ойлгож, уг асуудлыг зөв шийдвэрлэх явдлыг хангах, цаашид анхаарвал зохих зарим асуудлыг зөвлөх зорилгоор 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зөвлөмж гаргасан. Зөвлөмжид “...дээрхи /40.1.1/ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тохиолдолд ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ ажил олгогч биелүүлсэн эсэх нь хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзнэ” гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчид мэдэгдлийг бичгээр мэдэгдсэн гэх боловч хариуцагч байгууллагаас шүүхэд ирүүлсэн мэдэгдэх хуудсанд нэхэмжлэгчийн гарын үсэг зурагдаагүй байдаг. Үүнийг нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж үзэх боломжгүй бөгөөд хариуцагч байгууллага процессийн алдаа гаргасан.
Байгууллагын орон тоо хассан, ажилтны тоо цөөрүүлсэн гэдэг нь тухайн орон тоо, бүтцийг шийдвэрлэх эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан, шийдвэр бодитой буюу орон тoo xacax, цөөрүүлэх бодитой шалтгаан бий болсон байх үйл баримт тогтоогдохгүй байхад 2 шатны шүүх хэт нэг талыг барьж хуулийг буруу тайлбарлан шийдвэрээ гаргасан гэж үзэж байна. Хариуцагчийн гаргасан татгалзал, тайлбараас харахад ажил олгогчийн гаргасан дээрхи шийдвэр бодитой биш орон тоо, хасах, цөөрүүлэх бодит шалтгаан бий болоогүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан хэлэлцэх ажиллагаан дээр тайлбар гаргахдаа нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалын гол үндэслэл нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай 14-р тогтоол, Нийслэлийн засаг даргын Тогтоол хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай А/638 тоот захирамжийг гол үндэслэлээ болгосон гэх бөгөөд хариуцагчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 269 тоот шүүхэд гаргасан хариу тайлбарт “Нийслэлийн засаг даргын захирамжаар өгсөн үүрэг даалгаврын дагуу хүмүүсийг ажилд томилсон” гэж дурдсан байдаг. Гэтэл Нийслэлийн засаг даргын гаргасан А/638 тоот захирамжид хэнийг ямар ажил, албан тушаалд томилох талаар дурдсан зүйл байхгүй бөгөөд бүтэц орон тоог ерөнхийд нь баталсан болохоос ямар нэг ажил, албан тушаалыг хасах, цөөрүүлэх талаар дурдаагүй гэдгийг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.
...Хариуцагчийн тайлбарласнаар Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл 1000 гаруй ажилтантай байсан гэдгийг ямар баримтаар нотлож байгаа нь тодорхойгүй, хариуцагч өөрөө үгүйсгэлээ нотлох үүрэгтэй байтал анхан шатны шүүх хариуцагчийн амаар тайлбарласан зүйлийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан байгаа нь шүүх хэргийг нотлох баримтын хүрээнд, тал бүрээс нь шинжпэн судлаж, үнэн бодитоор хянан хэлэлцсэнгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчид ахлах нягтлан бодогчийн орон тоо хасагдсан талаар 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр урьдчилан мэдэгдсэн тухай тайлбар гаргаж, нэхэмжлэгч Б.С-ыг оролцсон гэх хурлын тэмдэглэл, мэдэгдлийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байх боловч тухай хурлын тэмдэглэл, мэдэгдэх хуудсан дээр нэхэмжлэгчийн гарын үзэг зурагдаагүй байдаг. Энэ нь нэхэмжлэгчийг шүүхэд хандсаны дараа нотлох баримтыг нөхөж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байхад анхан шатны шүүх мөн үүнийг анхаарч үзсэнгүй.
Анхан шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад шүүгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар Нэгтгэл компаниас Улаанбаатар Зам Засвар Арчлалтын компанид хэдэн ажилтан шилжин ирсэн талаар асуухад 208 ажилтан ирсэн” гэж тайлбарладаг. Гэтэл тухайн байгууллагын шинэ бүтэц, орон тоо 232 болж нэмэгдэн батлагдсан байгаагаас үзэхэд олон жил ажиллаж байгаа мэргэжлийн нягтлан бодогч нэхэмжлэгч Б.С-ыг ажлын байраар хангах бүрэн боломжтой байсан нь харагдаж байна. Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж шийдвэрээ гаргасан гэж үзэх үндэслэлтэй байх тул тус шүүхэд хандан гомдлоо гаргаж байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн 210/МА2017/01101 тоот магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 101/ШШ2017/00842 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хангасан байна.
Нэхэмжлэгч Б.С-о нь ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ахлах нягтлан бодогчийн ажилтай дүйцэхүйц ажил, албан тушаалд тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулахыг шаардаж, хариуцагч “У” ОНӨААТҮГ-т холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Б.С-о нь 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-т ахлах нягтлан бодогчоор ажиллаж байгаад Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг “Хот тохижилтын газар” болон “У” гэх үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулсантай холбоотойгоор “У” ОНӨААТҮГ-ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б\250 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгджээ.
Хариуцагч “У” ОНӨААТҮГ-ын даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А\1 дүгээр тушаалаар тухайн байгууллагын бүтэц, орон тоо батлагдсан байх ба Захиргаа, санхүүгийн хэлтэст ерөнхий нягтлан бодогч 1, тооцооны нягтлан бодогч 2 байхаар тогтсон байна. Ахлах нягтлан бодогчийн орон тоо хасагдсан талаар 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. Зохион байгуулалтын бүтэц орон тоог өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэхийг өөрчлөн байгуулагдаж буй газарт үүрэг болгосон заалт “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг татан буулгах комиссыг томилсон Нийслэлийн Засаг даргын 2016 оны А\638 дугаар захирамжид туссан байна.
Ажил олгогчийн дээрх ажиллагааг хууль зөрчөөгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, маргааны үйл баримтын талаар, тухайн маргаанд хамааралтай эрх зүйн асуудлаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Шүүх хянан шийдвэрлэгдэж буй маргааныг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлээр шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/00842 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2017/01101 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН