Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 312

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Ч.Б,

Хариуцагч: Н З Д, *** дүүргийн Засаг дарга, 

Нэхэмжлэлийн шаардлага: “*** дүүргийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/348 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/796 дугаар дзахирамжийн Ч.Од холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Ч.Бг *** дүүргийн ** дугаар хорооны ** хотхон *** тоотод байрлах 500 м.кв газрын хууль ёсны ашиглагч эзэмшигч болохыг тогтоолгох” 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Ж, хариуцагч *** дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Б.Э, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, гуравдагч этгээд Ч.О, түүний өмгөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ганзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Б нь нийслэлийн Засаг даргын 2002 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай 405 дугаар захирамжийн дагуу *** дүүргийн ** дугаар хороонд амины орон сууцны зориулалтаар 500 м.кв газрыг ашиглалтандаа авч улмаар 6009/0072 тоот газар ашиглах гэрээг 2002 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн хот байгуулалт, газрын харилцааны газартай байгуулж өнөөдрийг хүртэл хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсээр ирсэн нь Ч.Бгийн *** дүүргийн ** дугаар хорооны ** хотхон *** тоотод байрлах 500 м.кв газрын хууль ёсны ашиглагч эзэмшигч болохыг нотолж байна. Гэтэл Ч.Бгийн ашиглалтад зориулагдаж эрх бүхий байгууллагаас олгосон дээрх газрыг итгэж найдан уг газрын манаачаар үлдээгээд явсан Ч.О нь хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авсаныг мэдсэний улмаас холбогдох байгууллагуудад зөрчил арилгуулах хүсэлт хүргүүлсэн боловч тодорхой арга хэмжээ авсангүй. Энэ үйлдэл нь Ч.Бгийн газар эзэмших эрхийг ноцтой зөрчиж байгаа тул *** дүүргийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/348 дугаар газар эзэмшүүлэх захирамж, нийслэлийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/796 дугаар газар өмчлүүлэх захирамжуудын Ч.Од холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Дээрх газар нь хууль ёсоор Ч.Б миний ашиглалтад зориулагдаж эрх бүхий этгээдээс олгогдсон бөгөөд хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж уг газрын хууль ёсны ашиглагч хэвээр байхад *** дүүргийн Засаг дарга болон нийслэлийн Засаг даргын гаргасан дээрх захирамжууд нь иргэн миний хуулиар олгогдсон газар ашиглах эрхийг зөрчиж байна.

Нийслэлийн хот байгуулалт, газрын харилцааны газартай байгуулсан 2002 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 6009/0072 дугаар газар ашиглах гэрээний 6.2-т “гэрээ байгуулагч тал үндэслэлтэй гэж үзвэл уг гэрээг хэдийд ч дуусгавар болгох эрхтэй боловч нөгөө талдаа 1 сараас доошгүй хугацааны өмнө мэдэгдэх ёстой” гэж талууд тохиролцсон байгаа бөгөөд иргэн Ч.Бд газар ашиглах эрх дуусгавар болсон талаар өнөөдрийг хүртэл *** дүүргийн Засаг дарга болон Н З Дас нэг ч удаа мэдэгдээгүй байгаа тул иргэн Ч.Бд олгосон газрын хууль ёсны ашиглагч мөн гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хуульчилсан бөгаад 31.3-д “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж хуульчилсан байхад Ч.Од өмчлүүлсэн *** дүүргийн ** дугаар хороо Алтантэвш *** тоотод байрлах 654 м.кв газар нь миний эзэмшлийн *** дүүргийн ** дугаар хороо, Алтантэвш *** тоотод байрлах 500 м.кв газартай давхцуулан олгогдсон байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Түүнчлэн нийслэлийн Засаг даргын 2002 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай 405 дугаар захирамжийн хоёр дахь хэсэгт “газар эзэмших, ашиглах эрх нь баталгаажигдсан иргэдтэй гэрээ байгуулж, гэрчилгээ олгон хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн хот байгуулалт, газрын харилцааны газарт даалгасугай” гэж захирамжилсан байхад одоог хүртэл гэрчилгээжүүлээгүй холбогдох бүртгэлийн ажлыг гүйцэтгээгүй, гүйцэтгэсэн бол хэрэгжилтэнд тавих хяналт алдагдаж газрыг давхардуулан өөр хүний өмчлөлд шилжүүлсэн байгаа нь *** дүүргийн Өмч, газрын харилцааны алба болон Нийслэлийн өмчийн харилцааны газрын буруутай үйлдэл юм. Төрийн байгууллагын дутуу дулимаг ажиллагааны улмаас иргэдийн хуулиар олгогдсон эрх зөрчигдөж байгаад гомдолтой байна” гэв. 

Хариуцагч Н З Дас шүүхэд ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*** дүүргийн ** дугаар хороонд 500 м.кв хашааны газрыг иргэн Ч.Од *** дүүргийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/348 дугаар захирамжаар эзэмшүүлж шийдвэрлэсэн байна. Дүүргийн Засаг даргын эрх хэмжээнийхээ дагуу эзэмшүүлж шийдвэрлэсэн уг захирамжийг үндэслэж нийслэлийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/796 дугаар газар өмчлүүлэх захирамжаар уг газрыг өмчлүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2002 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 405 дугаар захирамжаар *** дүүргийн ** дугаар хороонд 500 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар нэхэмжлэгч Ч.Бд Нийслэлийн хот байгуулалт, газрын харилцааны газрын техникийн зөвлөлийн хурлаар уг газрыг ашиглуулахаар шийдвэрлэж, 2002 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хоёр жилийн хугацаатай газар ашиглах гэрээг байгуулж байсан байна. Манай мэдээллийн сан дахь газрын байрлын кадастрын зурагт 1864731015**** нэгж талбарын дугаартай маргаан бүхий хашааны газар нь иргэн Ч.Оийн нэр дээр байгаа бөгөөд ямар нэг давхцалгүй байна. Иргэн Ч.О нь Газрын тухай хуульд заасны дагуу уг газрыг эзэмших, өмчлөхөөр гаргасан хүсэлтийг үндэслэж *** дүүргийн Засаг даргын 2014 оны А/348 дугаар захирамжаар эзэмшүүлж, нийслэлийн Засаг даргын 2014 оны А/796 дугаар захирамжаар өмчлүүлж шийдвэрлэсэн нь хууль ёсны дагуу байгаа тул иргэн Ч.Бгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Анх нэхэмжлэгчид нийслэлийн Засаг даргын 2002 оны 405 дугаар захирамжаар 2 жил газар ашиглах эрх олгосон. Нэхэмжлэгчийн хувьд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй учраас газар ашиглах эрх дуусгавар болох ёстой. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан “хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд өргөдөл гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ. Нэхэмжлэгчийн хувьд хуульд заасан ямар эрх ашиг нь хөндөгдөөд байгаа нь тодорхойгүй байна.

Тухайн газар дээрх нэхэмжлэгчийн газар ашиглах эрх дуусгавар болсноор тухайн газрыг өөр хэн нэгэн этгээдэд эзэмшүүлж, ашиглуулах эрх нээлттэй байгаа бөгөөд хэн нэгний газартай давхцуулж газрыг эзэмшүүлж, өмчлүүлээгүй тул гуравдагч этгээдийн газар өмчлөх эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Газрын тухайн хуульд зааснаар газар эзэмшигч газрын төлбөрийг жил бүр төлж, тооцоо нийлсэн актыг үйлдэх үүрэгтэй байгаа. Газрын төлбөр манай данс руу шууд төлдөг тул авч байгаа үйлдлийг бид шууд зогсоох боломжгүй. Харин энэ төлсөн төлбөрөө Ч.Б буцаан авах боломжтой.

Гуравдагч этгээдийн газар дээр хэн нэгний газартай давхцуулж газар эзэмших, өмчлөх эрх олгоогүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасны дагуу нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзнэ. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч *** дүүргийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... нийслэлийн Засаг даргын 2002 оны 405 дугаар захирамжаар *** дүүргийн ** дугаар хороонд амины орон сууцны зориулалтаар 500 м.кв газрыг ашиглалтандаа авч улмаар 6009/0072 тоот газар ашиглах гэрээг Нийслэлийн хот байгуулалт, газрын харилцааны газартай байгуулсанаар тус газрын хууль ёсны ашиглагч/эзэмшигч болохыг нотолж байна ... гэж дурджээ.  Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг ойлгоно гэж заасан байна. Иймд хуульд зааснаар нэхэмжлэгч тухайн газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэх эрхтэй байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 3.1.7-д “Газрын тухай хуулийн дагуу Монгол Улсын иргэн аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг ойлгоно” гэж заасан байна. Нэхэмжлэгчийн хувьд газар ашиглах гэрчилгээтэй ба энэ нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан эрхийн гэрчилгээ болохгүй юм. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуульд зааснаар иргэн нь газар эзэмших хүсэлтээ гаргаж, түүний дагуу дүүргийн Засаг дарга хуульд заасан шаардлага хангасан тохиолдолд газрыг газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшүүлдэг. Иймд нэхэмжлэгч нь зөвхөн газар ашиглах гэрээ байгуулсан үндэслэлээр тухайн газрын эзэмшигч болохгүй юм.

Иргэн Ч.О нь дүүргийн Өмч, газрын харилцааны албанд 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр *** дүүргийн ** дугаар хороо, *** тоотод 2000 оноос хойш амьдарч байгаа хэмээн газар эзэмших хүсэлт гаргасан ба энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж байсан тул иргэний ахуйн зориулалтаар дүүргийн Засаг даргын 2014 оны А/348 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн байна. Иймд дүүргийн Засаг даргын захирамж нь хууль ёсны дагуу үндэслэлтэй байх тул 2014 оны А/348 дугаар захирамжийн Ч.Од холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаас харахад газар ашиглах эрхийг сэргээлгэхээр дурдсан нь тухайн газраа эзэмших хүсэлтэй биш зөвхөн иргэний хувьд газар ашиглах гэрээний нэг тал байх хүсэл зоригтой байгаа нь харагдаж байна. Энэхүү шаардлага нь иргэний эрх зүйн журмаар шийдвэрлэгдэх хэрэг тул Захиргааны хэргийн шүүхээс гарах шийдвэрт хамаарахгүй юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1.1-д заасан үндэслэлээр энэ шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Ч.О болон түүний өмгөөлөгч Л.Б нар шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.О миний бие 1992 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумаас Улаанбаатар хотод шилжин ирж Баянгол дүүрэгт амьдарч байгаад 2003 оноос *** дүүргийн ** дугаар хороо 9-484 тоотод амьдарч эхэлсэн. Улмаар 2005 онд хоосон хашаа зарна гэсэн зарын дагуу *** дүүргийн ** дугаар хорооны ** *** тоот хашааг цагаан гэрчилгээний хамт 3 сая 500 мянган төгрөгөөр худалдан авч, өнөөдрийг хүртэл нийт 11 жил 3 хүүхдийн хамт амьдарч байгаа гэдгийг *** дүүргийн ** дугаар хорооны Засаг даргаас гаргаж өгсөн тодорхойлолтоор нотлогдох болно. Улмаар худалдан авсан хашааны газраа өмчилж авахаар хуулийн дагуу холбогдох бүх бичиг баримтаа бүрдүүлж 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/348 тоот газар эзэмшүүлэх тухай захирамж гарч газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Мөн нийслэлийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/796 тоот газар өмчлүүлэх захирамж гарч газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч хууль ёсны өмчлөгч болсон билээ. Ч.О миний бие нэхэмжлэл гаргасан 

Ч.Б гэх иргэнийг огт танихгүй, мэдэхгүй, хараа ч үгүй ямар нэгэн байдлаар манаачаар ажиллаж гэрээ хийж цалин хөлс авч байгаагүй. Иргэн Ч.Б нь хэрэв энэ газрыг хууль ёсны дагуу өмчилж авсан юм бол энэ олон жил газраа эзэмшиж ашиглахгүй хаагуур явж байсныг би үнэхээр ойлгохгүй байна. Тиймээс худалдан авч, эзэмшиж байгаад өмчилж авсан өмчид маань санаархаж нэр төрд халдан худал үгээр гүтгэн гүжирдэж байгаа тул иргэн Ч.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч Ч.Бгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Нэхэмжлэгч Ч.Б тус шүүхэд “*** дүүргийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/348 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/796 дугаар захирамжийн Ч.Од холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, Ч.Б нь Нийслэлийн хот байгуулалт, газрын харилцааны газартай байгуулсан 6009/0072 тоот гэрээний дагуу *** дүүргийн ** дугаар хорооны ** хотхон *** тоотод байрлах 500 м.кв газрыг 2002 оноос хойш 14 жил ашиглаж эзэмшиж байсан хууль ёсны ашиглагч эзэмшигч болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

          Нийслэлийн Засаг даргын 2002 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 405 дугаар захирамжаар Ч.Бд *** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны зориулалтаар 500 м.кв газрыг 2 жилийн хугацаагаар ашиглуулж, 2002 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 6009/0072 дугаар газар ашиглах гэрээ байгуулжээ.

           Дээрх газарт *** дүүргийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/348 дугаар захирамжаар Ч.Од тус дүүргийн ** хороо, ** *** тоот, 654 м.кв газрыг эзэмшүүлсэн нь газрын нэгдсэн мэдээллийн санд 1864731015**** нэгж талбарын дугаартай бүртгэгдсэн байна.

Ч.Бгийн ашиглах эрхийн гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан гэх *** дүүргийн ** дугаар хорооны ** хотхон *** тоотод байрлах 500 м.кв газар нь гуравдагч этгээд Ч.Оийн эзэмшлийн 654 м.кв газартай 494 м.кв хэмжээгээр давхцалтай болох нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1/434 дүгээр албан бичгээр ирүүлсэн мэдээллийн сангийн зураг болон маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр нотлогддог.

*** дүүргийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/348 дугаар захирамжаар хуульд заасан журмын дагуу мэдээллийн сан дахь газрын байршлын кадастрын зурагт ямар нэг давхцалгүй 654 м.кв газрыг Ч.Од эзэмшүүлсэнийг үндэслэж, нийслэлийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/796 дугаар захирамжаар Ч.Оийн эзэмшлийн газрыг өмчлүүлж, 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 0****** дугаар газар өмчлүүлэх шийдвэр гарсан байна.

*** дүүргийн Засаг даргаас *** дүүргийн Өмч, газрын харилцааны албанд Ч.Оийн газар эзэмшихийг хүссэн хүсэлт, мөн ** дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэргийг үндэслэн тус дүүргийн ** хороо, ** *** тоот, 654 м.кв газрыг иргэний ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч Ч.Бгийн газар ашиглах, эзэмших эрхийг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

Учир нь нэхэмжлэгч Ч.Б Нийслэлийн хот байгуулалт, газрын харилцааны газартай 2002 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 6009/0072 дугаар газар ашиглах гэрээг хоёр жилийн хугацаатай  байгуулсан бөгөөд гэрээний хугацаа дууссанаас хойш Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй учраас газар ашиглах эрх дуусгавар болсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 3 дугаар зүйлийн 3.1.4-т "газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг” ойлгоно гэж заажээ. 

Нэхэмжлэгч Ч.Б 2002 онд 2 жилийн хугацаатай байгуулсан  газар ашиглах эрхийн гэрээгээр 14 жил хуулийн дагуу газар ашиглаж эзэмшсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарладаг. Гэтэл одоо мөрдөгдөж байгаа Газрын тухай хууль 2003 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд  Ч.Бгийн 2002 онд байгуулсан газар ашиглах гэрээний үндсэн дээр газар эзэмших эрх үүсэхгүй, Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших хүсэлтээ гаргасны дагуу тухайн шатны Засаг дарга хуульд заасан шаардлага хангасан тохиолдолд хүсэлт гаргасан газрыг газар эзэмших эрхийн гэрчилгээний

 

үндсэн дээр эзэмшүүлэхээр зохицуулжээ. 

Ч.Б нь “...2002 оноос маргаан бүхий газрыг ашиглалтандаа авсан газрыг манаачаар үлдээгээд явсан Ч.О нь хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан” гэх тайлбарыг гаргаж байгаа боловч Ч.Оийг манаачаар ажиллуулсан нь нотлогддогүй, түүнчлэн гэрчийн мэдүүлгээр Ч.Б маргаан бүхий газарт хашаа барьсан гэх боловч 2002 оноос Ч.Оийг эзэмших хүртэл хугацаанд уг газрыг хэрхэн ашиглаж байсан нь тогтоогдохгүй байна.

Түүнчлэн Ч.Бгийн 2003-2016 онд газрын төлбөр төлсөн тооцоо нийлсэн актыг Нийслэлийн өмчийн харилцааны газраас гаргаж ирүүлсэн боловч зөвхөн газрын төлбөрийн төлснөөр газар эзэмшиж байсан гэж үзэх боломжгүй бөгөөд энэхүү төлбөр нь газар эзэмших гэрээний үндсэн дээр төлөгдөөгүй 2002 онд байгуулсан газар ашиглах гэрээний үндсэн дээр төлж байсан төлбөр бөгөөд хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ ... нэхэмжлэгч Ч.Б газрын төлбөрөө манай данс руу шууд төлдөг тул энэ үйлдлийг бид шууд зогсоох боломжгүй. Холбогдох данснаас буцаан гаргуулах боломжтой ...” талаар дурдсан.

         Иймд нэхэмжлэгч Ч.Бгийн хүчингүй болгуулахаар гаргасан *** дүүргийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/348 дугаар захирамжийн иргэн Ч.Од холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/796 дугаар захирамжийн Ч.Од холбогдох хэсгүүд нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан эрх хэмжээний хүрээнд гарсан бөгөөд нэхэмжлэгч Ч.Бгийн газар ашиглах, эзэмших эрхийг зөрчөөгүй гэж үзлээ.

         Дээрх нөхцөл байдлуудыг дүгнээд нэхэмжлэгч Ч.Бгийн гаргасан “*** дүүргийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/348 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/796 дугаар дзахирамжийн Ч.Од холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Ч.Бг *** дүүргийн ** дугаар хорооны ** хотхон *** тоотод байрлах 500 м.кв газрын хууль ёсны ашиглагч эзэмшигч болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 44 дүгээр зүйлийн 44.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Бгийн гаргасан “*** дүүргийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/348 дугаар захирамжийн иргэн Ч.Од холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/796 дугаар захирамжийн Ч.Од холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”, “Ч.Б нь Нийслэлийн хот байгуулалт, газрын харилцааны газартай байгуулсан 6009/0072 тоот гэрээний дагуу *** дүүргийн ** дугаар хорооны ** хотхон *** тоотод байрлах 500 м.кв газрыг 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 14 жил ашиглаж эзэмшиж байсан хууль ёсны ашиглагч, эзэмшигч мөн болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны  хэрэг   шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН