Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 119/2018/0025/З |
Дугаар | 221/МА2020/0030 |
Огноо | 2020-01-08 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2020/0030
“Ц а х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т, хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нарыг оролцуулан Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ц а х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, тус аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр: “...Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 20 дугаар зүйлийн 20.2.1, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 48 дугаар зүйлийн 48.2.1, 85 дугаар зүйлийн 85.1, 85.2 дахь заалтуудыг тус тус баримтлан “Ц а х" ХХК-ийн Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дугаар “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газарт холбогдуулан гаргасан “Ц а х” ХХК-тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй байгаа, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/193 дугаартай “Газар албадан чөлөөлөх тухай” захирамжийг хууль бус тул хүчингүй болгож, газар албадан чөлөөлснөөс учирсан хохирол 3,800,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “Ц а х” ХХК-ийн Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дугаар захирамжийг биелүүлэхээр Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар чөлөөлөхөөр явуулсан үйл ажиллагааг хууль бусад тооцох-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д газар эзэмших эрх дуусгавар болох 5 тохиолдолыг заасан бөгөөд “Ц а х” ХХК-ийн хувьд Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 074 дугаар сарын 08-ны өдрийн А/378 дугаар захирамжаар олгогдсон газар эзэмших эрхийн зөрчил гаргаагүй. Газрын тухай хуульд заасан газар эзэмшигчийн үүргээ огт зөрчил зүйл гаргаагүй. Гэтэл А/259 дүгээр захирамжаар “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” газар эзэмшигчийн үүргээ зөрчсөн мэтээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй.
Газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох болон газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай хоёр ойлголт нь эрх зүйн үр дагаврын хувьд ялгаатай талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Мөн нөгөө талаас эзэмшүүлсэн 700 м.кв газрыг эзэмшүүлсэн талаарх захиргааны үйл ажиллагаанд хэн нэгэн этгээдээс гомдол гаргаагүй шүүх анхаарч үзээгүй. Сонсох ажиллагааг огт хийгээгүй байтал шүүх сонсох ажиллагааг хийсэн мэт дүгнэлт хийсэн нь буруу болсон.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршдог байтал Шүүх хэт нэг талыг буюу Засаг даргыг хамгаалсан шийдвэр гаргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй тайлбарыг шүүх хариуцагчийг өмгөөлөх дүгнэлтийг өөрөө зохион бичиж дүгнэлт хийсэн байна.
Мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан захиргааны актыг хянах учиртай байтал нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлсэн Орхон аймгийн Засаг даргын газар эзэмшүүлэх тухай захирамжийг хянаж дүгнэлт хийсэн нь захиргааны хэргийн шүүхийн зорилгод үл нийцнэ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Ц а х” ХХК-аас “Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн А/259 дүгээр захирамж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/193 дугаар “Газар албадан чөлөөлөх тухай” захирамжийг тус тус хүчингүй болгуулах, газар албадан чөлөөлснөөс учирсан хохирол 3,800,000 төгрөгийг гаргуулах, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахгүй байгаа, газар эзэмших гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль болохыг тогтоож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ гаргаж өгөхийг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн А/259 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3/г/, 29.2, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчид аймгийн Засаг даргын 2016 оны А/378 дугаар захирамжаар “Уурхайчин” багийн нутаг дэвсгэр Хүнсний захын хойд талд 700 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг тус тус зөрчсөн гэж үзэн “Ц а х” ХХК-д эзэмшүүлсэн дээрх газрыг хүчингүй болгосон байна.
Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ Газрын тухай хууль тогтоомж, ...ыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө ...уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно”, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-д заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”, 33 дугаар зүйлийн 33.4-д “... аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд, хариуцагч нарын гаргасан тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч компанид “Уурхайчин” багийн нутаг дэвсгэр Хүнсний захын баруун хойд талд олгосон 700 м.кв газар нь Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Газрын харилцааны талаар 2016 онд баримтлах үйл ажиллагааны чиглэл батлах тухай” 3 дугаар тогтоолд худалдаа үйлчилгээний зориулалтаар иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэхээр тусгагдаагүй нь тогтоогдсон төдийгүй нэхэмжлэгчээс эзэмшихийг хүсэж буй газар нь Газрын тухай хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалт тул дээрх хуулийн зохицуулалтаар аймгийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар газар эзэмшүүлэхээр зохицуулсан байтал уг хуулийг зөрчсөн, нэхэмжлэгчид 700 м.кв газрын эзэмших эрх хуульд заасан журмын дагуу үүсээгүй болох нь тогтоогджээ.
Өөрөөр хэлбэл, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй газарт дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт зарлах боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2014 онд сонгон шалгаруулалтад ороод шалгарсан гэх тайлбар нь энэхүү маргаан бүхий 700 м.кв газартай хамааралгүй, 2014 оны А/502 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газартай хамааралтай байх тул энэ тохиолдолд нэхэмжлэгч компанийг Газрын тухай хуульд заасны дагуу төсөл шалгаруулалтаар газар эзэмшсэн гэж үзэх үндэслэлгүй.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, 34.2-т “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан ба нэхэмжлэгч нь хариуцагчтай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээгээ аваагүй байх тул “Ц а х” ХХК-ийг газар эзэмших эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй юм.
Мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоохоор хуульчилсны дагуу Орхон аймгийн Засаг дарга нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн А/378 дугаар захирамжийн холбогдох хэсэг нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн болох нь дээрх байдлаар тогтоогдож байх тул хариуцагч өөрийн гаргасан захирамжаа хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн “...сонсох ажиллагааг огт хийгээгүй байтал шүүх сонсох ажиллагааг хийсэн мэт дүгнэлт хийсэн” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчим буюу бусдын эрх, хууль, ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах зарчим энэхүү тохиолдолд хэрэгжүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй бөгөөд “Ц а х” ХХК нь маргаан бүхий газрын хууль ёсны газар эзэмшигч биш тул түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдаагүй буюу маргаан бүхий газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж дүгнэж буй энэ тохиолдолд үндсэн нэхэмжлэлийг даган гарсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/193 дугаар “Газар албадан чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулах, газар албадан чөлөөлснөөс учирсан хохирол 3,800,000 төгрөгийг гаргуулах, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахгүй байгаа, газар эзэмших гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль болохыг тогтоож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ гаргаж өгөхийг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагууд мөн хангагдах учиргүй.
Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тус тус төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ