Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2024/0074

 

З.О-ын нэхэмжлэлтэй,

Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн

улсын байцаагч нарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:               Ц.Цогт

Танхимын тэргүүн:            Д.Мөнхтуяа

Шүүгчид:                                 Г.Банзрагч

    Х.Батсүрэн

Илтгэгч шүүгч:                     П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга:     У.Оюунзаяа

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 125/ШШ2024/0001 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2024/0239 дүгээр магадлалтай,

Хэргийн оролцогчид: нэхэмжлэгч З.О, түүний өмгөөлөгч Д.А, хариуцагч Б.А нарыг оролцуулан,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 224 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх гэсэн үндэслэлээр, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нарын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 16-07/30 дугаар актыг хүчингүй болгуулах, тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг даалгах;

2.Хэргийн нөхцөл байдал: З.О нь Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 324 дүгээр шийдвэрээр “1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад малчнаар ажиллаж байсан” болохыг тогтоосон бөгөөд Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс “шүүхээс тогтоосон малчнаар ажиллаж байсан хугацаанд өөр аймагт сургуульд сурч, ажил хийж байсан нь баримтаар тогтоогдсон, хуурамч баримт бүрдүүлсэн”  гэж, илүү олгосон 9,579,032 төгрөгийг буцаан төлүүлэхээр шийдвэрлэжээ.

3.Нэхэмжлэгчээс “... сургуульд сурч байхдаа зав зайгаараа эцэг эхдээ мал маллахад нь тусалдаг байсан, надад нуусан зүйл байхгүй, тухайн үед миний материал шалгаад буцаасан бол зарим оны шимтгэлийг нөхөн төлөөд тэтгэвэрт гарах боломж байсан, намайг малчнаар байсныг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа, сонсох ажиллагаа хийлгүй акт тавьсан, иргэний шүүхийн шийдвэр хүчингүй болсон тохиолдолд нийгмийн даатгалын хэлтэс шалгалтаа хийгээд актаа тавих эрх үүснэ гэж маргажээ.

4.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Үүнд:

4.1.Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 324 дүгээр шийдвэр хүчин төгөлдөр шийдвэр байна. Шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг няцаах, нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдалтай холбоотой уг асуудлыг дахин нотлох ажиллагааг хийх хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагч нь шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримтыг үгүйсгэж, шүүхийн шийдвэртэй холбогдуулж маргасан нь үндэслэлгүй байна.

4.2.Хариуцагч З.О-ыг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн эсэхийг цагдаагийн байгууллагаар шалгуулаагүй, шүүхээс энэ талаар тогтоосон шийдвэр байхгүйн дээр нэхэмжлэгчээс өөрт хамааралтай аль нэг баримтыг засварласан шинээр үйлдсэн гэх зэргээр хуурамч баримт үйлдэж бүрдүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул зөвхөн “хөдөлмөрийн дэвтрээ гаргаж өгөөгүй, барилгын техникийн мэргэжлийн дунд сургуульд сурсан болон бетон арматурчнаар ажилласан талаараа үнэн зөв мэдээлээгүй” гэх нөхцөлөөр буруутгах үндэслэлгүй.

4.3.Хариуцагч захиргааны байгууллага анх 2020 оны 05 дугаар сард иргэний өндөр насны тэтгэврийг тогтоохдоо захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг гүйцэт хэрэгжүүлээгүй байна.

5.Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:

5.1.Нэхэмжлэгчийн шүүхээс сэргээлгэхээр шаардаж буй эрх, ашиг сонирхол гагцхүү хуулийн дагуу үүссэн байх нь маргаан бүхий захиргааны актыг шүүхээс хүчингүй болгох замаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, уг зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг өмнөх байдалд нь сэргээн тогтоох урьдчилсан нөхцөл болно.

5.2.З.О-ын өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хугацаанд, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар малчин иргэний хувьд өндөр насны тэтгэвэр тогтоох урьдчилсан нөхцөлийг нийтдээ 20-иос доошгүй жил ажилласан байх, үүний 12 жил 6 сараас доошгүй хугацаанд малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй хүний хувьд 50 нас хүрсэн байх гэж тогтоосон бөгөөд эдгээр нөхцөлийг нэгэн зэрэг хангасан тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх, нөгөөтэйгүүр малчин иргэний хувьд заасан хугацааны турш тасралтгүй мал маллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх агуулгатай.

5.3.Хэрэгт цугларсан нотлох баримтаар З.О нь тус бүр 1984 оны 10 дугаар сарын 19, 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн 2 хөдөлмөрийн дэвтэртэй, иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр малчнаар ажилласан гэж тогтоолгосон 1984-1991 оны хоорондох зарим хугацаанд буюу 1985 оны 9 сараас 1990 оны 3 сарыг дуустал, нийтдээ 4 жил 6 сарын хугацаанд Барилгын техник мэргэжлийн сургуульд суралцан төгсөж, Дархан хотод бетон арматурчнаар ажиллаж байсан гэх үйл баримт тогтоогдох ба хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй болно.

5.4.Нийгмийн даатгалын улсын байцаагчаас З.О-ын тэтгэвэр олголтыг зогсоож, нөхөн төлүүлэхээр акт тогтоосныг хэрэгт авагдсан Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 324 дүгээр шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан гэж үзэхгүй, учир нь энэ шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн ажилласан жилийг л тогтоосноос бус түүнд өндөр насны тэтгэвэр олгохыг аймгийн нийгмийн даатгалын хэлтэст даалгасан агуулгагүй.

5.5.Даатгуулагчийн гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан баримтыг үндэслэн өндөр насны тэтгэвэр тогтоох эсэхийг шийдвэрлэх эрх нийгмийн даатгалын байгууллагад хадгалагдах ба дээрх байдлаар хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй байхад өндөр насны тэтгэвэр тогтоосон гэж акт тогтоосон нь зөв байна.

5.6.Ховд аймгийн Зэрэг сум, Дархан хот гэсэн засаг захиргааны өөр өөр нэгжид, нэг хугацаанд, зэрэг хөдөлмөр эрхлэх боломжгүй, Барилгын техникийн мэргэжлийн сургуульд сурч, Дархан хотын Нүүдлийн засал чимэглэлийн 4-р хэсэгт бетон арматурчнаар ажилласан талаарх тайлбар, баримтыг мэдүүлээгүй нь тэтгэвэр олголтыг зогсоох “... хуурамч бичиг баримт бүрдүүлсэн” гэх үндэслэлд хамаарч байна.

6.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

6.1.Тэтгэвэр тогтоохоос өмнө хүсэж гаргасан иргэний бүрдүүлж өгсөн үйл баримт материалыг нэхэмжлэгчийн мэдээллийг авч үзэх, нягталж, шалгалт хийж тэтгэвэр тогтоох эсэхийг эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгжүүлэх бүрэн эрх хэмжээтэй тул нэхэмжлэгчийг дангаар нь буруутгах үндэслэлгүй.

6.2.Аймгийн нийгмийн даатгалын байгууллага З.О-аас тэтгэвэр тогтоолгох хүсэлт, бүрдүүлсэн материал болон 2020 оны анхан шатны шүүхийн шийдвэрийг шалгуулах боломжтой байсан ч зохих хуулийн байгууллагад хандаагүй, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн дараа акт тавьж хууль зөрчиж байна.

6.3.Давах шүүхээс шүүх бол ажилласан жил тогтоодог, нийгмийн даатгалын байгууллага бол тэтгэвэр тогтоодог байгууллага тул илүү олгосон тэтгэвэр 9,597,032 төгрөгийг буцааж төлүүлэх тухай акт тогтоосон нь З.О-ын ажиллаж жил тогтоосон хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр татгалзах үндэслэлгүй нөлөөлөхгүй гэж үзсэн хууль дээдлэх зарчмыг зөрчсөн.

6.4.Шүүхээр нэгэнт шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаарх маргах эрхгүй. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтад нийгмийн даатгалын улсын байцаагч акт тавих эрх хэмжээ олгоогүй байна.

6.5.Ажилласан жил, нийгмийн даатгалыг шимтгэл нөхөн тооцох тухай хуульд иргэн өөрөө хамрагдах боломжтой эсэхийгээ мэдэх боломжгүй. Үүнийг нийгмийн даатгалын байцаагч тухайн иргэн тус хуульд хамрагдах боломжтой эсэхийг тодорхойлох үүрэгтэй. Тухайн үед малчнаар ажилласан жил хүрэхгүй ба зөрчилтэй гэж үзсэн бол нэхэмжлэгч З.О нь нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх боломжтой байсан гэжээ.

7.Хариуцагчаас хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй байна. 

ХЯНАВАЛ:

8.Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

9.Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэрээр З.О нь 52 настайдаа, “малчнаар ажиллаж, шимтгэл төлж байсан” гэсэн үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байна.

10.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасан, тухайн тохиолдолд захиргааны байгууллагаас анх 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өндөр насны тэтгэвэр олгох шийдвэр гарч, нэхэмжлэгчид захиргааны үйл ажиллагаа, тогтвортой байдалд итгэх итгэл үүссэн, мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эерэг үр дагавар үүссэн байх тул захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаанд итгэх итгэл хамгаалагдах, захиргааны байгууллага өөрийн гаргасан шийдвэрийн үр дагаврыг өөрөө хүлээх эрх зүйн үр дагавар үүссэн байна.

11.Тодруулбал, захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийг Дархан хотод сургуульд сурч байсныг, ажиллаж байсныг тогтоох, холбогдох нотлох баримтыг бүрэн дүүрэн шинжлэн судлах боломжтой байсан атал дээрх ажиллагааг 2020 онд хийгээгүй буруутай, иймээс алдаатай шийдвэрийн үр дагаврыг захиргааны байгууллага хариуцаж, нэгэнт олгосон тэтгэврийг буцаан төлөхийг шаардах эрхгүй.

12.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоох асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоох хуулийн шаардлага хангасан эсэх, малчнаар ажилласан эсэх, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эсэхийг хянан шалгасны эцэст шийдвэр гаргах нь захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг бөгөөд энэ ажиллагаа нь зөвхөн нэхэмжлэгч, түүний гаргаж өгсөн баримтаар хязгаарлагдахгүй тул давж заалдах шатны шүүхийн “барилгын техникийн мэргэжлийн сургуульд сурч, Дархан хотын Нүүдлийн засал чимэглэлийн 4-р хэсэгт бетон арматурчнаар ажилласан талаарх тайлбар, баримтыг мэдүүлээгүй” гэх дүгнэлтээр нэхэмжлэгчид төлбөр хариуцуулах үндэслэлгүй.

13.Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “... тус хэлтэст өргөдөл гаргаж бүртгүүлэхдээ 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийг канондаж өгсөн байсан, 262860 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт Дархан хотод сурсан, ажилласан бичилт байсан, түүний үндэслэлийг Дарханы архивт албан бичиг явуулж, баримт авсан” гэж тайлбарласан, энэ талаарх анхан шатны шүүхийн “... нэхэмжлэгч З.О-ын хөдөлмөрийн дэвтрийн мэдээлэл нь 2020 онд анх малчин нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох үед нийгмийн даатгалын байгууллагад өөрт нь хадгалагдаж байжээ. ... анх тэтгэвэр тогтоохдоо бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргийг гүйцэт хэрэгжүүлээгүй” гэх дүгнэлт зөв бөгөөд нэгэнт захиргааны байгууллагад холбогдох баримтууд хадгалагдаж байсан, тухайн цаг хугацаанд уг асуудлыг нягтлан шалгах бүрэн боломжтой байсан тул нэхэмжлэгчийг “үнэн зөв мэдүүлээгүй, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн” гэж үзэхгүй.

14.Иймээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу актаар 9,579,032 төгрөгийг нэхэмжлэгчээр буцаан төлүүлэх нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, нэхэмжлэгчийн “ажилласан жил тооцох тухай шийдвэрийг иргэн хүн өөрөө шийдэх боломжгүй, үүнийг нийгмийн даатгалын байцаагч шийдвэрлэх үүрэгтэй, тухайн үед малчнаар ажилласан жил хүрэхгүй ба зөрчилтэй гэсэн бол надад 9 сая төгрөгийн төлбөр үүсэхгүй байсан” гэх гомдол үндэслэлтэй.

15.Харин нэхэмжлэлийн “тэтгэврийг зогсоосон үеэс эхлэн өндөр насны тэтгэврийг нөхөн олгохыг даалгах” шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

16.Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 324 дүгээр шийдвэрээр 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосон боловч шүүхийн шийдвэр гарснаас хойш нэхэмжлэгч нь 1985 оны 9 сараас 1990 оны 3 сарын хооронд Дархан хотод, Барилгын техник мэргэжлийн сургуульд суралцан төгсөж, Дархан хотод бетон арматурчнаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдсон ба хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй байна.

17.Эндээс нэхэмжлэгчийн тухайд хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 2-т заасан “нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн ...” гэх шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдож байх тул өндөр насны тэтгэврийг нөхөн олгох хууль зүйн үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхийн “засаг захиргааны өөр өөр нэгжид, нэг хугацаанд, зэрэг хөдөлмөр эрхлэх боломжгүй” тухай дүгнэлт зөв юм.

18.Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай 2017 оны хууль нь “тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчинд” хамааралтай, нэхэмжлэгчийн тухайд, дээр дурдсан хугацаанд малчнаар ажиллаж байгаагүй тул нэхэмжлэгчийн “нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх боломжтой байсан” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

19.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Шүүхээр нэгэнт шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаарх маргах эрхгүй” гэх гомдлын тухайд, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт бодит байдалд илэрхий өөр тохиолдолд захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд өөрийн гаргасан алдаатай шийдвэрийг залруулах боломжтой, нэхэмжлэгчээс Дархан хотод сурч, ажиллаж байснаа үгүйсгэж маргаагүй тул улсын байцаагчийг эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэхгүй.

20.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3-т “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” гэж, Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т “Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангана” гэж тус тус заасан.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 659 дүгээр магадлалаар Д.Б-гийн нэхэмжлэлтэй, 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 265 дугаар магадлалаар У.С-гийн нэхэмжлэлтэй,  2023 оны 05 дугаар сарын 30-ны 369 дүгээр магадлалаар Б.С-гийн нэхэмжлэлтэй, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн магадлалаар Х.П-гийн нэхэмжлэлтэй, 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 551 дүгээр магадлалаар Ё.Г-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус тус хянан хэлэлцэж, нэхэмжлэлийг хангаж байжээ.

21.Энэхүү хэргийн тухайд, маргааны үйл баримтын хувьд дээрх хэргүүдээс ялгаатай буюу нэхэмжлэгчээс шүүхээс тогтоосон хугацаанд өөр газар сурч байсан үйл баримтыг үгүйсгэж маргаагүй, нэг цаг хугацаанд засаг захиргааны өөр нэгжид ажиллах боломжгүй нь илэрхий тодорхой үйл баримт тул хяналтын шатны шүүхээс маргааныг хэлэлцэх үндэслэлтэй, хууль хэрэглээний зөрүү үүсээгүй, ижил төстэй хэргийг өөр өөрөөр шийдвэрлэсэн гэж үзэхгүй.

22.Иймээс шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 125/ШШ2024/0001 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2024/0239 дүгээр магадлалын “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч З.О-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,  Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нарын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 16-07/30 дугаар актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох тэтгэврийг зогсоосон үеэс өндөр насны тэтгэврийг нөхөн олгохыг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугайгэж өөрчилсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.ЦОГТ

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Д.МӨНХТУЯА

                                       ШҮҮГЧИД                                                            Г.БАНЗРАГЧ

                                          Х.БАТСҮРЭН

                                          П.СОЁЛ-ЭРДЭНЭ