Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 283

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

П.Билэгдэмбэрэлд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Л.Цэндсүрэн,

хохирогч Д.Отгонцэцэг, түүний өмгөөлөгч Б.Золзаяа,

ялтан П.Билэгдэмбэрэлийн өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг, Л.Сарангуа,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, шүүгч Б.Батболор нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан П.Билэгдэмбэрэл, түүний өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг, Л.Сарангуа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар П.Билэгдэмбэрэлд холбогдох 201626031312 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Пүрэвхүүгийн Билэгдэмбэрэл, 1997 оны 11 дүгээр сарын 29-нд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Эдийн засаг бизнесийн их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 16 дугаар байрны 18 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: УЗ97112912/;

 

П.Билэгдэмбэрэл нь 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Андууд” нэртэй караокед үйлчлүүлж байсан хүмүүстэй маргалдах явцдаа, танхайн сэдэлтээр буюу үл ялиг зүйлээр шалтаглан иргэн Д.Отгонцэцэгийн толгойн тус газарт пивоны шил шидэж, бие махбодид нь “духны шарх, дух ясны ил хугарал, тархины дух хэсэгт цус хуралт” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: П.Билэгдэмбэрэлд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Пүрэвхүүгийн Билэгдэмбэрэлд холбогдуулан Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, П.Билэгдэмбэрэлийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар П.Билэгдэмбэрэлийг 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар П.Билэгдэмбэрэлд оногдуулсан 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар ялтан П.Билэгдэмбэрэлээс 40,740 төгрөг гаргуулж хохирогч Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 5-260 тоотод оршин суух, Мөнгөт хайрхан овогт Дамбийгийн Отгонцэцэгт /РД:ШД74091007/ олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 159,260 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, энэ хэрэгт П.Билэгдэмбэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Д.Отгонцэцэг нь шаардлагатай гэж үзвэл цаашид гарах эмчилгээ үйлчилгээтэй холбоотой болон ажилгүй байсан хугацаанд олох байсан гэх цалин орлоготой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг тайлбарлаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан П.Билэгдэмбэрэлд урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан П.Билэгдэмбэрэл давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй гэж ойлгож байна. Хохирогчтой хамт байсан хоёр залууг шалгаагүй. Тэр хоёр залуу биднийг хэл амаар доромжилж намайг заамдаж аваад гараад ир гэхэд Эрдэнэмөрөн, Санчир нар намайг татан авч үлдээд та манай найзыг яах гээд байгаа юм гэж хэлсэн. Тэгээд удахгүй хохирогч Отгонцэцэг эгчтэй хамт явсан хоёр залуу хоорондоо зодолдоод пивоны шил шидэхэд нэг залуугийн гарнаас цус гарч байсан. Миний шидсэн пивоны шил хананд хагарч унахад хохирогч Отгонцэцэг яг доор нь байж таарсан болохоор намайг буруутгаж байна. Хохирогч Отгонцэцэгтэй хамт явсан хоёр залуугийн нэг нь пивоны шил шидсэн. Гэхдээ хаана хагарсан талаар мэдэхгүй байна. Тэр залуугийн шидсэн пивоны шил хаана хагарсан талаар эргэлзэж байна. Учир нь тэнд байсан бүх хүмүүсийг олж хэргийг бодитойгоор шалгаж шийтгүүлмээр байна. Миний өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авч шалгаагүй, нэг талыг барьж миний эрхийг зөрчиж байна...” гэжээ. 

 

Ялтан П.Билэгдэмбэрэлийн өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг, Л.Сарангуа нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон П.Билэгдэмбэрэлд холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэг явуулахад нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Энэ хэрэгт П.Билэгдэмбэрэлийн санааны чиг хандлага, агуулгыг тогтоож чадаагүй, хохирогчдын зүй бус ажиллагаа бүрэн гүйцэд тогтоогдоогүй, хохирогч болон түүнтэй хамт байсан хүмүүсийн мэдүүлэг зөрүүтэй, мэдүүлгийн зөрүүг гаргаагүй, маргааныг өдөөж турхирсан 2 залууг огт асуугаагүй, тэднийг эрж олох, хайх ямар нэг ажиллагаа хийхгүйгээр хүнд гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүх үндэслэлгүй дүгнэлт хийснийг зөвшөөрөхгүй.

Хэрэгт ач холбогдол бүхий хүмүүсийн мэдүүлэг зөрүүтэй байхад зөвхөн шил шидсэн нь үнэн гэж үзэн шийдвэрлэсэн нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллах цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй гэж үзнэ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих зүйлүүд нотлогдоогүй. Тухайлбал: гэмт хэрэг гарсан байдал буюу яаж үйлдэгдсэн нь тогтоогдоогүй, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр тогтоогдоогүй. Мөн шүүгдэгчийн хувийн байдал /тэмцээнд оролцдог гэсэн хэдэн батламжаас өөр зүйлгүй\ түүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцлүүд тогтоогдоогүй, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл тогтоогдоогүй юм.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар “яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэг байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно. Шүүгдэгч ялимгүй зүйлээр шалтаглаж, шалтгаангүйгээр танхайн сэдэлттэй үйлдэл хийгээгүй, харин хохирогч болон түүнтэй хамт байсан хүмүүс бусдыг илт үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрч, ичгүүр сонжуургүй авирлаж байсан бөгөөд эдгээр хүмүүст ямар нэг хариуцлага тооцсон баримт хэрэгт байдаггүй.

Хохирогч Д.Отгонцэцэгийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлттэй танилцаад эс зөвшөөрөхгүй гомдол гаргасан. Шүүх дахин шинжээч  томилох  үндэслэлээ  нотлоогүй гэж үзсэнийг зөвшөөрөхгүй. Шинжээч нь шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн бодитой хийх, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээ хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах үүрэгтэй бөгөөд шинжээч шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэх ухааны үндэслэлтэй хийсэн гэж үзэхгүй байна.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн А\216\422 дугаар тушаалаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д “гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх: Үүнд тархи гэмтсэн эсэхийг харгалзахгүйгээр толгойн аль нэг хэсгээр /хуйх, зовхи, нүд, хамар, хацар, чих, чамархай, эрүү/ гавлын хөндийд нэвтэрсэн шарх хамаарна” гэж заасан байна. Харин шинжээч “Отгонцэцэгийн духны шарх, дух ясны ил хугарал” гэж дүгнэсэн бөгөөд дух ясны хөндийн өмнөд хана дангаараа ил хугарах нь гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх болохгүй, ар ханатайгаа давхар ил хугарвал гавлын хөндий гадаад орчинтой харьцах юм. Гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх гэдэг нь тархины хатуу хальс гадаад орчинтой харьцахыг хэлнэ, мөн цус хуралт буюу энгийн ойлголтоор “хөхрөлт” нь арьс түүний доорх зөөлөн эдийн хялгасан судас гэмтэж, цус арьсан доор нэвчихийг хэлэх бөгөөд гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх мөн эсэхийг тодорхой, бодитой, тархины мэс заслын мэргэшсэн эмчийг оролцуулан шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох нь зүйтэй.

Мөрдөн байцаалтын ажиллагаа байцаан шийтгэх хуулийг зөрчсөн. 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлт гаргасан бөгөөд мөрдөн байцаагч шинжээч томилсон гэж хэлсэн. Гэтэл 2 сарын дараа хэргийн материалтай танилц гэхээр нь шинжээчийн дүгнэлтийг асуухад бүрэлдэхүүнтэй шинжээч томилох шаардлагагүй гэж үзсэн гэдгийг хэлсэн.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хүсэлтийг 5 хоногийн дотор шийдвэрлэнэ гэх бөгөөд 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хариу мэдэгдэх хуудас өгсөн. Хуульд зааснаар тогтоолыг зөвшөөрөх эсэх гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад яллах дүгнэлт үйлдэж 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр шүүхэд шилжүүлсэн. Мөн насанд хүрээгүй гэрч М.Эрдэнэмөрөнгөөс мэдүүлэг авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 145, 371-р зүйлийг зөрчиж, сурган хүмүүжүүлэгч оролцуулаагүй мөртлөө гарын үсгийг хэн нэгэн зурж хуурамч тэмдэглэл үйлдэгдсэн байх бөгөөд байцаан шийтгэх ажиллагааны зөрчлийг шүүх нөхөн гүйцэтгэсэн гэж үзсэнийг зөвшөөрөхгүй ба хуульд ингэж засаж болохыг заагаагүй, байцаан шийтгэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Энэ нь хуульд зааснаар эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах тусгай журам юм. Насанд хүрээгүй гэрч шүүхэд уг хэрэг гарсан гэх газарт өөр ширээнд хэдэн залуус маргаж, мөн пивоны шил шидсэн гэж мэдүүлсэн.

Шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн бодитой шинжилсний үндсэн дээр гаргасан тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ гэжээ. Иймд хэрэгт ач холбогдол бүхий хүмүүсийг байцаагаагүй, зайлшгүй хийвэл зохих шинжилгээг хийгээгүй, байцаан шийтгэх ажиллагааг хуурамч тэмдэглэл ашиглан, хуурамч гарын үсэг зуран явуулсан, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, шүүгдэгчийн хувийн байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй зэргийг үндэслэн анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан П.Билэгдэмбэрэлийн өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн байхад хэргийг эцэслэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөрдөн байцаалтын шатнаас шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлт гаргаж байсан. Гавлын хөндийд нэвтэрсэн шарх бол гавлын хөндий хий хуралдаж, тархи дарагдах шинж тэмдэг шинжээчийн дүгнэлтэд дурдагдах ёстой байсан. Ялтны давж заалдах гомдолд дурдсан хохирогчтой хамт явж байсан 2 залууг танихгүй, мэдэхгүй, олдохгүй байна гэдэг үндэслэлээр шалгаагүй. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, бүрэн гүйцэд шалгуулах хүсэлттэй байна...” гэв.

 

Ялтан П.Билэгдэмбэрэлийн өмгөөлөгч Л.Сарангуа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаалтын явцад бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Хүсэлтийн хариуг 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр өгөөд гомдол гаргах хугацааг харгалзахгүйгээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байсан. Үүнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Насанд хүрээгүй гэрч Эрдэнэмөрөнг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 145 дугаар зүйлд заасныг зөрчиж сурган хүмүүжүүлэгчийг оролцуулахгүй, Баярсайхан гэх багшийн гарын үсгийг зураад хуурамч баримт бүрдүүлэн байцаан шийтгэх ажиллагаа явуулсан нь шүүх хуралдаанаар засагдах ямар ч эрх зүйн орчин байхгүй. Хэргийн газар байсан хүмүүсийн мэдүүлгийг бүрэн аваагүй. Хажууд нь байсан хүмүүс маргалдаад пивоны шил шидсэн. Хана руу шидэхэд яаж яваад хохирогчийн духыг оносонг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоох шаардлагатай. Хэрвээ үндэслэлтэй гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд заасныг хэрэглэх бүрэн боломжтой. Хохирлыг бүрэн барагдуулсан, хохирогч гомдол, саналгүй гэж хэлснийг харгалзан үзнэ үү...” гэв.

 

Хохирогч Д.Отгонцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирол төлөгдсөн. П.Билэгдэмбэрэлд оногдуулсан ял шийтгэлийг багасгаж өгнө үү...” гэв.

 

Прокурор Л.Цэндсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн байцаалтын ажиллагаагаар гэрч, хохирогч нарын мэдүүлгээр П.Билэгдэмбэрэлийн шидсэн пивоны шил хананд хагарч улмаар хохирогчийн толгойн тус газар оносон гэдэг нь тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

 

П.Билэгдэмбэрэлд холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан байх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг тогтоож, дүгнэлт хийн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

П.Билэгдэмбэрэл нь 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн  2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Андууд” нэртэй караокед үйлчлүүлж байхдаа зэргэлдээ суун үйлчлүүлж байсан хүмүүстэй тааламжгүй харилцсаны улмаас маргалдаж, улмаар тухайн хүмүүс рүү шар айрагны шил шидэн, уг шил нь хананд тусан хагарч улмаар хагарсан шилний хэлтэрхий нь иргэн Д.Отгонцэцэгийн толгойг онож “...духны шарх, дух ясны ил хугарал, тархины дух хэсэгт цус хуралт...” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь:

хохирогч Д.Отгонцэцэгийн “...2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ажлаа тараад ажлынхаа газрын хүүхэн Саранчимэг, Баянаа, Мандах нарын хамт бид 4 оройны 21 цагийн орчимд “Андууд” нэртэй караокед орсон юм. Тэгээд бид 4 нэг, нэг пиво аваад уугаад сууж байсан. Мандах бүжгийн талбай дээр бүжиглэж байсан юм. Тэгээд бүжиглэж байгаад бидний өөдөөс хараад сууж байсан 4 залуугийн сандлын булан хэсэгт эрмэгдээд суутал нөгөө 4 залуугийн нэг нь ирээд Мандахыг түлхээд унагаасан юм. Тэгэхээр бид нар яаж байгаа юм бэ, та нар эмэгтэй хүнийг гээд хэлээд босгож аваад сууж байтал тэд нарын нэг нь шууд ууж байсан шилтэй пивоо шидээд, тэр нь миний толгойг оносон юм. Тэгэхэд тэр захад сууж байсан манай найз Саранчимэг хараад яаж байгаа юм бэ та нар гэж хэлээд барменыг хаалга түгжээрэй гэж хэлээд хаалгаа дотроос нь түгжээд, цагдаад дуудлага өгсөн. Тэгээд би 22 цагийн орчимд гэмтлийн эмнэлэг дээр очоод дух хэсэгтээ 6 оёдол тавиулсан. Мандахыг түлхэж унагаснаас болж л маргаан үүссэн байх. Тэдгээр залуучуудын нэг болох Билэгдэмбэрэл гэх залуу пивоны шил шидсэн. Намайг шилээр цохиулах үед миний дэргэд манай найз Саранчимэг бүгдийг харсан байсан. Гэхдээ хамт явж байсан нөгөө 3 маань харсан байгаа. Зөөгч, бармен хараагүй. Одоо би гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Дараа нь эндээс гараад хувийн эмнэлгүүдээр эмчлүүлэх болно. Би эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Хамгийн гол нь намайг эрүүл болгож өгөхийг хүсч байна...” /хх-ийн 17-19 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Андууд” нэртэй караокед Энхмандах, Саранчимэг, Баясгалан, ...манай үсчинээр жилд ганц хоёр удаа үсээ засуулдаг, зүс мэдэх, үйлчлүүлэгч залуу ...хамт орсон. Тэгээд бас караокед орсон нэг залууг ширээ хүрэлцэхгүй байна гээд манай ширээнд суулгасан. Энэ хоёр залууг сайн танихгүй, нэр усыг нь мэдэхгүй. Тухайн үед манай ажлын хамт явж байсан Энхмандах бүжиглэж явж байгаад шүүгдэгчийн ширээн дээр очоод, ширээний буланд унасан байсан. Гэтэл Энхмандахыг шүүгдэгчтэй хамт байсан бас нэг залуу нь хөлөөрөө өвдөглөж түлхэж унагаасан гэсэн. Тэгээд бид нар эмэгтэй хүнийг түлхэж унагаагаад байхдаа яадаг юм бэ, ширээндээ очоод суучих гээд хэлчихгүй яасан юм бэ гэж энэ залуучууд руу уурласан. Бид нартай хамт явж байсан залуу эмэгтэй хүнийг унагаачихлаа гээд эд нартай маргасан. Билэгдэмбэрэл пивоны шил хана руу шидэж хагарсан шилний ёроол хэсэг нь миний духыг бяцалсан. Маш их хэмжээний цус гарсан. Шүүгдэгч, бид хоёрын бол хооронд ямар нэг маргаан болоогүй. Энхмандахаас болж маргаан үүссэн. Тухайн үед зааланд бие биеэ харахаар гэрэлтэй байсан...”,

гэрч О.Нарантуяагийн “...Би 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цаг 30 минутын орчим өөрийн түрээсэлж байгаа газар болох Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Андууд” нэртэй пабаа нээсэн. Тэгээд 16 цагийн орчим гаднаас халамцуу 4 эмэгтэй, 1 эрэгтэй нар манай паб-д орж ирсэн. Тэр 4 эмэгтэй нэг нь цуг явж байсан эрэгтэй 2 над дээр ирээд Сэнгүр нэртэй 0,5 литрийн хэмжээтэй 10 шил пиво захиалсан. Тэр хүмүүс 6 дуу дуулангаа пиво ууж байхад 20 цагийн орчим гаднаас 5 хүн орж ирээд ширээнд суугаад 5 шил Сэнгүр нэртэй 0,5 литрийн пиво захиалсан. Удалгүй эхэнд орж ирсэн 4 эмэгтэй, 1 эрэгтэй нарын нэг эмэгтэй нь сүүлд орж ирсэн 5 хүний ширээн дээр байсан 1 шилтэй пивыг зөвшөөрөлгүй аваад, тухайн 5 хүний өөдөөс янз янзаар бүжиглэж, 5 хүний сууж байсан сандал дээр нь налж унаад байсан. Тэгсэн үйлчлүүлж байсан 5 хүний 3 нь тэр эмэгтэйг та зүгээр байгаач, ширээн дээрээ суугаач гэсэн чинь нөгөө эмэгтэй та нар наад сандлаа түрээслээд авсан юм уу гэж хэлээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгсэн бүжиглээд байсан эмэгтэй манай паб-д шүлсээ хаяад байхаар нь сүүлд орж ирсэн 5 хүн та үйлчилгээний газар орж ирсэн байж аятайхан үйлчлүүлээч гэсэн чинь эхний 4 эмэгтэйтэй цуг орж ирсэн нэг эрэгтэй нь тэр 5 хүн рүү та нар юу юм гэж хэлээд өөдөөс нь дайраад байхаар нь би очоод боль гэж хэлээд хооронд нь салгаад ширээ ширээнд нь суулгасан. Тэгээд удалгүй пивоны шил хананд цохиод хагарсан. Би юу болов гэж бодоод очсон чинь эхний орж ирсэн 4 эмэгтэй, 1 эрэгтэйгийн нэг нь гараараа толгойгоо бариад сууж байсан. Тэгсэн өөр нэг эмэгтэйгийн нэг нь сүүлд орж ирсэн 5 хүн рүү та нар хүний толгой хагалчихлаа гэж хэлээд бахираад, манай паб-н хаалгыг хаасан. Уг маргаан эхний орж ирсэн 4 эмэгтэй, 1 эрэгтэй нараас болж үүссэн...” /хх-ийн 10-11 тал/,

гэрч А.Санчирын “...2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 22 цагийн орчим найз Билэгдэмбэрэл, Эрдэнэмөрөн, Мөнх-Эрдэнэ бид 4 хамт “Андууд” нэртэй нийтийн караокед орсон ба ширээнд сууж байтал танихгүй 2 ах ирээд ширээн дээр чинь хамт цуг сууж болох уу гэсэн юм. Тэгэхээр нь бид нар зөвшөөрөөд нэг ширээнд суусан. Тэгсэн манай ширээний урд хэсэгт сууж байсан эгч нарын нэг эмэгтэй нь согтуу шүлсээ хаяад, микрофон авчихаад шидээд, согтуурхсан зан гаргаад байсан. Тэгээд согтуу баахан үйлдэл гаргачихаад, манай ширээн дээр буюу бид хэдийн хажууд суусан. Тэгэхэд Эрдэнэмөрөн босгох гээд гараас нь өргөөд, та одоо ширээндээ суу гэсэн юм. Тэгсэн Эрдэнэмөрөнг тэр эгчтэй хамт явж байсан нэг эгч нь ирээд шууд мөр рүү нь цохиод авсан. Тэгээд тэр ширээний эгч нартай Эрдэнэмөрөн маргалдаж эхлээд маргаан үүссэн. Тэгтэл хамт явж байсан 2 ах нь бацаануудаа яагаад байгаа юм бэ гээд босоод ирсэн чинь Билэгдэмбэрэл босож ирж хэрэлдээд, маргаан үүсээд, намайг хажуу тийшээ хараад эргээд харах хооронд Билэгдэмбэрэл хэн рүү нь бүү мэд, тэд нар руу пивоныхоо шилийг шидсэн байсан. Тэгээд дараа нь надад хэлэхдээ тэр хоёр ах руу шидэх гэж байгаад тэр эгчийг оночихсон юм гэж хэлсэн...” /хх-ийн 20-22 тал/,

гэрч Л.Саранчимэгийн “...Ингээд хэрүүл маргаан үүсээд байж байхад Саранчимэг хүүе Отгонцэцэгийг цохьчихлоо шүү дээ гээд чангаар хашгирсан. ГССҮТ-н хүлээн авах дээр очоод хүлээж сууж байгаад Отгонцэцэг 5 оёо тавиулсан. Би хүлээн авахын гадна Отгонцэцэгийг хүлээгээд байж байхад хүлээн авахын эмч Эрдэнэ гэж хүн надад ямар ч байсан 5 оёо тавиуллаа, шархны цаана юм үлдсэн юм шиг байна шүү. Томографикт үзүүлэх хэрэгтэй гэж байсан...” /хх-ийн 111-113 тал/,

гэрч А.Чинцэцэгийн “...2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Отгонцэцэг нь Гавал тархины тасагт 20 цагийн орчим өөрийн ухаантай орчиндоо харьцаатай, асуултанд хариулна, команд биелүүлнэ, биеийн байдал нь хүндэвтэр, хүлээн авах дээр ирээд анхны тусламж аваад духны хэсэгт оёдол тавигдсан байдалтай ирсэн. Духны хэсэгт 2-3 см оёдолтой, шарх үрэвсэлтэй байсан учир хагалгааг хойшлуулсан. Ингээд 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр гавал тархины мэс засалд орсон. Отгонцэцэгийн духны цөмөрсөн хэсэг компьютер томографийн шинжилгээг үндэслэн шархыг угааж, духны хөндий рүү 0,8 см цөмөрсөн ясыг авч тархи дарагдсаныг чөлөөлөх мэс ажилбар хийгдсэн. Тухайн үед Отгонцэцэгийн мэс заслын үед цөмөрсөн ясны эрмэгийг тойруулан хадуулаад ясыг жижиглэн хэсэгчлэн авсан. Отгонцэцэгийн тархины хатуу бүрхүүл хальс нь урагдаж сэмэрсэн байсан. Отгонцэцэгийн цөмөрсөн хэсэг нь их эрсдэлтэй хэсэг бөгөөд тархины шулуун синус дээр цөмөрсөн байсан. Ингэхдээ шулуун синус хана урагдаж цус алдаагүй байсан. Цөмөрсөн ясны тархины эдэд 0,8 см хэмжээтэй +60ИИ нягтралтай цус хуралт тодорхойлогдсон. Отгонцэцэгийн цөмөрсөн ясыг тойруулан жижиглэн авсны дараа 3,0 см хэмжээтэй трепенац гавлын ясны цооног үүссэн. Хагалгааны үед Отгонцэцэгээс синусаас цус алдалт явагдаагүй. Хагалгаа амжилттай болсон...” /хх-ийн 116-118 тал/,

шинжээч Б.Ариунзулын “...Отгонцэцэгт халуурахаас өөр зовиур илрэхгүй байгаа нь гавал тархины хүнд гэмтлийг үгүйсгэх шалтгаан биш. Гол нь компьютер томографикийн зурагт дух яс гавлын хөндий рүү цөмөрч орон /0,8 см/ тархины дух хэсэгт тархины эдэд цус хурсан байдал илэрсэн нь гэмтлийн хүнд зэрэг тогтоох үндэслэл юм. Отгонцэцэгийн духанд шарх, дух ясны гавлын хөндий рүү цөмөрсөн хугарал, хугарлын харалдаа тархины дух хэсгийн эдэд цус хуралт үүссэн нь гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх үүссэнийг харуулж байна...” /хх-ийн 100-105 тал/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 13468 дугаар “...Д.Отгонцэцэгийн духны шарх, дух ясны ил хугарал, тархины дух хэсэгт цус хуралт үүсчээ. Дээрх гэмтэл хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23 тал/,

хохирогч Д.Отгонцэцэгийн толгойн хэсгийн оёдол хийлгэсэн байдлыг харуулсан гэрэл зураг /хх-ийн 26-27 тал/,

хохирогч Д.Отгонцэцэгийн өвчний түүх /хх-ийн 29-44, 50-62 тал/ зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

П.Билэгдэмбэрэл нь 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн  2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Андууд” нэртэй караокед үйлчлүүлж байхдаа зэргэлдээ суун үйлчлүүлж байсан хүмүүстэй тааламжгүй харилцсаны улмаас маргалдаж, улмаар тухайн хүмүүс рүү шар айрагны шил шидэн, уг шил нь хананд тусан хагарч улмаар хагарсан шилний хэлтэрхий нь иргэн Д.Отгонцэцэгийн толгойг онож “...духны шарх, дух ясны ил хугарал, тархины дух хэсэгт цус хуралт...” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд заасан “...Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан...” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн агуулсан байх тул анхан шатны шүүхийн П.Билэгдэмбэрэлийн үйлдлийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хохирогчийн хохирол болон гэм хорын хохирлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна.

 

Харин давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Д.Отгонцэцэгийн “...П.Билэгдэмбэрэл хохирол төлсөн, ял шийтгэлийг багасгаж өгнө үү...” гэсэн хүсэлт, ялтан П.Билэгдэмбэрэлийн анх удаа хорих ялаар шийтгэгдэж байгаа хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

            Давж заалдах гомдлыг хянавал:

 

            П.Билэгдэмбэрэлийн Д.Отгонцэцэгийн толгойд учруулсан “...духны шарх, дух ясны ил хугарал, тархины дух хэсэгт цус хуралт...” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын “гэмтлийн хүнд зэргийг тогтоох шалгуур” гэсэн хэсгийн 3.1.1 дэх заалтад заасан “...гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх: үүнд тархи гэмтсэн эсэхийг харгалзахгүйгээр толгойн аль нэг хэсгээр гавлын хөндийд нэвтэрсэн шарх хамаарна...” гэсэн шалгуурт хамаарагдах гэмтэл болох нь:

түүний толгойд мэс засал хийсэн эмч А.Чинцэцэгийн гэрчээр мэдүүлсэн “...2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Отгонцэцэг нь Гавал тархины тасагт 20 цагийн орчим өөрийн ухаантай орчиндоо харьцаатай, асуултанд хариулна, команд биелүүлнэ, биеийн байдал нь хүндэвтэр, хүлээн авах дээр ирээд анхны тусламж аваад духны хэсэгт оёдол тавигдсан байдалтай ирсэн. Духны хэсэгт 2-3 см оёдолтой, шарх үрэвсэлтэй байсан учир хагалгааг хойшлуулсан. Ингээд 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр гавал тархины мэс засалд орсон. Отгонцэцэгийн духны цөмөрсөн хэсэг компьютер томографийн шинжилгээг үндэслэн шархыг угааж, духны хөндий рүү 0,8 см цөмөрсөн ясыг авч тархи дарагдсаныг чөлөөлөх мэс ажилбар хийгдсэн. Тухайн үед Отгонцэцэгийн мэс заслын үед цөмөрсөн ясны эрмэгийг тойруулан хадуулаад ясыг жижиглэн хэсэгчлэн авсан. Отгонцэцэгийн тархины хатуу бүрхүүл хальс нь урагдаж сэмэрсэн байсан. Отгонцэцэгийн цөмөрсөн хэсэг нь их эрсдэлтэй хэсэг бөгөөд тархины шулуун синус дээр цөмөрсөн байсан. Ингэхдээ шулуун синус хана урагдаж цус алдаагүй байсан. Цөмөрсөн ясны тархины эдэд 0,8 см хэмжээтэй +60ИИ нягтралтай цус хуралт тодорхойлогдсон. Отгонцэцэгийн цөмөрсөн ясыг тойруулан жижиглэн авсны дараа 3,0 см хэмжээтэй трепенац гавлын ясны цооног үүссэн. Хагалгааны үед Отгонцэцэгээс синусаас цус алдалт явагдаагүй. Хагалгаа амжилттай болсон...” /хх-ийн 116-118 тал/,

шинжээч Б.Ариунзулын “...Гол нь компьютер томографикийн зурагт дух яс гавлын хөндий рүү цөмөрч орон /0,8 см/ тархины дух хэсэгт тархины эдэд цус хурсан байдал илэрсэн нь гэмтлийн хүнд зэрэг тогтоох үндэслэл юм. Отгонцэцэгийн духанд шарх, дух ясны гавлын хөндий рүү цөмөрсөн хугарал, хугарлын харалдаа тархины дух хэсгийн эдэд цус хуралт үүссэн нь гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх үүссэнийг харуулж байна...” /хх-ийн 100-105 тал/ гэх мэдүүлгүүд,

“...Шинжилгээний техник: Гавал яс болон тархины эдийн 0,75 мм нарийвчлалтай гурван тэнхлэгийн дагуу зүслэгүүд болон ясны 3D компьютерт томографийн шинжилгээ хийсэн болно. Шинжилгээнд: Гавал ясны духны хэсэгт ясны хэлтэрхий бүхий 2,2х1,3 см хэмжээтэй, духны хөндий рүү 0,8 см гүн цөмөрсөн хугаралтай. Хугарлын түвшинд тархины эдэд 0,8см хэмжээтэй +60HU нягтралтай цус хуралт тодорхойлогдоно...” гэх Толгойн компьютерт томографийн шинжилгээ /хх-ийн 32 тал/,

Д.Отгонцэцэгийн өвчний түүх /хх-ийн 29-62 тал/ зэргээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ. 

 

Мөн П.Билэгдэмбэрэлийн үйлдсэн гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэх нотлох баримтууд хэрэгт хангалттай цугларсан байх тул насанд хүрээгүй М.Эрдэнэмөрөнгийн мэдүүлгийг дахин хуульд зааснаар бэхжүүлэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

П.Билэгдэмбэрэлийн хувийн байдлыг тогтоох зорилгоор түүний эцэг О.Пүрэвхүүгээс гэрчийн мэдүүлэг авсан /хх-ийн 114 тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан /хх-ийн 122 тал/, П.Билэгдэмбэрэлийн сурагчийн хувийн хэрэг /хх-ийн 131-132 тал/, бүрэн дунд боловсролын үнэмлэх /хх-ийн 133 тал/, П.Билэгдэмбэрэлийн шагнагдсан батламж, диплом, баярын бичиг, сертификат зэргийг хуулбарлан хэрэгт бэхжүүлсэн, түүний шагнагдсан шагналуудаа зүүсэн гэрэл зургийг нь хэрэгт хавсаргах зэрэг ажиллагааг  /хх-ийн 143-144 тал/ мөрдөн байцаалтад явуулжээ.  

 

Иймд  өмгөөлөгч нарын “...насанд хүрээгүй гэрч М.Эрдэнэмөрөнгийн мэдүүлгийг хуульд заасан журмаар авахуулах, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах, шүүгдэгчийн хувийн байдлыг бүрэн тогтоолгохоор хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

           

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолын:

 

            тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар П.Билэгдэмбэрэлийг 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар П.Билэгдэмбэрэлийг 3 жил 5 сар /гурван жил таван сар/ -ын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж өөрчилж,

 

            тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар П.Билэгдэмбэрэлд оногдуулсан 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар П.Билэгдэмбэрэлд оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй...” гэж өөрчилж,

 

            тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Ялтан П.Билэгдэмбэрэл, түүний өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг, Л.Сарангуа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.БАТСАЙХАН

 

                      ШҮҮГЧИД                                                             О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                                                     Д.ОЧМАНДАХ