Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2017/01167

 

Г.Л-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/00659 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1196 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Г.Л-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Т” ХХК-д холбогдох,

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболдын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорчимэг, Б.Амарсанаа, нарийн бичгийн даргаар А.Батдэлгэр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би Тны гүйцэтгэх захирлын 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/635 тоот тушаалаар Сансар тооцооны төвийн захирлаар томилогдон, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. Өөрийн гүйцэтгэх үүрэгт ажлыг зохих ёсоор хийж, ямар нэгэн Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээ зөрчсөн зүйл байхгүй байтал 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Тны гүйцэтгэх захирлын Б/1376 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгон, цуцалж ажлаас чөлөөлсөн. Энэ хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Гэтэл надад огт мэдэгдэлгүйгээр ямар ч үндэслэлгүй баримтаар ажлаас халах тушаал гаргасан нь хууль бус гэж үзэж байна.

Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Тны Хяналт шалгалтын газрын ээлжит иж бүрэн шалгалт Тны Сансар тооцооны төвд 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хийгдсэн бөгөөд уг шалгалтаар тус тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан Г.Л-той холбоотой дараах ноцтой зөрчлүүд илэрсэн.

Г.Л- нь тооцооны төвийн захирлын ажлын байрны тодорхойлолтод заагдсан “Салбар нэгжийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, өдөр тутмын ажилд хяналт тавих, ажлыг хувиарлах, зохион байгуулах, үүрэг даалгавар өгөх, гүйцэтгэлийг үнэлж, эргэх холбоотой ажиллах” үндсэн үүргийг биелүүлж, өдрийн гүйлгээний баримтыг хянаж ажиллаагүйгээс ахлах теллер Э.Шинэбаяр нь “Сансар” болон “Нарантуул” тооцооны төвийн ахлах теллерээр ажиллаж байх хугацаандаа 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн хооронд 22 харилцагчийн тэтгэврийн, цалингийн, энгийн, оюутны харилцах данс, хугацаагүй хадгаламж, ХХС-ийн хөтөлбөрийн данс, халамжийн дансыг удаан хугацаагаар гүйлгээ гараагүй удсан дансыг мэдэж авсны үндсэн дээр 30 удаагийн үйлдлээр нийт 4 541 410 төгрөгийг хувьдаа авч ашигласан ноцтой зөрчил илэрсэн байна. Сансар тооцооны төвд хамааралтай 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 13-ны хооронд 13 харилцагчийн данснаас 15 удаагийн үйлдлээр 2 067 460 төгрөгийн ашиглалтыг харилцагчийн зөвшөөрөлгүйгээр өдрийн гүйлгээний бэлэн мөнгөний зарлагын баримтад харилцагчийн гарын үсэггүй, харилцагчийн гарын үсгийг дуурайн зурах замаар хувьдаа завшин ашиглан хийсэн ноцтой зөрчил гаргасан байхад илрүүлэх, таслан зогсоох арга хэмжээ авч ажиллаагүйгээс тус ашиглалын үйлдэл даамжирч шилжин ажилласан Нарантуул тооцооны төвд мөн 15 удаагийн үйлдлээр 2 473 950 төгрөгийн ашиглалын үйлдэл гарах нөхцөл бололцоог бий болгосон. Дээрх 6 харилцагчийн данснаас авсан 879 470 төгрөгийн ашиглалын үйлдэл нь Г.Л-ийг Сансар тооцооны төвийн захирлаар ажиллаж байх хугацаанд үйлдэгдсэн.

Мөн Теллерийн системийн багц журмын 6.1.14, 6.1.14.3, 6.1.14.4 гэсэн заалт заавар журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх үүргийг хангалттай түвшинд хэрэгжүүлээгүйгээс шалгалт хамрах хугацаанд балансын алдагдал 213,614.9 мянган төгрөгөөр өссөн. 2016 оны 3-р улирлын эцсийн байдлаар 492 531 300 төгрөгийн балансын алдагдалтай ажилласан. Зээлийн үйл ажиллагааны журмын 16.1.1 дэх заалтыг зөрчиж, 7 зээлдэгчид 12 224 236 төгрөгийн тэтгэврийн зээлийн гэрээг хянаж гарын үсэг, тэмдэгээр баталгаажуулаагүй зөрчлийг гаргасан. Зээлийн үйл ажиллагааны журмын 5.3.2 “Зээлийн төлбөр төлүүлэх дараалал”-ын 5.3.2.а заалтыг зөрчиж зээлийн урьдчилсан төлөлт хийхдээ тухайн өдрийг хүртэлх ашигласан хугацаанд хуримтлагдсан хүүний төлөлтийг хийхгүйгээр шалгалт хамрах хугацаанд нийт 122 удаа 819 130 229 төгрөгийн зээлийн төлбөр шууд үндсэн зээлийн үлдэгдлийг төлүүлсэн зөрчлөөс 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 908 816 төгрөгийн зээлийн хүүний орлогыг алдсан. Үйлчилгээний ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд шат дараалсан хяналтыг хэрэгжүүлээгүйгээс тус тооцооны төвийн ажилтан Ц.Өнөржаргал нь 2015-2016 оны хооронд өөрийн компьютерээс харилцагчийг өөрийн биеэр ирээгүй байхад интернет банкны эрхээр нэвтрэн Н.Хандаагийн 106100086389 тоот хадгаламжийг барьцаалан хадгаламж барьцаалсан зээл авч өөрийн болон нөхөр О.Мөнхсайханы данс руу 13 удаа нийт 3 641 000 төгрөгийг шилжүүлж ашигласан зөрчил удаа дараа гарсан байхад илрүүлэх, таслан зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй. Өнөөдрийн байдлаар ашиглангийн үйлдэл гаргасан Э.Шинэбаярын нэр дээр 1 052 287 төгрөгийн авлага үүссэн, төлөгдөөгүй байна. Г.Л-ийн гаргасан зөрчил нь банкны хяналт шалгалтын газрын шалгалтаар бүрэн тогтоогдсон тул Тны Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/1376 тоот тушаалаар Г.Л-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Г.Л- нь шалгалтын тайлантай танилцаж, шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/00659 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1. дэх хэсэгт заасныг баримтлан Г.Л-ийг Баянзүрх дүүрэг салбарын харьяа Сансар тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7 981 264 төгрөгийг “Т” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Г.Л-ид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч “Т” ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хариуцагч “Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 142 650 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1196 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/00659 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай Г.Л-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 651 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг зөрчин хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэлгүй хэт нэг талыг барьж магадлал гаргасан. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Тны дотоод журмын 5.2.8-д хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэлийг заасан байдаг. Гэтэл Баянзүрх салбарын харъяа Сансар тооцооны төвд хийсэн ээлжит, иж бүрэн 2016 оны шалгалтын нэгдсэн тайлангийн С хэсэгт Өмнөх шалгалтаар өгсөн үүрэг даалгаврын биелэлт Хяналтын газраас 2015.02.02-ны өдрөөр тасалбар болгон иж бүрэн шалгалтыг хийсэн бөгөөд шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах, дахин давтан гаргахгүй байх, нэгжийн шат дараалсан хяналтыг сайжруулах 8 үүрэг даалгавар өгснөөс 5 үүрэг даалгаврыг бүрэн биелүүлж 75 хувийн биелэлттэй ажилласан байна. Дээрх шалгалтын хариу тайланг 2015.03.23-ны өдөр Хяналтын газарт хүргүүлсэн байна.

...Ажлын цагын хувьд бусад салбараас онцлогтой даваагаас баасан гаригт өглөөний 09:00 цагаас оройны 20:00 цаг хүртэл, бямба, ням гаригт 10:00-17:00 цаг хүртэл ажилладаг, cap бүрийн сүүлийн өдөр оройн 22 цаг хүртэл ажилладаг онцлогтой бөгөөд тус салбарын захирал Г.Л-той байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.1 дэх хэсэгт долоо хоногийн ажлын цаг 40 цаг, 4.2 дахь хэсэгт ажил өглөө 09:00 цагт эхэлж орой 18:00 цагт дуусахаар заасан байх бөгөөд энэхүү хугацаанд 13 теллерийн 3575 гүйлгээг дангаар нэг бүрчлэн хянах боломжгүй байхад түүнийг энэ болгоныг нэгд нэгдгүй хянасангүй хэмээн буруутгаж байгаа нь өөрөө бодит амьдралд нийцэхгүй шийдвэр юм. Нотлох баримтаас үзэхэд Г.Л-ийг Банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам зааврыг зөрчсөн болон ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргээ 2 буюу түүнээс дээш удаа биелүүлээгүй гэдгийг нарийн нягт тогтоосон зүйл байхгүй бөгөөд харин ч ажил үүргээ зохих журмын дагуу биелүүлсэн байна.

Мөн Тны зээлийн үйл ажиллагааны журмын 5.3.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэл нь Тны системийн хүрээнд буюу нийт банкны хэмжээнд байгаа зөрчил болохыг нотолсон тус банкны хяналт шалгалтын газрын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн илтгэх хуудас хавтас хэрэгт нотлох баримтаар авагдсаар байтал зөвхөн Г.Л-ийн буруутай үйл ажиллагаа мэтээр магадлалд тусгасан нь үндэслэлгүй юм.

Ажлаас халах тушаал гарсан өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд огт мэдэгдэлгүйгээр, ямар ч үндэслэлгүй баримт гаргаж тушаал гаргасан нь хууль бус гэж үзэж байх бөгөөд 2016.11.02-ны өдрөөс мөн сарын 14-ний өдрийн хооронд хэвтэн эмчлүүлсэн тухай “Эмнэлгийн хуудас” хавтас хэрэгт авагдсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1-т энэ талаар тодорхой тусгасан байдаг. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар цуцлахыг хориглоно” гэж тус тус заасан байна.

Банк нь өөрөө ердийн байгууллага биш аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөерлийн тухай хуулийн 15.2.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө байгууллага бөгөөд цаг бүртгэлийн нэгдсэн системтэй, түүнчлэн салбарын захирал байж банкны үндсэн үйл ажиллагаа болох зээлийн асуудлыг шийдвэрлэдэг тул өөрийн шууд удирдлага Баянзүрх дүүргийн салбарын захирал Л.Мягмаржав, ерөнхий нягтлан бодогч Л.Чулуунцэцэг нарт нэхэмжлэгч өөрөө утсаар мэдэгдэж түүний гэр бүлийн хүн болох М.Сувд-Эрдэнэ биеэр очин Г.Л-ийн нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтрийг очиж авснаар эмнэлэгт хэвтсэн өөрөөр хэлбэл эрүүл мэндийн болон даатгал үгүйгээр Улсын аль ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх боломжгүй юм гэдэг нийтэд илэрхий үйл явдал гэж үзэж байна. Түүний эзгүйд дотоод журмын дагуу ахлах харилцааны менежер орлон Баянзүрх дүүрэг салбарын захирал Л.Мягмаржав зээлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж явуулсан байдаг.

Давж заалдах шатны шүүх энэхүү үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг магадлалд огт оруулаагүй буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн УДШ-ийн 33 дугаар тогтоолоор “15.4.2-т Ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна” гэж ойлговол зохино. Мөн 15.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил тус бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй. Давж заалдан шатны шүүхээс хөдөлмөрийг харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа боловч дээрх тогтоолд заасны дагуу ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулж, нэр хүндийг нь гутаах зэрэг эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж, өнөөдөр банкинд ямар хохирол учраад Тны ямар нэр гутсан үйл явдал болж ямар нотлох баримг хэрэгт авагдаж түүнд дүгнэлт хийгээд байгаа нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн 2014 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн 312 дугаар “Хөдөлмөрийн гэрээ”-ний 9.2-т “Ажилтны гаргасан зөрчил нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээргүй бол “Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль”, “Хөдөлмөрийн дотоод журам”-д заагдсан сахилгын шийтгэл ногдуулна. 9.4-т “Ажилтны гаргасан зөрчлийн шинж чанар, санаатай болон санамсаргүй үйлдэл эсэх, банкинд учруулсан хор хохирол, ажилтан алдаа, зөрчлөө засан залруулж байгаа байдал зэргээс шалтгаалан 9.4.1, 9.5.2-т заасаг арга хэмжээ авах бөгөөд хариуцагч “Т” ХХК нь нэхэмжлэгч Г.Л-ийг эхлээд амаар сануулах эсвэл бичгээр хариу ирүүлж байсан удаа огт байхгүй харин ч шагнал урамшуулал олгож байсан байдаг.

Г.Л-ийг буруутгаж байгаа гол үндэслэл болох тус салбарт ашиглан хийсэн гэх ахлах теллер Э.Шинэбаярын үйлдэл 2014 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 13-ний өдөр хийгдсэн байх бөгөөд энэ зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг зөрчсөн өөрөөр хэлбэл зөрчилд ноогдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна хуулийн энэхүү заалтыг давж заалдах шатны шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүх нь хэрэглэвэл зохих хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байх тул 1196 дугаар магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны зохигчидын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэгч Г.Л- нь “Т” ХХК-ний гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б\1376 дугаар тушаалаар Баянзүрх дүүрэг салбарын харъяа Сансар тооцооны төвийн захирлын ажлаас чөлөөлөгдсөн байна. Ажил олгогч дээрх тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., Т ХХК-ний дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний тодорхой заалтууд, Хүний нөөцийн хорооны хурлын шийдвэрийг тус тус зааж, хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцласан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Г.Л- нь нь өөрийн үйл ажиллагаандаа өдөр тутмын гүйлгээний баримтыг хянаж ажиллаагүйгээс ахлах теллер Э.Шинэбаяр нь Сансар тооцооны төвийн ахлах теллерээр ажиллаж байх хугацаанд 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн хооронд 22 харилцагчийн тэтгэвэрийн, цалингийн, энгийн, оюутны харилцах данс, хугацаагүй хадгаламж, ХХС-ийн хөтөлбөрийн данс, халамжийн гүйлгээ гараагүй удсан данснаас 30 удаагийн үйлдлээр нийт 4 541 410 төгрөгийг хувьдаа авч ашигласан байна. Э.Шинэбаяр нь Сансар тооцооны төвийн ахлах теллерын ажлаас 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс чөлөөлөгдөж, Нарантуул тооцооны төвийн ахлах теллер болсон тул дээрх тооцоонд хоёр тооцооны төвөөс илэрсэн зөрчил хамаарсан байна.

“Т” ХХК-ний Хяналт шалгалтын газар 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 18-ны хугацаанд иж бүрэн шалгалт хийж, дээрх зөрчлийг илрүүлжээ. Хяналт шалгалтын газар нь 2013 оны 05 дугаар сараас 11 сар, 2014 оны 01 дүгээр сараас 03 дугаар сар, 2015 оны 02 дугаар сард 3 удаа иж бүрэн шалгалт хийсэн боловч зөрчлийг илрүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Дээрх байдлыг үндэслэн анхан шатны шүүх ажил олгогчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3., 131.2.-т зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг  зөрчсөн ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж болох боловч уг шийтгэлийг сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор ногдуулах боломжтой байна.

Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3. дахь заалтыг тушаалын үндэслэл болгоогүй байх нь хуульд заасан дээрх зарчмыг баримтлахгүй байх нөхцөл биш юм. Ажил олгогч ажилтныг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн ба уг зөрчилд ажлаас халах шийтгэл ногдуулжээ.

Хариуцагч тал нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээ болон банкны дотоодод мөрдөгдөх актуудыг удаа дараа зөрчсөн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг удаа дараа биелүүлээгүй, банкны нэр хүнд, имиджийг гутаах зан авир, үйлдэл гаргасан гэх тайлбараа баримтаар нотлоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Г.Л-ийг хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил гаргасан, уг зөрчлийг илрүүлсэн хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т заасан хугацааг хэтрүүлээгүй гэж үзжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т сахилгын зөрчил илруулсэнээс хойшхи хугацаанаас гадна уг зөрчил гарсанаас хойшхи хугацааг ажил олгогч баримтлах ёстой болохыг шүүх анхаараагүй байна.

Дээрх байдлыг харгалзан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1196 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/00659 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН