Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2024/0080

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын

 улсын байцаагч нар, Татварын ерөнхий газрын

Татварын хяналт шалгалт арга зүйн газарт

холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:      Д.Батбаатар

Шүүгчид:                        Г.Банзрагч

                                            М.Батсуурь

                                            Х.Батсүрэн

Илтгэгч шүүгч:            Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0161 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2024/0288 дугаар магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 242 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, хариуцагч Б.О, Г.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч  Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалтын арга зүйн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О, Г.Э нарын “Г” ХХК-ийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тайлагнаж албан татвар ногдох орлогоо бууруулсан зөрчлийн зарим хэсгийг шийтгэлээс чөлөөлсөн буюу захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох,

1.2.“Г” ХХК-д дахин хяналт шалгалт хийхийг хариуцагч Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газарт даалгах.

Хэргийн нөхцөл байдал:

2.Сангийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 79 дугаар тушаалаар батлагдсан нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх төсөл хэрэгжүүлэгчдийн жагсаалтад “К” ХХК “Ногоон хэрэм” төслийн 854,764.99 ам.долларын үнийн дүн бүхий нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр тусгагдсан байна.

2.1.“К” ХХК-аас “... Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлтэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авах бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх төсөл хэрэгжүүлэгчийн жагсаалтад багтаж, ... нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх код авсан. Гэтэл төслийг гүйцэтгэхэд хамтран ажилласан “Г” ХХК манай компаниас шилжүүлсэн хөлсийг дээрх кодоор шивж, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх тайлан гаргасан байна” гэсэн гомдлыг Татварын ерөнхий газарт гаргажээ.

2.2.Тухайн гомдлын дагуу Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нараас “Г” ХХК-д татварын хяналт, шалгалт хийж 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 78 дугаар нөхөн ногдуулалтын акт үйлдсэн байна. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс уг актыг эс зөвшөөрч маргаж байна.

3.Нэхэмжлэгчээс “... “Г” ХХК манай компаниас авсан 2018, 2019 онуудын нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхгүй орлогуудаа нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлого гэж тайлагнаж татвар ногдох орлогоо бууруулсан, ийнхүү илүү тайлагнаснаар Сангийн сайдын 79 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан жагсаалтын дагуу манай компанийн тайлагнах ёстой орлогуудтай нийлж, 3,8 тэрбум төгрөг болж хэтрээд байна. “Г” ХХК-ийн дээрх үйл ажиллагаанаас болж манай компанийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлогоо илүү тайлагнасан гэж үзэх бодит эрсдэл үүсч, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.

3.1.Татварын улсын байцаагч нар “Г” ХХК-д хяналт шалгалт хийж, уг компанийг зөрчил гаргасан гэж үзэж зөрчилд хариуцлага тооцсон атлаа 614,414,753.18 төгрөгийг нь зөрчил гэж үзэж, үлдэгдэл 1,242,018,689.5 төгрөгийг зөрчил биш гэж үзсэн нь ойлгомжгүй, яг ижилхэн зөрчилд заримыг нь зөрчил гэж үзэж, заримыг нь зөрчил гэж үзэхгүй байх үндэслэл байхгүй” гэж,

4.Хариуцагчаас “...“Г” ХХК-ийн төслийн ажлыг гүйцэтгэх төлөвлөгөөнд тусгагдсан ажил нь 2019 оны 04 дүгээр сар, 2020 тоны 04 дүгээр сараас гүйцэтгэж эхлэхээр тусгасан нь Сангийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 43, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 79 дүгээр тушаалын дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үндэслэлтэй” гэж маргажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр:

5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0161 дүгээр шийдвэрээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 13.11-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал:

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2024/0288 дугаар магадлалаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0161 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.М шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.

7.1.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах тухайд: Захиргааны байгууллага эрх зүйн хэм хэмжээг эрэмбийн хувьд доороос нь эхлэн хэрэглэдэг. Захиргааны байгууллага зөвхөн доод эрэмбийн эрх зүйн хэм хэмжээ нь хийдэлтэй байгаа тохиолдолд түүний дээр эрэмбэлэгдсэн эрх зүйн хэм хэмжээг хэрэглэдэг зохицуулалттай.

7.2.Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх асуудлыг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан зохицуулах бөгөөд хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагааны журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасны дагуу Сангийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаар тушаалын хавсралтаар “Олон улсын байгууллага, хандивлагч орноос Засгийн газрын шугамаар Монгол улсад олгож буй хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авах бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үйл ажиллагааг зохицуулах журам” батлагдсан. Тус журмын 5.3-т “Энэ журмын 4.1-д заасан жагсаалтын хүрээнд дараах үндэслэлээр албан татвараас чөлөөлөхгүй”, 5.3.1-т “худалдан авах бараа, ажил, үйлчилгээ нь жагсаалтад заасан тоо, үнийн дүнгээс хэтэрсэн”, 5.3.2-т “худалдан авалт хийсэн этгээдийн нэр нь жагсаалтад ороогүй” гэж заасан байдаг.

7.3.Дээрх журамд заасан үндэслэлээр манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд дээрх нарийвчлан зохицуулалтыг үл хэрэглэж, “татварын байгууллагаас ирээдүйд хяналт шалгалт хийсэн нөхцөлд ч нэхэмжлэгч нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх хууль зүйн боломжтой” гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

7.4.Хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн тухайд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаар эрх зүйн харилцаанд орж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн төдийгүй тухайн харилцаанд орж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдэд шүүхээс “урьдчилсан хамгаалалт (хяналт)” хийх зорилгоор нэхэмжлэл гаргах эрхийг баталгаажуулсан.

7.5.Мөн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолоор “Субъектив эрхийн маргааны хувьд маргаж буй захиргааны шийдвэрийн үйлчлэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан байж болзошгүй шалтгаант холбоотой байгаа нь нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэх буюу тухайн этгээдийг “нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд” гэж үзэх хангалттай үндэслэл болно” гэж тайлбарласан.

7.6.1/ “Г” ХХК нь манай компаниас авсан 2018, 2019 онуудын нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхгүй орлогуудаа нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх орлого гэж илүү тайлагнаснаар татварын байгууллагаас манай компанийн хөнгөлөлт, чөлөөлөлтийг баталгаажуулахгүй байгаа нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, 2/ ирээдүйд хууль ёсны чөлөөлөгдөх орлогуудыг татвараас чөлөөлөхгүй байх бодит эрсдэл үүсч, манай компанийн “эрх ашиг зөрчигдөж болзошгүй” үндэслэл бодитой бөгөөд илэрхий, тодорхой байхад давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, “... 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар нөхөн ногдуулалтын актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй” гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

8.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 242 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2, 123.2.4-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

9.Анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

10.2018 онд БНСУ-ын Ойн ерөнхий газар болон Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хамтран хэрэгжүүлсэн Монгол-Солонгос нөхөрлөлийн ой байгуулах Ногоон хэрэм төслийн ажил гүйцэтгэгчээр “М” консорциум шалгарч, “К” ХХК (хуучин нэрээр “М” ХХК), “Г” ХХК, “Т” ХХК-иас бүрдсэн “М” консорциум нь Захиалагч тал болох Ногоон хэрэм төсөлтэй ажил гүйцэтгэх гэрээг байгуулжээ.

11.Энэ хүрээнд “К” ХХК, “Г” ХХК, “Т” ХХК нар нь ажил хуваарилан гүйцэтгэх гэрээг байгуулж, “К” ХХК нь консорциумыг удирдаж төслийн төсвийн хуваарилалтыг хариуцахаар, ажлын хуваарилалтын хувьд “Г” ХХК нийт ажлын 51.8 хувийг, “К” ХХК нь нийт ажлын 28.3 хувийг, “Т” ХХК нь нийт ажлын 19.9 хувийг тус тус хариуцан гүйцэтгэхээр тохиролцжээ.

12.Энэхүү төсөл нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр заасан “гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа”-д хамаарч байсан тул тус харилцааг зохицуулах Сангийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн журмын дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр байжээ. Уг журмын хавсралтаар нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх төсөл хэрэгжүүлэгчдийн жагсаалтыг жил бүр шинэчлэн баталсаар ирсэн байх бөгөөд 2018, 2019 онд консорциумын төслийг хэрэгжүүлэгчид тус жагсаалтад багтаагүй. Үүний улмаас төслийг хэрэгжүүлэгчдийн 2018, 2019 онд төслийг хэрэгжүүлэхэд гүйцэтгэсэн ажил, үйлчилгээ нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөөгүй байна.

13.Харин, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Сангийн сайдын 79 дүгээр тушаалаар батлагдсан нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх төсөл хэрэгжүүлэгчдийн жагсаалтад “К” ХХК нь Ногоон хэрэм төслийн төсвийг удирдах этгээд болохынхоо хувьд 854,764.99 ам.долларын үнийн дүн бүхий нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр тусгагджээ.

14.Үүнээс “К” ХХК өөрийн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх ажил, үйлчилгээ нь гүйцэтгэх ажлуудын хуваарилалт болон ажлын график төлөвлөгөөний дагуу дор хаяж нийт 389,974,147 вон буюу 2020 оны дундаж ханшаар 932,038,211 төгрөг байх бөгөөд 2020 оны гүйцэтгэх ажлын хуваарилалтад 4.8.Мод тарих ажил үнийн дүн 378,848,412 вон, 10.4.Мод тарих ажлын дүн 94,112 вон, 12.2.Мод тарих ажлын дүн 11,031,623 вон гэж тусгагдсан байна.[1]

15.Улмаар, “К” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх бүртгэлийн дугаарыг Татварын ерөнхий газрын том татвар төлөгчийн газраас авч, “Г” ХХК-ийн 2020 онд гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэх зорилгоор тус бүртгэлийн дугаарыг “Г” ХХК-д өгсөн боловч, “Г” ХХК нь 2020 оноос өмнөх хугацааны ажлын дүнг оролцуулан нийт 1,856,433,442.68 төгрөгийн орлогыг шивж тайлагнажээ.

16.Үүнд “К” ХХК гомдол гаргасны дүнд “Г” ХХК-д татварын хяналт шалгалтыг хийж, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн *** нөхөн ногдуулалтын актаар 614,414,753.18 төгрөгийг урьдчилж төлсөн орлого дансанд бүртгэж нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тайлагнасан зөрчилд тооцжээ. Уг нөхөн ногдуулалтын акттай холбогдуулан “К” ХХК нь 2018, 2019 онд “Г” ХХК-ийн төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын дүн нь 2020 оны чөлөөлөгдөх дүнд хамаарахгүй, “К” ХХК-ийн 2020 онд чөлөөлөгдөх үнийн дүн буурна гэх гомдол гаргасныг хариуцагчийн зүгээс шалгаж шийдвэрлээгүй байна. 

Энэхүү хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:

-Гуравдагч этгээдийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлагналаас үүдэн нэхэмжлэгчид зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэх эсэх тухай байна.

Хууль хэрэглээний хувьд:

17.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т “гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа”-г нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр зохицуулжээ. Энэ хүрээнд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.11-д “Гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжаар авсан бараа, буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас өгсөн санхүүжилт /мөнгөн хөрөнгө/-ээр дотоодын зах зээлээс худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээг албан татвараас чөлөөлөхөд мөрдөх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж тусгасан байх бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Сангийн сайдын 46 дугаар тушаалаар албан татвараас чөлөөлөх хүсэлт, мэдээллийн сан, албан татвараас чөлөөлөх үйл ажиллагаа, албан татварын тайлангийн харилцааг дэлгэрэнгүй зохицуулж 2 дугаар хавсралтаар нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх төсөл хэрэгжүүлэгчдийн жагсаалтыг баталжээ. Мөн тус журмын 5 дугаар зүйлийн 5.3.1-д “худалдан авах бараа, ажил, үйлчилгээ нь жагсаалтад заасан тоо, үнийн дүнгээс хэтэрсэн” тохиолдолд чөлөөлөгдөхгүй болохыг тодорхой тусгажээ.

18.“К” ХХК, “Г” ХХК, “Т” ХХК-аас бүрдсэн “М” консорциум нь 2018, 2019 онд дээрх нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх жагсаалтад багтаагүй, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Сангийн сайдын 79 дүгээр тушаалаар батлагдсан нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх төсөл хэрэгжүүлэгчдийн жагсаалтад багтаж нийт 854,764.99 ам.долларын үнийн дүн бүхий нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр тусгагдсан байх бөгөөд үүнээс гүйцэтгэх ажлын хуваарилалт болон график төлөвлөгөөний дагуу “К” ХХК нь дор хаяж нийт 932,038,211 төгрөгийн дүнгээр нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр байна.

19.Тодруулбал, тус жагсаалтаар чөлөөлөгдсөн 854,764.99 ам.доллар нь албан татвараас чөлөөлүүлэх хүсэлтэд үндэслэсэн гагцхүү 2020 онд төслийн хүрээнд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх бараа, ажил, үйлчилгээний төлөвлөсөн буюу дээд үнийн дүнг тусгасан байх бөгөөд төслийг хэрэгжүүлэгчид нь тухайн үнийн дүнгийн хязгаарт багтаан ажил хуваарилан гүйцэтгэх гэрээгээр төлөвлөсөн гүйцэтгэх ажлын хуваарилалт болон бодитоор гүйцэтгэсэн ажилдаа тохируулан зохих хэмжээгээр чөлөөлөгдөхөөр байна.

20.Гэтэл, “Г” ХХК 2018, 2019 онд төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын дүн болох 1,856,433,42.68 төгрөгийг тухайн хугацаандаа албан татвар ногдуулахгүйгээр урьдчилж олсон орлогоор бүртгэж 2020 онд ажлын график төлөвлөгөөний дүнгээс хэтэрсэн хэмжээгээр албан татвараас чөлөөлөгдөхөөр тайлагнасныг татварын улсын байцаагч нар хүлээн зөвшөөрч, зөрчилд тооцоогүй нь дараах байдлаар хууль, журам болоод нэхэмжлэгч “К” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халджээ.

21.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж зааснаар татварын улсын байцаагч нар Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасны дагуу “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэх...” хяналт, шалгалтыг бүрэн дүрэн хийж гүйцэтгээгүйгээс “Г” ХХК-ийн албан татварын чөлөөлөгдөх хэмжээний тайлагналаас үүдэн нэхэмжлэгч “К” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх дүн буурах үр дагавар бий болсон байна. 

22.Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж заасан.

23.Энэ тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үнийн дүнгийн хязгаарын хүрээнд консорциумын төсөл хэрэгжүүлэгчид нь албан татвараас чөлөөлөгдөх ашиг сонирхлоороо харилцан холбогдсон, 2020 онд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх дүн нь консорциумын гэрээний дагуу хуваарилагдах ёстой байх тул гуравдагч этгээдийн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн хувь хэмжээ нь нэхэмжлэгчийн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндөхөөр байна. 

24.Гэвч, анхан болон давж заалдах шатны шүүх ирээдүйд хяналт шалгалт хийсэн тохиолдолд нэхэмжлэгч нь 2020 оны 79 дүгээр тушаалын дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх хууль зүйн боломжтой гэж үзэж нэхэмжлэгчийн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх дүн буурахаар байгаад үнэлэлт, дүгнэлт өгөлгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ.

25.Иймд, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тайлагнаж албан татвар ногдох орлогоо бууруулсан зөрчлийн зарим хэсгийг шийтгэлээс чөлөөлсөн буюу захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус байх тул “Г” ХХК-д дахин хяналт шалгалт хийхийг даалгах үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0161 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2024/0288 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “К” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын “Г” ХХК-ийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тайлагнаж албан татвар ногдох орлогоо бууруулсан зөрчлийн зарим хэсгийг шийтгэлээс чөлөөлсөн буюу захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, “Г” ХХК-д дахин хяналт шалгалт хийхийг хариуцагч Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газарт даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

ШҮҮГЧИД                                                                     Г.БАНЗРАГЧ

       М.БАТСУУРЬ

       Х.БАТСҮРЭН

      Ц.ЦОГТ

 

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 86-90 дугаар хуудас.