Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 00356

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, О.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1957 онд төрсөн, 59 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Булган аймгийн Могод сумын 3 дугаар багт оршин суух, Тайж овогт Бярдамбын Цэцэгээ /РД:ГЕ57112507/,

Нэхэмжлэгч: 1978 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Булган аймгийн Могод сумын 3 дугаар багт оршин суух, Чойжил овогт Ганганбайгалийн Ууганбаяр /РД:ГЕ78041711/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1968 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Булган аймгийн Могод сумын Засаг дарга ажилтай, Булган аймгийн Могод сумын 5 дугаар багт оршин суух, Цэрэндорж овогт Батмөнхийн Даваа /РД:ГЕ68020615/,

Хариуцагч: 1970 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Булган аймгийн Могод сумын 5 дугаар баг, Эрхт, 2 дугаар хорооны 08 тоотод оршин суух, Амгалан овогт Гомбосүрэнгийн Ганжаргал /РД:ГЕ70022817/ нарт холбогдох эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 31425700 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00034/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1979 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, дээд боловсролтой, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн 4-35 тоотод оршин суух, Жан овогт Даваагийн Гантуяа /РД: ГЭ79012500/, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн, нэхэмжлэгч Г.Ууганбаяр, хариуцагч Б.Даваа, түүний өмгөөлөгч Д.Тогтохбаяр, хариуцагч Г.Ганжаргал, түүний өмгөөлөгч Г.Гочоо, иргэдийн төлөөлөгч Б.Отгонжаргал, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Цэцэгээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Могод сумын төвд оршин суугч Г.Ганжаргалын архи ууж согтуу хариуцлага болгоомжгүйн улмаас 2015 оны 03 дугаар сарын 31-нээс 2015 оны 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Ганжаргалын зуухнаас гарсан галын улмаас Ганжаргалын өөрийнх нь гэр зуны байшин залгаа хашаанд байсан миний өмчлөлийн 1990 оны үед ашиглалтанд орсон 5.5х7.5-ын харьцаатай өвлийн дүнзэн байшин шатаж миний насаараа хөдөлмөрлөж олсон эд хөрөнгө, эцгээс нь өвлөж үлдсэн эд зүйл, хүүгээ айл болохоор хэрэглэх эд зүйл зэрэг бидний тооцоогоор 50 орчим сая төгрөгийн эд зүйл маань шатаж устсан. Манай шатсан эд зүйлийг сумын комиссын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн үнэлсэн үнэлгээг үндэслэн учирсан хохирлоо иргэн Г.Ганжаргал болон галыг унтраах тодорхой арга хэмжээ аваагүй Засаг дарга Б.Даваа нараар төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Энэ хэрэг болохоос хоёр хоногийн өмнө тус сумын төвд аюул гамшигаас сэргийлэх үзүүлэх сургуулилалт аймгийн Онцгой байдлын газраас зохион байгуулж сумын төвийн хүмүүс галын цохиур гэх мэт зүйл авч яваад байсан боловч яг гал гарахад хувин ус хүрз, шороо цацаж унтраах арга хэмжээ аваагүй цугларсан иргэд хий л харж байгаад шатааж дуусгасан гэж олон хүн ярьж буй тул үүнд маш их гомдолтой бөгөөд тодорхой арга хэмжээ аваагүй сумын Засаг дарга Давааг иргэний хариуцагчаар татуулах хүсэлттэй байна. Учир нь уг галыг зуны байшин шатаж байхад хогийн машинаар түрж зайлуулах боломж байсан сумын Тамгын газрын галын хорыг авчирахад хор цэнэггүй, ус шүрших гэхэд мотор нь асахгүй гэх мэт галын талаар үзүүлэх сургалтын дараах өдөр гэхэд ямар ч бэлтгэл зохион байгуулалтгүй байсан нь шатаж дуусахад нөлөөлсөн. Манай хүргэн Г.Ууганбаяр нь Могод сумын 3 дугаар багт гэрт оршин суудаг. Тухайн цаг хугацаанд хэрэглэхгүй буюу байнга өмсөөд хэрэглээд байдаггүй эсвэл гамнаж хамгаалах эд зүйлээ манай байшинд хадагладаг тул нэхэмжлэлд дурьдсан үнэ түүний нэр дээр үнэлүүлсэн 7431500 төгрөгийн эд хөрөнгө манай байшинд байсан нь үнэн. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498.2-т заасныг үндэслэн Могод сумын Засаг даргын Тамгын газрын үнийн комиссын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн үнэлгээгээр тогтоосон шатсан эд зүйлийн үнэ болох 31425700 төгрөгийг иргэн Г.Ганжаргалаас болон Могод сумын Засаг дарга Б.Даваа нараас нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Цэцэгээгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ээж улсад 40 гаруй жил ариун цагаан хөдөлмөрөөрөө ажиллаж хураасан эд хөрөнгөө Г.Ганжаргалын болгоомжгүйгээс шатаалгасанд гомдолтой байна. Г.Ганжаргал гал алдсан хирнээ өөрөө эмнэлэг явсан галын яаралтай дуудлага өгөөгүй, хажуу айлдаа ч хэлээгүй, мөн сумын Засаг дарга Б.Даваа утсаа унтраасан, үүд хаалгаа онгойлгож өгөөгүй цаг хугацаа алдсанаас гал даамжирч байшин шатах болсон байна. Сумын цагдаа Оюунбат мотоциклоор явж хүмүүсийг зарлан дуудсан байдаг. Энэ талаар мэдээлэл аваад манай хүргэн дүү Г.Ууганбаяр шөнийн 03 цагийн үед Могод сумын төв ороход байшин дээд талаасаа шатаж байсан. Галыг унтрааж болох байсан. Галын хор авчирсан боловч галын хор цэнэггүй, гал шүршигч нь ажиллахгүй бүрэн бус байсан. Галын дараа хэсгийн төлөөлөгч Г.Ганжаргалын эхнэр, манай ээж Б.Цэцэгээ нараас худлаа мэдүүлэг авсан байсан. Галыг унтраах гэж ноцолдсон боловч унтраагүй гэж байна. Галыг унтраах ямар ч арга хэмжээ аваагүй байшин дотроос ямар ч эд зүйл гаргаагүй байсан. Засаг даргын орлогч Б.Батцэнгэл даргатай сумын үнэлгээний комисст бид шатсан эд зүйлээ 50000000 төгрөг гэж анхны үнэлгээ өгсөн. Үнэлгээний комисс 5х5, 7х5 харьцаатай дүнзэн байшинг 15000000 төгрөгөөр үнэлснийг 6000000 гэж үнэлсэн зэрэг галд шатсан эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн ба манай ээжид үнэлгээг үзүүлээгүй, бага үнэлгээ гаргаснаас болж прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгосон тул бид шүүхэд хандсан. Г.Ганжаргал нь архидан согтуурч согтуугаар гэртээ хэт галлаж гал алдан өөрийн болон бусдын эд хөрөнгийг шатаасан байхад сумын удирдлагаас Г.Ганжаргалд тусламж дэмжлэг үзүүлсэн хирнээ эд хөрөнгөөрөө хохирсон миний ээжид ямар ч тусламж дэмжлэг өгөөгүйд гомдолтой байна. Иймд хохирол 31425700 төгрөгөөс хариуцагч Б.Даваагаас авсан 1000000 төгрөгийг хасч 22994200 төгрөгийг Засаг дарга Б.Даваа, хариуцагч Г.Ганжаргал нараас гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Г.Ууганбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 03 дугаар сарын 31-нээс 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 03 цагийн үед намайг хадам ээж Б.Цэцэгээгийн хамт сумын төв орж ирэхэд манайханы байшин шатаад хүмүүс хараад зогсож байсан. Тэр үед Г.Ганжаргал согтуу захиалгат гал шүү гээд орилоод байсан. Галын улмаас надад 7431500 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг хариуцагч Г.Ганжаргалаас нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Г.Ганжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би гэртээ гал түлээд унтчихсан байсан. Тэгтэл манай нохой хуцаад байхаар нь сэртэл гал гарч байсан. Би өөрөө галд түлэгдсэн учир эмнэлгийн тусламж авахаар эмнэлэг явах замдаа сумын Засаг дарга Б.Даваад мэдэгдэхээр очсон боловч гэртээ дуугараад байсан мөртлөө гарч ирээгүй. Мөн сумын Тамгын газрын дарга Эрдэнэчимэг дуут дохио өг гэсэн боловч өгөөгүй. Сумын цагдаа Оюунбат хүмүүсийг цуглуулсан боловч хүмүүс хараад зогсож байсан. Галыг унтраах боломж байсан боловч унтраах арга хэмжээ аваагүй. Би санаатай гал тавиагүй. Би өөрөө өчнөөн хохиролтой тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Булган аймгийн Могод сумын Засаг дарга Б.Даваа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 1999 оны Галын аюулгүй байдлын тухай хуулиар Засаг даргад эрх байдаг, үүрэг байдаггүй. Галын асуудал дээр Засаг даргын хувьд санаатай үйлдэл байхгүй, Засаг даргыг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд тамгын газар туслах ёстой. Үүн дээр би тайлбар гаргасан байгаа. Хариуцагч Г.Ганжаргалын дуудсан, дуут дохио өгөөгүй гэж байгаагийн хувьд би хүлээн зөвшөөрөхгүй. Суманд гал унтраах мэргэшсэн хүн, техник тоног төхөөрөмж байгаагүй. Мөн гал газар авсан хүчтэй шатаж байсан учраас хүн ойртох боломжгүй байсан. Г.Ганжаргалд тусламж дэмжлэг үзүүллээ гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Д.Гантуяа хэлж байна. Сумын 5 дугаар багийн Засаг дарга Н.Баяртай гэр өгөхдөө Г.Ганжаргалд үзүүлсэн тусламж биш, тэдний хүүхдүүдэд нь олгосон тусламж гэж байсан. Би хариуцагчийн хувиар биш Засаг даргын эрх хэмжээний хувьд туслая гэж бодсон. Аймгийн онцгой байдлын газартай ярьсан боловч 1 гэр өгч туслана гэсэн. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Засаг даргын хувьд эд зүйлээрээ хохирсон иргэдэд дэмжлэг туслалцаа үзүүлъе гэж байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Цэцэгээ нь Г.Ганжаргал, Б.Даваа нараас байшин шатаасны улмаас учирсан хохирол 23994200 төгрөг, нэхэмжлэгч Г.Ууганбаяр нь Г.Ганжаргалаас эд зүйл шатаж устасны хохирол 7431500 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуяа шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 22994200 төгрөг болгон багасгажээ.

2015 оны 03 дугаар сарын 31-нээс 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Булган аймгийн Могод сумын 5 дугаар баг 1 дүгээр хороонд байрлах хариуцагч Г.Ганжаргалын гэр шатсаны улмаас тэдний хажуу хашааны айл болох иргэн Б.Цэцэгээгийн 5,5х7,5 харьцаатай өвлийн байшин шатаж Б.Цэцэгээ, Г.Ууганбаяр нарын байшин дотор байсан эд зүйл шатсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба уг үйл баримтын талаар талууд маргаагүй харин тус байшингийн өмчлөгч Б.Цэцэгээ, Г.Ууганбаяр нар нь хариуцагч Г.Ганжаргал, Б.Даваа нарын буруугаас гал гарч эд хөрөнгө шатаж 31425700 төгрөгийн хохирол учирсан гэж, хариуцагч Г.Ганжаргал нь Засаг даргад дуут дохио өгье гэхэд хэрэггүй гээд дуут дохио өгөөгүй. Шатсан байшинд энэ хоёр айлын эд зүйл байсан эсэхийг мэдэхгүй учраас хохирлыг төлөхгүй гэж, хариуцагч Б.Даваа нь Г.Ганжаргал гал гарсан дуудлагыг хугацаа алдаж өгсөн. Засаг даргын хувьд чиг үүргийнхээ хүрээнд ажлаа хийж гал унтраах зохих арга хэмжээг авсан тул хохирлыг хариуцан төлөхгүй гэж тус тус маргажээ.

Дээрх гал түймэр нь хариуцагч Г.Ганжаргалын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ галдаа их хэмжээний мод хийж унтсан буруутай үйлдлийн улмаас түүний гэр шатаж даамжиран хажуу айл болох Б.Цэцэгээгийн байшин, түүн дотор байсан эд зүйл шатаж иргэн Б.Цэцэгээд 14755000 төгрөгийн, нэхэмжлэгч Г.Ууганбаярт 7110 000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Булган аймаг, Онцгой байдлын газар гамшигаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 7-ны өдрийн 10/018 дугаартай гамшиг, аюулт үзэгдэл, осол гарсан тухай акт /хх-ийн 17/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 74-80/, Булган аймгийн Прокурорын газрын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 5/93 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоол /хх-ийн13-15/, мөрдөн байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоолоор томилогдсон шинжээчдийн эд зүйлийг үнэлсэн үнэлгээ /хх-ийн 56-57,92/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Тухайн гал түймэр Г.Ганжаргалын буруутай үйлдлээс болж гарсан болох нь Булган аймгийн онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 10/018 тоот гамшиг, аюулт үзэгдэл, осол гарсан тухай актаар тогтоогдсон тул нэхэмжлэгч Б.Цэцгээ, Г.Ууганбаяр нарт учирсан хохирлыг хариуцагч Г.Ганжаргалаас гаргуулах зүйтэй гэж үзэв.

Харин Могод сумын Засаг даргын хувьд гал түймрийг унтраах бүхий л арга хэмжээ авсан, гал түймрийн талаарх дуудлагыг цаг алдаж авсан, галын тархалт их хэмжээтэй байсны улмаас галыг унтраах боломжгүй нөхцөл байдал үүссэн болох нь хариуцагч Б.Даваагийн тайлбар, гэрч Ж.Оюунболдын: 2015 оны 03 дугаар сарын 31-нээс 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 02-03 цагийн үед Б.Баасанжав сувилагч над руу залгаад Г.Ганжаргалын гэр шатаж байна гэнэ гэхээр нь хувцасаа өмсөөд Г.Ганжаргалынх руу явж байтал Г.Ганжаргал эмнэлгээс гараад сургуулийн хашаагаар дамжаад ирж явахтай нь таарч юу болсон талаар асуухад манай гэрийн гаднаас хүн гал тавьчихлаа гэж хэлсэн. Г.Ганжаргал тэр үед согтуу байсан. ...Гэр нь шатаад зуны байшин луу нь орсон байсан. Г.Ганжаргалын гэрт нь гал гарсан нөхцөл байдлыг хараад сумын Засаг дарга Даваа, орлогч дарга Цэнгэл нарт утсаар дуудлага өгсөн. Хогны машины жолооч Баасангийнд очиж машиныг нь асаалгаж сумын төвөөр дуут дохио өгч 2 удаа тойрсон. ...Намайг хогны машин аваад очиход Цэцгээ гуайн байшин тааз хэсгээрээ шатаж байсан. Тэнд сумын удирдлагууд болон иргэд ирсэн хувинтай ус цацаж байсан. Би сумын гал командын 1 тн ус ордог савыг авч худгаас 4-5 удаа ус зөөж, хогны машиныг Цэцэгээ гуайн байшинд ойртуулан тавьж дээр нь гарч байшингийн тааз хэсэг рүү ус цацсан. Байшингийн хаалгыг онгойлгох боломж байгаагүй. Учир нь хаалгыг онгойлговол хий аваад байшин нурах аюултай гээд оруулаагүй. Ганжаргал галын дуудлагыг гал гарсан даруйд өгөөгүй удаасан гэх мэдүүлэг /хх-39/, гэрч Т.Нарантуяагийн: ...Надтай хамт ажилладаг сувилагч Баасанжав над руу утасдаад танай хажууд айл шатаж байна гэж хэлэхээр нь би очсон. Намайг очиход Ганжаргалын гэр нь шатаад дууссан, зуны амбаар нь шатаад дуусч байхад хогны машинаар түрж унагаасан боловч Цэцгээ гуайн байшин руу гал орсон байсан. Тэдний байшингууд хоорондоо их ойрхон зайтай байсан. Сумын цагдаа ёмкостой ус авчирч ус цацаж байсан. Мөн иргэд хувин саваар ус, шороо цацаж байсан. Гал маш түргэн хугацаанд гарсан, сумын удирдлагууд болон иргэд гал унтраах боломжтой арга хэмжээг авч байсан гэх мэдүүлэг /хх-40/, гэрч Б.Баасангийн: ...Биднийг очиход гал их хэмжээгээр авалцаж ассан байсан. Унтраахаар арга хэмжээг авсан боловч дийлээгүй, тухайн гал гарсныг мэдсэн хүн хугацаа хожимдуулж дуудлага өгсөн байх. Манай сумын Засаг дарга Даваа ирсэн байсан гэх мэдүүлэг /хх-41/ зэргээр тогтоогдож байх тул Могод сумын Засаг даргаас хохирол гаргуулах боломжгүй гэж үзлээ.

Уг гал түймэр гарахад хариуцагч Г.Ганжаргалын өөрийн гэр болоод эд зүйл шатсан, уг галын улмаас тэрээр биедээ гэмтэл авсан /Гамшигаас хамгаалах хяналтын улсын байцаагчийн гамшиг, аюулт үзэгдэл, осол гарсан тухай акт, өвчний түүх , засаг даргын тодорхойлолт хх-ийн 109-120/ зэрэг байдлыг харгалзан үзэж шүүх хохирлыг тооцон гаргахдаа Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т ...гэм хорын нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно гэж заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Цэцэгээ, Б.Ууганбаяр нарт учирсан хохирлын тус бүр 70 хувийг хариуцагч Г.Ганжаргалаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нар нь байшин болон түүн дотор байсан эд зүйлийг 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Могод сумын үнэлгээний комиссоор дахин үнэлүүлж /зарим эд зүйлийг нэмж өөрсдөө үнэлүүлсэн/ нийт 31425700 төгрөгийн хохирол учирсан гэж үзэн шүүхэд дээрх хохирлыг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүх мөрдөн байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр томилогдсон шинжээчдийн эд зүйл үнэлсэн үнэлгээг /хх-ийн 56-57, 92/ үндэслэн хохирлыг тооцох нь бодитой гэж үзлээ.

Иймээс нэхэмжлэгч Б.Цэцэгээд учирсан хохирол 14755000 төгрөг /хх-56-57/-ийн 70 хувь буюу 10328500 төгрөгийг, нэхэмжлэгч Г.Ууганбаярт учирсан 7110 000 төгрөгийн хохирлын 70 хувь буюу 4977000 төгрөг, бүгд 15305500 төгрөгийг хариуцагч Г.Ганжаргалаас гаргуулж, нэхэмжлэгч Б.Цэцэгээд 10328500 төгрөг, нэхэмжлэгч Б.Ууганбарт 4977000 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15120200 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 135 дугаартай захирамжаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан байх тул нэхэмжлэгч Б.Цэцэгээгийн нэхэмжилсэн 23994200 төгрөгт төлөх улсын тэмдэгтийн хураамж 277921 төгрөг, нэхэмжлэгч Б.Ууганбаярын нэхэмжилсэн 7431500 төгрөгт төлөх улсын тэмдэгтийн хураамж 133854 төгрөгийг тус тус гаргуулж Төрийн санд оруулан, хариуцагч Г.Ганжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 274788 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Цэцэгээд 180206 төгрөг, нэхэмжлэгч Г.Ууганбаярт 94582 төгрөг тус тус олгох нь зүйтэй байна.

Гал түймэрт шатсан байшин хэний өмчлөлийн эд хөрөнгө болох талаар нотлох баримтыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлээгүй боловч нэхэмжлэгч тус байшинг 1996 онд худалдан авсан гэж тайлбарлаж байх ба талууд өмчлөлийн асуудалд маргаагүй болохыг дурьдвал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйл, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.2-т заасныг баримтлан хариуцагч Г.Ганжаргалаас нийт 15305500 /арван таван сая гурван зуун таван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Цэцэгээд 10328500 /арван сая гурван зуун хорин найман мянга таван зуу/ төгрөгийг, нэхэмжлэгч Г.Ууганбаярт 4977000 /дөрвөн сая есөн зуун далан долоон мянган/ төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15120200 /арван таван сая нэг зуун хорин мянга хоёр зуу/ төгрөг, Булган аймгийн Могод сумын Засаг даргад холбогдуулж гаргасан Б.Цэцэгээгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Цэцэгээгээс улсын тэмдэгтийн хураамжинд 277921 /хоёр зуун далан долоон мянга есөн зуун хорин нэг/ төгрөг, нэхэмжлэгч Г.Ууганбаяраас улсын тэмдэгтийн хураамжинд 133854 /нэг зуун гучин гурван мянга найман зуун тавин дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулж Төрийн санд, хариуцагч Г.Ганжаргалаас нийт 274788 /хоёр зуун далан дөрвөн мянга долоон зуун наян найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Цэцэгээд 180206 /нэг зуун наян мянга хоёр зуун зургаа/ төгрөг, Г.Ууганбаярт 94582 /ерэн дөрвөн мянга таван зуун наян хоёр/ төгрөгийг тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН

О.ОДОНЧИМЭГ