Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2017/01331

 

Д.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 136/ШШ2017/00188 дугаар шийдвэр,

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 202/МА2017/00021 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Д.О-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Г-, Э.Э-, “Б” ХХК-д холбогдох,

2013 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээ, 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, талуудад өгсөн авсан зүйлийг буцаах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Нармандахын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Нармандах, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2013 оны 10 дугаар сард Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 142 дугаар байрны 9 тоот 3 өрөө 74.6 м2 гэх талбай бүхий ордертой байрыг Ц.Г-ас худалдан авч ХААН банкин дахь түүний 5030232702 тоот дансанд 1 мкв-ийг нь 1 000 000 төгрөгөөр үнэлсэн нийт 74 600 000 төгрөгийг бэлэн мөнгөөр хийсэн. Намайг уг байрыг худалдаж авсны дараа байрны оршин суугчид метр квадратын зөрүүтэй байгаа тухай хэлсэн. Ингээд тусгай зөвшөөрөлтэй, хэмжилтийн эрх бүхий компанид хүсэлт гаргаж байрныхаа метр квадратыг хэмжүүлэхэд баталгаат талбай 56.13 мкв болж үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн талбайгаас 18.47 мкв дутсан. Энэхүү дутуу талбайд төлөгдсөн 18 470 000 төгрөгийг Ц.Г-ас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Үүрцайх шүүхэд гаргасан тайлбартаа:

Д.О- нь Э.Э-ын эзэмшлийн 142 дугаар байрны 9 тоот 74,6 мкв орон сууцыг харилцан тохиролцсоны үндсэн дээр худалдан авч 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж Ү-0714002212 дугаартай гэрчилгээг авсан байдаг. Нэхэмжлэгч Д.О- нь уг байрыг худалдан авснаас хойш 3 жил орчим хугацаа өнгөрсний дараа гэнэт талбайн хэмжээтэй холбоотойгоор илүү төлсөн гэх төлбөрийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь ямар үндэслэл, зорилгоор хэмжилт хийлгэсэн, тухайн байрыг улсын комисс хүлээн авсан эрх бүхий шийдвэр хүчин төгөлдөр байгаа бөгөөд худалдах, худалдан авах гэрээтэй холбоотойгоор мэдэх ёстой эд хөрөнгийн доголдлыг илрүүлэх боломжтой цаг хугацаа өнгөрсөн байгаа зэрэг нөхцөл байдлыг үндэслээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.О- нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

Д.О- нь Замын-Үүд сумын 1-р баг, 142 дугаар байрны 09 тоот хаягт байрлах 74,6 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдаж авахаар өөрийн нэрийн өмнөөс орон сууц худалдаж авахтай холбоотой эрх үүргийг хэрэгжүүлэх итгэмжлэлийг У.Гантуяад олгохоор 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр итгэмжлэл хийж өгсөн. Гэтэл 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дээрх хаягт байрлах орон сууцны өмчлөгч болох Э.Э- намайг төлөөлөх эрхгүй этгээд Зул гэх гарын үсэг бүхий хэн болох нь тодорхойгүй этгээдтэй гарын үсэг зурж гэрээг байгуулсан байдаг. Уг байрыг анх худалдаж авахаар сонирхож, байрыг үзэж байх үед уг байр “Б” ХХК-ийн барьсан байр ба захирал нь Гантулга гэж хүн байдаг, энэ байр нь “Б” ХХК-ийн өмч гэж надад итгүүлэн захирал гэх Гантулгын өөрийнх нь данс руу нь мөнгө шилжүүлэх хэрэгтэй гэж байрыг үзүүлж байсан Зулаа гэх хүн хэлсний дагуу Ц.Гантулгын Хаан банкны 5030232702 данс руу байрны урьдчилгаа 30 хувийн төлбөр болох 22 380 000 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр, үлдэгдэл 70 хувийн төлбөр болох 52 220 000 төгрөгийг мөн данс руу 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус тус шилжүүлсэн.

Байрыг анх худалдаж авахад орон сууцыг 74 600 000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч уг мөнгийг шилжүүлсэн. Гэтэл дээрх гэрээг байгуулах үед уг орон сууц нь Энхболдын өмчлөлийн орон сууц байсан болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн байгууллагаас авсан лавлагаагаар тодорхойлогдож байна. Гэтэл 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр 1-д зохих этгээдийн зөвшөөрөлгүй этгээд хийсэн, 2-т намайг төлөөлж гэрээ хийх итгэмжлэлийг Гантуяад 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өгсөн. Гэтэл уг гэрээ нь итгэмжлэл өгөхөөс нэг өдрийн өмнө хийгдсэн ба итгэмжлэлд заагдсан этгээд гэрээг хийгээгүй. 3-т дээрх орон сууц худалдах, худалдан авах гэрээнд орон сууцны үнийг 10 000 000 төгрөг гэж худал үнээр үнэлсэн.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасны дагуу Ц.Г-д хариуцуулан 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн гэрээг, Э.Э-од хариуцуулан 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, бусдын өмчлөлд буй орон сууцыг итгэмжлэлгүйгээр өөрийн мэт надад итгүүлж орон сууц захиалах гэрээг байгуулж гэрээний зүйлийг дутуу өгч, төлбөрийг бүрэн авсан байх тул Ц.Г-д хариуцуулан 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, талуудад өгсөн авсан зүйлийг харилцан буцааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Хүдэрчулуун шүүхэд гаргасан тайлбартаа:

...Д.О- нь дээрх гэрээнүүдийг байгуулсан нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан “...хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэсэн зохицуулалтанд хамаарч байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь заалтад хамаарахгүй.

Э.Э- нь тухайн байрыг анх барьж эхэлж байх хугацаанд авахаар захиалсан бөгөөд ашиглалтанд орсны дараагаар төлбөрийг барагдуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул компанийг өөрсдөө байраа зарж мөнгөө гаргаж авах талаар саналыг гаргасны дагуу худалдан борлуулсан гэж үзэж байгаа. Дараагийн хүн нь тохиролцоод авлаа гэдгийг мэдэж байсан ба иргэд хоорондын сайн дурын үндсэн дээр тохиролцож нэг нь худалдсан, нэг нь худалдан авсан хэлцэл байгаа тул бусдад шилжүүлж буй асуудлыг хүчин төгөлдөр гэж тооцож шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын Э.Э-од холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 136/ШШ2017/00188 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Ц.Г-тай байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээ, 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Э.Э-той байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Ц.Г-ас 74 600 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.О-д олгож, нэхэмжлэгч Д.О-аас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 142 дугаар байрны 9 тоот, 3 өрөө, 74,6 м2 гэх талбай бүхий 3 өрөө орон сууцыг гаргуулж хариуцагч Ц.Г-д буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 , 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 688 900 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Г-ас 530 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.О-д олгож шийдвэрлэжээ.

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 202/МА2017/00021 дүгээр магадлалаар Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 136/ШШ2017/00188 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр хэргийг мөн шүүхэд буцааж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Хүдэрчулуунаас давж заалдах гомдол гаргахад хариуцагч Ц.Г-ас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 527 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т зааснаар “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ.”, 42.1-д “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд харилцан тохиролцон амаар буюу бичгээр хийнэ.” 42.2-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.” Мөн хуулийн 109.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж заасан байдаг. Үл хөдлөх эрхийн гэрчилгээ Д.О-ын нэр дээр гарахдаа дээрх итгэмжлэлгүй, буюу төлөөлөх эрх үүсээгүй үеийн буюу 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг. Энэ гэрээ Э.Э-, Зул 2-н хооронд хийгдсэн гэрээ байдаг ба 74 600 000 төгрөгний үнэ бүхий байрыг 10 000 000 төгрөгөөр хийсэн хуурамч гэрээ байдаг.

Магадлалд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн гэсэн агуулга нь аливаа хэлцлийг хориглосон бус зарчмын хувьд эс зөвшөөрөгдөх үйлдлийг тогтоосон заалтыг зөрчиж хийсэн байхыг ойлгоно” гэж хуулийг тайлбарласан байна. Аливаа хэлцлийг хориглосон гэдгийг Д.О- Э.Э-ын өмчлөлийн орон сууцыг худалдаж авахыг хориглосон байхыг ойлгож байна. Энэ хэлцлийг буюу худалдах, худалдан авах хэлцлийг хууль, болон гэрээгээр хэн ч хориглоогүй, энэ талаар хэн ч маргаагүй, гагцхүү төлөөлөх эрхгүй этгээд итгэмжлэлгүйгээр дур мэдэн төлөөлж, гарын үсэг зурсан үйлдэл нь өөрөө хууль зөрчсөн буюу хуульд тавигдсан шаардлагыг зөрчөөд байна. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т “Итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөх бүрэн эрх үүснэ.”, 109 дүгээр зүйлийн 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж, нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж тодорхой зааж өгсөн байдаг.

Мөн Улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 2.1-д “Уг зүйлд болон цаашид хуульд заасан хэлцлийн хэлбэр гэдгийг хүсэл зоригийг илэрхийлэх арга гэж ойлгох ба хэлцлийг амаар хийнэ” гэдэг нь хүсэл зоригийг үгээр илэрхийлэхийг, бичгээр хийнэ гэдэг нь үгээр илэрхийлсэн хүсэл зоригийг баримт бичгийн хэлбэр оруулахыг хэлнэ. 2.2-т “Энэ зүйлийн 42.2-т заасан гарын үсэг зурснаар гэдэгт хэлцэлд оролцогчдын хэн алины хүсэл зоригийг тусгасан нэгдсэн нэг баримтын агуулгыг хүлээн зөвшөөрснийг баталгаажуулах зорилгоор хэлцэл хийж буй эсвэл эрх бүхий этгээдийн өөрийн нэр болон бусад тодорхой тэмдэглэлийг уг баримтад тусгахыг ойлгоно” гэсэн байдаг. Магадлалд анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд оролцуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзах нь зүйтэй гэсэн атлаа 748 дугаартай шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт хангахаар заасан нь ойлгомжгүйн гадна энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т нийцээгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна гэж үзжээ. Анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Хүдэрчулуун Хаан банкыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 3-дагч этгээдээр оролцуулах хүсэлт тавьсныг шүүх хангахгүй орхиж цааш шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан. Энэ нь зөвхөн бичилтийн үед гарсан буюу техникийн алдаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар тухайн шүүгч захирамж гарган өөрийн алдааг засах боломжтой юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168-р зүйлийн 168.1.1-д “шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор” заасан байдаг. Давж заалдах шатны шүүх нь магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 167.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон тогтоосон нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Учир нь хариуцагч нарын итгэмжилсэн төлөөлөгч Хаан банк Д.О-д зээл өгсөн тул гуравдагч этгээдээр Хаан банкыг оролцуулах хүсэлтийг шүүх хуралдааны явцад шүүх хангаагүй ба захирамж дээрээ хангахаар заасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн хэрэг биш ба энэ нь зөвхөн техникийн алдаа юм.

Тиймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                       ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл баримт бүрэн тогтоогдоогүй, маргааны зүйлийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад үндэслэгдээгүй, хэргийн зарим нотлох баримт гаргацгүй, уншигдах боломжгүй, шүүх Иргэний хуулийн зарим зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журам зөрчсөн гэж тус тус дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Маргааны үйл баримтын талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хуульд заасан үндэслэлээр хянан шийдвэрлэх үүрэгтэй тул эдгээр үйл баримтыг тодорхойлох нотлох баримт хэлбэрийн хувьд шаардлага хангахгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй нөхцөлд давж заалдах шатны шүүх эрх зүйн маргааны талаар, мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар эцэслэн дүгнэлт хийх боломжгүй юм.

Анхан шатны шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй, мөн хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1., 168.1.3., 168.3.-т заасан байна.

 

Магадлалын заалтыг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй, давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул магадлалыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх талаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 202/МА2017/00021 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 530 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН