Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2025/00220

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2024/05281 дугаар шийдвэртэй,

 

*******ын нэхэмжлэлтэй,

*******т холбогдох,

 

Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Би *******-тай 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр орон сууц бариулах гэрээ байгуулж, гэрээгээр ,,лол, ******* гудамж, *******,*******, 59.6 м.кв орон сууцыг 98,340,000 төгрөгөөр худалдан авахаар урьдчилгаа төлбөрт 18,340,000 төгрөгийг төлж, үлдэх 80,000,000 төгрөгийг орон сууцны зээлд хамрагдаж төлөхөөр тохиролцсон. Миний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан тул Хаан банкны ипотекийн зээлд хамрагдаж 80,000,000 төгрөгийг *******-д шилжүүлэ орон сууцны үнийг бүрэн төлсөн.

1.2. Тухайн орон сууцанд орох гэтэл хэд хэдэн чанарын шаардлага хангахгүй нөхцөл байдал үүссэн. *******-ийн эрх бүхий хүмүүст хандахад уг компаниас орон сууцыг буцаах боломжгүй, төлбөрөө бүрэн төлсөн тул хохиролгүй болгоно, мөн таны нэр дээр гэрчилгээ гарсан, орон сууцандаа оролгүй хүлээж бай гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа дахин хандахад уг орон сууцанд өөр айл түр оруулсан, таны мөнгийг буцааж өгөх гэхээр бөөн мөнгө гаргах боломжгүй байна гэсэн. Би сар болгон байрны зээл төлж давхар хохирч байгаагаа хэлэхэд сарын түрээсийн мөнгийг танд төлье, та зээлээ төл гэсэн санал тавьсан боловч 2023 оны 02 дугаар сараас хойш түрээсийн төлбөр төлөхөө больж, би орон сууцны төлбөр төлөх болсон.

1.3. Тухайн байранд амьдарч буй *******тэй уулзаж манай байрыг чөлөөлж өг, цаашид байлгах боломжгүй гэхэд миний өмчлөлийн байрыг төлбөрт авсан, чөлөөлөх боломжгүй гэсэн хариу өгсөн.

Иймд миний өмчлөлийн орон сууцыг *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний нөхөр -ийн захирал нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээг *******-ийн захирал *******тэй байгуулж, гэрээний дагуу Баянзүрх дүүргийн,лол, Д.Нянтайсүрэнгийн гудамж, *******, 20 тоот орон сууцыг ажлын хөлсөнд бартераар авч, манай гэр бүл 2018 оны 08 дугаар сараас уг байранд амьдарсан. Орон сууцанд орсноос хойш нэг жил гаруй хугацааны дараа ******* нь миний байр гэх болсон тул энэ талаар *******-ийн захирал *******т хэлэхэд бид хоорондын асуудлаа дуусгасан, илүү мөнгө манай компаниас нэхээд байгаа гэсэн утгатай тайлбарыг хэлсэн.

Харин *******тай уулзахад *******-ийн захирал ******* гэж хүний тухай ярьж байснаас бус *******-ийн талаар ярьж байгаагүй. Түүнчлэн, *******тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, нэхэмжлэлд дурдсан ******* болон *******-иуд ямар харилцан хамааралтай болох нь тодорхойгүй, *******-ийг хариуцагчаар татах ёстой атал ямар ч хамааралгүй намайг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй юм.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс ,,лол, 13320, ******* гудамж, *******,*******, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. ******* болон ******* нараас тус орон сууцыг Баянзүрх дүүргийн,лол, 13320, ******* гудамж, *******, ******* тоот орон сууцаар солих, мөн *******ын нэр дээрх орон сууцны зээлийн төлбөр болон орон сууцны метр м.кв зөрүү төлбөрийг төлснөөр******* орон сууцыг шилжүүлэн авахаар тохиролцсон. Үүний дагуу нийтдээ 58,000,000 төгрөгийг төлсөн боловч ******* нь тохиролцсон хэлцлээ зөрчиж орон сууцыг чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан. Түүнчлэн, ******* нь 2013 оноос эхлэн******* орон сууцанд амьдарч байгаагүй, тухайн орон сууц *******-ийн эзэмшилд байсан, мөн 10 гаруй жилийн хугацаанд орон сууцны өмчлөл, эзэмшлийн талаар маргаан үүсгэж байгаагүй нь орон сууцыг сольсон гэдгийг нотлох юм.

4.2. Тухайн орон сууцны зээл дууссаны дараа өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар мөнгө төлсөн боловч ******* нь орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан нь н.Лхагвадоржийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна. Тиймээс шүүхэд түүнийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан ,,лол /13320/ ******* гудамж, *******,******* 59.6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

4. Хэргийн баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

 

4.1. Нэхэмжлэгч ******* нь *******-тай 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр ,,лол /13320/ Д.Нянтайсүрэнгийн гудамж, *******,******* 59.6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 98,340,000 төгрөгөөр худалдан авахаар урьдчилгаа 18,340,000 төгрөгийг банкинд байршуулан, үлдэгдэл 80,000,000 төгрөгийг ******* банкны орон сууцны зээлд хамрагдаж төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх54-56/

 

4.2. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гарснаар улсын эрхийн бүртгэлд дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр *******ыг бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр олгосон болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээ, комиссын дүгнэлт зэрэг баримтаар тогтоогдсон. /1-р хх4, 62-65/

 

4.3. Үүний дараа нэхэмжлэгч ******* нь ******* банк ХК-тай 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ-г байгуулж, уг гэрээгээр 80,000,000 төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлсэн, мөн өдөр талууд барьцааны гэрээ байгуулж, уг орон сууцыг банкны зээлийн барьцаанд барьцаалсан. /1-р хх69-77/

 

4.4. Нэхэмжлэгчийн зүгээс банкнаас зээлсэн 80,000,000 төгрөгийг ******* ХХК-аас худалдан авсан орон сууцны төлбөрт шилжүүлж төлсөн болох нь хэрэгт авагдсан Катеринг деливери ХХК-ийн 2013 оны 07 сарын 18-ны өдрийн №1/060 тоот төлбөрийн үлдэгдэлгүй болохыг тодорхойлсон албан бичгээр тогтоогдсон. /1-р хх-59/

 

4.5. Нэхэмжлэгч ******* нь гэрээний дагуу орон сууцны үнийг төлж, өмчлөх эрхийг олж авсан учир маргаж буй орон сууцны хувьд түүнийг хууль ёсны өмчлөгч гэж үзэх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгийг шаардах эрхтэй.

 

5. Маргааны зүйл болох ,,лол /13320/ ******* гудамж, *******,******* 59.6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцанд хариуцагч ******* 2018 оны 08 дугаар сараас эхлэн амьдарч буй талаар зохигч хэн аль нь тайлбарласан.

 

5.1. Хэргийн баримтаар дээрх орон сууц 2018 оны 08 дугаар сараас өнөөг хүртэл хариуцагч *******ийн эзэмшил, ашиглалтанд байгаа болох нь тогтоогджээ.

 

6. Хариуцагч ******* нь татгалзлаа өөрийн нөхөр -ийн захирал *******-тай 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж уг гэрээгээр ******* тоотод барилгын карказ угсралтын ажил хийж гүйцэтгэхээр тохиролцож ажлын хөлсний үнийн дүнд бартераар маргааны зүйл болох орон сууцыг шилжүүлэн авсан гэж тайлбарласан.

 

6.1. Дээрх орон сууцны өмчлөх эрх нэхэмжлэгч *******ын өмчлөлд 2013 онд шилжсэн байх тул *******-ийн захирал ******* нь өмчлөх эрхгүй атлаа -ийн захирал д ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд уг орон сууцыг шилжүүлэн өгөх буюу өөрөөр хэлбэл орон сууцыг захиран зарцуулах эрхгүй юм.

 

6.2. Түүнчлэн, хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр уг орон сууцыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авахдаа тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн бүртгэлээс өөр этгээдийн нэр дээр бүртгэгдсэн болохыг мэдэх боломжтой байсан тул Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шударгаар өмчлөх эрхийг олж авсан гэж үзэхгүйгээс гадна түүний эзэмшлийг хууль ёсны гэж үзэхгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ,,лол /13320/ ******* гудамж, *******,******* 59.6 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

8.1. Учир нь шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар захирамжаар иргэн ******* эрх ашиг хөндөгдөж байгаа эсэх нь тогтоогдоогүй гэж дүгнэн, хариуцагч талын хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2024/05281 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ