Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 947

 

 

 

 

 

 

      2017           04              14

              947

 
 

 

 

Я.Бямбасүрэн, Б.Номин нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/00385 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Я.Бямбасүрэн, Б.Номин нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Удирдлагын Академи ТӨҮГ-т холбогдох,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Ж.Ганбаатар, Д.Баттүвшин нарын шаардлагатай,

 

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Удирдлагын Академийн 32 дугаар байрны зоорийн давхрын 5, 11 тоот авто зогсоолын өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, Удирдлагын академийн Захиргааны зөвлөлийн 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хурлаас гаргасан 07 дугаар шийдвэр, Удирдлагын академийн 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 32 дугаар “орон сууцны гражийн дулаан зогсоолын өмчлөгчийн гэрчилгээ олгуулах тухай” шийдвэрийг хүчингүй болгуулж, уг зогсоолуудын өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Мөнхдэлгэр

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Л.Жавзмаа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Мухийт

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Болормаа

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Баттүвшингийн өмгөөлөгч: П.Алтанчимэг

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Ганбаатарын өмгөөлөгч: Д.Дэлгэрцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон  итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Удирдлагын академи нь өөрийн эзэмшлийн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах газарт 2003 онд ажилчдын орон сууц барих зөвшөөрөл аваад Пума констракшн ХХК-тай гэрээ байгуулан 32 айлын орон сууцыг нийт 867 475 200 төгрөгөөр бариулсан. Уг 32 айлын сууцыг бариулсан нийт зардлаас 204 000 000 төгрөгийг Академи хөгжил сангаас санхүүжүүлж Удирдлагын академи нь хөрөнгө оруулагч болсон. Тухайн байрны авто зогсоолыг байр захиалагчдын биш өөрийн өмчлөлд авч үлдэн, зөвхөн ашиглалтын зардлаа төлж тухайн авто зогсоол дээр машинаа тавих, мөн бусад ажилчид өдрийн цагаар авто зогсоол дээр машинаа тавих зэргээр ажилчдын нийгмийн асуудлыг зохицуулан  ажиллуулж байсан.

 Уг 32 дугаар байрны  доорх  26 авто зогсоолыг  2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Захиргааны хурлаар хэлэлцээд тухайн байгуулагад үр бүтээлтэй ажилласан 26 багш ажилчиддаа өгөхөөр хувиарласан. Үүний дагуу 5 тоот авто зогсоолыг Я.Бямбасүрэнд, 11 тоот авто зогсоолыг эцэг нь ажил үүргээ гүйцэтгэж байгаад ажлын байран дээрээ нас барсан гэдэг үндэслэлээр Б.Номинд өмчлүүлэх шийдвэр гаргаж, 5 тоот зогсоолын өмчлөгч нь Я.Бямбасүрэн, 11 тоот авто зогсоолын өмчлөгч нь Б.Номин нар болсон.

Гэтэл Ж.Ганбаатар, Д.Баттүвшин нар нь уг гражийг өөрийн өмч гэж Удирдлагын академийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан.  Байр өмчлөх асуудал нь авто зогсоолтой хамааралгүй. Иймд Я.Бямбасүрэн, Б.Номин нарыг  авто зогсоолын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Удирдлагын академиас тухайн 32 айлын орон сууцыг багш, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, 5 жилээс дээш ажилласан, цаашид тогтвортой ажиллах хүмүүст олгохоор  ажилчидтай гэрээ байгуулж, байрыг ашиглалтад оруулсан. Орон сууцыг зөвхөн тухайн байгууллагын багш ажилчдад хувиарлаж, авто зогсоолын асуудлыг шийдвэрлээгүй орхисон байдаг. Авто зогсоолд өвөлд өдрийн цагаар багш ажилчид машинаа тавьдаг, оройн цагаар оршин суугчид машинаа тавьдаг,  ийм байдлаар ашиглаж байсан. Цаг хугацаа өнгөрч тухайн орон сууцанд амьдарч байсан багш ажилчид байраа зарж эхэлснээр авто зогсоолын асуудлаас маргаан үүсч болзошгүй байдал үүсэхээс сэргийлж, сургууль нь өөрийн өмчийн 26 зогсоолыг 2013 онд 26 багш, ажилтанд өмчлүүлэх шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь байгуулагын дотоод асуудал, хүчин төгөлдөр шийдвэр юм.

 Я.Бямбасүрэн, Б.Номин нар нь тухайн авто зогсоолын өмчлөгч нь мөн. Гуравдагч этгээдүүд нь авто зогсоолтой байр авсан гэж тайлбар гаргажээ. Талуудын гэрээнд авто зогсоолтой байр захиална гэсэн үг үсэг байхгүй. Анхнаасаа байрыг хувиарлаж өгөхөд авто зогсоолтой нь хамт өгөх асуудал яригдсан бол 10 жилийн дараа дахин авто зогсоолыг хувьчлах асуудал байхгүй. Анхнаасаа авто зогсоолыг байртай хамт гэрээ хийсэн хүмүүст өгсөн гэж удирдлагын академи үзэхгүй байна. Удирдлагын академийн газар дээр Академи хөгжил сангийн хөрөнгөөр, багш нарын дэмжлэгийг авч барьсан орон сууц юм. Хэдийгээр тус сургууль нь авто зогсоолууд дээр улсын бүртгэлийн гэрчилгээ аваагүй ч энэ нь удирдлагын академийн захиран зарцуулах эрхтэй өмч юм гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн байрыг барьж байсан компаниас Удирдлагын академид санхүүжилт удааширч байна гэсэн шаардлагыг тавьсан учраас тухайн үеийн удирдлагын академийн захирал байсан Түдэв багш бидэнд том талбайтай байрыг гражийн хамт санал болгосноор бид төлбөрөө төлж чадахгүй байсан өмнөх захиалагч нар болох Ч.Оюунхүү, Г.Энхбаяр нартай байгуулсан гэрээний дагуу төлбөрөө төлж, гэрээг шилжүүлж авсан. Бид төлбөрийг удирдлагын академид бэлнээр төлдөг байсан. Энэ талаар хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд байгаа. Тухайн үед удирдлагын академиас байр ашиглалтад орлоо та нар баримтаа бүрдүүлээд гэрчилгээгээ ав гээд гэрчилгээ олгосон. Түдэв багшид төлбөрийг бэлнээр хийдэг байсан, 2004 онд байр ашиглалтад орсон цагаас эхлээд өнөөг хүртэл 5, 11 дүгээр авто зогсоолуудыг холбогдох зардлыг төлж ашигласаар байна. Байр ашиглалтад орсонооос хойш сууц өмчлөгчдийн холбооны дарга 3 удаа солигдсо, тэд  5, 11 дүгээр авто зогсоолыг манайх гэдгийг мэдэж байгаа. Тухайн үед авто зогсоол дээр улсын бүртгэлийн гэрчилгээ авдаггүй байсан учраас бид улсын бүртэлийн гэрчилгээ аваагүй.

Удирдлагын академи 2013 онд гараашийг хувиарлах үедээ Засгийн газрын дэргэдэх Төрийн өмчит хуулийн этгээд байсан, академийн өмч биш, зогсоолуудыг захиран зарцуулах эрхгүй. Удирдлагын академи нь Пума констракшн ХХК-тай хийсэн гэрээн дээр авто зогсоолын үнэ нь орон сууцныхаа үнэд шингэсэн гэсэн байдаг. Нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргасан дүр эсгээд хариуцагч тал түүнийг нь хүлээн зөвшөөрсөн дүр эсгээд нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлүүлэх зорилготой орж ирсэн. Хариуцагч тал уг орон сууцыг бариулахдаа Академи хөгжил сангаас санхүүжүүлсэн гэж ярьж байна. Гэтэл тухайн үед удирдлагын академи нь агентлаг байсан. Холбогдох хууль тогтоомжид зааснаар агентлаг гэдэг бол төрийн өмчит газар, агентлагын өмч гэдэг нь төрийн өмч биш гэж үзэж болохгүй юм. Тэгэхээр төрийн өмчит газар нь эд хөрөнгөө улсын бүртэлд бүртгүүлэх, өмчлөх эрх авах эрхгүй юм. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Удирдлагын академийн Захиргааны зөвлөлийн 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хурлаас гаргасан 07 дугаар шийдвэр, Удирдлагын академийн 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 32 дугаар “орон сууцны гражийн дулаан зогсоолын өмчлөгчийн гэрчилгээ олгуулах тухай” шийдвэрүүд нь хууль бус бөгөөд энэ нь уг гражийг эзэмшигч Ж.Ганбаатар, Д.Баттүвшин нарын эрх ашгийг хөндсөн шийдвэр болсон. Энэ нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасан бусдын эрх зөрчсөн шийдвэр тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа ба бид энэ талаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Өмчлөлийн асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлсний дараа бүртгэлийг шийдвэрлэхээр шийдвэр гарсан. Удирдлагын академийн уг шийдвэрээ дотоод шийдвэр гэж ярьж байна. Тухайн үед гэрээнд авто зогсоол гэж бичээгүй болохоор хохироогүй гэж үзэж байх шиг байна. Эдгээр хүмүүс нь уг байрыг 2004 онд ашиглалтад орсон цагаас нь хойш гражийн хамт эзэмшиж төлбөрийг төлж байсан, мөн хэн ч уг гражийг өөр хүнийх гэж байгаагүй. Гэтэл нэхэмжлэгч Я.Бямбасүрэн нь уг байраа гражийн хамт зарсан байдаг. Иймд дээрх хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгож, 5, 11 тоот зогсоолын өмчлөгчөөр Ж.Ганбаатар, Д.Баттүвшин нарыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бие даасан шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд шаардлагаа нэмэгдүүлж байгаа юм уу удирдлагын академийн шийдвэрийг хүчингүй болгуулах гэж шаардлага гаргажээ.  Гуравдагч этгээдийн ямар эрх зөрчигдөөд байгаа нь өнөөдрийг хүртэл нотлогдоогүй. Гэтэл одоо удирдлагын академийн шийдвэрийг хүчингүй болгуулах, өмчлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэж тайлбар гаргасан нь үндэслэлгүй юм. Энэ асуудлыг тусдаа захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн асуудал. Удирдлагын академи нь тус авто зогсоолыг захиран зарцуулах эрхтэй байгууллага мөн юм. Уг эрхийнхээ дагуу нэхэмжлэгч талд өмчлөлийг шилжүүлсэн. Академи хөгжил сан гэдэг нь ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилготой байгуулагдсан сан юм. Уг сангаас гарсан хөрөнгийг үгүйсгэх нь үндэслэлгүй. Гуравдагч этгээдийн гаргасан шаардлага нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч бие даасан шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Удирдлагын академийн Захиргааны зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Орон сууцны барилга бариулах гэрээнд 320 000 төгрөгт авто зогсоолын үнэ багтсан гэж яриад байдаг. Энэ нь Удирдлагын академаас тухайн барилгыг бариулахад гарсан нийт тооцох өртөг болохоос биш байр захиалагчдад 320 000 төгрөгөөр байрыг  авто зогсоолтой нь  зарсан гэсэн үг биш. Тус байгууллагын гаргасан тэр шийдвэрийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байхгүй. Авто зогсоол нь Удирдлагын академийн өмч байсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Бямбасүрэнг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд Жавзандамбын гудамж 50 дугаар байр зоорийн давхрын 5 тоот авто зогсоолын өмчлөгч мөн болохыг, нэхэмжлэгч Б.Номинг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд Жавзандамбын гудамж 50 дугаар байр зоорийн давхрын 11 тоот авто зогсоолын  өмчлөгч мөн болохыг тус тус тогтоож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэгт заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Баттүвшин, Ж.Ганбаатар нарын Удирдлагын академийн Захиргааны зөвлөлийн 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хурлаас гаргасан 07 дугаар шийдвэр, Удирдлагын академийн 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 32 дугаар “орон сууцны гражийн дулаан зогсоолын өмчлөгчийн гэрчилгээ олгуулах тухай” шийдвэрийг хүчингүй болгуулж, уг зогсоолуудын өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Бямбасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94 950 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Номингийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94 950 төгрөгийг,  бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Баттүвшингийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Удирдлагын академиас улсын тэмдэгтийн хураамжинд 94 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Бямбасүрэнд, 94 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Номин нарт тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болормаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг болон шүүх хуралдааны явцад бидний гаргасан үндэслэл тайлбарыг огт үнэлсэнгүй. Талуудын тайлбарт бүрэн дүгнэлт хийлгүй, зөвхөн нэг талыг барьсан дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэлээ. Шүүх хуралдааны тэмдэглэл хэт товчлогдон хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үзсэн үйл баримт, хуулийн заалтууд, тайлбарууд хасагдсанд гомдолтой байна. Шүүх хуралдааны тэмдэглэл шүүгчээс 2 сарын 24-ний өдөр баталгаажиж гарсан байдаг ба түүнээс өмнө удаа дараа танилцах хүсэлтийг хүлээж авахгүй, одоо танилцах эрхгүй гэсэн учир миний бие Тамгын газарт хүсэлт гаргасны эцэст 3 сарын 3 өдөр уншиж танилцаж, тэмдэглэл бүрэн биш болохыг мэдсэн.

 Удирдлагын академийн статусыг огт анхаарч үзсэнгүй холбогдох хуулийн заалтыг үнэлж үзээгүй. Байр захиалан бариулахад үед /2003 онд/ Удирдлагын академи нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг байсан. Тухайн гараашуудын өмчлөгчийг тогтоосон шийдвэр гаргах үед /2013 онд/ Удирдлагын академи нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэдэх Төрийн өмчит үйлдвэрийн газар, байгууллага болсон байсан.

 Удирдлагын академи энэ барилгад хөрөнгө оруулалт хийсэн учраас уг орон сууцны барилгын доорхи авто зогсоол нь Удирдлагын академийн өмч, захиран зарцуулах эрхтэй, өмчлөх эрхийг шилжүүлэх эрхтэй гэж тайлбарлаж байгааг шүүх хуульд ниицнэ гэж үзсэн. Шүүх хуралдааны явцад хариуцагчийн төлөөлөгчөөс зөвхөн манай байгууллагын дотоод дүрэм, журамд заасан эрх хэмжээг энэ асуудлыг шийдвэрлэх эрхтэй гэснээс нэг ч хуулиар олгогдсон эрх тайлбарлаагүй. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас иргэдийн гомдлыг барагдуулах  арга хэмжээ авахыг даалгасан.

Удирдлагын академи энэхүү орон сууцыг барихад академи сан болон улсын хөрөнгө мөнгө ороогүй зөвхөн багш, ажилчид, гадны айлуудын хөрөнгөөр баригдсан орон сууц болохыг  09/65 дугаартай албан тоотоор Төрийн өмчийн хороонд хүргүүлсэн байдаг. Мөн 32 дугаар барилгад төрийн өмч хөрөнгө, сангийн мөнгө оролцоогүй, уг барилгын зоорийн давхар болох авто зогсоолууд нь Төрийн өмчийн хорооны баланс бүртгэлд тусгагдаж байгаагүй, энэ талаар ямар нэг бүртгэл байхгүй талаар Төрийн өмчийн хорооны 2014.05.21-ний өдрийн 3/1456 дугаар, 2014.06.30-ны өдрийн 3/1873 дугаар, 2014.06.30-ны өдрийн 3/1864 дугаар тодорхойлолтууд байдаг.

 Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дах хэсэгт зааснаар Академийн 2013.05.23-ны өдрийн шийдвэрээр бус Засгийн газрын шийдвэрээр, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр шилжүүлэхээр зохицуулсан.

Я.Бямбасүрэн нь 26 тоот байрыг Удирдлагын академитай гэрээ байгуулан худалдаж авснаас биш энэ 32-р байранд амьдарч байгаагүй. Тус байрны доорх автозогсоол дээр Бямбасүрэн машин тавьж байгаагүй.  Орон сууц, гараашийн хамт худалдсан гэрээ болон захиргааны хэргийн шүүхийн 2014.08.26-ны өдрийн гэрч Нурмаагийн мэдүүлэг, СӨХ-ийн баримтаас нотлогдоно. Нурмаагийн мэдүүлэгт Долгормаа нь орон сууцны үнэд авто зогсоол нь багтсан гэж хэлээд байраа зарсан, тухайн үед авто зогсоолд өмчлөх эрхийн гэрчилгээ олгодоггүй байсан талаар дурьдсан байдаг.

Академи ерөнхий захиалагч байсан болохоос биш уг орон сууцны барилгын өмчлөгч, мөн хэн нэгэнд гараашийн өмчлөх эрх олгох, өмчлөх эрхийг шилжүүлэх эрх бүхий этгээд биш. Мөн эрх зүйн үр дагаваргүй болсон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг нэхэмжлэгч нарт үүссэн давуу эрх гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд хэргийг бүх талаас бүрэн дүгнэлт хийж, хууль бус нөхцөл байдлыг дүгнэж, хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Я.Бямбасүрэн, Б.Номин нар нь хариуцагч Удирдлагын академи ТӨҮГ-т холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Удирдлагын Академийн 32 дугаар байрны зоорийн давхрын 5, 11 тоот авто зогсоолын өмчлөгч мөн болохыг тогтоолгохоор шаардсаныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байна.

 

Харин маргааны зүйлийн талаар Ж.Ганбаатар, Д.Баттүвшин нар бие даасан шаардлага  гарган маргаж, Удирдлагын академийн Захиргааны зөвлөлийн 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хурлын авто зогсоолуудыг хувьчилж хувиарласан 07 дугаар шийдвэр, Удирдлагын академийн 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 32 дугаар “орон сууцны гражийн дулаан зогсоолын өмчлөгчийн гэрчилгээ олгуулах тухай” шийдвэрийг хүчингүй болгуулахаар, уг зогсоолуудын өмчлөгчөөр тогтоолгохоор шаарджээ.

 

Нэхэмжлэгч нар хэдийгээр маргаан бүхий авто зогсоолуудын өмчлөгч болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдсон хэдий ч Захиргааны хэргийн шүүхээс  өмчлөлийн асуудлыг шийдвэрлэгдэж дуустал улсын бүртгэлийг түдгэлзүүлсэн, өөрөөр хэлбэл өмчлөх эрх нь маргаантай болсон тул өмчлөх эрхээ тогтоолгохоор шүүхэд хандсаныг буруутгах боломжгүй.

 

Өмчлөх эрх хууль болон гэрээнд заасан үндэслэлээр үүсдэг бөгөөд нэхэмжлэгч нар Иргэний хуулийн ямар үндэслэлээр өөрөөр хэлбэл хэнтэй байгуулсан гэрээний ямар заалтаар өмчлөх эрхийг олж авснаа тодорхой заагаагүй, уг үндэслэлээр талуудын хооронд мэтгэлцээн өрнөөгүй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг ямар хууль, эрх зүйн үндэслэлээр юу хүсч шаардаж байгаагаар нь тодорхойлдог. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага,  үндэслэлийг тодруулаагүй, маргааны зүйл, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар зохигчид мэтгэлцээгүй. 

Иймд шүүхийн мэтгэлцээн бүрэн явагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй байна.

Түүнчлэн зөвхөн өөрийн эрх зөрчигдсөн асуудлаар нэхэмжлэл гаргах нь Иргэний хуулийн талуудын зарчим юм. Гэтэл бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд  маргаан үүсээгүй, өөрийнх нь эрх ашиг сонирхлыг хөндөөгүй бусад 24 айлд холбогдох  шийдвэрийг хүчингүй болгуулахаар шаардсан нь ойлгомжгүй, уг шаардлагын үндэслэлийг тодруулах нь зүйтэй юм.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага хуулийн аль заалт, хэнтэй байгуулсан ямар гэрээний хэд дэх заалтаас урган гарч байгааг тодруулах нь зүйтэй. Учир нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд гэрээний дагуу өмчлөгч болсон гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийг зөвхөн гэрээний талаас шаардах эрхтэй юм.

 

Мөн шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт нь хэрэгт хамааралтай байхад хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон гэж үзэх боломжгүй байна. /2-р хх-ийн 233/

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/00385 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Ганбаатар, Д.Баттүвшин нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                               ШҮҮГЧИД                                                     Д.БАЙГАЛМАА

                                                                                                    Ш.ОЮУНХАНД