Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 37

 

Д.Оын нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай   

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч шүүгч Н.Батчимэг, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 136/ШШ2016/00290 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Оын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Гд холбогдох

Орон сууцны дутуу шилжүүлсэн 18,47 м2 талбайн үнэ 18470000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Нын давж заалдсан гомдлыг үндэслэн  2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н,  нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.О 2013 оны 10 дугаар сард Дорноговь аймгийн Замын-Үүд сумын *** тоот 3 өрөө 74.6 м2 гэх талбай бүхий ордертой байрыг Ц.Гас худалдан авч ХААН банкин дахь түүний *** тоот дансанд 1 м2-ийг нь 1000000 төгрөгөөр үнэлсэн нийт 74600000 төгрөгийг бэлэн мөнгөөр хийсэн. Намайг уг байрыг худалдаж авсны дараа байрны оршин суугчид метр квардратын зөрүүтэй байгаа тухай хэлсэн. Ингээд тусгай зөвшөөрөлтэй хэмжилтийн эрх бүхий компанид хүсэлт гаргаж байрныхаа метр квадратыг хэмжүүлэхэд баталгаат талбай 56.13 м2 болж үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн талбайгаас 18.47 м2 дутсан. Энэхүү дутуу талбайд төлөгдсөн 18470000 төгрөгийг Ц.Гас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. Өөрт нь хэлэхэд барагдуулах нь битгий хэл, 50 хувийг л тохироод ав, тэгэхгүй бол шүүхээрээ яв гэж хэлсэн гэжээ.

Нэхэмжлэгч Д.О  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Орон сууц захиалгаар бариулах гэрээг Ц.Г гэдэг хүнтэй байгуулаагүй. Орон сууц захиалгаар бариулах гэрээн дээр 74,6 м2 байрыг 1 м2-ыг нь 1000000 төгрөгөөр үнэлэн нийт 74600000 төгрөгөөр тооцож төлбөрийг 2013.10.04-нд 22380000, 10.30-нд 52220000 төгрөгийг төлж байрны мөнгө бүрэн төлөгдөж дуусна гэсэн нөхцөлтэйгээр гэрээ хийнэ гэсэн гэрээг байрны гэрчилгээтэй хамт өгсөн байсан. Тэр гэрээн дээр бичиг үйлдсэн хүн нь Зулаа байсан ба Ц.Г гэдэг хүн гарын үсэг зураагүй, тамга тэмдэг дараагүй, гэрээ миний байрны гэрчилгээтэй хамт өгсөн байсан. Байрны оршин суугчид м2 зөрүүтэй байгааг бие биедээ дамжуулсан нь 2015 оны 9 сард юм. Тэр үед нь Замын-Үүд сумын Захирагчийн албанд өргөдөл бичиж, байрны м2-ыг хэмжүүлэх тухайгаа илэрхийлсэн. 14 хоногийн дараа дахин очиж Барилга, хот байгуулалтын газрын даргатай өөрийн биеэр очиж уулзсан. Тэгэхэд манайхаас хэмжилт хийгээд мөнгө төгрөг танайд олдохгүй. Манайх албан ёсны зураг төсөл гаргадаг газар биш учир танайх тусгай зөвшөөрөлтэй байрны м2-ийг баталгаажуулдаг компанитай байдаг, тэр компианаар хэмжүүлвэл албан ёсны болдог гэж надад хэлсэн. Тэгээд *** ХХК-иар хэмжилт хийлгэсэн. Би Ц.Гтай яриад 18  м2 сох дутаад байна, би 18 м2-ийн мөнгө болох 18470000 төгрөгийг авъя гэхэд Г “тиймээ, байр м2 нь зөрүүтэй байгаа. Бид хятадуудыг авчраад бариулчихсан юм. Тэд нар м2 алдаад барьчихсан нь үнэн,  танайх 50 хувиа авчихвал айлууд аваад дуусч байгаа гэхээр нь 50 хувь авна гэж байхгүй, хий хоосон м2-д мөнгө төлнө гэж юу гэсэн үг вэ, би чамаас хүү авъя гэж хэлээгүй, ганцхан 18470000 төгрөгийг авъя гэхэд талыг нь авахгүй бол шүүхээрээ яв гэсэн. тэр ярианы үеэр гражны тухай яригдсан, танай граж хэд вэ гэсэн чинь 18 сая төгрөг гэхээр нь би Замын-Үүд суманд граж 6-7 сая төгрөг байдаг юм байна, танайх яагаад ийм үнэтэй юм гэж асуусан чинь манайх ийм үнэтэй гэж хэлсэн. Иймд байрны м2-ын зөрүү 18470000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 142-р байрыг *** компани барьж гүйцэтгэсэн. *** компанийн захирал Г гэж хүн байгаа. Д.О нь Э.Эын эзэмшлийн *** тоот 74,6 м2 орон сууцыг харилцан тохиролцон үндсэн дээр худалдан авч 2013.10.16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж Ү-*** дугаартай гэрчилгээг авсан байдаг. Нэхэмжлэгч Д.О нь уг байрыг худалдан авсанаас хойш 3 жил орчим хугацаа өнгөрсөн дараагаар 2016.08.12-ны өдөр эд хөрөнгийн доголдол буюу зөрүүг ярьж илүү төлсөн гэх төлбөрийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь ямар үндэслэл, зорилгоор хэмжилт хийлгэсэн, тухайн хэмжилт хийх шатанд ХХК-аас оролцоогүй, тухайн байрыг улсын комисс хүлээн авсан эрх бүхий шийдвэр хүчин төгөлдөр байгаа бөгөөд худалдах, худалдан авах гэрээтэй холбоотойгоор мэдэх ёстой эд хөрөнгийн доголдлыг илрүүлэх боломжтой цаг хугацаа өнгөрсөн. Доголдлыг Г хариуцахгүй. Г гэдэг хүн байрыг О гэдэг хүнд хүлээлгэж өгөөгүй. Доголдлыг Г гэдэг хүн хариуцахгүй учраас Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6, хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар Ц.Гас метр квадратын үнийн зөрү 18470000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Оын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 250300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэцлэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

Шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Уг орон сууцыг 2013.04.22-ны өдөр комиссын 07/2013 дугаар бүхий акт гарч ашиглалтад орсон байдаг. Гэтэл нэхэмжлэгч Д.О нь уг орон сууцыг худалдаж авахаар Зулаа гэж хүнтэй 1 м.кв үнийг 1 сая төгрөгөөр, нийт 74600000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож иргэн Гантулгын Хаан банкны хувийн данс руу нь байрны төлбөрийг шилжүүлсэн. Байрны ордер авахын тулд итгэмжлэл авах шаардлагатай, Г гэдэг хүн дээр итгэмжлэлээ хийгээд явуул гэсний дагуу О нь У.Г гэж хүнд 2013.10.16-ны өдөр итгэмжлэл хийж өгсөн байдаг. Гэтэл итгэмжлэл хийж өгнөөс өмнө буюу 2013.10.15-ны өдөр Оыг төлөөлөх эрхгүй этгээд буюу Зул гэж хүн гарын үсэг зурж, 74600000 төгрөгний үнэ бүхий  байрыг иргэн Э.Этой 10 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн байдаг. Энэ гэрээг шүүх үнэлж үзээгүй. Энэ гэрээ нь иргэн Оыг төлөөлөх эрх бүхий этгээдийн хийсэн гэрээ биш юм. Худалдах, худалдан авах гэрээний гол зүйл нь өөрөө үнэ байдаг. Гэтэл энэ гэрээний гол зүйл болсон үнэ худлаа буюу 10 сая төгрөгөөр хийгдсэн хууль бус гэрээ юм. Мөн иргэн Э.Эын өмчлөлийн байрыг худалдаж авсан бөгөөд байрны үнийг *** ХХК-ийн захирал гэх Гантулгын хувийн данс руу нь шилжүүлсэн байдаг. Энэ худалдах, худалдан авах гэрээг хэн хэнтэй хийж байгаа, *** ХХК байдаг эсэхийг нотлох баримт байхгүй, хэрвээ байдаг бол захирал нь хэн болох, компанийг төлөөлөх эрх бүхий хүн хэн болохыг тогтоох нотлох баримтууд хэрэгт авагдаагүй, иргэн Э.Э гэж хүний эрх ашиг зөрчигдсөн эсэх тал дээр гуравдагч этгээдээр татах эрх шүүхэд өөрт нь байдаг. Гэтэл шүүх дээрх хэрэгт заавал шаардлагатай нотлох баримтууд хангалтгүй байхад шүүх хуралдааныг хийсэн нь хэргийг тал бүрээс нь үнэн бодитой шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж байна.

2. 2013.10.05-ны өдрийн Г, О нарын хооронд хийгдсэн Орон сууц захиалгаар бариулах гэрээ нь орон сууц ашиглалтанд орсны дараа хийсэн, хууль бус гэрээ. Энэ гэрээг шалгуулах хүсэлтийг шүүх хуралдааны шатанд гаргахад хүсэлтийг шүүх хангаагүй орхисон байдаг.

3. Хөөн хэлэлцэх хугацаа.  Иргэн Оын нэр дээр орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ 2013.10.16-ны өдөр гарсан байдаг. Энэ хугацаанаас хойш 6 сар өнгөрсөн, хөөн хэлэлцэх хугацаа дуусч, шаардах эрх алдсан байна гэж шүүх дүгнэсэн байдаг. Гэтэл шаардах эрх хэзээ үүссэн бэ, эрх зөрчигдсөнөө хэзээ мэдсэн үеэс хөөн хэлэлцэх хугацаа тоолно. Иргэний хуулийн 76.2-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасан байдаг. О шүүх хуралдаан дээрх тайлбартаа би энэ байрыг худалдан авах үедээ 74,6 м.кв гэж бодож үнийг бүрэн төлж барагдуулсан. Энэ байрыг м.кв-ын зөрүүтэй гэж мэдээгүй, байрны оршин суугчид м.кв дутуу байгаа тухай бие биендээ 2015 оны 09 сарын үед дамжуулсан гэжээ. Өөрөөр хэлбэл эрх нь зөрчигдсөн талаараа энэ үеэс мэдсэн байна. Монгол улсын хэмжээнд орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS 6058:2009 стандарт үйлчилдэг. Нарийн, тусгай мэргэжил шаардсан, тусгайлсан багаж хэрэгсэл ашиглаж хийгдэж байж уг эд хөрөнгө биет байдлын доголдолтой эсэхийг мэддэг. Тиймээс энэ доголдол нь хараад мэдэх боломжтой ил доголдол биш юм. Энэ тохиолдолд худалдан авагчийг эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн, мэдэх боломжтой байсан гэж иргэний хуулийн 255.1.1 дэх заалтыг шүүх баримталсан нь өөрөө буруу юм. Иргэний хуулийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна гэж заасан байдаг. Тиймээс хэрэгт заавал авагдах шаардлагатай дээр дурдсан нотлох баримтууд хангалттай бүрдээгүй, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шүүх хангаагүй, хууль бус нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн, гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн эсэх талаар шалгаагүй, мөн хуулийг буруу хэрэглэсэн, метр квадрат дутсан талаарх нотлох баримтыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн ч шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гаргахын тулд шүүх өөрөө мөн шинжээч томилоогүй, хууль бус гэрээнүүдийг шалгуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг мөн шинжээч томилж хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

                Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Ц.Гд холбогдуулан орон сууцны дутуу шилжүүлсэн 18,47 м2 талбайн үнэ 18470000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч Ц.Г нь Э.Эын өмчлөлийн орон сууцыг худалдаж авсан, эд хөрөнгийн доголдлыг илрүүлэх боломжтой хугацаа өнгөрсөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6, 255 дугаар зүйлийн 255.1.1-т заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

            Уг гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, хэргийн үйл баримт бүрэн гүйцэд тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэснээс шийдвэр нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Энэ нь нэхэмжлэгч Д.Оын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой буюу худалдсан эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргасан байх ба шүүх талуудын хооронд байгуулагдсан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээг үндэслэн тэдний гэрээгээр хүлээсэн үүргийг тодорхойлох боломжтой юм.

            Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.О нь 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ***, *** тоот орон сууцыг Э.Эоос худалдан авч бичгээр гэрээ байгуулсан /хх-48/ атлаа хариуцагч Ц.Гд холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийг шаардсаныг анхан шатны шүүх талууд маргаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Д.О, хариуцагч Ц.Г нарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.

            Тодруулбал нэхэмжлэгч Д.О, хариуцагч Ц.Г нарын хооронд 2013 оны /он засвартай/ 10 дугаар сарын 05-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ /хх-59/ байгуулагдсан байх боловч уг гэрээ нь бичмэл нотлох баримт болохын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй, мөн нэхэмжлэгчийн тайлбарт /хх-71/ дурдсанаар уг гэрээнд Ц.Г гарын үсэг зураагүй, энэхүү гэрээ нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгч Д.О, Э.Э нарын хооронд байгуулагдсан гэрээнээс өмнө байгуулагдсан, түүнчлэн маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгө болох Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ***, *** тоот орон сууц нь 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Э.Эын өмчлөлд бүртгэгдсэн /хх-51/ зэргээс үзэхэд анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Улмаар анхан шатны шүүх Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдан авагч эд хөрөнгийн доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзсэн байх боловч энэхүү хуулийг хэрэглэх нөхцөл нь талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, байгуулагдсан бол гэрээнд зааснаар худалдагч болон худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар ямар үүрэг хүлээсэн, худалдсан эд хөрөнгийг хэрхэн яаж хүлээлгэж өгсөн зэрэг үйл баримт тогтоогдсоны эцэст нэхэмжлэгчийн шаардах эрх нь дээрх хуульд заасан агуулгад нийцсэн эсэх дүгнэлтийг өгөх боломжтой болох юм.

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Оын нэхэмжлэл нь худалдсан эд хөрөнгийн доголдолтой холбоотой орон сууцны дутуу шилжүүлсэн 18,47 м2 талбайн үнэ гаргуулах агуулгатай байх бөгөөд  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч биет байдлын доголдолгүй, ... хөрөнгө ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэйн гадна  Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-д зааснаар худалдан авагч энэ хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу шилжүүлсэн хөрөнгийн үнийг буцааж төлөх үүрэг хүлээх, харин худалдан авагч эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсн бол шаардлага гаргах эрхээ алддаг учиртай.

            Харин хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч Д.О нь маргааны зүйл болж буй Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ***, *** тоот орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг хэнтэй байгуулсан  /Э.Э, Ц.Г, *** ХХК/, улмаар нэхэмжлэгч гэрээний үүргийг  хэнээс шаардах эрхтэй болох талаар буюу худалдагч тал хэн болох тухай үйл баримт тогтоогдоогүй байх тул шүүх эд хөрөнгийн доголдол, түүнтэй холбоотой шаардах эрхийн талаар дүгнэлт хийх боломжгүй болно.

            Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “нотлох баримт хангалттай бүрдээгүй” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.