Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2020/0134

 

“ЖПЭ” ХХК-ийн гомдолтой

  захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч Д.Г, Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 50 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол гаргагчийн гаргасан давж заалдах гомдлоор “ЖПЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 50 дугаар шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 2, 2.3, 6.6 дугаар зүйлийн 1-ийн 1-д заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын хяналт шалгалт арга зүйн газрын Татварын улсын байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 0065804 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар “ЖПЭ” ХХК-ийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч “ЖПЭ” ХХК-ийн төлөөлөгч С.О, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нар давж заалдах гомдолдоо: “...шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч талаас Татварын ерөнхий газрын улсын байцаагч Д.Г, Ц.Б, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулсан бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Эрх зүйн чадамж бүхий хүн шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөө оролцуулна” гэж заажээ. Энэ нь үгийн болон хууль тогтоогчийн хуульчлан зааснаар хариуцагч тал эсвэл өөрийн өмнөөс төлөөлөгчөө оролцуулах зохицуулалт бөгөөд шууд утгаараа гомдол гаргагч талын хариуцагч гэж тодорхойлсон этгээд өөрөө эсвэл хуульд зааснаар төлөөлөгчөө оролцуулах тухай зохицуулалт юм. Гэтэл шүүх хариуцагч дээр нэмэх нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх этгээдийг оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Энэ нь Монгол улсын шүүхийн өмнө талууд тэгш эрхтэй байх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана” гэсэн заалт мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ тэгш эрхтэй буюу тэгш боломжтой байх зарчмыг хангах нь шүүхийн үүрэг бөгөөд энэ тэгш эрхийн зарчмаас улбаалан тэгш боломжтойгоор мэтгэлцэх нөхцөлийг бүрдүүлэх ёстой юм. Гэтэл шүүх хуралдааныг явуулахдаа гомдол гаргагч талаас сануулсаар байхад дээрх хоёр зарчмыг зөрчин хууль бус оролцогч оролцуулсан байна. Шүүхэд энэ талаар мэдэгдэж хариуцагч талыг эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг нь оролцуулахгүй тухай хүсэлт гаргахад хүлээн аваагүй бөгөөд дээрх 2 зарчмыг зөрчиж эрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчин шүүх хуралдаанд гомдол гаргагч ба хариуцагч талаас тайлбар үнэн зөв тусгалгүй хариуцагч талын ашиг сонирхолд нийцүүлж тодорхойлох хэсэгт тусгасан. Энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т "Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг тусгана” гэж заасан бөгөөд гомдол гаргагч талаас шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг дутуу бичсэн байна Гомдол гаргагч талаас хариуцагч нар нь БНХАУ иргэн Ж гэх этгээдийн татвараас зугтаах гэмт хэргийг нуун далдлах зорилгоор Цагдаагийн газрын хүсэлтээр хийсэн шалгалтын мэдээг цагдаагийн байгууллагад өгөлгүй зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байна гэсэн хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа болон шалгалтад ямар баримт хамруулсан, ямар учраас зөрчлийн хэргийн холбогдогч биш этгээдээс татвараас зугтаах гэмт хэрэг үйлдсэн БНХАУ иргэн Ж гэх этгээдийн “ССэи” ХХК-иас 17 хавтас материал авч түүндээ тулгуурлан шийтгэл ногдуулсан талаарх мэтгэлцээний талаар огт дурдаагүй байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...шийтгэл ногдуулсан зөрчилтэй маргаагүй тул гомдлын үндэслэлд дурдсан асуудлаар дүгнэлт хийж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв’’ гэжээ.

Гэтэл тодорхойлох хэсэгт болон шүүхийн мэтгэлцээнд татварын улсын байцаагч нар нь “ССэи” ХХК-иас 17 хавтас материал авч түүндээ тулгуурлан шийтгэл ногдуулсан болохыг анхан шатны өмнөх хуралдааны үед хариуцагч талын тайлбараас мэдсэн, “ЖПЭ” ХХК санхүүгийн баримтыг АТГ хураан авсан байсныг гомдол гаргагчийн төлөөлөгч би өөрөө 2019 оны 4 дүгээр сарын 29-нд очиж авсан ч ямар зөрчилд тулгуурлан шийтгэл ногдуулсан болохыг мэдэх боломжгүй байсан талаарх мэтгэлцээн ба шүүх хуралд тайлбарласан тайлбар, шинжлэн судалсан нотлох баримт, 2017 онд УДШ шийдвэрээр “ЖПЭ” ХХК-ийг авснаас хойших ямар ч баримт бичиг БНХАУ иргэн Ж гэх этгээдийн “ССэи” ХХК-иас өгөөгүй талаарх тайлбар зэргийг шүүхийн шийдвэрт тусгаагүй, шийтгэлийн хуудсанд дурдсан ямар ч тоо баримтын талаар шийтгэлийн хуудас гардуулах үед танилцуулаагүй талаарх гомдол гаргагч талын тайлбар ба нотолгоог огт өгөөгүй мэтээр илт өрөөсгөл зүйлийг шүүхийн шийдвэрт бичсэн байна. Хариуцагч тал шүүх хуралдаан дээр “ЖПЭ” ХХК ямар ч баримт байхгүй байгаа зүйл нь шаардлага хангахгүй байсан талаар мэдүүлсэн зүйлийг тодорхойлох хэсэгт тэмдэглэсэн боловч хятадын эрх ашиг үйлчлэх Монгол улсын шүүгчид огт тоосонгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 2014-2016 онд ашигт матмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах үнэлгээг буруу тооцсоны улмаас 35.649.518.500 төгрөгт ноогдох 1.782.475.900 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу тайлагнасан’’ гэсэн байх энэ БНХАУ иргэн Ж гэх этгээдийн татвараас зугтаах гэмт хэргийг нуух зорилгоор улсын байцаагч нар нь эрүүгийн гэмт хэргийг зөрчлийн хэрэг мэтээр түүнийгээ хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болж байгаад огт дүгнэлт хийх түүний талаар шүүхийн шийдвэрт огт дурдсангүй.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх 7.820.082.600 төгрөгт ноогдох 782.008.657.20 төгрөг гэдэг нь мөн 2014-2016 онд хамаарах БНХАУ иргэн Ж үйлдсэн гэмт хэрэг байгаа юм. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “2016 ашиглалтад хүлээн авсан 3.924.756.400 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгө ..." гэсэн байна энэ компанийг 2017 оны сүүлээр хүлээн авсан ямар ч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ бүхий эд хөрөнгө гэсэн гэрчилгээ алга байна. Манайд ямар ч санхүүгийн баримтыг хэн өгөөгүй гэсэн мэтгэлцээний талаар шүүх огт дурдаагүй байна.

Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасан.

Татварын ерөнхий газрын улсын байцаагч Д.Г, Ц.Б нар нь 0302853 дугаартай шийтгэлийн хуудсыг үйлдэхдээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд хууль зүйн үндэслэлээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт заасныг үндэслэл болгосон. Энэхүү 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шалгаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гэсэн заалт бөгөөд хуульд эсхүл гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шалгаж... гэж тодорхой заасан байхад шүүгч төрийн албан хаагчид нь бичиг үсэг тайлагдаагүй мэт худал тайлбар гаргаж шүүх нь хүлээн авч Монгол төрийн албыг гутаасан шийдвэр гаргадаг болжээ. Өөрөөр хэлбэл 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 3619010003 тоот томилолт авч шалгалт эхэлсэн бөгөөд 3 өдрийг 90 өдөр болгож байгааг зөв гэж үзэх төрийн албан хаагчид болон шүүгч огт байж болохгүй билээ. Ийм байдлаар хууль дээдлэх ёсыг зөрчсөн шийдвэр гаргажээ. Мөн шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “шалгалт 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 41 хоног хийгдэж Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т зааснаар ...шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн байна.” гэсэн дүгнэлт хийжээ.

Гэтэл 2015 оны Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1-д “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого,..” бол 50 сая төгрөгөөс дээш бол 2002 оны Эрүүгийн хуулийн татвар төлөхөөс зайлсхийх мөн их хэмжээ буюу 38.4 сая төгрөг байсан тул энэ илт гэмт хэрэг байсаар байхад төрийн албан хаагч болон шүүгч огт тоосонгүй. Өөрөөр хэлбэл татварын байцаагчид гэмт хэргийг зөрчлийн хуулиар шийдвэрлэх эрх хэмжээ байгаагүй бөгөөд хууль дээдлэх ёсыг зөрчсөн байхад шүүх анхаарсангүй.

Мөн зөрчлийн хэрэгт Татварын ерөнхий газрын улсын байцаагч Д.Ганбат, Ц.Базарсүрэн нар нь 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 0302853 дугаартай шийтгэлийн хуудсыг үйлдэхдээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд үед 11.19 дүгээр зүйлд 1.1, 1.2 гэсэн заалт баримталсан бөгөөд тухайн хуульд ийм заалт байхгүй болохыг анхаарсангүй. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т "зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол” хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх бөгөөд “ЖПЭ” ХХК-ийн шинээр томилогдсон С.О, Б.П нар зөвшөөрөхгүй байхад 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 0302853 дугаартай шийтгэлийн хуудсыг үйлджээ. Тэдний 3.1 дүгээр зүйлийн 2.7-д өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах” мөн зүйлийн 2.8-т “нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх” мөн зүйлийн 2.9-т “зөрчлийн хэрэгтэй танилцах” эрхийг эдлүүлээгүй байгаа болохыг шүүх анхаарсангүй. Иймд Татварын ерөнхий газрын улсын байцаагч Д.Г, Ц.Б нарын үйлдсэн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 0302853 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхээс маргаан бүхий актад дүгнэлт өгөөгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан нотлох баримтыг бүрэн цуглуулж, дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Гомдол гаргагч “ЖПЭ” ХХК нь “...татварын улсын байцаагч нар хяналт шалгалт хийхдээ нотлох баримтад үндэслэхгүйгээр шийтгэл оногдуулсан, холбогдох баримтууд нь Авлигатай тэмцэх газарт байхад “ССэи” ХХК-иас гаргаж өгсөн баримтуудыг үндэслэн төлөх ёсгүй татварыг төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй” гэх үндэслэлээр Татварын ерөнхий газрын хяналт шалгалт арга зүйн газрын татварын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0065804 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргасан байхад анхан шатны шүүхээс “...шийтгэл оногдуулсан зөрчилтэй маргаагүй тул гомдолд дурдсан асуудалд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэн маргаан бүхий актын үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөхгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д  “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж зааснаар татварын улсын байцаагч нар нь шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай үндэслэл бүрийг нарийвчлан судалж, холбогдох нотлох баримтуудыг цуглуулан, бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоосны эцэст түүнд үндэслэж шийдвэр гаргах үүрэгтэй, харин хариуцагчийн үйлдсэн шийтгэлийн хуудас хуульд нийцсэн эсэхийг шүүхээс тогтоохдоо хариуцагч ямар баримтад үндэслэн зөрчлийг тогтоосон болох, тухайн баримтууд нь зөрчил үйлдсэнийг нотлох хангалтай үндэслэл болж чадсан эсэх талаар холбогдох баримтуудыг нь цуглуулан үнэлж, дүгнэсний үндсэн дээр шийдвэрээ гаргах учиртай.

Өмнө нь энэ талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 463 дугаар магадлалаар дүгнэж, хариуцагчаас маргаан бүхий шийтгэлийн хуудсыг үйлдэх үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулж, актын үндэслэлд дүгнэлт өгч, хэргийг дахин шийдвэрлэх шаардлагатай гэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байхад анхан шатны шүүх хүчин төгөлдөр болсон магадлалд заасан ажиллагааг хийж гүйцэтгэхгүйгээр дахин “...актын үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүй” гэж дүгнээд хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасанд нийцэхгүй.

Иймд магадлалд заасан “татварын улсын байцаагч нар ямар тооцоо, санхүү, татварын тайлан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтад үндэслэн “ЖПЭ” ХХК-ийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан, татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн гэж үзсэн” талаарх баримтыг цуглуулж, гомдол гаргагчийн гаргасан гэх зөрчлүүдийг хариуцагч ямар баримтаар тогтоосон болохыг тодруулж, холбогдох баримтуудыг хэрэгт хавсарган дүгнэлт өгөх шаардлагатай.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд “...компанийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт, шалгалтыг хийхдээ санхүүгийн тайлан тэнцэл, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, журнал, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримт материалд үндэслэсэн” гэсэн байх бөгөөд хариуцагч тайлбартаа ”ЖПЭ” ХХК нь шалгалтад шаардлагатай баримт материалыг гаргаж өгөөгүй, байгаа баримтууд нь шаардлага хангахгүй байсны улмаас Ашигт малтмал, газрын тосны газраас тухайн жилүүдийн “Уулын ажлын тайлан”-г, 2014-2016 оны санхүүгийн баримтыг “ССэи” ХХК-аас гаргуулан авсан гэсэн байх тул тус баримтуудыг бүрэн цуглуулж, маргаан бүхий актад дурдсан зөрчлийг гомдол гаргагч хуулийн этгээд гаргасан болохыг тогтооход хамааралтай, нотолгооны ач холбогдолтой баримтууд мөн эсэхийг дүгнэх нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй, маргааны үйл баримтыг буруу дүгнэсний улмаас шийтгэл ногдуулах болсон үндэслэл тус бүрд хууль зүйн дүгнэлт хийлгүй, гомдол гаргагч хуулийн этгээд Татварын хууль тогтоомж, Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн эсэхийг огт дүгнэлгүйгээр хэргийг шийдвэрлэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт ...хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасныг зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий шийтгэлийн хуудасны үндэслэлүүдэд дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

Иймд анхан шатны шүүхээс холбогдох баримтуудыг бүрэн цуглуулж, маргаан бүхий актын үндэслэлүүдэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 50 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                             С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                              Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                             Г.БИЛГҮҮН