| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 181/2022/04495/И |
| Дугаар | 210/МА2025/00236 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 210/МА2025/00236
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Мандалбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: ******* ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* /*******/, ******* зам гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах, орон сууцны зориулалттай, 62,75 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 102,000,000 төгрөг гаргуулах, дугаартай бакалаврын дипломын эх хувийг гаргуулах, дахь барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын бүртгэл дэх ******* ХХК-ийн бүртгэлээс *******ын бүртгэл, дипломын мэдээллийг хасуулахыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь 2019 оны 02 дугаар сард ******* ХХК-д ерөнхий инженерээр ажилд орсон бөгөөд ийнхүү ажиллаж байх хугацаанд ******* ХХК-аас *******ыг ажил үйлс, амжилт бүтээлээрээ хамт олноо хошуучлан ажилласныг өндрөөр үнэлж 2019 оны Шилдэг ажилтан-аар тодруулж, 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Батламж олгож, 3 өрөө байраар урамшуулан шагнасан. Улмаар хариуцагч компаниас нэхэмжлэгчийн эзэмшилд улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* /*******/, ******* зам гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах, орон сууцыг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлэн өгч, энэ хугацаанаас хойш нэхэмжлэгч нь гэр бүлийн хамтаар тус орон сууцанд амьдарч ирсэн.
1.2 Гэтэл ******* эрүүл мэндийн шалтгаанаар ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тул 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсний дагуу ******* ХХК-ийн ерөнхий захирлын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 09/16 дугаар тушаалаар *******ыг ажлаас нь чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсний дараа ******* ХХК-ийн зүгээс *******д шагнал болгож өгсөн орон сууцыг суллаж, тус компанид буцаан шилжүүлж өгөхийг шаардаж, улмаар 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр орон сууцны хаалганы цоожны голыг сольж, нэхэмжлэгчийг орох боломжгүй болгосон. Улмаар тухайн орон сууцыг цааш нь хэд хэдэн хүнд өмчлөлд шилжүүлсэн.
1.3 Хариуцагч компанийн хүсэл зориг 5 жил ажиллавал орон сууц өгнө гэсэн хүсэл зориг байгаагүй. Харин ажил үүрэгтээ манлайлсныг үнэлээд шагнасан. Орон сууцыг анхны өмчлөгчид бэлэглэх эрх байсан. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.2 дахь хэсэгт зааснаар орон сууцыг шилжүүлснээр байгуулагдсанд тооцно.
1.4 *******ыг 2019 онд ажилд орох үед ажил олгогчоос дипломын эх хувь шаардсаны дагуу эх хувиар нь өгсөн боловч ажлаас гарах үед буцааж өгөөгүй. Мөн дахь барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын бүртгэл дэх ******* ХХК-ийн бүртгэлээс *******ын бүртгэл, дипломын мэдээллийг хасуулахыг даалгах шаардлага гаргасан бөгөөд уг байгууллагын бүртгэлээс мэдээлэл хасагдаагүй байгаа нь нэхэмжлэгчийн өөр бусад байгууллагын бүртгэлээр мэдээлэл дахин оруулах боломжгүй сөрөг үр дагавар үүсгэж байгаа.
Иймд улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* /*******/, ******* зам гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах, 62,75 м.кв талбайтай орон сууцны үнэ болох 102,000,000 төгрөг гаргуулж, дугаартай бакалаврын дипломын эх хувийг гаргуулж, дахь барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын бүртгэл дэх ******* ХХК-ийн бүртгэлээс *******ын бүртгэл, дипломын мэдээллийг хасуулахыг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 ******* нь манай компанид ерөнхий инженерийн албан тушаалд 2019 оноос ажилласан бөгөөд ажилтныхаа ажил хөдөлмөр эрхлэх тавтай, тухтай нөхцөлийг ажил олгогчоос бүрдүүлэхийн тулд нэхэмжлэлд дурдсан компанийн мэдлийн орон сууцыг зохих ёсоор ашиглах буюу түүнд гэр бүлийнхээ хамт амьдрахыг 2021 онд зөвшөөрсөн. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх хугацаанд нь амьдрах орон сууцаар хангаж, ашиглуулж буй нь нэг талаас ажилтнаа бодсон, хөдөлмөрийн илүү таатай нөхцөлөөр хангах гэсэн ажил олгогчийн санаачилга мөн боловч нөгөө талаас энэ нь ажилтнаа удаан хугацаанд, тогтвор суурьшилтай ажиллуулах гэсэн ажил олгогчийн хүсэл, сонирхолтой шууд холбоотой.
Аливаа ажилтан нь өөрийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаагаа цуцалсан бол ажил олгогчтой төлбөр тооцоогоо нийлж, компаниас ашиглуулахаар шилжүүлсэн тээврийн хэрэгсэл, орон сууц болон аливаа бусад эд хөрөнгийг ашиглахаа зогсоож, биет байдлаар нь буцааж өгөх ёстой. Тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд ажил олгогчийн санаачилгаар ашиглуулж байсан орон сууцыг хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй.
2.2 Нэхэмжлэгч нь 2019 онд ажилд орсноос эхлээд бүрдүүлсэн баримт дутуу бичиг баримтууд нь зөвхөн зургаар ирж байсан. Орон сууцыг тухайн ажилтан нь 5 жилийн хугацаанд тогтвортой ажилласан тохиолдолд өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэй шилжүүлсэн. Батламж өгч байгаа үйл баримт нь баяр ёслолын арга хэмжээ байсан. Ажилд ороод 7 сарын дараа орон сууц зүгээр шилжүүлсэн, манлайлсан гэж нэхэмжлэгч ярьдаг боловч хэрэгт авагдсан баримтаар манлайлаад үр дүн үзүүлсэн гэж гэрчилсэн үйл баримт байдаггүй. *******ын тухайн үеийн нөхцөл байдал сайнгүй байсан. Ажилдаа ирэхэд хүндрэлтэй байсан гэх хүсэлтийг тавьж байсан энэ асуудлыг шийдвэрлэж үр бүтээлтэй ажиллуулахын тулд орон сууц шилжүүлсэн.
2.3 Иргэний хуулийн 276 дугаар зүйлд хуулиар тогтоосон хэлбэр заасан. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгө улсын бүртгэлд бүртгэгдсэнээр өмчлөх эрх үүсдэг. Хэлцэл хийсэн гэж үзэх тохиолдолд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3 дахь хэсэгт зааснаар байгуулсан гэж тооцдог. Батламж гэдэг асуудлыг хэлцэл мэтээр тайлбарлаад шаардах эрх үүссэн мэтээр тайлбарлах үндэслэлгүй.
2.4 дахь барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын бүртгэл дэх ******* ХХК-ийн бүртгэлээс *******ын бүртгэл, дипломын мэдээллийг хасуулах эрх манай компанид байхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул хариуцагч ******* ХХК-нд холбогдуулан гаргасан орон сууцны үнэ 102,000,000 төгрөг гаргуулах болон -ийн № дугаартай бакалаврын дипломын эх хувийг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, дахь барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын бүртгэл дэхь ******* ХХК-ийн бүртгэлээс *******ын бүртгэл, дипломын мэдээллийг хасуулахыг хариуцагч ******* ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 863,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Нэхэмжлэгч нь ажил олгогчийн гэр бүлдээ шинэ хүнээ өлгийдөн авч буйд болон ажил үйлсээр манлайлан ажилласныг үнэлэн 3 өрөө орон сууцыг бэлэглэх тухай санааг хүлээн авч, үүний дагуу тухайн орон сууцыг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс буюу тус байр ашиглалтад орсон хугацаанаас эхлэн эзэмшиж, ашиглаж ирсэн. Гэтэл анхан шатны шүүх ...Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.3 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй.
4.2 Хэдийгээр маргааны зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө байх боловч үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх бэлэглэгчийн хүсэл зориг хангалттай илэрхийлэгдэж, тэрхүү хүсэл зориг нь бодит үйлдлээр хэрэгжсэн буюу бэлэглэж буй орон сууцны эзэмшлийг шилжүүлэн өгч буй үйл баримтаар нотлогдох юм. Энэ тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчийг 3 өрөө байраар шагнаж урамшуулсан үйлдлээ бодит болгох зорилгоор дээрх маргаан бүхий орон сууцыг шилжүүлсэн, ийнхүү эд хөрөнгө бэлэг хүлээн авагчид шилжсэнээр үүргийн гүйцэтгэл бодитоор биелэгдсэн гэж үзэх ба Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
4.3 Харин бэлэглэлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх шаардлага буюу Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.3 дахь хэсэгт заасан зохицуулалт нь өмчлөх эрх үүсгэх онцгой харилцаанд бэлэглэгчийн хүсэл зоригийг хангалттай илэрхийлэгдэх нөхцөлийг хангах зорилготой хуульд заасан шаардлага гэж үзэхээр байх бөгөөд нэгэнт ажил олгогч буюу хариуцагч нь нэхэмжлэгчийг 3 өрөө байраар шагнасан болон орон сууцыг хүлээлгэн өгсөн талаар маргаагүй буюу үүрэг гүйцэтгэгдсэн тохиолдолд зөвхөн нэхэмжлэгчээс тухайн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэхийг шаардаж буй нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.
4.4 Нэхэмжлэгч нь дээрх маргаан бүхий орон сууцанд 2021 оны 01 дүгээр сараас эхлэн гэр бүлийн хамтаар амьдарч байх хугацаандаа орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хүссэн боловч ...удахгүй шилжүүлж өгнө, түр хүлээж бай гэх мэт хариу хэлсээр бичгээр гэрээ байгуулахаас зайлсхийж ирсэн. Бэлэглэлийн гэрээгээр зөвхөн бэлэглэгч ямар нэгэн үйлдэл хийх үүрэг гүйцэтгэдэг ба уг үүргээ биелүүлэхгүй байгаа тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь шаардах эрхтэй гэж үзэж байна. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.2, 43.3 дахь хэсэгт тус тус зааснаас үзэхэд зохигчийн хооронд хэлцэл хийгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдох юм. Хариуцагч орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх зэрэг шаардлагыг тавьж байгаагүй бөгөөд энэ талаар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй. Харин тэрээр 5 жил ажиллах болзол шалгуурыг тавиагүй болох нь батламж, үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтаар нотлогдох юм.
4.5 Нэхэмжлэгчийг 3 өрөө байраар шагнаж урамшуулсан гол зорилгыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд тодорхойлох боломжтой боловч анхан шатны шүүх зөвхөн хариуцагчийн нотлох баримтгүй үндэслэлгүй тайлбарыг зөвтгөсөн нь үндэслэлгүй. Шагнал гэх ойлголт нь хууль зүйн утгаараа бэлэглэх гэх нэр томьёотой адил байх бөгөөд тодорхой болзол тавиагүйгээс бусад тохиолдолд бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчид эд хөрөнгө шилжүүлэх үүрэг хүлээх ба зөвхөн Иргэний хуулийн 280 дугаар зүйлд заасан үндэслэлээр бэлэглэлийг хүчингүй болгож, орон сууцыг буцаан шаардах боломжтой болох юм.
4.6 Анхан шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөр эрхлэлтийг харилцааны үндсэн дээр орон сууцаар урамшуулах шагнах үйл баримт болсон болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. *******ыг ажил үйлсээрээ манлайлсан байдлаас гадна гэр бүлдээ шинэ хүнээ өлгийдөн авах гэж буйд нь зориулж өгсөн болох нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр нотлогддог. Нөгөөтэйгүүр, хариуцагчийн хүсэлтээр гэрчээр оролцож буй этгээдүүд нь хариуцагчтай хамааралтай этгээдүүд тул ач холбогдол бүхий үйл баримтыг субьектив байдлаар тусган мэдүүлэх боломжтой учир гэрчийн мэдүүлэг бусад баримтаар нотлогдож байгаа эсэх, гэрч харсан үзсэн зүйлээ нотлон мэдүүлсэн эсэх зэрэг нөхцөл байдлыг шалгаж, үнэлэх ёстой байсан.
Гэтэл гэрч , нар нь шүүхэд мэдүүлэхдээ ...5 жил ажиллах болзолтойгоор орон сууц шилжүүлж байсан. ажлаасаа гарахдаа буцааж өгнө гэж мэдүүлдэг боловч ийнхүү мэдүүлгийн эх сурвалжаа заагаагүй, зөвхөн сонссон талаараа мэдүүлдэг. Гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг заагаагүй тохиолдолд уг мэдүүлэг нь нотолгооны ач холбогдлоо алдах болохыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.
4.7 Анхан шатны шүүх зохигчдын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзсэн боловч ийнхүү хэлцлээс татгалзах үндэслэл бий эсэхийг дүгнэхдээ нотлох баримтад үндэслээгүй. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуульд заасан гэрээний харилцаа үүссэн үү, тухайн гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан уу, шаардах эрх үүссэн үү гэдгийг шалгах шаардлагатай болохыг үндэслэл болгоноор нь шалгаж тогтоосон. Ингэхдээ тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн заалтыг хэрэглэх байдлаар хэргийг шийдвэрлэсэн.
5.2 Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй гэж тайлбарладаг. Бэлэглэлийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрх шилжих ба хуульд заасан шаардлага буюу бичгээр гэрээ байгуулан нотариатаар гэрчлэгддэг хэлцлийн үндсэн дээр өмчлөл шилждэг. Энэ утгаар анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.3 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, тухайн үл хөдлөх хөрөнгөд хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ байгуулснаар өмчлөх эрх үүсдэг эд хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр байгуулна гэж заасан. Анхан шатны шүүх гэрээ байгуулаагүй гэж дүгнэсэн. Энэ ч утгаараа Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд заасны дагуу өмчлөх эрх хэрхэн шилждэг талаар тайлбарласан.
5.3 Анхан шатны шүүх ...талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн ба ажилтан өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон байна гэж дүгнэсэн. ******* хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх хугацаандаа маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоё, орон сууц шилжүүл өгөхгүй байна, гэрчилгээ нь миний нэр дээр биш байна зэрэг хүсэлт болон гомдол гаргаж байгаагүй. Маргаан бүхий орон сууцыг шууд бэлэглэх байдлаар шилжүүлээгүй гэх үйл баримт *******ын үйлдлээр нотлогдож байна.
5.4 ******* хариуцагч байгууллагад 5 жил ажиллах ёстой байсан гэдгээ мэдэж байсан ба ...би орон сууцаа хүлээлгэж өгнө, би өөр ажилд орсон, энэ орон сууцанд хорогдохгүй гэж хэлж байсныг гэрчийн мэдүүлгээр нотолсон. Гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх эсэх нь шүүгчийн дотоод итгэл, үнэмшил. Нөгөөтэйгүүр, гэрчийн мэдүүлгийг эргэлзээтэй эсхүл зөрүүтэй, худал мэдүүлэг гэж үгүйсгэсэн баримт хэрэгт байхгүй. Орон сууц олгосон батламжийг өгөөгүй гэх үндэслэлээр хариуцагч маргаагүй. 2019 оны 02 дугаар сард ажилд орсон хүнд 2019 оны 09 дүгээр сард буюу ажилд орсноос хойш 7 сарын дараа батламж өгсөн. Учир нь, хариуцагч ажилтнаа хөдөлмөрийн аятай, таатай нөхцөлөөр хангах, урамшуулах, удаан хугацаанд ажиллуулах хүсэл сонирхолтой байсан. Урт хугацаа гэдэг нь ажилтан тухайн байгууллагад 5 жилээс доошгүй хугацаанд ажиллах ёстой болохыг *******д хэлж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
5.5 Захидал харилцаа шилжүүлсэн ба түүнийг нь хүлээж авсан гэдэг нь бичгээр гэрээ байгуулсан болохыг хэлнэ. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой аль хуулийн зохицуулалт нь илүү нарийвчилсан, тодорхой заалт болох вэ гэвэл маргаан бүхий хэлцэл нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3 дахь хэсэгт заасан буюу бичгээр ойлгоно гэж дурдагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* /*******/, ******* зам гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах, 62,75 м.кв талбайтай орон сууцны үнэ 102,000,000 төгрөг, дугаартай бакалаврын дипломын эх хувийг тус тус гаргуулах, дахь барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын бүртгэл дэх ******* ХХК-ийн бүртгэлээс *******ын бүртгэл, дипломын мэдээллийг хасуулахыг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон.
3.1 ******* нь ******* ХХК-д 2019 оны 02 дугаар сараас эхлэн ерөнхий инженерийн албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн. 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Зохигчид уг үйл баримтын талаар маргаагүй.
3.2 Хэрэгт авагдсан Батламж, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэл-ээр 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 20190906-Video-001 нэртэй 01 минут 42 секундийн бичлэгт нэхэмжлэгч *******д төсөл дээрх ******* ХХК-ийн нэр дээрх бартерийн байруудаас 3 өрөө орон сууц гардаж авах эрхээр шагнасан. /1хх 32/
3.3 Хариуцагчаас улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* /*******/, ******* зам гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах, орон сууцыг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийн эзэмшилд бодитоор шилжүүлсэн.
3.4 ******* ХХК нь *******ыг ажлаас чөлөөлөгдсөн гэх үндэслэлээр дээрх орон сууцыг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бодитоор эзэмшилдээ буцаан авч, бусдад шилжүүлсэн. /хх 72-74, 96-99/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан бэлэглэлийн гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.
4.1 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэл, Батламж, талуудын тайлбар зэргээр 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ******* ХХК-аас *******д орон сууц бэлэглэсэн, үүнтэй холбоотой 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн байна.
4.2 Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ. гэж, энэ зүйлийн 276.2 дахь хэсэгт Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж тус тус зааснаар талуудын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Учир нь, хариуцагч тухайн орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшилд бодитоор шилжүүлсэн байхаас гадна хариуцагч нь татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь ...орон сууцыг тухайн ажилтан нь 5 жилийн хугацаанд тогтвортой ажилласан тохиолдолд өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэй шилжүүлсэн гэх, мөн ...болзол тавьж байгуулсан гэрээ байсан гэх агуулга бүхий татгалзлаа баримтаар нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх нотолгооны хуваарилалтыг буруу хуваарилж, нэхэмжлэлийн шаардлагаас дээрх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ. Зүй нь, хариуцагч нь дээрх үндэслэлээр маргаж буй тохиолдолд нотолгооны хуваарилалтын хувьд уг тайлбар, татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй байна. Иймд хариуцагчийн татгалзал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.
5. Түүнчлэн, анхан шатны шүүх тухайн маргаанд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.3 дахь хэсэг болон мөн хуульд заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх дуусгавар болох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
5.1 Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.2 дахь хэсэг эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцох бөгөөд мөн зүйлийн 276.3 дахь хэсэгт зааснаар хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ. Хариуцагч нь маргааны зүйл болох орон сууцыг бэлэглэлээр нэхэмжлэгчийн эзэмшилд бодитоор шилжүүлсэн үйл баримт нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйл болон 110 дугаар зүйлд заасныг үндэслэн тэдний хооронд үүссэн гэрээний үүргийг буюу нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.3 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангаагүй нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.
6. Хариуцагч нь маргааны зүйл болох дээрх орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшлээс буцаан авч, бусдад 102,000,000 төгрөгөөр худалдсан /1хх 72-73/ байх тул нэхэмжлэгч нь бэлэглэлийн гэрээний үүргийг тухайн мөнгөн дүнгээр хариуцагчаас шаардсаныг буруутгахгүй. Нөгөөтэйгүүр, хариуцагч уг шаардлагын үндэслэлийг баримтаар үгүйсгээгүй. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 102,000,000 төгрөг шаардах эрхтэй.
7. Нэхэмжлэгч нь дугаартай бакалаврын дипломын эх хувийг хариуцагчид өгсөн гэх шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас уг хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас дахь барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын бүртгэл дэх ******* ХХК-ийн бүртгэлээс *******ын бүртгэл, дипломын мэдээллийг хасуулахыг хариуцагч ******* ХХК-д даалгаж шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд үндэслэн энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй. Харин анхан шатны шүүх уг шаардлагад хамаарах Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийг баримтлаагүйг зөвтгөж, нэмнэ.
9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас 102,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2024/05079 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-аас 102,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, дахь барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын бүртгэл дэх ******* ХХК-ийн бүртгэлээс *******ын бүртгэл, дипломын мэдээллийг хасуулахыг хариуцагч ******* ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх -ийн дугаартай бакалаврын дипломын эх хувийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтын 70,200 гэснийг 738,150 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 738,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
М.БАЯСГАЛАН