Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2019/0160/З |
Дугаар | 221/МА2020/0144 |
Огноо | 2020-02-20 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2020/0144
Д.С, Э.Т нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, өмгөөлөгч Б.М, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0679 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Д.С, Э.Т нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0679 дүгээр шийдвэрээр: ”Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.5, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, Барилгын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.С, Э.Т нараас Нийслэлийн Засаг дарга болон Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/770 дугаар захирамжийн Э.М-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаар захирамжийн Э.М-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/770 дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаар захирамжийн Э.М-т холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгөөс 35.200 төгрөгийн хариуцагч талуудаас хуваан гаргуулж нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т давж заалдах гомдолдоо: “... Гуравдагч этгээдийн өмчлөлийн газрыг сууц өмчлөгч нарын дундын эзэмшлийн эд хөрөнгийг барьж байгуулах газар гэх баримт хэрэгт хавсаргагдаагүй, тухайн орон сууц нь ашиглалтын шаардлага хангахааргүй, хүн амьдрах нөхцөл бүрдээгүй нь үзлэгээр тогтоогдсон.
... Гэтэл анхан шатны шүүх ирээдүйд бий болж болзошгүй дундын өмчлөлийн эд хөрөнгө, түүнтэй холбоотой нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан шийдвэр гаргасан нь бодит байдалд нийцээгүй, үндэслэл бүхий болж чадаагүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 679 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.М давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх нэхэмжлэгч нар нь “орон сууцны оршин суугчид бөгөөд үл хөдлөх хөрөнгийн цонх хаагдах, ногоон зүлэг, явган хүний зам, автомашины зогсоол, амрах сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай байршуулах боломжтой зам талбай байсан” учир хээрийн болон суурийн судалгааг дахин хийж, гуравдагч этгээдийн эзэмшил, өмчлөлийн газрын хэмжээнд өөрчлөлт оруулах байдлаар дахин шинэ акт гарга гэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэж, хариуцагч байгууллагын хуулиар хүлээсэн эрх, үүрэг, гуравдагч этгээдийн газар өмчлөх эрхэд үндэслэлгүйгээр халдах нөхцөл байдлыг бүрдүүлсэн шийдвэрийг гаргасан.
Дээрх нөхцөл байдлыг тодруулах цар хүрээний хувьд шүүхээс дүгнэх боломжгүй нөхцөл байдалд хүрээгүй, Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргын зүгээс хуульд нийцүүлэн шийдвэрүүдээ гаргаж энэ талаар ч өмнө нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дурдсан үйл баримт байхад түүнийг анхаарч үзээгүй. Шүүхээс хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах бус шууд гуравдагч этгээдийн газар өмчлөх эрхийн хэмжээнд өөрчлөлт оруулах байдлаар шийдвэрлэж байгаа нь хүчингүй болгож байгаатай ялгаа үгүй тул хуулийн дээрх шаардлагыг хангаагүй.
Тухайн орон сууцны цонх, хаалгыг тулгаж, ногоон зүлэг байхад нь хууль бусаар газрыг нь аваагүй бөгөөд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, тухайн газрын орц гарц нээлттэй байхад заавал тэдгээр иргэдэд ногоон байгууламж, авто зогсоол, амрах сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай өгөх ёстой гэж тулгаад уг эрх нь зөрчигдсөн гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй, хэрэгсэхгүй болгох үндэслэл бүхий илэрхий нотлох баримт хэрэгт авагдсан байхад үнэлээгүй, нэхэмжлэгч нарын ямар субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөнийг тогтоогоогүй.
Нэхэмжлэгч нарын зүгээс тухайн газраа хууль ёсоор нь хүсэлтээ гаргаад эзэмших боломжоо алдсан байдлыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд байхгүй үндэслэл зааж гуравдагчийн газрын хэмжээг багасгахаар шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгч талд хэт ашигтай байдлаар үнэлж, хууль, шударга ёс, тэгш байдлын зарчмыг алдагдуулж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шийдвэр болсон.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Д.С, Э.Т нараас “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/170, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/770 дугаар захирамжуудын иргэн Э.М-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэр-3, Арцатын 18 дугаар гудамжны 3-2, 3-1 тоот, тус бүр 32 м.кв талбай бүхий хувийн сууцны өмчлөгч Д.С, Э.Т нар өмчлөх эрхээ улсын бүртгэлийн байгууллагад 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдөр бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авчээ.
Улмаар Нийслэлийн Засаг даргад 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “В” ХХК-аар 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хийлгүүлсэн газрын кадастрын зургийг хавсарган өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн орчны газрыг эзэмших хүсэлтийг гаргасан, тэрхүү хүсэлт гаргасан газар нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/170, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/770 дугаар захирамжаар иргэн Э.М-т эзэмшүүлж, өмчлүүлсэн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 17-5 тоот, 500 м.кв газартай 346 м.кв талбайгаар давхцалтай, мөн нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй залгуулан олгогдсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, тухайлбал, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өр шүүхэд ирүүлсэн баримт, шүүхээс хийсэн үзлэг зэргээр тогтоогджээ.
Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасан хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг нягтлан хянах чиг үүргийг хэрэгжүүлэхдээ газрын алба нь газрын тухай хууль тогтоомжийг баримтлах ёстой.
Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалаар баталсан “Газар эзэмшүүлэх, ашиглах, эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 6.1-д “ ... өргөдөл гаргагчтай хамт газар дээр нь очиж хээрийн судалгаа хийх”-ээр, 6.2.4-д “шаардлагатай тохиолдолд нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газар дээр нь тодруулахдаа хөршүүдтэй тохиролцуулах”, 6.3.1-д “хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц гарцыг тогтоох”-оор тодорхой журамлажээ.
Холбогдох газрын албад журмын дээрх заалтуудыг биелүүлж, зохих ажиллагааг хийгээгүй байхад хариуцагч албан тушаалтнууд маргаан бүхий захиргааны актуудыг гаргаж нэхэмжлэгч нарын өмчилдөг сууцын зориулалттай байшингийн хаалга, цонхтой зэрэгцүүлэн гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх, өмчлөх эрхийг олгосноор бусдын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй шууд холбоотойгоор үүсэх хөрөнгөө чөлөөтэй эзэмших, ашиглах боломжтой орц, гарцтай байх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ.
Тухайн орон сууц нь ашиглалтын шаардлага хангахааргүй, хүн амьдрах нөхцөл бүрдээгүй нь хариуцагч нарын хууль бус дээрх үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй.
Хариуцагч албан тушаалтнууд дээрх хуульд заасан үүргээ гүйцэтгээгүй нь тогтоогдсон энэ тохиолдолд шүүх захиргааны байгууллагын тухайн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломжгүй, уг нөхцөл байдлыг хариуцагч нар өөрсдөө тодруулж, буруутай үйл ажиллагаагаа зөвтгөж, гуравдагч этгээдийн эзэмшил, өмчлөл бүхий газрын хэмжээнд өөрчлөлт оруулах байдлаар дахин шинэ акт гаргах нь зүйтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д нийцсэн шийдвэр гаргажээ.
Иймд гуравдагч этгээд болон хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Харин анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгт хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв баримтлаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0679 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 32 дугаар зүйлийн 32.5, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/170, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/770 дугаар захирамжуудын иргэн Э.М-т холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг дарга давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР