Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 1656

 

     Х, ХХ нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/04753 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Х, ХХ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХад холбогдох

 

"ХХХХ" CD ном болон 2012 онд хэвлэгдсэн "ХХХХ" атлас номыг борлуулсны орлого 49 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ХХ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХХ,

Хариуцагч ХХХ,   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХ, Х нарын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Х бид  ШУА-д 40 гаруй жил ажиллаж буй эрдэмтэд бөгөөд өөрсдийн эрдэм шинжилгээний судалгааг бүтээл болгон 1997 онд "ХХХХ" атласыг хэвлүүлэн 767 тоот зохиогчийн гэрчилгээг Хууль зүйн сайдаас авсан болно.

2005 онд уг бүтээлийг засварлаж шинэчлэн "Мянган жилийн суут их хаан Чингис" CD ном болгон хэвлүүлэхдээ иргэн ХХХтай хамтран ажиллах гэрээг 2005 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр байгуулж, ХХХ продюсерээр ажиллан, хэвлүүлэх зардлыг 100 хувь хариуцаж нийтдээ 10 000 ширхэгийг хэвлэн, нэг бүрийг 20 000 төгрөгөөр худалдаж нийт орлогын 85 хувийг ХХХ, 15 хувийг зохиогч нарт өгөхөөр гэрээндээ тохиролцсон болно. Гэтэл ХХХ нь уг гэрээний хоёр нөхцлийг зөрчиж, Нэгдүгээрт, өөрийн нэрийг продюссер биш зохиогч гэдэгт нэмж хэвлүүлсэн нь Монгол Улсын зохиогчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Хоёрдугаарт, гэрээгээр тохиролцсоны дагуу нийт орлогоос зохиогч нарт ногдох 15 хувьтай тэнцэх 27 000 000 төгрөгийг өгөөгүй хохироосон юм.

Үүний дараагаар 2012 онд ХХ, Х нар нь "ХХХХ" A3 хэмжээний атлас болгон хэвлүүлэх, ингэхдээ ХХХ хөрөнгө оруулагчаар ажиллахаар талууд амаар харилцан тохиролцсон. Харин үүнийг бичгээр гэрээ болгоогүй. Өөрөөр хэлбэл хэдэн хувийг хаана ямар чанартай хэвлүүлэх, борлуулсны орлогыг хэрхэн хуваах тухайд ямар нэг байдлаар тохиролцоогүй байсан юм. Гэтэл ХХХ нь зохиогч нараас "ХХХХ" A3 хэмжээний атласыг бүрэн хянаж дуусаагүй байхад зохиогч нарт мэдэгдэлгүйгээр 2012 онд БНХАУ-д 500 хувийг (ХХХын өөрийнх нь ХХд эмнэлэгт эргэж ирэхдээ хэвлүүлсэн гэж хэлсэн тоо) хэвлүүлэн Монгол Улсад нэг бүрийг нь 45 000 төгрөгөөр зарж борлуулсан байна. ХХХаас уг "ХХХХ" A3 хэмжээний атласын зохиогч хэмээн өөрийгөө ХХ, Х нарын нэрний доор бичсэн нь зохиогчийн эрхийг зөрчсөн оюуны хулгайн үйлдэл болох тул Монгол Улсын Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014.03.21-ний 2935/Б тоот шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014.06.02-ны өдрийн 519 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014.09.18-ны өдрийн 450 тоот тогтоолоор ХХХыг 2005 оны "1000 жилийн суут их хаан Чингис" СД ном, 2012 оны “ХХХХ" A3 атласын бүтээлд зохиогчоор нэрээ нийтлүүлэх эрхгүй этгээд болохыг тогтоосон юм. Уг бүтээлийг хэвлэсэн газар үйлдвэрийн нэр, бүтээл дээр тавигдаагүй тул хэдэн хувийг, хаана хэвлүүлсэн нь нэхэмжлэгч нарт тодорхойгүй байгаа тул хариуцагчаас хэвлэлийн газар, хэвлүүлсэн хувь болон бусад шаардлагатай мэдээллийг, нотлох баримтын хамт шүүхээс гаргуулж, холбогдох нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байгаа болно.

2012 онд хэвлүүлсэн энэхүү "ХХХХ" A3 хэмжээний атлас нь зохиогчдоос хянагдаж дуусаагүй байхад хэвлэсэн тул он дарааллын, утгын холбооны, зураг зүйн ноцтой алдаатай гарсан нь уг бүтээлийн зохиогчдын салбарын эрдэмтэний нэр төрд шууд халдсан үйлдэл юм. Материаллаг өмч, эд зүйлийг хуулиар шууд хамгаалдаг атал оюуны бүтээлийн луйврыг өөгшүүлэх нь зүй ёсонд нийцэхгүй үйлдэл тул ХХХад холбогдох дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:

  1. 2005 оны "Мянган жилийн суут их хаан Чингис" CD ном 10 000 ширхэгийг хэвлэн, нэг бүрийг 20 000 төгрөгөөр худалдаалж, нийт 200 000 000 төгрөгийн орлого олсноос 2005.09.07-ны хамтран ажиллах гэрээний дагуу зохиогч ХХ, Х нарт ногдох 15 хувийн орлого буюу 27 000 000 төгрөгийг,
  2. 2012 оны ХХ, Х нарын зохиосон "ХХХХ" A3 атласыг ХХХ нь зохиогчдоос зөвшөөрөл авалгүй дур мэдэн ашиг сонжоо олох зорилгоор, алдаатай бүтээлийг хууль бусаар 500 хувийг хэвлүүлэн нэг бүрийг 45 000 төгрөгөөр зарсан тул энэ бүтээлээс олох боломжит нийт орлого 22 500 000 төгрөгийг, нийт 49 500 000 төгрөгийг ХХХаас нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч ХХХын тайлбарт: “ХХХХ” номны нэр нь "Мянган жилийн суут их хаан Чингис" нэртэй мультимедиа, CD, ном гэсэн гурвалсан бүтээл юм. Дэлхийн оюуны өмчийн газраас баримталдаг зарчим нь цаасан ном, CD ном, цахим ном гэж тус тусад нь авч үздэг. Мультимедиа CD ном нь компьютер болон программ хангамж, зохиогчийн нэрээр хийгддэг. Миний хувьд 100 хувь хөрөнгө оруулсан хүн нь нэрээ тавих эрхтэй гэсний үндсэн дээр CD номны цаасан болон электрон номонд оролцох эрхтэй гэж үзсэн. ХХ докторын хүсэлтээр 100 хувь хөрөнгө оруулсны хувьд, хамтарч ажиллъя гэж санал тавьсны хувьд, мөн баз хүргэн байсных нь хувьд би өөрийн цаг хугацаа, сэтгэл оюунаа зарцуулж энэ бүтээлийг бүтээсэн. Шүүхэд энэ ном нь "Чингэс хаан" мультимедиа CD ном гэж яваад байгаа боловч гурвалсан бүтээл юм. Хамгийн гол нь хэвлэсэн “ХХХХХХ” ХХК өөрийн эх хувийг алга болгосон боловч тодорхойлолт хийж өгсөн. Бүтээлийг гурвалсан бүтээл гэдэг талаас, мөн олон улсын жишгээр зохиогчийн хувийн оролцоог гаргуулах юм бол бид гурав оюуны өмчийн зохиогчид гэж явах ёстой. Энэ номыг гаргасан зорилго бол олон улсын оюуны өмчийн газар бүртгүүлээд зах зээлд гаргаж орлого олох байсан. Гэтэл намайг гүтгэж, ХХ нь манай эхнэртэй нийлж надад байсан миний нотлох баримтыг бүгдийг авсан. 49 500 000 төгрөгийн ашиг олоогүй, нэхэмжлэгч нар нэг ч төгрөгөөр хохироогүй. 500 ширхэг хэвлэсэн атласын талаар яръя. Би өөрийнхөө нэрээр Өвөрмонголд энэ номыг зараагүй. 500 ширхэг ном хэвлүүлээд 30 хувийн төлбөр үлдсэн тул н.Хурцаа гэдэг хүнээс мөнгө зээлж, барьцаанд нь 200 ширхэг ном үлдээсэн. 300 ширхэгийг авчирсан, борлуулж ашиг олсон зүйлгүй, харин ч би их хохирсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

     Шүүх: Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ХХ 22 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн Х,  ХХ нарын нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117-р зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар ХХХаас 27 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн ХХ, ХХ нарын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож,

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 59-р зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405 450 төгрөгөөс 270 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 135 000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч ХХХХХийн давж заалдах гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчид дараах хоёр шаардлагыг гаргасан. Үүнд: 1-рт 2005 оны "Мянган жилийн суут их хаан Чингис" CD ном 10 000 ширхэгийг хэвлэн, нэг бүрийг 20 000 төгрөгөөр худалдаалж, нийт 200 000 000 төгрөгийн орлого олсноос 2005.09.07-ны хамтран ажиллах гэрээний дагуу зохиогч ХХ, Х нарт ногдох 15 хувийн орлого буюу 27 000 000 төгрөгийг, 2-рт 2012 оны ХХ, Х нарын зохиосон "ХХХХ" A3 атласыг ХХХ нь зохиогчдоос зөвшөөрөл авалгүй дур мэдэн ашиг хонжоо олох зорилгоор, алдаатай бүтээлийг хууль бусаар 500 хувийг хэвлүүлэн нэг бүрийг 45 000 төгрөгөөр зарсан тул энэ бүтээлээс олсон нийт орлого болох 22 500 000 төгрөг, нийт 49 500 000 төгрөгийг иргэн ХХХаас нэхэмжилсэн.

  Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлага болох 2005 оны "Мянган жилийн суут их хаан Чингис" CD номын нэхэмжлэгч нарт ногдох орлого буюу 27 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгосон заалт болох 2012 оны ХХ, Х нарын зохиосон "ХХХХ" A3 атласыг ХХХ нь зохиогчдоос зөвшөөрөл авалгүй дур мэдэн ашиг хонжоо олох зорилгоор, алдаатай бүтээлийг хууль бусаар 500 хувийг хэвлүүлэн нэг бүрийг 45 000 төгрөгөөр зарсан тул энэ бүтээлээс олсон нийт орлого болох 22 500 000 төгрөгийг гаргуулахыг хэрэгсэхгүй болгосныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

  1. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн агуулга, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдааны явцад өгсөн тайлбарыг нэг өгүүлбэрээр товч дурьдсан байх бөгөөд хариуцагч ХХХ 500 ширхэг A3 атласыг Өвөрмонголд хэвлүүлсэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн атал шүүхээс үнэлэлгүйгээр шийдвэрлэсэн.
  2. Нэхэмжлэгч талаас өөрсдийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг 2016.07.28-ны өдөр шүүхэд гаргасан. Учир нь 2016 оны 5 сард шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу номын дэлгүүр, борлуулалтын газраас "ХХХХ" A3 атласын үнэ, нийлүүлсэн болон борлуулсан тоо хэмжээг гаргаж өгөөгүй, зөрүүтэй өөр мэдээлэл ирүүлсэн байсан тул дахин гурван тодорхой нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг шүүх хүлээж авалгүйгээр шүүх хурлыг хийсэн.
  3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь ямар ч тайлбар байхгүй, хэрэгт авагдсан бусад бичиг баримтуудыг шинжлэн судлаад гэсэн боловч ямар бичиг баримтыг судлаад, хэрхэн үнэлээд улмаар үүнийг шийдвэрийн үндэслэл болгож буй тухай нэг ч баримтыг дурьдаагүй, тайлбаргүй.
  4. Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг баримталсан нь алдаатай. Учир нь хариуцагч ХХХаас уг "ХХХХ" A3 хэмжээний атласын зохиогч хэмээн өөрийгөө ХХ, Х нарын нэрний доор бичсэн нь зохиогчийн эрхийг зөрчсөн оюуны хулгайн үйлдэл болох тул Монгол Улсын Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014.03.21-ний 2935/Б тоот шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014.06.02-ны өдрийн 519 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014.09.18-ны өдрийн 450 тоот тогтоолоор ХХХыг 2005 оны "1000 жилийн суут их хаан Чингис" CD ном, 2012 оны "ХХХХ" A3 атласын бүтээлд зохиогчоор нэрээ нийтлүүлэх эрхгүй этгээд болохыг тогтоосон. Ийм байтал Иргэний хуулийн 492.1.1-д заасан "хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон" заалтыг баримтлах хууль зүйн үндэслэлгүй.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 40 дүгээр зүйлийг зөрчсөн, Иргэний хуулийн 492.1.1 дэх заалтыг буруу хэрэглэсэн хэмээн давж заалдах гомдол гаргаж байна. Иймд 2016.07.28-ны өдрийн 102/ШШ2016/04753 дугаартай Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн хоёр дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ХХ, Х нар нь хариуцагч ХХХад холбогдуулж “Мянган жилийн суут Их Хаан Чингис” нэртэй CD ном борлуулж олсон орлогоос 27 000 000 төгрөг, 2012 онд хэвлэгдсэн "ХХХХ" атлас номыг 500 хувь хэвлүүлж олсон орлого 22 500 000 төгрөг, нийт 49 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагаас “Мянган жилийн суут Их Хаан Чингис” нэртэй CD ном борлуулж олсон орлогоос 27 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, "ХХХХ" атлас номыг 500 хувь хэвлүүлж олсон орлого 22 500 000 төгрөгийг гаргуулах  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч ХХ, Х нар нь “ХХХХ” атласыг бүтээж, Хууль зүйн сайдын 1997 оны 190 тоот тушаалаар зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан байх бөгөөд уг бүтээлийг засварлан шинэчилж 2005 онд хэвлэгдсэн "Мянган жилийн суут Их Хаан Чингис" CD номыг зохиогч ХХ, Х нар нь ХХХтай хамтран гаргаж зах зээлд борлуулан олсон ашгийг хуваах талаар зохигчид 2005 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хамтран ажиллах, хувь эзэмших гэрээ байгуулсан нь зохиогчийн гэрчилгээ, Хамтран ажиллах гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.        

 

            Талууд дээрх үйл баримт болоод хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлтийн талаар маргаж, нэхэмжлэгч ХХ, Х нар нь хариуцагч ХХХад холбогдуулан 2005 онд хэвлэгдсэн "1000 жилийн суут Их Хаан Чингис" CD ном, 2012 онд хэвлэгдсэн "ХХХХ" атлас A3 хэмжээтэй бүтээлд зохиогчоор нэрээ нийтлүүлэх эдийн бус баялагийн эрхгүй болохыг тогтоож, ХХХаас "ХХХХ" атлас A3 хэмжээтэй 300 ширхэг номыг гаргуулан устгах, ХХХаас ном борлуулж олсон ашгийг гаргуулж улсын орлого болгох, CD номыг борлуулсны ашиг 27 000 000 төгрөг, "ХХХХ" атлас номыг дахин хэвлүүлэхэд гарах зардал 10 000 000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

            Хариуцагч ХХХ уг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаан бүхий 2 бүтээлийн "хамтарсан зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч"-ээр тогтоохыг сөрөг нэхэмжлэлээр шаардсаныг шүүх хянан үзэж “ХХХ нь 2005 онд хэвлэгдсэн "1000 жилийн суут Их Хаан Чингис" CD ном, 2012 онд хэвлэгдсэн "ХХХХ" атлас A3 хэмжээтэй бүтээлд зохиогчоор нэрээ нийтлүүлэх эдийн бус баялагийн эрхгүй болохыг тогтоож, ХХХаас "ХХХХ" атлас A3 хэмжээтэй 300 ширхэг номыг гаргуулан устгах, ХХХаас ном борлуулж олсон ашгийг гаргуулж улсын орлого болгох, CD номыг борлуулсны ашиг 27 000 000 төгрөг, "ХХХХ" атлас номыг дахин хэвлүүлэхэд гарах зардал 10 000 000 төгрөг тус тус гаргуулахыг хүссэн ХХ, Х нарын нэхэмжлэл, эдгээр 2 бүтээлийн "хамтарсан зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч"-ээр тогтоолгохыг хүссэн ХХХын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2935/Б дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 519 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 450 тоот тогтоол нь хүчин төгөлдөр байна.  

 

Шүүх "2005 онд хэвлэгдсэн "Мянган жилийн суут их хаан Чингис" CD номыг борлуулж олсон орлого 27 000 000 төгрөг гаргуулах" нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117-р зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар буюу нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд шийдвэрийн энэ хэсэгт нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй байна.  

 

Харин нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж давж заалдах гомдол гаргажээ.

 

            “ХХХХ” атлас номыг хариуцагч ХХХ зураг, дүрсний хувьд баяжуулан 500 ширхэгийг агуулгын хувьд алдаатай хэвлүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд үүнээс 300 ширхэг номыг шүүх устгахаар шийдвэрлэсэн, үлдсэн 200 ширхэг номыг хэвлүүлснээс ашиг олоогүй үйл баримт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэж анхан шатны шүүх үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгтэй нийцсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болно.

 

            Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар хариуцагч нь 500 ширхэг ном хэвлүүлж, 22 500 000 төгрөгийн орлого олсон, эсхүл ийм хэмжээний орлого олох боломжтой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

 

            Шүүх нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 102/Ш32016/21697 дугаар захирамжаар хангахгүй орхисон үндэслэл нь хуульд нийцжээ.

 

           Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тодорхой, ойлгомжтой бичигдээгүй байх боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд хянан үзэж зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан үийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасан журмын дагуу магадлалд тусгаж хэргийг шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ХХХХ” атлас номыг зохиогчийн зөвшөөрөлгүй алдаатай хэвлүүлж орлого олсон гэж тайлбарласан тул шүүхээс Иргэний хуулийн 492 дугаар зүйдийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу биш байна.

 

            Иймд дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/04753 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХХийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 500 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                              

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ИЧИНХОРЛОО

           

                                                     ШҮҮГЧИД                                      М.НАРАНЦЭЦЭГ     

                                                                                                         

                                                                                                          А.МӨНХЗУЛ