Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2017/01188

 

Я.Б-, Б.Н- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/00385 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 947 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Я.Б-, Б.Н- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч У ТӨҮГ-т холбогдох,

Уйн 32 дугаар байрны зоорийн давхрын 5, 11 тоот авто зогсоолын өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Ганбаатар, Д.Баттүвшин нарын Уйн Захиргааны зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хурлаас гаргасан 07 дугаар шийдвэр, Уйн 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 32 дугаар “орон сууцны гараашийн дулаан зогсоолын өмчлөгчийн гэрчилгээ олгуулах тухай” шийдвэрийг хүчингүй болгуулж, уг зогсоолуудын өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага бүхий иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэрийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Алтанчимэг, Д.Дэлгэрцэцэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн С.Болормаа, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

У нь өөрийн эзэмшлийн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах газарт 2003 онд ажилчдын орон сууц барих зөвшөөрөл аваад “Пума констракшн” ХХК-тай гэрээ байгуулан 32 айлын орон сууцыг нийт 867 475 200 төгрөгөөр бариулсан. Уг 32 айлын сууцыг бариулсан нийт зардлаас 204 000 000 төгрөгийг Академи хөгжил сангаас санхүүжүүлж У нь хөрөнгө оруулагч болсон. Тухайн байрны авто зогсоолыг байр захиалагчдын биш өөрийн өмчлөлд авч үлдэн, зөвхөн ашиглалтын зардлаа төлж тухайн авто зогсоол дээр машинаа тавих, мөн бусад ажилчид өдрийн цагаар авто зогсоол дээр машинаа тавих зэргээр ажилчдын нийгмийн асуудлыг зохицуулан ажиллуулж байсан. Уг 32 дугаар байрны доорх 26 авто зогсоолыг 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Захиргааны хурлаар хэлэлцээд тухайн байгуулагад үр бүтээлтэй ажилласан 26 багш ажилчиддаа өгөхөөр хувиарласан. Үүний дагуу 5 тоот авто зогсоолыг Я.Б-д, 11 тоот авто зогсоолыг эцэг нь ажил үүргээ гүйцэтгэж байгаад ажлын байран дээрээ нас барсан гэдэг үндэслэлээр Б.Н-д өмчлүүлэх шийдвэр гаргаж, 5 тоот зогсоолын өмчлөгч нь Я.Б-, 11 тоот авто зогсоолын өмчлөгч нь Б.Н- нар болсон. Гэтэл Ж.Ганбаатар, Д.Баттүвшин нар нь уг гараашийг өөрийн өмч гэж Уйн шийдвэрийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Байр өмчлөх асуудал нь авто зогсоолтой хамааралгүй.

Иймд Я.Б-, Б.Н- нарыг авто зогсоолын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Уас тухайн 32 айлын орон сууцыг багш, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, 5 жилээс дээш ажилласан, цаашид тогтвортой ажиллах хүмүүст олгохоор ажилчидтай гэрээ байгуулж, байрыг ашиглалтад оруулсан. Орон сууцыг зөвхөн тухайн байгууллагын багш ажилчдад хувиарлаж, авто зогсоолын асуудлыг шийдвэрлээгүй орхисон байдаг. Авто зогсоолд өвөлд өдрийн цагаар багш ажилчид машинаа тавьдаг, оройн цагаар оршин суугчид машинаа тавьдаг, ийм байдлаар ашиглаж байсан. Цаг хугацаа өнгөрч тухайн орон сууцанд амьдарч байсан багш ажилчид байраа зарж эхэлснээр авто зогсоолын асуудлаас маргаан үүсч болзошгүй байдал үүсэхээс сэргийлж, сургууль нь өөрийн өмчийн 26 зогсоолыг 2013 онд 26 багш, ажилтанд өмчлүүлэх шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь байгуулагын дотоод асуудал, хүчин төгөлдөр шийдвэр юм.

Я.Б-, Б.Н- нар нь тухайн авто зогсоолын өмчлөгч нь мөн. Гуравдагч этгээдүүд нь авто зогсоолтой байр авсан гэж тайлбар гаргажээ. Талуудын гэрээнд авто зогсоолтой байр захиална гэсэн үг үсэг байхгүй. Анхнаасаа байрыг хувиарлаж өгөхөд авто зогсоолтой нь хамт өгөх асуудал яригдсан бол 10 жилийн дараа дахин авто зогсоолыг хувьчлах асуудал байхгүй. Анхнаасаа авто зогсоолыг байртай хамт гэрээ хийсэн хүмүүст өгсөн гэж У үзэхгүй байна. Уйн газар дээр Академи хөгжил сангийн хөрөнгөөр, багш нарын дэмжлэгийг авч барьсан орон сууц юм. Хэдийгээр тус сургууль нь авто зогсоолууд дээр улсын бүртгэлийн гэрчилгээ аваагүй ч энэ нь Уйн захиран зарцуулах эрхтэй өмч юм гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

Тухайн байрыг барьж байсан компаниас Уд санхүүжилт удааширч байна гэсэн шаардлагыг тавьсан учраас тухайн үеийн Уйн захирал байсан Түдэв багш бидэнд том талбайтай байрыг гараашийн хамт санал болгосноор бид төлбөрөө төлж чадахгүй байсан өмнөх захиалагч нар болох Ч.Оюунхүү, Г.Энхбаяр нартай байгуулсан гэрээний дагуу төлбөрөө төлж, гэрээг шилжүүлж авсан. Бид төлбөрийг Уд бэлнээр төлдөг байсан. Энэ талаар хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд байгаа. Тухайн үед Уас байр ашиглалтад орлоо та нар баримтаа бүрдүүлээд гэрчилгээгээ ав гээд гэрчилгээ олгосон. Түдэв багшид төлбөрийг бэлнээр хийдэг байсан, 2004 онд байр ашиглалтад орсон цагаас эхлээд өнөөг хүртэл 5, 11 дүгээр авто зогсоолуудыг холбогдох зардлыг төлж ашигласаар байна. Байр ашиглалтад орсноос хойш сууц өмчлөгчдийн холбооны дарга 3 удаа солигдсон, тэд 5, 11 дүгээр авто зогсоолыг манайх гэдгийг мэдэж байгаа. Тухайн үед авто зогсоол дээр улсын бүртгэлийн гэрчилгээ авдаггүй байсан учраас бид улсын бүртэлийн гэрчилгээ аваагүй.

У 2013 онд гараашийг хувиарлах үедээ Засгийн газрын дэргэдэх Төрийн өмчит хуулийн этгээд байсан, академийн өмч биш, зогсоолуудыг захиран зарцуулах эрхгүй. У нь “Пума констракшн” ХХК-тай хийсэн гэрээн дээр авто зогсоолын үнэ нь орон сууцныхаа үнэд шингэсэн гэсэн байдаг. Нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргасан дүр эсгээд хариуцагч тал түүнийг нь хүлээн зөвшөөрсөн дүр эсгээд нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлүүлэх зорилготой орж ирсэн. Хариуцагч тал уг орон сууцыг бариулахдаа Академи хөгжил сангаас санхүүжүүлсэн гэж ярьж байна. Гэтэл тухайн үед У нь агентлаг байсан. Холбогдох хууль тогтоомжид зааснаар агентлаг гэдэг бол төрийн өмчит газар, агентлагын өмч гэдэг нь төрийн өмч биш гэж үзэж болохгүй юм. Тэгэхээр төрийн өмчит газар нь эд хөрөнгөө улсын бүртэлд бүртгүүлэх, өмчлөх эрх авах эрхгүй юм. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа:

Уйн Захиргааны зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хурлаас гаргасан 07 дугаар шийдвэр, Уйн 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 32 дугаар “орон сууцны гараашийн дулаан зогсоолын өмчлөгчийн гэрчилгээ олгуулах тухай” шийдвэрүүд нь хууль бус бөгөөд энэ нь уг гараашийг эзэмшигч Ж.Ганбаатар, Д.Баттүвшин нарын эрх ашгийг хөндсөн шийдвэр болсон. Энэ нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасан бусдын эрх зөрчсөн шийдвэр тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа ба бид энэ талаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Өмчлөлийн асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлсний дараа бүртгэлийг шийдвэрлэхээр шийдвэр гарсан. Уйн уг шийдвэрээ дотоод шийдвэр гэж ярьж байна. Тухайн үед гэрээнд авто зогсоол гэж бичээгүй болохоор хохироогүй гэж үзэж байх шиг байна. Эдгээр хүмүүс нь уг байрыг 2004 онд ашиглалтад орсон цагаас нь хойш гараашийн хамт эзэмшиж төлбөрийг төлж байсан, мөн хэн ч уг гараашийг өөр хүнийх гэж байгаагүй. Гэтэл нэхэмжлэгч Я.Б- нь уг байраа гараашийн хамт зарсан байдаг. Иймд дээрх хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгож, 5, 11 тоот зогсоолын өмчлөгчөөр Ж.Ганбаатар, Д.Баттүвшин нарыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бие даасан шаардлагын талаар гаргасан тайлбартаа:

Гуравдагч этгээд шаардлагаа нэмэгдүүлж байгаа юм уу Уйн шийдвэрийг хүчингүй болгуулах гэж шаардлага гаргажээ. Гуравдагч этгээдийн ямар эрх зөрчигдөөд байгаа нь өнөөдрийг хүртэл нотлогдоогүй. Гэтэл одоо Уйн шийдвэрийг хүчингүй болгуулах, өмчлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэж тайлбар гаргасан нь үндэслэлгүй юм. Энэ асуудлыг тусдаа захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн асуудал. У нь тус авто зогсоолыг захиран зарцуулах эрхтэй байгууллага мөн юм. Уг эрхийнхээ дагуу нэхэмжлэгч талд өмчлөлийг шилжүүлсэн. Академи хөгжил сан гэдэг нь ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилготой байгуулагдсан сан юм. Уг сангаас гарсан хөрөнгийг үгүйсгэх нь үндэслэлгүй. Гуравдагч этгээдийн гаргасан шаардлага нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч бие даасан шаардлагын талаар гаргасан тайлбартаа:

Уйн Захиргааны зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Орон сууцны барилга бариулах гэрээнд 320 000 төгрөгт авто зогсоолын үнэ багтсан гэж яриад байдаг. Энэ нь Удирдлагын академаас тухайн барилгыг бариулахад гарсан нийт тооцох өртөг болохоос биш байр захиалагчдад 320 000 төгрөгөөр байрыг авто зогсоолтой нь зарсан гэсэн үг биш. Тус байгууллагын гаргасан тэр шийдвэрийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байхгүй. Авто зогсоол нь Уйн өмч байсан гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/00385 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Б-г Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд Жавзандамбын гудамж 50 дугаар байр зоорийн давхрын 5 тоот авто зогсоолын өмчлөгч мөн болохыг, нэхэмжлэгч Б.Н-г Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд Жавзандамбын гудамж 50 дугаар байр зоорийн давхрын 11 тоот авто зогсоолын өмчлөгч мөн болохыг тус тус тогтоож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэгт заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Баттүвшин, Ж.Ганбаатар нарын Уйн Захиргааны зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хурлаас гаргасан 07 дугаар шийдвэр, Уйн 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 32 дугаар “орон сууцны гражийн дулаан зогсоолын өмчлөгчийн гэрчилгээ олгуулах тухай” шийдвэрийг хүчингүй болгуулж, уг зогсоолуудын өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94 950 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Н-гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94 950 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Баттүвшингийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Уас улсын тэмдэгтийн хураамжинд 94 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Б-д, 94 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Н- нарт тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 947 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/00385 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Ганбаатар, Д.Баттүвшин нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан. Гэвч энэхүү хуулийн заалтуудыг ямар үндэслэлээр анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй байна гэсэн үндэслэлүүдийг давж заалдах шатны шүүх магадлалдаа тодорхойлж чадаагүй бөгөөд магадлалд дурдсан үндэслэлүүд магадлалын хууль зүйн үндэслэлээс зөрүүтэй байна. Өөрөөр хэлбэл, магадлалд нэхэмжлэгч нар аль гэрээний ямар заалтаар өмчлөх эрх үүссэнээ тодорхой заагаагүй, энэ талаар шүүх тодруулаагүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар мэтгэлцээгүй, шүүхийн мэтгэлцээн явагдаагүй, гуравдагч этгээдийн гаргасан шаардлага ойлгомжгүй, тодруулах нь зүйтэй, шүүхээр нотлох баримт гаргуулахаар гаргасан хүсэлтийг хангаагүй нь үндэслэл муутай гэжээ. Магадлалын дээрх үндэслэлүүдийн аль нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлд хамаарч байгаа нь ойлгомжгүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан байхад давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Өмчлөх эрх хууль болон гэрээнд заасан, үндэслэлээр үүсдэг бөгөөд нэхэмжлэгч нар Иргэний хуулийн ямар үндэслэлээр өөрөөр хэлбэл хэнтэй байгуулсан гэрээний ямар заалтаар өмчлөх эрхийг олж авснаа тодорхой заагаагүй уг үндэслэлээр талуудын хооронд мэтгэлцээн өрнөөгүй байна гэж дүгнэжээ. Шүүх талуудын хооронд үүссэн маргаантай асуудлыг хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл талуудын маргаагүй, асуудалд шүүх дүгнэлт өгөхгүй. Нэхэмжлэгч нарын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд Жавзандамбын гудамж 50-р байр зоорийн давхрын 5, 11 тоот авто зогсоолын өмчлөх эрх нь Уйн захиргааны зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанааар гаргасан 07 дугаар шийдвэр, Уйн 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 32 дугаар орон сууцны гараашийн дулаан зогсоолын өмчлөгчийн гэрчилгээ олгуулах тухай шиийдвэрийн үндсэн дээр үүссэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог ба талууд үүнд маргадаггүй. Уг шийдвэрүүдийг У Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу төрийн албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор гаргаж, авто зогсоолууд төрийн албан хаагчдад олгогдсон талаар нэхэмжлэгч нар тодорхой тайлбарладаг. Харин гуравдагч этгээд нь нэхэмжлэгч нарт өмчлөх эрхээ шилжүүлсэн Уйн захиргааны зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хурлаас гаргасан 07 дугаар шийдвэр, Уйн 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гаргасан 32 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан байхад талуудын хооронд маргаагүй асуудлаар мэтгэлцээн өрнөөгүй” гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт ойлгомжгүй төдийгүй энэ нь ямар хуулийн ямар заалт зөрчсөн болох нь тодорхойгүй байна. Талуудын хоорондох мэтгэлцэх асуудал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 98, 99, 102-110, 112 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу хэрэгждэг. Гэтэл эдгээр заалтын ямар нь хэрхэн зөрчигдсөн талаар тодорхойгүй. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан хуульд заасан журмын дагуу явагдсан болох нь хуралдааны тэмдэглэлээр давхар нотлогдоно.

Магадлалд “Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг ямар хууль, эрх зүйн үндэслэлээр юу хүсэж шаардаж байгаагаар тодорхойлогддог. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодруулаагүй, энэ талаар зохигчид мэтгэлцээгүй тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй байна” гэжээ. Нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодорхойлох үүрэг нь нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй этгээдийн эрх, үүрэг юм. Шүүх нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нар анхан шатны шүүхэд ХУД-ийн 11-р хороо, Богд Жавзандамба гудамж 50 байр, зоорийн давхрын 5, 11 тоот авто зогсоолуудын өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай тодорхой, ойлгомжтой нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх тухайн нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч хэрэг маргааныг шийдвэрлэдэг. Нэхэмжлэл, түүний шаардлага түүнтэй холбоотой нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж дүгнэсний үндсэн дээр шийдвэр гаргадаг. Нэхэмжлэгч нар Уас багш ажилчдын нийгмийн асуудлыг шийдэн өөрийн хөрөнгө болох 5, 11 тоот авто зогсоолыг нэхэмжлэгч нарт шилжүүлснээр тэд тухайн авто зогсоолын өмчлөгч болж өмчлөх эрх үүсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл УДШ-ийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 32 дугаар тогтоолд “...нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хооронд маргаж буй авто зотгсоолын эзэмшил, өмчлөлийн асуудлаар, маргаантай гэж үзэхээр бөгөөд энэ асуудлаар захиргааны хэргийн шүүх дүгнэлт хийх боломжгүй юм” гэж дүгнэн нэхэмжлэгч нарын авто зогсоолын өмчлөх эрхийг баталгаажуулсан улсын бүртгэлийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл маргаан бүхий авто зогсоолын өмчлөгч нь хэн болохыг тогтоосоны дараа улсын бүртгэлд дахин бүртгүүлэх тухай захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Энэхүү авто зогсоолын өмчлөх эрхийн маргааныг иргэний шүүхэд хандан шийдвэрлүүлэхгүйгээр тухайн авто зогсоолын өмчлөх эрх хэн нэгэнд хэрэгжихгүй байна. Анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн тул зохигчийн хооронд зохигчид мэтгэлцэх шаардлагагүй, харин нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хооронд мэтгэлцээн хуульд заасан журмын дагуу явагдсан байхад шүүхийн мэтгэлцээн бүрэн явагдаагүй гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд шүүхийн мэтгэлцээн гэдэг ойлголт байхгүй, шүүх талуудтай мэтгэлцэхгүй, харин талуудын хооронд мэтгэлцээн явагддаг. Гэтэл давж заалдах шатны шүүх шүүхийн мэтгэлцээн явагдаагүй гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасныг зөрчсөн бөгөөд хууль бус байна. Давж заалдах шатны шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд маргаан үүсээгүй өөрийнх нь эрх ашиг сонирхлыг хөндөөгүй бусад 24 айлд холбогдох шийдвэрийг хүчингүй болгуулахаар шаардсан нь ойлгомжгүй, уг шаардлагын үндэслэлийг тодруулах нь зүйтэй гэж дүгнэжээ. Гуравдагч этгээдүүд Уйн захиргааны зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хурлын 07 дугаар шийдвэр, Уйн 05 дугаар сарын 13-ны өдрийн 32 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах тухай хууль зүйн үндэслэлгүй шаардлагыг гаргасан. Дээрх гуравдагч этгээдүүдийн гаргасан шаардлага нь туйлын ойгомжтой, харин уг шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй, 24 айлд холбогдох шийдвэрийг хүчингүй болгуулахаар шаардах эрхгүй байхад давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн шаардлагаас юуг нь ойлгохгүй байгаа нь тодорхойгүй, үндэслэлгүйгээр дүгнэлт өгсөн явдал юм. Давж заалдах шатны шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага хуулийн аль заалт, хэнтэй байгуулсан ямар гэрээний хэд дэх заалтаас урган гарч байгааг тодруулах нь зүйтэй гэж дүгнэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтаа өөрөө цуглуулах, гарган өгөх үүрэг нь талуудын үүрэг юм. Гэтэл гуравдагч этгээдүүд энэхүү байдлыг нотолсон ямар ч баримт гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх тодруулах нь зүйтэй гэж анхан шатны шүүхэд үүрэг болгосон нь шүүх хөндлөнгийн байх зарчимтай зөрчилдөж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр гуравдагч этгээдүүдийн гаргасан тайлбар нотлох баримтуудаар авто зогсоолтой холбоотой гэрээ гуравдагч этгээдүүдэд байхгүй болох нь бүрэн нотлогддог.

Давж заалдах шатны шүүх “...мөн шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт нь хэрэгт хамааралтай байхад хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон гэж үзэх боломжгүй байна” гэж дүгнэсэн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан үндэслэлээр шүүх бүрдүүлдэг. Гэтэл гуравдагч этгээд нь хэргийн оролцогчтой хамааралгүй өөр нэр бүхий 4 айлын баримт гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүх хангаагүй. Гэтэл давж заалдах шатны шүүх уг баримт нь хэрэгт ямар ач холбогдолтой, юуг нь нотлоход хамааралтай талаар дүгнэлт өгөөгүй атлаа уг хүсэлтийг хэрэгт хамааралтай гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд магадлалын бусад дүгнэлтүүдтэйгээ зөрүүтэй байдлаар дүгнэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх нь хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй байхад хэргийн материалтай бүрэн танилцалгүйгээр, маргааны үйл баримтыг бүрэн ойлгохгүйгээр зөвхөн гомдлын хүрээнд хянасан нь давж залдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн 947 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалын дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.-д заасан үндэслэлүүдийн аль нэгт хамаарахгүй, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлснээр ямар үр дүнд хүрэх, шүүх хийх ёстой ямар ажиллагааг хийгээгүй болох нь тус тус тодорхойгүй агуулгатай болжээ.

Нэхэмжлэгч Я.Б-, Б.Н- нар нь хариуцагч Уд холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Уйн 32 дугаар байрны зоорийн давхрын 5, 11 тоот автозогсоолын өмчлөгч мөн болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч У нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн байна. Харин нэхэмжлэгч нар нь хэрэгт Ж.Ганбаатар, Д.Баттүвшин нарыг гуравдагч этгээдээр оролцуулахыг хүссэн ба шүүх хүсэлтийг хангаснаар тэдгээр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож, Уйн 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 32 дугаартай “орон сууцны гараашийн дулаан зогсоолын өмчлөгчийн гэрчилгээ олгуулах тухай” шийдвэрийг хүчингүй болгуулахаар бие даасан шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн шаардлагын агуулга болон үндэслэл тодорхой, эдгээр шаардлагуудын эрх зүйн үндэслэлийн талаар хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийж, эрх зүйн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад давж заалдах шатны шүүх хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан нь учир дутагдалтай болжээ. Хариуцагч У нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгчтэй мэтгэлцээгүй, харин гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг зөвшөөрөөгүй мэтгэлцсэн байна. Зохигчид мэтгэлцээгүй гэх давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтыг анхан шатны шүүх хэрхэн хэрэгжүүлэх нь ойлгомжгүй болжээ.

У нь 2003 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “Пума” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Уйн ажилчдын 32 айлын орон сууцны барилга бариулсан байна. Уг барилга 2004 оны 12 дугаар сард ашиглалтад орж, улсын комисс хүлээн авчээ.

Тухайн барилгыг хариуцагч У нь багш, ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд өөрийн эзэмшлийн газар дээр, төсвийн хөрөнгөөр бус харин Академи хөгжүүлэх сан, багш, ажилчдын санхүүжилтээр бариулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Дээрх ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий захиалагч нь У, гүйцэтгэгч нь “Пума” ХХК байх ба ерөнхий захиалагчийн хувьд У нь орон сууц хүссэн багш, ажилчидтай гэрээ байгуулж, орон сууцны 1мкв талбайг 320 000 төгрөгөөр тооцож, төлбөр хийх журам нөхцөлийг тогтоосон байна. Захиалга өгсөн Ч.Оюунхүү, Г.Энхбаяр гэж хоёр ажилтан урьдчилгаа төлбөр төлж чадахгүй болсонтой холбогдуулан тэдгээрийн гэрээ нэр нь өөрчлөгдөхгүйгээр Ж.Ганбаатар, Д.Баттүвшин нарт шилжиж, эдгээр нь өөрсдийн захиалсан орон сууцны өмчлөгч болсон байна.

Харин Уас багш, ажилчидтай байгуулсан гэрээнд тухайн орон сууцны зоорийн давхарт байрлалтай автозогсоолын талаар ямар нэг заалт байхгүй, улмаар автозогсоолын үнийг багш, ажилчид тухайлж төлөөгүй, эдгээр зогсоол гэрээгээр орон сууц өмчлөгч нарын хэний ч өмчлөлд шилжээгүй болох нь мөн баримтаар тогтоогджээ.

Гуравдагч этгээд Ж.Ганбаатар, Д.Баттүвшин нар нь маргааны зүйл болж буй хоёр автозогсоолыг орон сууцны өмчлөгч болсноос хойш 12 жилийн турш эзэмшиж, ашиглаж ирсэн байна.

Хариуцагч Уйн Захиргааны зөвлөл 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар 32 айлын орон сууцны зоорийн давхар дахь автомашины дулаан зогсоолын өмчлөлийн асуудлыг хэлэлцэж, нэр бүхий 26 багш, ажилтны өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Уг шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Я.Б-, Б.Н- нар нь 5, 11 тоот зогсоолын өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Гуравдагч этгээд Ж.Ганбаатар, Д.Баттүвшин нар нь улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүх өмчлөх эрхийн маргаан шийдвэрлэгдтэл улсын бүртгэлийг түдгэлзүүлжээ.

Хэргийн нөхцөл дээрх байдлаар тогтоогдсон, маргааны үйл баримтыг нотлох баримт хэрэгт хангалттай цугларсан, энэ талаар шүүх эрх зүйн дүгнэлт хийж, өмчлөх эрхийн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 343.3., 350 дугаар зүйлийн 350.1.6.-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж,  захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байна. Ажил гүйцэтгэгч “Пума” ХХК нь барилгыг барьж гүйцэтгэн ерөнхий захиалагч У, бусад захиалагч иргэдэд шилжүүлснээр тухайн барилгын орон сууцны өмчлөгчөөр захиалагч иргэд, бусад хэсгийн буюу барилгын зоорийн давхар дахь автозогсоолууд Уйн өмчлөлд шилсэн гэж үзэхээр байна.

Уй нь автозогсоолуудыг өөрийн балансад бүртгээгүй явдал нь түүнийг эдгээр эд хөрөнгийн өмчлөлгч биш гэж үзэх үндэслэл болохгүй юм.

У нь өмчлөгчийн хувьд 2013 онд автозогсоолуудыг багш, ажилчдад өмчлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно.

Гуравдагч этгээд Ж.Ганбаатар, Д.Баттүвшин нар нь маргааны зүйл болж буй зогсоолуудыг 12 жил эзэмшиж, ашиглаж ирсэн, хариуцагчийн зүгээс уг эзэмшлийг татгалзаж байгаагүй явдал нь тэдгээрийг уг зогсоолуудыг өмчлөх эрх олж авсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1.-д зааснаар эзэнгүй эд юмсыг илээр, шударга аргаар олж авснаас хойш өөрийн өмчлөлийн зүйлийн адил 5 жил тасралтгүй илээр эзэмшсэн этгээд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг олж авдаг боловч хуулийн тухайн зохицуулалт хөдлөх эд хөрөнгөнд хамааралтай байна.

Мөн зүйлийн 104.2.-т зааснаар эзэнгүй үл хөдлөх эд хөрөнгийг олж авсан өмчлөгч бус этгээд уг эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 15 жилийн хугацаанд уг эд хөрөнгийг өмчлөгчийн адил эзэмшиж байсан бол дээрх хугацаа дууссанаар уг этгээд өмчлөх эрхийг олж  авах боловч маргааны зүйл болж буй автозогсоолуудын өмчлөгчөөр гуравдагч этгээдүүд бүртгүүлээгүй байна.

Нөгөө талаар Уйн багш, ажилчдын 32 айлын орон сууцны барилгын зоорийн давхар дахь автозогсоолуудыг эзэнгүй эд хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй болно.

Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1.-д зааснаар эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй боловч гуравдагч этгээд Ж.Ганбаатар, Д.Баттүвшин нар нь Утай гэрээний үндсэн дээр зогсоол эзэмшиж, ашиглаж байгаагүй, тэдгээрийн эзэмшлийг хууль ёсны гэж үзэх боломжгүй юм.

Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1.-д зааснаар эд хөрөнгийг эзэмших эрхгүй этгээд ч, эзэмших эрхээ алдсан шударга эзэмшигч ч уг эд  хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй байна.

Эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байсан хугацаанд гуравдагч этгээдүүд нь тухайн эд хөрөнгийн арчилгаа, хамгаалалтад зориулж хөрөнгө гаргаж байсан үйл баримт мөн л өмчлөх эрхийг үүсгэх эрх зүйн үндэслэл болохгүй бөгөөд шүүх хэргийн оролцогчийн өөрөө цуглуулах боломжгүй нотлох баримтыг л бүрдүүлэх үүрэгтэй тул нотлох баримт бүрдүүлэх тухай гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангахгүй орхисон анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг буруутгах боломжгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын энэ талаарх дүгнэлт үндэслэл муутай болжээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган, гуравдагч этгээдүүдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Шүүх хууль хэрэглээний алдаа гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 947 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/00385 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 190.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Х.СОНИНБАЯР

     ШҮҮГЧ                                                                  Ц.АМАРСАЙХАН