| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0510/Э |
| Дугаар | 548 |
| Огноо | 2019-07-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 548
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,
хохирогч Б.Мөнхцэцэг,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокуророос мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Гөрөөчин овогт Бямбажавын Баярмагнайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811028000522 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1968 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 6 дугаар гудамжны 120 тоотод оршин суух хаягтай, урьд Төв аймгийн 9 дүгээр хэсгийн ардын шүүхийн 1992 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 5 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, Г.овгийн Б. Б., /РД:Х..........5/,
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 1-5 тоотод өөрийн төрсөн дүү Б.Мөнхцэцэгтэй гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Б.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 9 дүгээр сарын 27-ны өдөр манай эгчийн охины бэр гуйх ёслол болж байсан. Би тухайн үед ахтайгаа маргалдаад түүнийг 2-3 удаа цохисон. Тэгээд Энхбаатар бид хоёрыг салгасан. Тэгсэн чинь Б.Мөнхцэцэг бичлэг хийх гэсэн. Үүнээс болж маргаан гарсан. Том ах Б.Баярсайхан дүү Б.Уранчимэг нар маргалдаад Б.Баярсайхан ах Б.Уранчимэгийн хоолойг нь боогоод үхэхийн даваан дээр байхад нь би боолтыг нь салгаж дүү Б.Уранчимэгийг салгаж авсан. Би Б.Мөнхцэцэгийг цохиогүй. Б.Уранчимэгийг татаад босгоод ирэхэд Б.Мөнхцэцэгээс цус гарчихсан сууж байсан. Юунд цохиулсныг мэдэхгүй. Миний бие муу, зүрх өвдөж, даралт ихэсдэг...” гэх мэдүүлэг
Хохирогч Б.Мөнхцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 120.000 /нэг зуун хорин мянган/ төгрөгийн баримт гаргаж өгсөн. Ичинхорол тухайн үед тасарчихсан унтаж байсан. Зодоон болсны дараа юу болсон юм бэ гэж гарч ирсэн. Ийм байхад хэргийн талаар мэдэх учиргүй. Наранчимэг эгч болсон явдлыг бүгдийг харж байсан. Намайг Б.Б цохисон гэдгийг харж байсан. Б.Б намайг энэ муу зэвүүн гичий гээд нүүр рүү цохисон. Цохисны дараа миний нүүрнээс цус гарсан. Өмнө нь надад 2-3 удаа Б.Б гар хүрч байсан. Өмнө нь намайг мөнгөтэй байхад надад гар хүрдэггүй байсан. Одоо мөнгөгүй болсон гэсэн шиг надад гар хүрч эхэлсэн гэх мэдүүлэг,
Гэрч Н.Мижид мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Дүү Баярмагнай болон Уранчимэгтэй хүмүүс маргалдахаар зээ охин маань уйлахаар нь зээ охиноо аваад том өрөө рүү явж орчихоод зээ охиноо сууж бай гэж үлдээчихээд буцаад гал тогооны өрөөнд яваад ороход Мөнхцэцэгийн нүүрнээс цус гарч байсан. Тэгээд би бушуухан сандарсандаа болоод цагдаа дуудсан ..” “... Эхлээд аавыгаа нас барахад ирээгүй гээд маргалдаж эхэлсэн бөгөөд сүүлдээ зээлсэн мөнгө төгрөгийн талаар ярьж эхэлсэн. Би тэр мөнгө төгрөгийн асуудлаар сайн мэдэхгүй ...” “...Баярсайхан болон би, Баярмагнай Уранчимэг Мөнхцэцэг, Энхбаатар, Наранчимэг нар байсан юм...”,“... Баярмангай, Уранчимэг нар согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байсан. Мөнхцэцэг бол согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45х/,
Гэрч Б.Наранчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Яг юу болсон тухай сайн хэлж мэдэхгүй байна. Удалгүй Уранчимэг, Мөнхцэцэг нар хоорондоо муудалцаад байсан. Тэгээд Баярсайхан Уранчимэгийг татаж аваад цаашлуулаад байсан юм. Нэг мэдсэн чинь Мөнхцэцэгийн нүүрнээс цус гарч байсан. Тэгээд цагдаа ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 48х/,
Гэрч Б.Баярсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... Би Уранчимэгийг санаатайгаар хоолойг нь боосон зүйл байхгүй. Харин хойш нь татаж Мөнхцэцэгээс салгаж авсан юм. Энэ үед Баярмангай Уранчимэгийг салгаж авсан эсэхийг санахгүй байна...” “ ... Харин Мөнхцэцэгийн нүүрэн дээр маажсан гэмтлийг бол мэдээж Уранцэцэг л маажсан...” “... Миний хувьд Мөнхцэцэг согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан учир хүн гүтгээд байх хүн биш Б.Уранчимэг, Баярмангай хоёр зодоогүй гээд дайраад байх шиг байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60х/,
Гэрч Б.Энхбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би мэдүүлэг өгнө. Гэхдээ яг хэн нь Мөнхцэцэгийг зодсон цохисон талаар мэдүүлэг өгмөөргүй байна. 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр манай дүүгийн бэр гуйх ёслол болсон. Тухайн үед Баярсайхан, Баярмангай ах, бэр эгч Мижид, Наранчимэг, Уранчимэг, Мөнхцэцэг эгч нар байсан. Тэгээд манай ах эгч нар хоорондоо маргалдаад эхэлсэн. Мөнхцэцэг эгч бичлэг хийж байхад нь Уранчимэг эгч утсыг нь эвдэлсэн түүнээс болж хэрүүл маргаан болсон юм. Үүнээс цааш тодорхой зүйл ярьмааргүй байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №11923 дугаартай “... Б.Мөнхцэцэгийн биед зүүн нүдний алим, хоёр нүдний зовхи, зүүн мөр, баруун шилбэнд цус хуралт, зүүн хөмсөг, зүүн дээд зовхинд шарх, хамар баруун хацар зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сархиулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэх дүгнэлт /хх-ийн 74х/,
Шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн “ ... хүн нүүрээрээ унах үед нүүрний төвгөр хэсэг болох хамар, хацар, дух хөмсөгний хэсэг орчимд гэмтэл үүсгэгдэнэ...” “... Б.Мөнхцэцэгийн биед үүссэн гэмтлүүдээс зүүн хөмсөгний шарх, хамрын нуруу, баруун хацарын зулгаралт гэмтлүүд нь нүүрээрээ унах үед үүсэх боломжтой, бусад гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохиж, цохигдох үед үүсгэгдэнэ. Энэ гэмтлүүд нүүрээр унахад үүсэх боломж багатай...” хоёр нүдний зовхи, хөмсөг, зүүн дээд зовхинд шарх гэмтэл нь тус бүртээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд зүүн зовхи, зүүн хөмсөг, зүүн дээд зовхинд шарх гэмтэл нь нэг удаагийн мохоо хүчин зүйлийн нөлөөллөөр үүсгэгдэх боломжтой гэмтэл байна. Зүүн мөр, баруун шилбэний гэмтэл нь тус бүртээ болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-78х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Б.Баярмангайг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.Мөнхцэцэг нь өөрт учирсан хохиролд нийт 128.000 төгрөгийг зарцуулсан баримт хавтас хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.Бгаас нийт 128.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мөнхцэцэгт олгуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гөрөөчин овгийн Б. Б.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бг 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бгаас нийт 128.000 /нэг зуун хорин найман мянган/ төгрөг гаргуулж, хохирогч Б.Мөнхцэцэгт /ХЙ71071667/-д олгосугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД