Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 4758

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2016/04753

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Хандгайтын 56 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ЦБ45021574, Энхүүд  овогт  Дамбын Энхбаяр,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 4-р хороо, 1-р 40 мянгат, 77-р байрны 03 тоотод оршин суух, ШУА-ийн Газар зүйн хүрээлэнд зөвлөх профессор ажилтай, регистр ХБ32121276, Жигжид овогт Дамбын Базаргүр нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол  дүүргийн 19-р хороо,  4-р хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 51-р байрны 01 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ЧЖ66081212, Боржигон маам овогт  Лувсандоржийн Дуурсахад холбогдох

 

   “Чингис хаан” CD ном болон 2012 онд хэвлэгдсэн “Чингис хаан” атлас номыг борлуулсны орлого 49 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Энхбаяр, Д.Базаргүр, өмгөөлөгч А.Буяндэлгэр /үнэмлэх 1141/, хариуцагч Л.Дуурсах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Д.Базаргүр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр хамтран “Чингис хаан” атлас  бүтээлээ 2 жил хийсэн. Хариуцагч Л.Дуурсах нь мөнгө гаргаж эх бүтээлийг гаргасан үнэн. Гэхдээ  Л.Дуурсах нь ямар ч гэрээ хэлцэлгүйгээр уг бүтээлийг өөрийн  хөрөнгөөр БНХАУ-д 500 хувийг хэвлүүлсэн. Бид Л.Дуурсахаас мөнгө авна гэсэн болохоос CD авна гэж ярилцаагүй. Л.Дуурсах нь хамгийн анхны шүүх хурал дээр 8000 ширхэгийг хэвлүүлсэн гэсэн ба дараагийн шүүх хурал дээр 2000, хамгийн сүүлд 3000 ширхэгийг хэвлүүлсэн гэж хэлсэн байдаг. Монгол улсын Дээд шүүхээс энэ атласыг Д.Базаргүр, Д.Энхбаяр нарын өмч гэж тогтоож өгсөн байдаг. Гэтэл бидний зөвшөөрөлгүйгээр хэвлүүлсэн. Намайг 2-р эмнэлэгт хэвтэж байхад Дуурсах ирээд “би 500 хувийг хэвлүүлсэн” гэж хэлсэн, тухайн үед нь би энэ бүтээл бол бидний өмч болохоос чиний өмч биш гэж хэлсэн. Иймд 2005 онд хэвлэгдсэн “Мянган жилийн суут их хаан Чингис” CD номыг борлуулж олсон орлого  27 000 000 төгрөг, 2012 онд хэвлэгдсэн “Чингис хаан” атлас номыг 500 хувь хэвлүүлж олсон орлого 22 500 000 төгрөг нийт 49 500 000 төгрөгийг Л.Дуурсахаас гаргуулж өгнө үү гэв.

  

Нэхэмжлэгч Д.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нар  Л.Дуурсахтай хамт хоёр бүтээл хэвлүүлж гаргасан сайн талтай. Гэхдээ эхний CD номыг борлуулсны цэвэр ашгаас 15 хувийн ашгийг бид хоёрт өгөхөөр тохиролцоод хамтран ажиллах, хувь эзэмших гэрээ хийж нотариатаар батлуулсан байдаг.  Л.Дуурсах нь 15 хувийн цэвэр ашгийг бид нарт өгөх ёстой гэж шаардаж байна. Хариуцагч нь энэ CD номыг 2005 онд хэвлүүлснээс хойш 8000, 2000, 3000 ширхэгийг өгсөн гэдэг боловч тэгж өгсөн, CD номыг хэвлүүлсэн гэсэн баримт нь бид нарт байхгүй.  Мөн гарын үсэг зураад энэ номны ашиг гэсэн баримт ч бас байхгүй. Ингээд 15 хувийн ашиг болох 27 сая төгрөгийг олгож өгнө үү. Мөн “Чингис хаан” атласыг томруулаад А3-ийн хэмжээтэй 500 хувь хэвлүүлсэн боловч хаана хэвлүүлсэн нь тодорхойгүй.  Энэ номын ашиг болох 22 500 000 төгрөг нийт 49 500 000 төгрөгийг Л.Дуурсахаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Л.Дуурсах шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Чингис хаан CD номны талаар тайлбар хэлье. Энэ номны нэр нь “Мянган жилийн суут их хаан Чингис” нэртэй мультимедиа, CD, ном гэсэн гурвалсан бүтээл юм. Дэлхийн оюуны өмчийн газраас  баримталдаг зарчим нь цаасан ном, CD ном, цахим ном гэж тус тусад нь авч үздэг. Мультимедиа CD ном нь компьютер болон программ  хангамж, зохиогчийн нэрээр хийгддэг. Миний хувьд 100 хувь хөрөнгө оруулсан хүн нь нэрээ тавих эрхтэй гэсний үндсэн дээр CD номны цаасан болон электрон номонд оролцох эрхтэй гэж үзсэн. Д.Базаргүр докторын хүсэлтээр 100 хувь хөрөнгө оруулсны хувьд, хамтарч ажиллъя гэж санал таьсны хувьд, мөн баз хүргэн байсных нь хувьд  би өөрийн цаг хугацаа, сэтгэл оюунаа зарцуулж энэ бүтээлийг бүтээсэн.  Шүүхэд энэ ном нь “Чингэс хаан” мультимедиа CD ном гэж яваад байгаа боловч гурвалсан бүтээл юм. Хамгийн гол нь хэвлэсэн Спикер групп ХХК өөрийн эх  хувийг алга болгосон боловч тодорхойлолт хийж өгсөн. Бүтээлийг гурвалсан бүтээл гэдэг талаас, мөн олон улсын жишгээр зохиогчийн хувийн оролцоог  гаргуулах юм бол бид гурав оюуны өмчийн зохиогчид гэж явах ёстой.  Энэ номыг гаргасан зорилго бол олон улсын оюуны өмчийн газар бүртгүүлээд зах зээлд гаргаж орлого олох байсан. Гэтэл намайг гүтгэж, Базаргүр нь манай эхнэртэй нийлж надад байсан миний нотлох баримтыг бүгдийг авсан. 49 500 000 төгрөгийн ашиг олоогүй, нэхэмжлэгч нар нэг ч төгрөгөөр хохироогүй. 500 ширхэг хэвлэсэн атласын талаар яръя. Би өөрийнхөө нэрээр Өвөрмонголд энэ номыг зараагүй. 500 ширхэг ном хэвлүүлээд 30 хувийн төлбөр үлдсэн тул Хурцаа гэдэг хүнээс мөнгө зээлж, барьцаанд нь 200 ширхэг ном үлдээсэн. 300 ширхэгийг авчирсан, борлуулж ашиг олсон зүйлгүй, харин ч би их хохирсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Д.Базаргүр, Д.Энхбаяр нар нь Л.Дуурсахад холбогдох 2005 онд хэвлэгдсэн “Мянган жилийн суут их хаан Чингис” CD номыг борлуулж олсон орлого  27 000 000 төгрөг, 2012 онд хэвлэгдсэн “Чингис хаан” атлас номыг 500 хувь хэвлүүлж олсон орлого 22 500 000 төгрөг нийт 49 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.  

 

   Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 03-р сарын 21-ний өдрийн 2935/Б дугаартай шийдвэрээр Д.Базаргүр, Д.Энхбаяр нарын нэхэмжлэлтэй Л.Дуурсахад холбогдох “Чингис хаан” CD ном болон 2012 онд хэвлэгдсэн “Чингис хаан” атлас номын зохиогч биш болохыг тогтоолгох, алдаатай хэвлэсэн Чингис хаан атласыг устгуулах, Чингис хаан атлас номыг борлуулж олсон ашгийг улсын орлого болгох, гэрээний дагуу 27 сая төгрөг, дахин хэвлүүлэхэд гарах зардал 10 сая төгрөг гаргуулахыг хүссэн, Д.Базаргүр, Д.Энхбаяр нарт холбогдох Чингис хаан атлас CD ном болон 2012 онд хэвлэгдсэн Чингис хаан атлас номын хамтран зохиогч болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцжээ.

 

    Шүүхийн шийдвэрээр “... Л.Дуурсах нь 2005 онд хэвлэгдсэн “1000 жилийн суут их хаан Чингис“  CD ном, 2012 онд хэвлэгдсэн “Чингис хаан” атлас А3 хэмжээтэй бүтээлд зохиогчоор нэрээ нийтлүүлэх  эдийн бус баялгийн эрхгүй болохыг тогтоож, Л.Дуурсахаас “Чингис хаан” атлас А3 хэмжээтэй 300 ширхэг номыг гаргуулан устгах, Л.Дуурсахаас ном борлуулж олсон ашгийг гаргуулж улсын орлого болгох, CD номыг борлуулсны ашиг  27 сая төгрөг, “Чингис хаан” атлас номыг дахин хэвлүүлэхэд гарах  зардал 10 сая төгрөг тус тус гаргуулахыг хүссэн Д.Базаргүр, Д.Энхбаяр нарын нэхэмжлэл, эдгээр 2 бүтээлийн “хамтарсан зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч”-ээр тогтоолгохыг хүссэн Л.Дуурсахын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож”  шийдвэрлэсэн байна.

 

Шүүхийн 2935/Б дугаартай шийдвэр болон Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 06-р сарын 02-ны өдрийн 519 тоот магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 09-р сарын 18-ны өдрийн 450 тоот тогтоол хүчин төгөлдөр байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэлийн шаардлагаас “2005 онд хэвлэгдсэн “Мянган жилийн суут их хаан Чингис” CD номыг борлуулж олсон орлого  27 000 000 төгрөг гаргуулах” шаардлагыг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа нь шүүх хуралдааны шатанд тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117-р зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл  болно.

 

Нөгөө талаас, нэхэмжлэгч нар 2012 онд хэвлэгдсэн “Чингис хаан” атлас номыг алдаатай хэвлэгдсэн талаар маргаж, 300 ширхэг устгуулахаар шийдвэрлүүлсэн, шийдвэрээр “200 ширхэг номыг борлуулснаас ашиг олоогүй” үйл баримтыг шүүхийн шийдвэрээр тогтоосон, шийдвэр хүчинтэй байхад эдгээр номыг борлуулснаас олсон ашиг 22 500 000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

ТОГТООХ  нь:

 

1. Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны баримтлан Лувсандоржийн Дуурсахаас 22 500 000 /хорин хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн Дамбын Базаргүр, Дамбын Энхбаяр нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117-р зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Л.Дуурсахаас 27 000 000 /хорин долоон сая/ төгрөг гаргуулахыг хүссэн Д.Базаргүр, Д.Энхбаяр нарын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 59-р зүйлийн 59.1 дэх  хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 405 450 төгрөгөөс 270 450 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 135 000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Р.АЛТАНТУЯА