Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 197

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Дашдаваа,

Улсын яллагч Д.Энхтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Д.Ат холбогдох эрүүгийн 1818003460429 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Д.А /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, сүрьеэ өвчтэй гэх, хэрэг хариуцах чадвартай, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа нь шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.А нь 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 12:30 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, 27 дугаар байрны 3 дугаар орцонд шатаар өгсөж явсан 11 настай М.Бын араас очин амыг нь дарж “Урангоо дуудаж байна” гэж хэлэн хойш нь чирж 60.000 төгрөгийн үнэ бүхий “Скай вега” загварын гар утсыг нь авсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.Аын өгсөн: Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Дахин ийм хэрэг үйлдэхгүй. Гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Насанд хүрээгүй хохирогч М.Бын өгсөн: 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 12:30 цагийн үед ангийн найз Д.Оийн гэрт очихоор хуучин хорооллын 27 дугаар байрны 3 дугаар орц руу ороод шатаар 2 давхар луу гарах гэж байтал араас нэг ах том том алхаж ирээд миний амыг дараад доошоо 2-3 шат чирсэн. Тэр ах “Урангоо дуудаж байна” гэж 2 удаа хэлсэн. Тэгээд тэр ах намайг тавьчхаад орцноос гүйгээд гарсан. Тэгээд би найзынх руугаа ороод гар утсаараа англи үгийн толь бичиг харах гээд гар утсаа үзтэл алга болсон байсан... Миний гар утасны оронд өөр ижил төстэй гар утас, цэнэглэгч авч өгсөн. Одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/,

Иргэний нэхэмжлэгч Д.Мын өгсөн: Манай том охин М.Б нь 12 цаг өнгөр ч байхад ангийнхаа хүүхдийнд очиж хичээлээ хийнэ гээд гэрээс гарсан. Тэгээд замдаа танихгүй хүнд гар утсаа дээрэмдүүлсэн байсан. Гар утсаа нэхэмжилж байна. Мөн охин маань сэтгэл санааны хувьд их айдас түгшүүртэй болсон. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна гэх мэдүүлэг /хх-ийн 24/,

Гэрч Б.Эийн өгсөн: ...2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 12:42 цагийн орчимд манай охин М.Б нь найз Д.Оийн 99848797 дугаарын утсаар над руу залгаад “Д.Оийн гэр лүү орох гэж байгаад орцонд танихгүй хүнд гар утсаа дээрэмдүүлчихлээ” гэж ярьсан гэх мэдүүлэг /хх-ийн 26/,

Насанд хүрээгүй гэрч Д.Оийн өгсөн: ...М.Б гар утсаа алдсан өдрөө манай гэрт орж ирэхдээ “танай орцонд галзуу хүн байдаг юм уу?” гээд айсан байдалтай орж ирсэн. М.Б “сая танайх руу орж ирэхэд танихгүй хүн миний амыг дарсан. Тэр хүн миний гар утсыг авчихсан байна” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,

Шүүгдэгч Д.Аын яллагдагчаар өгсөн: ...27 дугаар байрны хажуугаар өнгөрч байтал ягаан өнгийн цүнх үүрсэн сургуулийн сурагч охин миний хажуугаар зөрж өнгөрсөн. Тухайн охины халаасанд гар утас цухуйсан байхаар нь би араас нь дагасан. Охин 27 дугаар байрны 2 дугаар орц руу орохоор нь би дагаж ороод 1 давхраас 2 давхар луу гарах тавцан дээр гүйцэж очоод нэг гараараа нүдийг нь таглаад “би хэн бэ” гэж хэлээд нөгөө гараараа халааснаас нь гар утсыг нь аваад орцноос гүйж гарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,

Насанд хүрээгүй хохирогч М.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 11 нас 9 сар 8 хоногтой байна гэх хохирогчийн насыг тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 11-12,

Насанд хүрээгүй хохирогч М.Бын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14/,

“...3 дугаартай камерын бичлэгт 27 дугаар байрны ертөнцийн зүгээр баруун талаар Д.А нь М.Бын араас дагаад явж байгаа нь харагдаж бөгөөд уг бичлэгт Д.А нь дээрх хувцастайгаа явж байгаа нь харагдав” гэх камерын билэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15/,

“Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “Скай вега загварын хуучин гар утас 60.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Аын 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 12:30 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, 27 дугаар байрны 3 дугаар орцонд шатаар өгсөж явсан 11 настай М.Бын араас очин амыг нь дарж “Урангоо дуудаж байна” гэж хэлэн хойш нь чирж 60.000 төгрөгийн үнэ бүхий “Скай вега” загварын гар утсыг нь авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлох гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул Д.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч М.Бд 60.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирлоо төлсөн, насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч М.Бын өгсөн “...Миний гар утасны оронд өөр ижил төстэй гар утас, цэнэглэгч авч өгсөн. Одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22/, хууль ёсны төлөөлөгч бөгөөд иргэний нэхэмжлэгч Д.Мын хэргийн материалтай танилцаад гаргасан ...гомдол, саналгүй... гэх хүсэлт /хх-ийн 99/-ээр тус тус нотлогдож байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.А нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Д.А нь урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, эмээ Д.Дэжээхүүгийн хамт амьдардаг, сүрьеэгийн 1 дүгээр бүлгийн эмчилгээ хийлгэж байгаа зэрэг хувийн байдал нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1750 дугаартай тодорхойлолт /хх-ийн 125/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүний их эмч Ч.Түвшинжаргалын тодорхойлолт /хх-ийн 124/ зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч Д.А нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Ат 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Д.Аын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон 152 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Ат оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аын цагдан хоригдсон 152 /нэг зуун тавин хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ИХТАМИР