Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 63

 

 

 

 

 

 

 

 

 

                                      

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч С.Базарханд даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, Б.Батболор нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч Л.Цэндсүрэн,

иргэдийн төлөөлөгч Ж.Долмоо,

хохирогч Д.Отгонцэцэг,

хохирогчийн өмгөөлөгч Б.Золзаяа,

шүүгдэгч П.Билэгдэмбэрэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг, Л.Сарангуа,    

гэрч А.Санчир, О.Нарантуяа,

насанд хүрээгүй гэрч М.Эрдэнэмөрөн, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Янжмаа, сурган хүмүүжүүлэгч Б.Баярсайхан,

нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Пүрэвхүүгийн Билэгдэмбэрэлд холбогдох эрүүгийн 201626031312 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Эдийн засаг бизнесийн их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 16-18 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Пүрэвхүүгийн Билэгдэмбэрэл /РД:УЗ97112912/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч П.Билэгдэмбэрэл нь 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн  2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Андууд нэртэй караокед үйлчлүүлж байсан хүмүүстэй маргалдах явцдаа, танхайн сэдэлтээр буюу үл ялиг зүйлээр шалтаглан иргэн Д.Отгонцэцэгийн толгойн тус газарт пивоны шил шидэж, биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. 

                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч П.Билэгдэмбэрэлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

   ...Би найзуудынхаа хамт 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн орой байрныхаа урд талын талбайд сагс тоглож байгаад Андууд караокед Эрдэнэмөрөн, Санчир, Мөнх-Эрдэнэ, Буянзаяа нарын найзуудын хамт орсон. Андууд караокед ороход хоёр ах бид нартай хамт суугаад, тэгээд бид нараас та нар уух юм уу гээд пиво авч өгсөн. Бид нар нэг, нэг пиво авсан байсан. Бид нарыг ороход хоёр ах байсан. Тэр хоёр ах бид нар луу муухай, муухай хараад байсан. Би тухайн үед явах хүсэлттэй байсан хэдий ч хэн нь ч дэмжээгүй. Би өөрөө пивоо уугаагүй байхад нэг эгч ирээд миний шилтэй пивыг авч уухаар нь би гайхсан.

Тэгээд караокены эгч ирээд тэр эгчийг хүний пивыг дураараа ууж болох юм уу гэхээр нь би хамаагүй ээ, уу, уу гэж хэлсэн. Тэгээд байж байтал нэг эгч тайзан дээр гарч бүжиглэж, манай найз Мөрөнгийн өвөр дээр нь суугаад байсан. Тэгээд Мөрөн тэр эгчийг суудал дээр нь суулгаж өгөх гэсэн боловч буцаж ирээд микрофоноо шидээд, шүлсээ хаяад байсан.

Ингэж болохгүй ш дээ гэж хэлэхэд энэ эгч нартай хамт явж байсан нэг ах нь босож ирээд намайг шууд заамдаад авсан. Тэгээд намайг салгахаар нь би байрандаа буцаад суусан. Тэр ах намайг үгээр идээд байхаар нь би айлгах зорилгоор пивоныхоо шилийг хана руу шидсэн. Тэр ах, хохирогч болон түүнтэй хамт явж байсан эмэгтэйчүүдийн хамт явж байсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Хохирогч Отгонцэцэгт ямар ч гэм буруу байхгүй, би таньж мэдэхгүй, ямар ч гэм буруугүй хохирогч Отгонцэцэг рүү пивоны шил шидэх шалтгаан надад байхгүй... гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч Д.Отгонцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэг өгсөн:

...2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Андууд нэртэй караокед Энхмандах, Саранчимэг, Баясгалан, бас нэг эгчтэй дөрвүүлээ орсон. Андууд караокед 2 метр орчим зайд үүдэн талаасаа хоёр дахь ширээнд суусан. Гэтэл манай үсчинээр жилд ганц хоёр удаа  үсээ засуулдаг, зүс мэдэх, үйлчлүүлэгч залуу караокены үүдэнд таараад та нар хаашаа явж байгаа юм гэхэд нь бид нар караоке орох гэж байна гээд хамт орсон. Тэгээд бас караокед орсон нэг залууг ширээ хүрэлцэхгүй байна гээд манай ширээнд суулгасан.

Энэ хоёр залууг сайн танихгүй, нэр усыг нь мэдэхгүй. Тухайн үед манай ажлын хамт явж байсан Энхмандах бүжиглэж явж байгаад шүүгдэгчийн ширээн дээр очоод, ширээний буланд унасан байсан. Гэтэл Энхмандахыг шүүгдэгчтэй хамт байсан бас нэг залуу нь хөлөөрөө өвдөглөж түлхэж унагаасан гэсэн. Тэгээд бид нар эмэгтэй хүнийг түлхэж унагаагаад байхдаа яадаг юм бэ, ширээндээ очоод суучих гээд хэлчихгүй яасан юм бэ гэж энэ залуучууд руу уурласан. Бид нартай хамт явж байсан залуу эмэгтэй хүнийг унагаачихлаа гээд эд нартай маргасан.

Билэгдэмбэрэл пивоны шил хана руу шидэж хагарсан шилний ёроол хэсэг нь миний духыг бяцалсан. Маш их хэмжээний цус гарсан. Тэгээд манай ажлын хүүхэн баарны хаалга бариулж, цагдаа дуудаад шүүгдэгчтэй хамт явсан хүмүүсийг цагдаа ирээд авч явсан. Би гэмтлийн эмнэлэгт ажлынхантайгаа очсон.

Би тухайн үед толгой өвдөөд тонгойгоод сууж байсан юм. Шүүгдэгч, бид хоёрын бол  хооронд ямар нэг маргаан болоогүй. Энхмандахаас болж маргаан үүссэн. Тухайн үед зааланд бие биеэ харахаар гэрэлтэй байсан. 21:00 цагийн үед энэ үйл явдал болсон. Бид нар бааранд орохоос өмнө 0.5 граммын архи дөрвүүлээ хувааж уусан байсан, бааранд ороод нэг нэг пиво уусан. Миний эмчилгээний зардал 2.650.000 төгрөг гарсан. Үүнээс хохиролд 2.450.000 төгрөг авсан. Миний дух бяцарсан хиймэл эрхтэн хийлгэсэн байгаа. Би түүнээс хойш ажлаа хийж чадахгүй болсон, би оюутан охинтой. Би хэрвээ ажлаа хийж байсан бол өдрийн 15.000 төгрөгийн түрээс төлөөд, өдөрт 55.000 төгрөгөөс буухгүй орлоготой ажилладаг байсан.

Иймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож ажилгүй байсан 5 сарын хугацааны  цалин орлого нэхэмжилж байна. Би энэ байдлаас болж унаж татдаг болсон. Хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувиар тогтоолгосон. Би хувиараа нийгмийн даатгал төлдөг байсан учраас группын мөнгө сард 200.000 төгрөг авдаг. Би одоо өдөр бүр бариа засал хийлгэж ардын эмчилгээ хийлгэж байгаа. Одоо эмчилгээний зардлаас үлдсэн 250.000 төгрөг, олох байсан цалин орлогод 960.000 төгрөг, бүгд 1.160.000 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Цаашид эмчилгээний зардал гарвал тухай үед нь баримтаа гаргаад нэхэмжлэх хүсэлттэй байна. Миний хувьд эрүүл мэндээр хохирсондоо  маш их гомдолтой байна .. гэсэн мэдүүлэг,

 

3. Насанд хүрээгүй гэрч М.Эрдэнэмөрөнгөөс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

...2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр би, Санчир, Мөнхөө, Билэгдэмбэрэл дөрвүүлээ байрныхаа урд сагс тоглож байгаад караокед орж дуулъя гээд Андууд нэртэй караокед орсон. Тэгээд Андууд караокед ороход 2 ах, 4 эгч сууж байсан. Тэгээд дуугаа захиалаад сууж байтал нэг эгч шүлсээ хаяад, манай ширээн дээр ирж суугаад байсан. Энэ эгч нар дундаас хамгийн их согтуу байсан эгч нь миний өвөр дээр ирж суугаад байсан.

Тэгээд би тэр эгчийг суганаас нь өргөөд ширээ рүү нь явуулах гэтэл шар үстэй эгч ирээд манай найзыг түлхлээ, цохьлоо гээд намайг түлхсэн. Тэгэхээр нь би нөгөө талын суудал руу очиж суусан. Гэтэл хамт явсан хоёр ах зодоон болж байна гэж бодсон юм байлгүй ирээд бид нар луу дайраад байсан. Та нар жаахан хүүхдүүд ах нартайгаа ингэж болохгүй гээд байсан.  Саранчимэг нь над руу дайраад байсан.

Билэгдэмбэрэл рүү 40 гаруй настай хоёр ах та нар бид нарын насан дээр ингэж явахгүй юу гээд дайраад байсан. Андууд караокены эгч ирж тэдгээр хүмүүст олон нийтийн газар ингэж болохгүй гэсэн шаардлага тавьсан. Тэгээд хоёр ахыг салгах гээд байж байтал толгой хагарчихлаа гээд Андууд караокены эгч цагдаа дуудаж, цагдаа нар ирсэн. Хохирогч тухайн үед толгойгоо барьсан байсан. Сүүлд маргаан болсны дараа Буянзаяа ирчихсэн байсан.  Буянзаяа шил шидэхэд нь байсан эсэхийг мэдэхгүй байна. Бид нар нэг, нэг шил пиво авсан байсан... гэсэн мэдүүлэг,

 

4. Гэрч О.Нарантуяагаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

...Хохирогч манай хажуу талын үсчинд ажилладаг. Шүүгдэгчийг мэдэхгүй байна. 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хохирогчтой 16:00 цагийн үед 5, 6 хүн үсчин, бас нэг танихгүй залуутай хамт манай Андууд нэртэй караокед орж ирсэн. Тэгээд удаагүй энэ хүүхдүүд орж ирсэн. Хүүхдүүд орж ирээд 3 дуу дуулаад гарах гэтэл хохирогч, түүнтэй явж байсан хүмүүс чи тэгж дуулдаг юм уу гэж турхирсан. Тэгээд хамт явж байсан залуу нь дуугүй бай, бид нар мэдэж байна гээд, Саранчимэг нь эх хүн байж, энэ хүүхдүүд рүү ууж байсан пивоныхоо шилийг гарынхаа салаанд хийчихээд май май гээд муухай үйлдэл гаргаад байсан.

Хүүхдүүд дуугүй суугаад байсан. Бас нэг эмэгтэй хүүхдүүдийн ширээн дээр очиж, ууж байсан пивыг авч уугаад, шүүгдэгчтэй хамт явж байсан хүүхдүүдийг налж унаад байсан. Тэгээд суухгүй болохоор нь би энэ хүүхдүүд 3 дуу дуулчихаад гарна, та нар ширээн дээрээ суу гэж хэлсэн. Та нар чимээгүй суу гэхэд л тал талаас орилоод босоод ирсэн. Би дунд нь зогсож байсан. Би буруу хараад зогсож байтал тас хийсэн дуу гарахаар нь юу болов, яасан хаалгаа хаагаарай, цагдаа дуудаарай гэсэн. Би буруу харж байсан болохоор хэн нь шидсэнийг хараагүй. Хохирогч болон 5, 6 үсчин нь их согтуу байсан. Сүүлд орж ирсэн хүүхдүүд анх эрүүл тавуулаа орж ирсэн. Хохирогчийн толгой руу пивоны шилээр цохиогүй. Хана руу цохьсон мөр нь хүртэл байгаа. Хананд цохиод пивоны шил нь ойж шилний амсар хэсэг нь хохирогчийн духыг очиж оносон. Маргаан хохирогчтой хамт явж байсан хүмүүсээс болсон. Тухайн үед манай баарны камер эвдэрчихсэн байсан. Би ийм асуудал болсонд маш их харамсаж байна... гэсэн мэдүүлэг,

 

5. Гэрч А.Санчираас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

...2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Мөнх-Эрдэнэ, Билэгдэмбэрэл, Эрдэнэмөрөн бид Андууд нэртэй пабад 22:00 цагийн орчимд орсон. Бид нар хоёр ахтай танилцаж, хамт нэг ширээнд суусан. Тэгээд бид нар нэг, нэг пиво захиалаад сууж байсан. Урд талын ширээнд сууж байсан эгч нар, хоёр ах нилээд согтуу байсан. Тэгээд хохирогчтой хамт явж байсан нэг эгч нь бид нарын ширээн дээр ирж, бид нарын ууж байсан пивыг авч ууж, дуулж байсан микрофоноо авч шидээд  байсан. Тэгэхээр нь Эрдэнэмөрөн ширээн дээр нь суулгах гээд гарнаас нь өргөх гэтэл шар үстэй эгч ирээд Эрдэнэмөрөнг алгадаад авсан. Тэгээд хохирогчтой хамт байсан хоёр ах та нар муу мангар бацаанууд яагаад байгаа юм бэ гээд  Билэгдэмбэрэл рүү дайраад хэрүүл хийсэн.  Баарны эзэн цагдаа нарыг дуудаж, цагдаа нар ирсэн. Манай хажуу талын ширээний ах нар муудалцаад, ах нар пивоны шилээр гараа зүссэн байсан. Би түүнийг хараад байж байсан. Би пивоны шил шидсэнийг хараагүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв  мэдүүлэг өгсөн. Буянзаяа анх бааранд бид нартай хамт ороогүй. Анх Мөнх-Эрдэнэ, Билэгдэмбэрэл, Эрдэнэмөрөн, бид 4 бааранд орсон. Урт шар үстэй эгчээс болж маргаан эхэлсэн... гэсэн мэдүүлэг,

  

Эрүүгийн 201626031312 дугаартай хэргээс:

           

1. Хохирогч Д.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ажлаа тараад ажлынхаа газрын хүүхэн Саранчимэг, Баянаа, Мандах нарын хамт бид 4 оройны 21 цагийн орчимд Андууд нэртэй караокед орсон юм. Тэгээд бид 4 нэг, нэг пиво аваад уугаад сууж байсан. Мандах бүжгийн талбай дээр бүжиглэж байсан юм. Тэгээд бүжиглэж байгаад бидний өөдөөс хараад сууж байсан 4 залуугийн сандлын булан хэсэгт эрмэгдээд суутал нөгөө 4 залуугийн нэг нь ирээд Мандахыг түлхээд унагаасан юм. Тэгэхээр бид нар яаж байгаа юм бэ, та нар эмэгтэй хүнийг гээд хэлээд босгож аваад сууж байтал тэд нарын нэг нь шууд ууж байсан шилтэй пивоо шидээд, тэр нь миний толгойг оносон юм. Тэгэхэд тэр захад сууж байсан манай найз Саранчимэг хараад яаж байгаа юм бэ та нар гэж хэлээд барменыг хаалга түгжээрэй гэж хэлээд хаалгаа дотроос нь түгжээд, цагдаад дуудлага өгсөн. Тэгээд би 22 цагийн орчимд гэмтлийн эмнэлэг дээр очоод дух хэсэгтээ 6 оёдол тавиулсан.

Мандахыг түлхэж унагаснаас болж л маргаан үүссэн байх. Тэдгээр залуучуудын нэг болох Билэгдэмбэрэл гэх залуу пивоны шил шидсэн. Намайг шилээр цохиулах үед миний дэргэд манай найз Саранчимэг бүгдийг харсан байсан. Гэхдээ хамт явж байсан нөгөө 3 маань харсан байгаа. Зөөгч, бармен хараагүй. Одоо би гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Дараа нь эндээс гараад хувийн эмнэлгүүдээр эмчлүүлэх болно. Би эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Хамгийн гол нь намайг эрүүл болгож өгөхийг хүсч байна... гэсэн мэдүүлэг /хэргийн 17-19х/,

 

2. Гэрч О.Нарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би 2016 оны 9 сарын 25-нд 14 цаг 30 минутын орчим өөрийн түрээсэлж байгаа газар болох Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Андууд нэртэй пабаа нээсэн. Тэгээд 16 цагийн орчим гаднаас халамцуу 4 эмэгтэй, 1 эрэгтэй нар манай паб-д орж ирсэн. Тэр 4 эмэгтэйн нэг нь цуг явж байсан эрэгтэй над дээр ирээд Сэнгүр нэртэй 0,5 литрийн хэмжээтэй 10 шил пиво захиалсан. Тэр хүмүүс 6-н дуу дуулангаа пиво ууж байхад 20 цагийн орчим мөн л гаднаас 5 хүн орж ирээд ширээнд суугаад 5 шил Сэнгүр нэртэй 0,5 литрийн пиво захиалсан. Удалгүй эхэнд орж ирсэн 4 эмэгтэй, 1 эрэгтэй нарын нэг эмэгтэй нь сүүлд орж ирсэн 5 хүний ширээн дээр байсан 1 шилтэй пивыг зөвшөөрөлгүй аваад, тухайн 5 хүний өөдөөс янз янзаар бүжиглэж, 5 хүний сууж байсан сандал дээр нь налж унаад байсан.

Тэгсэн үйлчлүүлж байсан 5 хүний 3 нь тэр эмэгтэйг та зүгээр байгаач, ширээн дээрээ суугаач гэсэн чинь нөгөө эмэгтэй та нар наад сандлаа түрээслээд авсан юм уу гэж хэлээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгсэн бүжиглээд байсан эмэгтэй манай паб-д шүлсээ хаяад байхаар нь сүүлд орж ирсэн 5 хүмүүс та үйлчилгээний газар орж ирсэн байж аятайхан үйлчлүүлээч гэсэн чинь эхний 4 эмэгтэйтэй цуг орж ирсэн нэг эрэгтэй нь тэр 5 хүн рүү та нар юу юм гэж хэлээд өөдөөс нь дайраад байхаар нь би очоод боль гэж хэлээд хооронд нь салгаад ширээ ширээнд нь суулгасан.

Тэгтэл удалгүй пивоны шил хананд цохиод хагарсан. Би юу болов гэж бодоод очсон чинь эхний орж ирсэн 4 эмэгтэй, 1 эрэгтэйгийн нэг нь гараараа толгойгоо бариад сууж байсан. Тэгсэн өөр нэг эмэгтэйгийн нэг нь сүүлд орж ирсэн 5 хүн рүү та нар хүний толгой хагалчихлаа гэж хэлээд бахираад манай паб-н хаалгыг хаасан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн.

Пивоны шил амсарныхаа доод хэсэгт хагарсан байсан. Тухайн шилийг хаанаас шидсэнийг хараагүй, би тухайн үед эхний орж ирсэн 5 хүн болох 4 эмэгтэй, 1 эрэгтэй нарыг та нар болиоч гэж хэлээд байж байхад хаанаас шидсэний мэдэхгүй шил хананд цохигдсон юм. Сүүлд орж ирсэн залуучууд пиво, согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Уг маргаан эхний орж ирсэн 4 эмэгтэй, 1 эрэгтэй нараас болж үүссэн... гэсэн мэдүүлэг /хэргийн 10-11х/,

 

3. Гэрч Э.Энхмандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би 2016 оны 9 дүгээр сарын 25-нд 11:00 цагийн орчим гэрээсээ гараад өөрийн ажил болох Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Чүн гэх нэртэй газар үсчний ажлаа хийх гээд очсон. Тэгээд уг өдөр үс засуулах хүн муу байсан болохоор нь хамт ажилладаг Отгонцэцэг, Саранчимэг, Баянаа гэх хүмүүстэй хоорондоо ярьж байгаад манай гэрт юм ярьж сууя гээд бид хэд үсчний газраа хаагаад манай гэр рүү явсан. 15:00 цагийн орчимд манай гэрт орохын өмнө хаанаас авсан нь мэдэхгүй нэг дэлгүүрээс Отгонцэцэг 2 литрийн Сэнгүр нэртэй пиво аваад манай гэр рүү орсон. Тэгээд бид хэд авсан пивоо хувааж уугаад дууссан. Тэгэхээр нь Отгонцэцэг бид 2 манай гэрээс гараад, гэрийн ойролцоо дэлгүүрээс 0,75 литрийн Экс нэртэй архи, Кока Кола нэртэй 1,5 литрийн ундаа аваад, гэрт ороод авсан архи, ундаагаа хувааж уусан. Тэгээд байж байгаад 18:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Андууд нэртэй караоке паб руу орохоор болоод явсан. Андууд пабд ороод юу болсноо санахгүй байна. Би гэрээсээ гарахдаа маш их согтсон байсан... гэсэн мэдүүлэг /хэргийн 12х/,

 

4. Гэрч А.Санчирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 22:00 цагийн орчимд найз Билэгдэмбэрэл, Эрдэнэмөрөн нарын хамт Андууд нэртэй нийтийн караокед орсон. Тэгээд ширээнд сууж байтал танихгүй 2 ах ирээд ширээн дээр чинь хамт цуг сууж болох уу гэсэн юм. Тэгэхээр нь бид нар зөвшөөрөөд 6-лаа хамт суусан. Тэгээд бид хэд дуугаа захиалаад , бид 4 нэг, нэг пиво, нөгөө 2 ах бас нэг, нэг пиво аваад уугаад суусан. Тэгсэн манай ширээний урд хэсэгт сууж байсан эгч нарын нэг эмэгтэй нь согтуу шүлсээ хаяад, микрофон авчихаад шидээд, согтуурхсан зан гаргаад байсан. Тэгж согтуу баахан үйлдэл гаргачихаад, манай ширээн дээр буюу бид хэдийн хажууд суусан. Тэгээд Эрдэнэмөрөн босгох гээд гараас нь өргөөд та одоо ширээндээ суу гэсэн юм. Тэгсэн Эрдэнэмөрөнг тэр эгчтэй хамт явж байсан нэг эгч нь ирээд шууд мөр рүү нь цохиод авсан. Тэгээд тэр ширээний эгч нартай Эрдэнэмөрөн маргалдаж эхлээд маргаан үүссэн.

Тэр үед хамт явж байсан 2 ах нь бацаануудаа яагаад байгаа юм бэ гээд босоод ирсэн чинь Билэгдэмбэрэл босож ирж хэрэлдээд маргаан үүсгээд, намайг хажуу тийшээ хараад эргээд харах хооронд Билэгдэмбэрэл хэн рүү нь бүү мэд тэд нар руу пивоныхоо шилийг шидсэн байсан. Тэгээд дараа нь надад хэлэхдээ тэр 2 ах руу шидэх гэж байгаад тэр эгчийг оночихсон юм гэж хэлсэн. Тэгсэн нөгөө Эрдэнэмөрөнтэй хэрүүл хийгээд байсан эгч нь хүний толгой хагалчихлаа, цагдаа дууд гээд орилоод байсан. Тэгээд цагдаа нарыг дуудаад сууж байтал цагдаа нартай бараг зэрэг шахуу Мөнх-Эрдэнэ ороод ирсэн.

Бид нар тэр караокед дуулах зорилготой орсон. Маргаан эхлэхэд бид нар нэг, нэг пиво уусан байсан болохоор нэг их согтоогүй гайгүй байсан. Харин манай ширээнд ирж суусан эгч нилээн согтуу, бүр хөл дээрээ тогтож чадахгүй байсан, харин нөгөө ширээн дээрээ сууж байсан хэд нь гайгүй байсан. Бид нар тэр ширээн дээр суусан эгчийг түлхэж унагасан асуудал байхгүй.

Билэгдэмбэрэлэгийг шил шидэж байхыг манай найз Эрдэнэмөрөн, бас нөгөө ширээний ах, эгч нар харсан байх. Д.Отгонцэцэгийн биед учирсан гэмтлийг Билэгдэмбэрэл шил шидээд учруулсан, өөр ямар нэгэн хүн оролцоогүй, тэнд байсан хүмүүс мэдэж байгаа байх. Харин бид нартай хамт сууж байсан ах нар мэдэх үгүйг мэдэхгүй байна, нэг мэдсэн алга болсон байсан... гэсэн мэдүүлэг /хэргийн 20-22х/,

 

5. Шинжээч эмч  Б.Ариунзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Тухайн тохиолдолд үзүүлэгч Отгонцэцэг нь дүгнэлт гаргахад шаардлагатай компьютер, томографикийн зургаа авч ирсэн учраас дүгнэлт нэг өдрийн дотор гарсан. Үзлэгийн дүгнэлт гаргахад үзүүлэгчийг эмнэлгийн бодит үзлэг, биеийн үзлэг хийх шаардлагатай шинжилгээг болон компьютер томографийн зургийг шинжлэн үзэж дүгнэлтээ гаргасан бөгөөд үзлэг шинжилгээг дутуу хийсэн зүйл байхгүй.

Үзлэгийн дүгнэлтэнд болсон хэргийн товчийг мөрдөн байцаагчийн тогтоолд дурьдсан болон үзүүлэгч өөрийн өгүүлснээр бичдэг бөгөөд шинжээч эмч нь болсон хэрэгт байцаан шийтгэх мөрдөн байцаалт явуулах үүрэг хүлээхгүй. Шүүх эмнэлгийн шинжээч эмч нь АУИС-н эмчилгээний ангийг төгсөж хүний их эмч мэргэжилтэй, дээр нь шүүх эмнэлгийн нарийн мэргэжлийн тусгай эрхтэй, хүн байдаг тул хүний биед үзлэг хийж, биеийн байдлыг үнэлэн дүгнэх чадвартай. Түүнийгээ үндэслэн хуулийн дагуу гаргаж байгаа үйл явц бөгөөд заавал аль нэг эмнэлгийн байгууллагад үзэж харуулсан, хэвтэж эмчлүүлсэн бичиг баримт үндэслэх шаардлагагүйгээр дүгнэлт гаргаж болдог. Дүгнэлт гаргах үндэслэл бол шаардлагатай нэмэлт шинжилгээг хийлгэсэн байхыг шаарддаг. Тухайн тохиолдолд үзүүлэгч Отгонцэцэг нь компьютер томографийн зургаа авхуулсан байсан нь дүгнэлт гаргахад хангалттай үндэслэл болно.

Эмнэлзүйн урьдчилсан оношийг клиник эмнэлэгт тавьдаг бөгөөд шүүх эмнэлгийн дүгнэлт гаргахад эмнэлзүйн урьдчилсан онош үндэслэл болохгүй. Отгонцэцэгт халуурахаас өөр зовиур илрэхгүй байгаа нь гавал тархины хүнд гэмтлийг үгүйсгэх шалтгаан биш. Гол нь компьютер томографийн зурагт дух яс гавлын хөндий рүү цөмөрч орон (0.8 см), тархины дух хэсэгт тархины эдэд цус хурсан байдал илэрсэн нь гэмтлийн хүнд зэрэг тогтоох үндэслэл юм. Отгонцэцэгийн духан дахь шарх, дух ясны гавлын хөндий рүү цөмөрсөн хугарал, хугарлын харалдаа тархины дух хэсгийн эдэд цус хуралт үүссэн гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх үүссэнийг харуулж байна... гэсэн мэдүүлэг /хэргийн 100-105х/,

 

6. Насанд хүрээгүй гэрч М.Эрдэнэмөрөнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 16-р байрны гадна би найзууд болох Санчир, Мөнх-Эрдэнэ, Билэгдэмбэрэл нартай уулзацгаасан. Уулзаад тамхи татаад, 75-р сургуулийн хажуугаар дэмий алхаж байгаад бүгдээрээ нийтийн караокед орж дуулъя гэж ярьцгаасан. Тэгээд Андууд нэртэй караокед Билэгдэмбэрэл, Мөнх-Эрдэнэ, Санчир, бид 4 орсон. Ороод 6 дуу захиалаад, хүн бүр нэг нэг ширхэг Сэнгүр нэртэй 0,5 литрийн пиво аваад уугаад сууж байсан.

Тухайн үед өөдөөс харсан ширээнд сууж байсан эгч нар их согтсон байсан. Нэг эгч нь зааланд үе үе босч ирээд бүжиглээд, манай ширээн дээр байсан пиво энэ тэрийг авч уугаад байсан. Тэр шүлсээ хаяад байсан эгч бүжиглэж байгаад миний өвөр дээр ирж суугаад, өөрийнхөө барьж байсан микрофоныг газар шидсэн. Тэр үед караокены зөөгч эгч ирээд хүний үнэтэй зүйл шидлээ гээд уурласан. Тэр бүжиглэж байсан эгчийг зөөгч загнаад байж байхад би хажуунаас нь өргөөд ширээн дээр нь буцааж аваачиж суулгах гэсэн боловч дийлэхгүй байсан. Ингээд зогсож байхад хамт сууж байсан нэг эгч ирээд миний сууж байсан буйдан руу яахаараа манай найзыг түлхдэг юм бэ гээд намайг түлхсэн.

Тэгэхээр нь би холдоод ширээнийхээ нөгөө тал руу очиж суусан. Тэр эгч нар та нар бид нарын насан дээр ингэж явахгүй юу, согтсон л хүмүүс байгаа биз гэх зэргээр загнаад байсан. Хамт сууж байсан хоёр ах нь бид нар руу дүү нар яах гээд байна гээд бас загнаад хоёулаа босоод ирсэн. Намхавтар нэг ах хүрээд ирэхээр нь ширээрүү нь буцаад явуулах гэтэл миний хойно байсан хүнтэй тэр ах маргалдаад байсан. Яг хэнтэй маргалдаж хэрэлдсэнийг би санахгүй байна. Тэгээд тэр ах явахгүй байсан. Ингээд замбараагүй хэрүүл маргаан үүссэн.

Тэгж байтал шил хагарах шиг дуу гарсан. Ер нь караокены дотор зааланд хөгжим явж байсан болохоор яг юун чимээ гарсныг мэдэхгүй байна. Тэр үед намайг түлхсэн эгч хүний толгой хагалчихлаа цагдаа дууд гээд чангаар орилсон. Тэгээд тэр сууж байсан ширээ рүү нь харахад цаана сууж байсан нэг эгч толгойгоо барьчихсан, нүүрээ дараад суугаад байсан. Зааланд гэрэл бүдэг харанхуй байсан болохоор хэр их цус гарч байгаа нь харагдахгүй байсан. Зөөгч эгч хаалга хаасан. Удалгүй цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан. Тэр үед шилээр цохиулсан гэх эгч рүү харахад нүүр нь цус болчихсон харагдсан... гэсэн мэдүүлэг /хэргийн 106-107х/,

 

7. Гэрч Л.Саранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр би Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Чүн нэртэй гоо сайхны салонд үсчинд орсон. Тэгээд ажил дээрээ 18:00 цаг хүртэл сууж байгаад ажлынхаа газрын Отгонцэцэг, Баянжаргал, Энхмандах нартай ажлын хажуу талын Шарын 8-р байранд байдаг Энхмандахын гэр лүү орж,  2 литрийн Сэнгүр нэртэй 2 ширхэг пиво, 0,75 литрийн Экс нэртэй архи нэг ширхэгийг хувааж уусан. Ингээд Отгонцэцэг, Энхмандах, Баянжаргал, бид 4 буцаад 18:00 цаг өнгөрч байхад Энхмандахын гэрээс гарч Андууд нэртэй караокед орсон. Андууд караокены үүдэнд Отгонцэцэгийн танил залуутай таарсан. Бид нар тэнд 0,5 литрийн Сэнгүр нэртэй пивоноос бүгд 2 ширхэгийг захиалж,  бас дуу захиалаад үйлчлүүлээд сууж байхад хажуу ширээнд үйлчлүүлж байсан 50 орчим настай хүн ирээд бид нартай танилцъя гээд бид хэдийн сууж байсан ширээнд хамт сууцгаасан.

Ингээд Энхмандах, Отгонцэцэг, Баянжаргал, Отгонцэцэгийн танил, караоке дотор танилцсан 50 орчим насны хүн бид нар сууж байсан. Удалгүй 21:00 цагийн орчим гаднаас 5 залуу орж ирээд хажуугийн булангийн ширээнд суусан. Тухайн үед Энхмандах нилээн согтсон байсан. Тэгээд Энхмандах ариун цэврийн өрөө рүү орчихоод гарч ирэхдээ хажуу ширээнд сууж байсан 5 залуугийн нэгнийх нь хөлөнд нь тээглэж газар унасан. Тэр үед Отгонцэцэг ширээнээсээ байрандаа босоод та нар яахаараа эмэгтэй хүн түлхэж унагаадаг юм бэ гээд чангаар орилсон. Тэгэхээр нь Баянжаргал, бид хоёр сууж байсан ширээнээсээ босоод тэр 5 залуугийн сууж байсан ширээний орчим очоод эгч шигээ хүнийг та нар яахаараа түлхдэг юм гэж загнахад тэр залуучууд бид нарыг авгай нар минь зайлаач гэх зэргээр хэрүүл маргаан үүссэн.

Тэр 5 залуу дөнгөж орж ирээд сууж байсан болохоор архи, согтууруулах ундааны зүйл бараг хэрэглээгүй, эрүүл шахуу байсан. Хэрүүл маргаан үүсээд байж байхад ширээний голд нь сууж байсан урт гэзэгтэй залуу, манай үсчний газраар үйлчлүүлдэг зүс таньдаг хүүхэд ууж байсан 0,5 литрийн Сэнгүр нэртэй пивоны шилээ бид нарын сууж байсан ширээний хажууд зогсож байсан Отгонцэцэг рүү чиглүүлээд шидэхэд, пивоны шил духан дээр нь очоод хагарсан. Шидсэн пивоны шилэн дотор пиво байсан учир нь тэр 5 залуу орж ирээд удаагүй байсан. Тэгээд пивоны шил Отгонцэцэгийн духан дээр хагарч шил зоогдчихсон байсан. Отгонцэцэгийн нүүр нь нил цус болчихсон тогтохгүй байсан. Тэр үед караокены ажилтан Нарантуяа гэх хүн караокены хаалгыг хаагаад цагдаа дуудсан. Тэгээд Отгонцэцэгийг Баянжаргал ГССҮТ-рүү аваад явсан. Отгонцэцэг рүү пивоны шил шидсэн залууг би танина, Билэгдэмбэрэл гэдэг. Учир нь манай үсчний газраар байнга үйлчлүүлдэг байсан... гэсэн мэдүүлэг /хэргийн 108-110х/,

 

8. Гэрч Д.Баянжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Чүн нэртэй үсчиний газар байсан. Би тэнд үсчин хийдэг юм. Тэр өдөр их хүйтэн, бороотой байсан болохоор үйлчлүүлэх хүнгүй байсан. Бид нар манай ажлын газрын үсчингүүд ярьж байгаад Энхмандахын гэрт нь орж пиво ууцгаая гэж ярилцсан юм. Ингээд тухайн өдрийн 15:00 цаг өнгөрөөгөөд байх, одоо сайн санахгүй байна, манай ажлын хажуу талын 8-р байранд Энхмандахын гэрлүү нь явцгаасан. Энхмандахын гэрт Отгонцэцэг, Саранчимэг, Энхмандах, бид нар 2 литрийн Сэнгүр нэртэй пиво 2 ширхэгийг, 0,75 литрийн Экс нэртэй архи нэг ширхэгийг хувааж уусан.

Энхмандахын гэрээс Отгонцэцэг, Саранчимэг, Энхмандах бид нар гарч, караокед орж дуулъя гэж яриад ойрхон байдаг Андууд нэртэй караокед 18:00 цаг өнгөрөөд орсон. Андууд нэртэй караокед орох үед Отгонцэцэгээр байнга үсээ засуулдаг гээд нэг 30 гаран насны нэрийг нь мэдэхгүй залуутай таарсан. Ингээд Отгонцэцэг, Саранчимэг, Энхмандах, Отгонцэцэгийн танил залуу бид хэд Андууд нэртэй караокед ороод орох хаалга талаас 2 дахь ширээнд суусан. Тэнд ороод бид хэд 0,5 литрийн Сэнгүр нэртэй пивоноос нэгийг уусан. Харин бусад нь 2 ширхэгийг ууж байх шиг байсан. Ингээд захиалсан дуугаа дуулаад, пивоо уугаад сууж байхад орж ирснээс хойш, цаг гарангийн дараа 5 залуу орж ирээд, бид нарын сууж байсан ширээний өөдөөс харсан ширээн дээр сууцгаасан.

Энэ үед Энхмандах нилээн согтсон байсан. Тэгээд караокены зааланд ганцаараа бүжиглээд байсан. Энхмандах бид нар луу хараад бүжиглээд, хойд талаараа явж байгаад эсрэг талын ширээнд сууж байсан 5 залуугийн нэгнийх нь өвөр дээр бүдрээд суух шиг болсон. Тэгсэн тэр залуу нь Энхмандахыг түлхээд өшиглөх шиг болсон. Тэр үед Отгонцэцэг, Саранчимэг нар харчихаад юун сүртэй юм бэ эмэгтэй хүнийг ингэж түлхээд байхдаа яадаг юм бэ, жаахан согтсон л байгаа биздээ гээд бид хэд тэр залуучуудыг загнаж эхэлсэн. Ингээд хэрүүл маргаан үүсээд байж байхад Саранчимэг хүүе Отгонцэцэгийг цохьчихлоо шүү дээ гээд чангаар хашгирсан. Тэгээд Отгонцэцэгийг харахад гэдийчихсэн духнаас нь маш их цус гарчихсан байсан. Саранчимэг караокены хүнд хандан наад хүмүүс чинь гарах гээд байна шүү дээ, хаалгаа бариачээ гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудахад цагдаа маш хурдан ирсэн.

Тэгээд шууд Отгонцэцэгийг аваад таксигаар ГССҮТ-рүү явсан. Тэр үед цаг 22:00 цаг өнгөрч байх шиг санагдаж байна. ГССҮТ-н хүлээн авах дээр очоод хүлээж сууж байгаад Отгонцэцэг 5 оёо тавиулсан. Би хүлээн авахын гадна Отгонцэцэгийг хүлээгээд байж байхад хүлээн авахын эмч Эрдэнэ гэж хүн надад ямар ч байсан 5 оёо тавиуллаа, шархны цаана юм үлдсэн юм шиг байна шүү, томографт  үзүүлэх хэрэгтэй гэж байсан. Ингээд тэндээсээ цагдаа руу явчихаад, гэр лүүгээ явсан. Отгонцэцэг лүү тэр сууж байсан залуучуудын хэн нь шил шидсэн болохыг хараагүй. Хэн шидсэн болохыг Саранчимэг харсан... гэсэн мэдүүлэг /хэргийн 111-113х/,   

 

9. Гэрч А.Чинцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

   ...2016 оны 9 сарын 27-ны өдөр Отгонцэцэг нь Гавал тархины тасагт 20:00 цагийн орчим өөрийн ухаантай, орчиндоо харьцаатай, асуултанд хариулна, команд биелүүлнэ, биеийн байдал нь хүндэвтэр, хүлээн авах дээр ирээд анхны тусламж аваад духны хэсэгт оёдол тавигдсан байдалтай ирсэн. Духны хэсэгт 2-3 см оёдолтой, шарх үрэвсэлтэй байсан учир хагалгааг хойшлуулсан. Ингээд 2016 оны 10 сарын 03-ны өдөр халгаа гавал тархины мэс засалд орсон. Отгонцэцэгийн духны цөмөрсөн хэсэг компьютер томографийн шинжилгээг үндэслэн, шархыг угааж духны хөндий рүү 0,8 см цөмөрсөн ясыг авч, тархи дарагдсаныг чөлөөлөх мэс ажилбар хийгдсэн. Мэс заслын үед Отгонцэцэгийн цөмөрсөн ясны эрмэгийг тойруулан хадуулаад, ясыг жижиглэн хэсэгчлэн авсан.

Отгонцэцэгийн тархины хатуу бүрхүүл хальс нь урагдаж сэмэрсэн байсан. Отгонцэцэгийн цөмөрсөн хэсэг нь их эрсдэлтэй хэсэг бөгөөд тархины шулуун синус дээр цөмөрсөн байсан. Ингэхдээ шулуун синус хана урагдаж цус алдаагүй байсан. Цөмөрсөн ясны тархины эдэд 0,8 см хэмжээтэй, +60ИИ нягтралтай цус хуралт тодорхойлогдсон. Отгонцэцэгийн цөмөрсөн ясыг тойруулан жижиглэн авсны дараа 3,0 см хэмжээтэй трепенац гавлын ясны цооног үүссэн. Хагалгааны үед Отгонцэцэгээс синусаас цус алдалт явагдаагүй. Хагалгаа амжилттай болсон... гэсэн  мэдүүлэг /хэргийн 116-118х/,

 

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн шинжээчийн 13468 тоот дүгнэлтэд:

1. ОТГОНЦЭЦЭГ-н духны шарх, дух ясны ил хугарал, тархины дух хэсэгт цус хуралт үүсчээ.

2. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар амь биед аюултай хүнд зэргийн гэмтэл болно.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна... гэсэн дүгнэлт /хэргийн 23х/,

 

11. Хохирогч Д.Отгонцэцэгийн ГССҮТ эмнэлэгт болон Манал Оточ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, гэрэл зургийн үзүүлэлт, эмнэлгийн хуудас баримтууд /хэргийн 26-62х/,

 

12.Хохирогч Д.Отгонцэцэгээс хохирол нэхэмжилсэнтэй холбоотой гаргасан баримтууд /хэргийн 70-89х/,

 

13. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 92-95х/,

 

14.Шүүгдэгч П.Билэгдэмбэрэлийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

...Би 2016 оны 9 сарын 25-нд 18 цагийн орчим өөрийн гэрт дүү Билэгжаргалын хамт байж байгаад биллъяард тоглох гэж гэрээсээ ганцаараа гараад явж байтал манай гэрийн урд талд байдаг сагсан бөмбөгийн талбайн хажуу талаар алхаж байгаад найз Эрдэнэмөрөнтэй таараад хамт сагсан бөмбөг тоглосон. Тэгээд сагсан бөмбөг тоглож байтал найз Санчир, Мөнх-Эрдэнэ, Буянзаяа гэх найз нар ирээд бид хэд хоорондоо юм ярьж байгаад караоке оръё гэж бүгд яриад Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Андууд нэртэй караоке, паб руу найз Эрдэнэмөрөн, Санчир, Мөнх-Эрдэнэ, Буянзаяа бид 5 ороод нэг ширээн дээр суугаад хүний нэг, нэг шил Сэнгүр нэртэй 0,5 литрийн пиво, 6 дуу дуулахаар захиалга өгсөн.

Удалгүй захиалсан пиво ирээд, Эрдэнэмөрөнгийн хамт захиалсан дуугаа дуулаад байж байтал танихгүй хоёр ах ирээд манай ширээнд ирээд суусан. Тэгээд тэр хоёр ах бид нараас та нар уух юм уу гэж асуухад нь бүгдээрээ ууя гэсэн чинь тэр хоёр ах нэмээд Сэнгүр нэртэй 0,5 литрийн пиво 3 ширхэгийг авсан. Тэр хоёр ах бас 2 пиво захиалаад ууж байгаад удалгүй гараад явсан.

Ингээд бид нар захиалсан пивоо уугаад сууж байхад манай ширээний өөдөөс харсан ширээнд дөрвөн эгч, нэг ах нар сууж байснаа, нэг эгч нь босож ирээд намайг тэврэхээр нь би та ширээн дээрээ суу гэж хэлээд сууж байсан ширээнд нь суулгасан. Тэгсэн миний суулгасан эгч тухайн пабны шалан дээр шүлсээ хаяад, дуу дуулдаг микрофоныг нь газарт шидээд байсан. Тэгтэл пабыг ажиллуулдаг зөөгч эгч манай ширээний өөдөөс харсан ширээний хүмүүс дээр ирээд та нар олон нийтийн газар байж ингэж дураараа аашилж болохгүй гэх мэтээр загнасан.

Тэгээд удалгүй манай ширээн дээр ирсэн нөгөө эгч, манай ширээн дээр ирээд, бид хэдийн ууж байсан пиво ширээн дээр байсан чинь нэгийг нь зөвшөөрөлгүй аваад уухаар нь манай найз та болиоч гэж хэлээд байж байтал тухайн пабны зөөгч эгч ирээд тэр эгчид чи болиоч, хүүхдийн пиво буцаагаад өг гэсэн өгөхгүй байхаар нь би та ууж байгаа пиво ав гэж хэлсэн чинь пиво бариад сууж байсан ширээн дээрээ суусан.

Мөн л тун удалгүй дахиад манай ширээн дээр ирээд найз Эрдэнэмөрөнгийн өвөр дээр суусан чинь Эрдэнэмөрөн та босооч, ширээн дээрээ суугаач гэж хэлсэн чинь тэр эгчтэй цуг байсан ах бид нар дээр ирээд бид нарыг гөлөгнүүд минь та нарыг ална шүү гэж хэлэхээр нь манай найз нарын хэн хэлсэн нь мэдэхгүй тэр ах руу яасан гэж бид нарыг алах юм гэсэн чинь тэр ах бид нар луу дөхөж ирснээ гарах уу пизда нар минь гэж хэлсэн.

Би тэр ахаас айгаад, бас уур хүрээд пивоны шил шидсэн чинь тэр ахыг онолгүй,  тухайн пабны хана оноод хагараад ойхдоо тэр ахтай цуг сууж байсан нэг эмэгтэйг оносон. Тэгсэн бид нар дээр ирээд байсан эгч цагдаа дууд гэж хэлсэн. Удалгүй цагдаа нар ирсэн. Тэр ах руу би шил шидэхдээ тэр ахыг айлгаж сүрдүүлэх зорилгоор тэр ахаас өөр зүг рүү шидсэн. Отгонцэцэгийг онох ямар ч зорилго байгаагүй. Намайг шил шидэх үед тэр ах бид нар руу дайрч давшилж байсан юм. Тэр үед би уг пабд ороод нэг шил пиво ууж байсан. Намайг пивоны шил шидэхийг харсан хүн байхгүй. Манай найз нар бүгд тэр ах руу харсан байсан.

Отгонцэцэг нь бид нар луу огт дайрч давшилсан, хараасан зүйл байхгүй. Отгонцэцэг ширээн дээрээ зүгээр хараад сууж байсан. Би шил шидчихээд шидсэн шил хагарсны дараа хэлтэрхий нь хаашаа үсэрснийг хараагүй. Би пивоны шилний дунд хэсгээс алгаараа бүтэн барьж байгаад хүчтэй шидсэн... гэсэн мэдүүлэг /хэргийн 14х, 120-121х/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох гэрч О.Пүрэвхүүгийн мэдүүлэг /хэргийн 114-115х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 122х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 123х/, Хан-Уул дүүргийн 2-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 130х/, сурагчийн хувийн хэргийн хуулбар /хэргийн 131-132х/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хэргийн 133х/, өргөмжлөл, батламжийн хуулбарууд /хэргийн 134-143х/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус шүүх шинжлэн судлав.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага, мэдлэг туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч эмч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж, хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.    

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:  

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч П.Билэгдэмбэрэлийг Эрүүгийн  хуулийн тусгай  ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг дараахь үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болгон өөрчлөн шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Д.Отгонцэцэг, гэрч А.Санчир, О.Нарантуяа, насанд хүрээгүй гэрч М.Эрдэнэмөрөн нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан гэрч А.Чинцэцэг, шинжээч Б.Ариунзул, гэрч Л.Саранчимэг нарын мэдүүлэг болон ШШҮХ-ийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2016 оны 09 сарын 27-ны өдрийн 13468 дугаартай дүгнэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүгдэгч П.Билэгдэмбэрэлийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримуудаар:

2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн орой Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Андууд нэртэй нийтийн караокед үйлчлүүлж байсан шүүгдэгч П.Билэгдэмбэрэлийн шидсэн пивоны шил хананд хагарч бутархад иргэн Д.Отгонцэцэг нь тус хагарсан шилний хэсэгт толгойны дух хэсгээр оногдож, улмаар түүний биед духны шарх, дух ясны ил хугарал, тархины дух хэсэгт цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан болох нь:   

- Хохирогч Д.Отгонцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Андууд нэртэй караокед Энхмандах, Саранчимэг, Баясгалан, бас нэг эгчтэй дөрвүүлээ орсон. Андууд караокед 2 метр орчим зайд үүдэн талаасаа хоёр дахь ширээнд суусан. Гэтэл манай үсчинээр жилд ганц хоёр удаа  үсээ засуулдаг, зүс мэдэх, үйлчлүүлэгч залуу караокены үүдэнд таараад та нар хаашаа явж байгаа юм гэхэд нь бид нар караоке орох гэж байна гээд хамт орсон. Тэгээд бас караокед орсон нэг залууг ширээ хүрэлцэхгүй байна гээд манай ширээнд суулгасан.

Энэ хоёр залууг сайн танихгүй, нэр усыг нь мэдэхгүй. Тухайн үед манай ажлын хамт явж байсан Энхмандах бүжиглэж явж байгаад шүүгдэгчийн ширээн дээр очоод, ширээний буланд унасан байсан. Гэтэл Энхмандахыг шүүгдэгчтэй хамт байсан бас нэг залуу нь хөлөөрөө өвдөглөж түлхэж унагаасан гэсэн. Тэгээд бид нар эмэгтэй хүнийг түлхэж унагаагаад байхдаа яадаг юм бэ, ширээндээ очоод суучих гээд хэлчихгүй яасан юм бэ гэж энэ залуучууд руу уурласан. Бид нартай хамт явж байсан залуу эмэгтэй хүнийг унагаачихлаа гээд эд нартай маргасан.

Билэгдэмбэрэл пивоны шил хана руу шидэж хагарсан шилний ёроол хэсэг нь миний духыг бяцалсан. Маш их хэмжээний цус гарсан. Тэгээд манай ажлын хүүхэн баарны хаалга бариулж, цагдаа дуудаад шүүгдэгчтэй хамт явсан хүмүүсийг цагдаа ирээд авч явсан. Би гэмтлийн эмнэлэгт ажлынхантайгаа очсон.

Би тухайн үед толгой өвдөөд тонгойгоод сууж байсан юм. Шүүгдэгч, бид хоёрын бол  хооронд ямар нэг маргаан болоогүй. Энхмандахаас болж маргаан үүссэн. Тухайн үед зааланд бие биеэ харахаар гэрэлтэй байсан. 21:00 цагийн үед энэ үйл явдал болсон. Бид нар бааранд орохоос өмнө 0.5 граммын архи дөрвүүлээ хувааж уусан байсан, бааранд ороод нэг нэг пиво уусан. Миний эмчилгээний зардал 2.650.000 төгрөг гарсан. Үүнээс хохиролд 2.450.000 төгрөг авсан. Миний дух бяцарсан хиймэл эрхтэн хийлгэсэн байгаа. Би түүнээс хойш ажлаа хийж чадахгүй болсон, би оюутан охинтой. Би хэрвээ ажлаа хийж байсан бол өдрийн 15.000 төгрөгийн түрээс төлөөд, өдөрт 55.000 төгрөгөөс буухгүй орлоготой ажилладаг байсан.

Иймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож ажилгүй байсан 5 сарын хугацааны  цалин орлого нэхэмжилж байна. Би энэ байдлаас болж унаж татдаг болсон. Хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувиар тогтоолгосон. Би хувиараа нийгмийн даатгал төлдөг байсан учраас группын мөнгө сард 200.000 төгрөг авдаг. Би одоо өдөр бүр бариа засал хийлгэж ардын эмчилгээ хийлгэж байгаа. Одоо эмчилгээний зардлаас үлдсэн 250.000 төгрөг, олох байсан цалин орлогод 960.000 төгрөг, бүгд 1.160.000 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Цаашид эмчилгээний зардал гарвал тухай үед нь баримтаа гаргаад нэхэмжлэх хүсэлттэй байна. Миний хувьд эрүүл мэндээр хохирсондоо  маш их гомдолтой байна .. гэсэн мэдүүлэг,

- Гэрч О.Нарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2016 оны 9 дүгээр сарын 25-нд 14 цаг 30 минутын орчим өөрийн түрээсэлж байгаа газар болох Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Андууд нэртэй пабаа нээсэн. Тэгээд 16 цагийн орчим гаднаас халамцуу 4 эмэгтэй, 1 эрэгтэй нар манай паб-д орж ирсэн. Тэр 4 эмэгтэйн нэг нь цуг явж байсан эрэгтэй 2 над дээр ирээд Сэнгүр нэртэй 0,5 литрийн хэмжээтэй 10 шил пиво захиалсан.

Тэр хүмүүс 6-н дуу дуулангаа пиво ууж байхад 20:00 цагийн орчим мөн л гаднаас 5 хүн орж ирээд ширээнд суугаад 5 шил Сэнгүр нэртэй 0,5 литрийн пиво захиалсан. Удалгүй эхэнд орж ирсэн 4 эмэгтэй, 1 эрэгтэй нарын нэг эмэгтэй нь сүүлд орж ирсэн 5 хүний ширээн дээр байсан 1 шилтэй пивыг зөвшөөрөлгүй аваад, тухайн 5 хүний өөдөөс янз янзаар бүжиглэж, 5 хүний сууж байсан сандал дээр нь налж унаад байсан.  Тэгсэн үйлчлүүлж байсан 5 хүний 3 нь тэр эмэгтэйг та зүгээр байгаач, ширээн дээрээ суугаач гэсэн чинь нөгөө эмэгтэй та нар наад сандлаа түрээслээд авсан юм уу гэж хэлээд хоорондоо маргалдаж эхэлсэн.

Тэгсэн бүжиглээд байсан эмэгтэй манай паб-д шүлсээ хаяад байхаар нь сүүлд орж ирсэн 5 хүмүүс та үйлчилгээний газар орж ирсэн байж аятайхан үйлчлүүлээч гэсэн чинь эхний 4 эмэгтэйтэй цуг орж ирсэн нэг эрэгтэй нь тэр 5 хүн рүү та нар юу юм гэж хэлээд өөдөөс нь дайраад байхаар нь би очоод боль гэж хэлээд хооронд нь салгаад ширээ ширээнд нь суулгасан.

Тэгээд удалгүй пивоны шил хананд цохиод хагарсан. Би юу болов гэж бодоод очсон чинь эхний орж ирсэн 4 эмэгтэй, 1 эрэгтэйгийн нэг нь гараараа толгойгоо бариад сууж байсан. Тэгсэн өөр нэг эмэгтэйгийн нэг нь сүүлд орж ирсэн 5 хүн рүү та нар хүний толгой хагалчихлаа гэж хэлээд бахираад, манай паб-н хаалгыг хаасан.

....Уг маргаан эхний орж ирсэн 4 эмэгтэй, 1 эрэгтэй нараас болж үүссэн... гэсэн мэдүүлэг /хэргийн 10-11х/,

- Мөн гэрчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Хохирогч эмэгтэй манай хажуу талын үсчинд ажилладаг. Шүүгдэгчийг мэдэхгүй байна. 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хохирогчтой 16:00 цагийн үед 5, 6 хүн үсчин, бас нэг танихгүй залуутай хамт манай Андууд нэртэй караокед орж ирсэн. Тэгээд удаагүй энэ хүүхдүүд орж ирсэн. Хүүхдүүд орж ирээд 3 дуу дуулаад гарах гэтэл хохирогч, түүнтэй явж байсан хүмүүс чи тэгж дуулдаг юм уу гэж турхирсан. Тэгээд хамт явж байсан залуу нь дуугүй бай, бид нар мэдэж байна гээд Саранчимэг нь эх хүн байж энэ хүүхдүүд рүү ууж байсан пивоныхоо шилийг гарынхаа салаанд хийчихээд май май гээд муухай үйлдэл гаргаад байсан. Хүүхдүүд дуугүй суугаад байсан. Бас нэг эмэгтэй хүүхдүүдийн ширээн дээр очиж ууж байсан пивыг авч уугаад, шүүгдэгчтэй хамт явж байсан хүүхдүүдийг налж унаад байсан. Тэгээд суухгүй болохоор нь би энэ хүүхдүүд 3 дуу дуулчихаад гарна, та нар ширээн дээрээ суу гэж хэлсэн. Та нар чимээгүй суу гэхэд тал талаас орилоод босоод ирсэн. Би дунд нь зогсож байсан. Би буруу хараад зогсож байтал тас хийсэн дуу гарахаар нь юу болов, яасан хаалгаа хаагаарай цагдаа дуудаарай гэсэн. Би буруу харж байсан болохоор хэн нь юу шидсэнийг хараагүй. Хохирогч болон 5, 6 үсчин нь их согтуу байсан. Сүүлд орж ирсэн хүүхдүүд анх эрүүл тавуулаа орж ирсэн. Хохирогчийн толгой руу пивоны шилээр цохиогүй. Хана руу цохьсон мөр нь хүртэл байгаа. Хананд цохиод пивоны шил нь ойж шилний амсар хэсэг нь хохирогчийн духыг очиж оносон. Маргаан хохирогчтой хамт явж байсан хүмүүсээс болсон. Манай баарны камер эвдэрчихсэн, бичлэг хийгдээгүй байсан. Би ийм асуудал болсонд маш их харамсаж байна... гэсэн мэдүүлэг,

- Гэрч А.Санчирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 22:00 цагийн орчимд найз Билэгдэмбэрэл, Эрдэнэмөрөн, Мөнх-Эрдэнэ бид 4 хамт Андууд нэртэй нийтийн караокед орсон ба ширээнд сууж байтал танихгүй 2 ах ирээд ширээн дээр чинь хамт цуг сууж болох уу гэсэн юм. Тэгэхээр нь бид нар зөвшөөрөөд 6-лаа хамт нэг ширээнд суусан.

Тэгсэн манай ширээний урд хэсэгт сууж байсан эгч нарын нэг эмэгтэй нь согтуу шүлсээ хаяад, микрофон авчихаад шидээд, согтуурхсан зан гаргаад байсан. Тэгээд согтуу баахан үйлдэл гаргачихаад, манай ширээн дээр буюу бид хэдийн хажууд суусан. Тэгэхэд Эрдэнэмөрөн босгох гээд гараас нь өргөөд, та одоо ширээндээ суу гэсэн юм.

Тэгсэн Эрдэнэмөрөнг тэр эгчтэй хамт явж байсан нэг эгч нь ирээд шууд мөр рүү нь цохиод авсан. Тэгээд тэр ширээний эгч нартай Эрдэнэмөрөн маргалдаж эхлээд маргаан үүссэн. Тэгтэл хамт явж байсан 2 ах нь бацаануудаа яагаад байгаа юм бэ гээд босоод ирсэн чинь Билэгдэмбэрэл босож ирж хэрэлдээд, маргаан үүсээд, намайг хажуу тийшээ хараад эргээд харах хооронд Билэгдэмбэрэл хэн рүү нь бүү мэд, тэд нар руу пивоныхоо шилийг шидсэн байсан. Бид нар тэр караокед дуулах зорилготой орсон. Маргаан эхлэхэд бид нар нэг, нэг пиво уусан байсан болохоор нэг их согтоогүй гайгүй байсан. Харин манай ширээнд суусан эгч нилээн согтуу, бүр хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Харин нөгөө ширээн дээрээ сууж байсан хэд нь гайгүй байсан. Бид нар тэр ширээн дээр суусан эгчийг түлхэж унагасан асуудал байхгүй... гэсэн мэдүүлэг /хэргийн 20-22х/,

- Мөн гэрчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2016 оны 9 сарын 25-ны өдөр Мөнх-Эрдэнэ, Билэгдэмбэрэл, Эрдэнэмөрөн бид 4 Андууд пабад 22:00 цагийн үед орсон. Бид нар 2 ахтай танилцаад хамт нэг ширээнд суусан. Тэгээд бид нар нэг нэг пиво захиалаад сууж байсан. Гэтэл урд ширээнд сууж байсан эгч нар, хоёр ах нилээн согтуу байсан. Тэгээд хохирогчтой хамт явж байсан Энхмандах нь бид нарын ширээн дээр ирж, бид нарын ууж байсан пивыг зөвшөөрөлгүй авч уугаад, дуулж байсан микрофоныг авч шидээд байсан. Тэгэхээр нь Эрдэнэмөрөн ширээн дээр нь суулгах гээд гарнаас нь өргөх гэтэл Саранчимэг Эрдэнэмөрөнг алгадаад авсан. Тэгээд хохирогчтой хамт байсан хоёр ах та нар муу мангар бацаанууд яагаад байгаа юм гээд Билэгдэмбэрэлтэй хэрүүл хийсэн. Баарны эзэн цагдаа нарыг дуудаж, цагдаа ирсэн. Би Билэгдэмбэрэлийг яг яаж шил шидсэнийг нь хараагүй, сүүлд шидсэн гэдгийг нь мэдсэн. Буянзаяа бид нартай хамт тэр паб руу анх ороогүй ээ. Сүүлд ирсэн байсан. Маргаан тэнд байсан урт шар үстэй эгчээс болж гарсан. Бацаанууд гээд байсан ах нь Билэгдэмбэрэлтэй заамдалцсан, Саранчимэг нь Эрдэнэмөрөнг түлхээд байсан. гэсэн мэдүүлэг, 

- Насанд хүрээгүй гэрч М.Эрдэнэмөрөнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2016 оны 09 сарын 25-ны өдөр Санчир, Мөнхөө, Билэгдэмбэрэл, бид дөрвүүлээ байрныхаа гадаа сагс тоглож байгаад караоке орж дуулъя гээд Андууд караокед орсон. Ороход 2 ах, 4 эгч сууж байсан. Тэгээд бид хэд дуугаа захиалаад сууж байтал Энхмандах нь шүлсээ хаяж, Энхмандах нь манай ширээн дээр ирж, миний өвөр дээр суугаад байсан. Энхмандах нь хамт явж байсан эгч нар дундаас хамгийн их согтуу нь байсан. Тэгэхэд нь би  Энхмандах гээд тэр эгчийг суганаас өргөөд ширээ рүү нь явуулах гэтэл Саранчимэг гэдэг нь ирээд манай найзыг түлхлээ, цохьлоо гээд намайг түлхсэн. Тэгэхэд нь би нөгөө талынх нь сандал дээр очоод суусан. Тэр үед Билэгдэмбэрэл та нар олон нийтийн газар шүлсээ хаяад болиоч ээ гэж хэлж байсан.  Гэтэл хамт явж байсан 2 ах нь зодоон болж байна гэж бодсон юм уу, мэдэхгүй, бид нар луу ирээд Та нар жаахан хүүхдүүд байж ах нартайгаа ингэж болохгүй, та нар бид нарын насан дээр ингэж явахгүй юу гээд дайраад байсан. Тэгээд Андууд караокены үйлчлэгч эгч ирээд олон нийтийн газар ингэж болохгүй гээд тэр хүмүүст шаардлага тавиад байсан.

Тухайн үед бид дөнгөж ороод дуугаа захиалаад, нэг, нэг шил пиво авсан байсан. Тэгээд тэр хоёр ахыг салгах гээд байж байтал толгой хагарчихлаа, цагдаа дуудаарай гээд караокены эгч цагдаа дуудсан. Бид тэр согтуу эгч нартай та нар зайл, авгай нар минь гэж огт хэлээгүй. Хохирогч эгчтэй ямар нэг, маргаан болоогүй. Анх тэр караокед Санчир, Мөнх-Эрдэнэ, Билэгдэмбэрэл, бид 4 орсон. Сүүлд маргаан болсны дараа Буянзаяа ирчихсэн байсан. Буянзаяа шил шидэхэд байсан эсэхийн мэдэхгүй байна. Мөнх-Эрдэнэ 17 настай, Санчир 18 настай байсан. Намайг мөрдөн байцаагч 2 удаа асууж мэдүүлэг авсан. Эхний удаад эгч Хулантай хамт, дараа нь би ээжтэйгаа хамт мэдүүлэг өгсөн. Билэгдэмбэрэл би санамсаргүй шил шидсэн гэж ярьсан болохоор би түүнийг шил шидсэн гэж ойлгосон. Яг яаж, хааш нь шил шидсэнийг харж чадаагүй. Энэ асуудал маш хурдан хугацаанд болоод өнгөрсөн. гэсэн мэдүүлэг, 

- Шинжээч Б.Ариунзулын ...Отгонцэцэгт халуурахаас өөр зовиур илрэхгүй байгаа нь гавал тархины хүнд гэмтлийг үгүйсгэх шалтгаан биш. Гол нь компьютер томографикийн зурагт дух яс гавлын хөндий рүү цөмөрч орон (0.8 см) тархины дух хэсэгт тархины эдэд цус хурсан байдал илэрсэн нь гэмтлийн хүнд зэрэг тогтоох үндэслэл юм. Отгонцэцэгийн духанд шарх, дух ясны гавлын хөндий рүү цөмөрсөн хугарал, хугарлын харалдаа тархины дух хэсгийн эдэд цус хуралт үүссэн нь гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх үүссэнийг харуулж байна... гэсэн мэдүүлэг /хэргийн 100-105х/,

- Гэрч Л.Саранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Ингээд хэрүүл маргаан үүсээд байж байхад Саранчимэг хүүе Отгонцэцэгийг цохьчихлоо шүү дээ гээд чангаар хашгирсан. ГССҮТ-н хүлээн авах дээр очоод хүлээж сууж байгаад Отгонцэцэг 5 оёо тавиулсан. Би хүлээн авахын гадна Отгонцэцэгийг хүлээгээд байж байхад хүлээн авахын эмч Эрдэнэ гэж хүн надад ямар ч байсан 5 оёо тавиуллаа, шархны цаана юм үлдсэн юм шиг байна шүү. Томографикт үзүүлэх хэрэгтэй гэж байсан... гэсэн мэдүүлэг /хэргийн 111-113х/,  

- Гэрч А.Чинцэцэгийн: ...2016 оны 09 сарын 27-ны өдөр Отгонцэцэг нь Гавал тархины тасагт 20 цагийн орчим өөрийн ухаантай орчиндоо харьцаатай, асуултанд хариулна, команд биелүүлнэ, биеийн байдал нь хүндэвтэр, хүлээн авах дээр ирээд анхны тусламж аваад духны хэсэгт оёдол тавигдсан байдалтай ирсэн. Духны хэсэгт 2-3 см оёдолтой, шарх үрэвсэлтэй байсан учир хагалгааг хойшлуулсан. Ингээд 2016 оны 10 сарын 03-ны өдөр гавал тархины мэс засалд орсон. Отгонцэцэгийн духны цөмөрсөн хэсэг компьютер томографийн шинжилгээг үндэслэн шархыг угааж, духны хөндий рүү 0,8 см цөмөрсөн ясыг авч тархи дарагдсаныг чөлөөлөх мэс ажилбар хийгдсэн. Тухайн үед Отгонцэцэгийн мэс заслын үед цөмөрсөн ясны эрмэгийг тойруулан хадуулаад ясыг жижиглэн хэсэгчлэн авсан.

Отгонцэцэгийн тархины хатуу бүрхүүл хальс нь урагдаж сэмэрсэн байсан. Отгонцэцэгийн цөмөрсөн хэсэг нь их эрсдэлтэй хэсэг бөгөөд тархины шулуун синус дээр цөмөрсөн байсан. Ингэхдээ шулуун синус хана урагдаж цус алдаагүй байсан. Цөмөрсөн ясны тархины эдэд 0,8 см хэмжээтэй +60ИИ нягтралтай цус хуралт тодорхойлогдсон. Отгонцэцэгийн цөмөрсөн ясыг тойруулан жижиглэн авсны дараа 3,0 см хэмжээтэй трепенац гавлын ясны цооног үүссэн. Хагалгааны үед Отгонцэцэгээс синусаас цус алдалт явагдаагүй. Хагалгаа амжилттай болсон... гэсэн мэдүүлэг /хэргийн 116-118х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн ... Д.Отгонцэцэгийн духны шарх, дух ясны ил хугарал, дархины дух хэсэгт цус хуралд үүсчээ, дээрх гэмтэл хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэргийн гэмтэл болно, цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэсэн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн  13468 тоот дүгнэлт /хэргийн 23х/, хохирогч Д.Отгонцэцэгийн толгойн хэсгийн оёдол хийлгэсэн байдлыг харуулсан гэрэл зураг /хэргийн 26-27х/, хохирогч Д.Отгонцэцэг Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Манал оточ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаархи өвчний түүх баримтууд /хэргийн 29-44х, 50-62х/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 92-95х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Саранчимэг нь шүүгдэгчийг ...ууж байсан 0,5 литрийн Сэнгүр нэртэй пивоны шилээ бид нарын сууж байсан ширээний хажууд зогсож байсан Отгонцэцэг рүү чиглүүлээд шидэхэд пивоны шил духан дээр нь очоод хагарсан, ...тэр үед Энхмандах нилээн согтсон, ариун цэврийн өрөө орчихоод гарч ирэхдээ хажуу ширээнд сууж байсан залуучуудын нэгнийх нь хөлөнд нь тээглэж газарт унасан, тэр үед Отгонцэцэг нь ширээнээсээ байрандаа босоод та нар яахаараа эмэгтэй хүн түлхэж унагаадаг юм бэ гээд чангаар орилсон. /хэргийн 108-110х/ гэж, Д.Баянжаргал нь ...Энхмандах нь бидэн нар луу хараад бүжиглээд, хойд талаараа явж байгаад эсрэг ширээнд сууж байсан 5 залуугийн нэгнийх нь өвөр дээр бүдрээд суух шиг болсон, тэгтэл тэр залуу Энхмандахыг түлхээд өшиглөх шиг болсон, тэр үед Саранчимэг, Отгонцэцэг хоёр харчихаад юун сүртэй юм бэ, эмэгтэй хүнийг түлхээд байхдаа яадаг юм, жаахан согтсон л байгаа биздээ, гээд бид хэд тэр залуучуудыг загнаж эхэлсэн, ингээд маргаан эхэлсэн... /хэргийн 112х/ гэсэн мэдүүлэг нь тус тус хохирогч Д.Отгонцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...тухайн үед миний толгой өвдөөд караокед толгойгоо гараар түшээд  тонгойсон байдалтай сууж байсан, Билэгдэмбэрэл пивоны шил хана луу шидэж, хагарсан шилний ёроол хэсэг нь миний духанд онож бяцалсан, шүүгдэгч бид хоёрын хооронд маргаан болоогүй гэсэн, гэрч О.Нарантуяагийн ...маргаан хохирогчтой явж байсан хүмүүсээс болж гарсан, хохирогчийн толгой руу пивоны шилээр цохиогүй, хананд цохиод, пивоны шил ойж хагаран, шилний амсар хэсэг нь хохирогчийн духыг оносон гэх, гэрч А.Санчир, Б.Эрдэнэмөрөн нарын ...хохирогч эгч бидний хооронд ямар нэг маргаан болоогүй, тэр эгч ширээн дээрээ сууж байсан гэж мэдүүлснээс тус тус зөрүүтэй, Энхмандахыг түлхсэн, эсхүл тэрээр хөлөнд нь тээглэж унасан эсэх, өвөр дээр нь суух шиг болсон, түлхэх шиг болсон, Отгонцэцэг ширээний хажууд зогсож байсан гэх мэтээр тухайн цаг хугацаанд болж буй үйл явдлыг зөрүүтэй, таамгалсан байдлаар мэдүүлсэн байх тул гэрч Л.Саранчимэг, Д.Баянжаргал нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийн энэ хэсгийг шүүх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болохыг дурьдах нь зүйтэй. 

 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд П.Билэгдэмбэрэл нь тухайн үед олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн гэх мэт танхайн сэдэлт гаргаагүй, энэ хэрэг гарахад хохирогчтой хамт явж байсан бусад хүмүүсийн зүй бус үйлдэл, зохисгүй байдал нөлөөлсөн байхаас гадна шүүгдэгчийн шидсэн шил хананд хагарч, ойход хохирогч оногдож биедээ хүнд гэмтэл авсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдэлд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин өөрийн ичгүүр сонжуургүй балмад үйлдлийг зориуд удтал үргэлжлүүлэх зэргээр догшин авирласан, танхайрсан шинжгүй, тодруулбал бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэх шүүгдэгчийн сэдэлт, санаа зорилго үгүйсгэгдэж байна.

 

Нөгөө талаар хохирогч Д.Отгонцэцэгтэй хамт явсан Э.Энхмандах нь  Андууд нийтийн караокед үйлчлүүлэхдээ согтуурхан шүлсээ хаях, микрофоноо авч шидэх, зэргэлдээх ширээнд сууж үйлчлүүлж байсан Билэгдэмбэрэл, Эрдэнэмөрөн нарын ширээн дээрх захиалсан пивыг нь авч уух, ширээнд нь ирж суух, өвөр дээр нь суух зэргээр олон нийтийн үйлчилгээний газар биеэ хянах чадваргүйгээр зохисгүй байдлаар авч явсан үйлдлийг болиулах, ширээндээ очиж суу гэсэн шаардлага тавьсан тэднийг үл хүндэтгэн, Э.Энхмандах, түүнтэй хамт явсан бусад хүмүүс нь эмэгтэй хүнтэй зохисгүй харилцлаа гэснээс тэдгээрийн  хооронд үл ойлголцол маргаан үүссэн, улмаар шүүгдэгч нь маргааныг болиулахын тулд урдаа байсан пивоны шилийг авч шидсэн гэх боловч уг шидсэн шил хагарч, хагарсан шилний хэсэг нь хохирогчийн духан тус газарт онож биед нь хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь түүний шидсэн шил бусад этгээдийг онож, бие махбодид нь гэмтэл учруулж болзошгүй байх үр дагаврыг хүсээгүй хэдий ч хайхрамжгүй хандаж, шууд бус санаатай үйлдлээр бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэж дүгнэх үндэслэл болж байна.

Иймд Хан-Уул дүүргийн Прокурорын газраас П.Билэгдэмбэрэлийг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Сарангуа, Ш.Эрдэнэцэцэг нараас ...П.Билэгдэмбэрэлд холбогдох эрүүгийн хэргийг энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй, гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй, хэргийн байдал бүрэн тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах зэрэг ажиллагааг хийлгэх шаардлагатай зэрэг үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн санал гарган мэтгэлцсэн. 

Энэ хэргийн хохирогч Д.Отгонцэцэгийн биед учирсан хүнд гэмтэл нь шүүгдэгч  П.Билэгдэмбэрэлийн пивоны шил шидсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь  тогтоогдсон, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэгт дурьдагдсан эгч нартай хамт явж байсан хоёр ах гэх хүмүүсийг эрж хайж, гэрчээр асуух шаардлагагүй, тэдгээр хүмүүсийг хохирогч болон хамт явсан бусад эмэгтэйчүүд нь  мэдэхгүй, танихгүй /урьд үйлчлүүлж байсан зүс мэдэх төдий залуу,  бааранд сууж байсан эрэгтэй/ гэж мэдүүлсэн, тухайн хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хэрэг гарсан байдлын талаар хохирогч, шүүгдэгч, уг хэрэгт гэрчээр асуугдсан бусад этгээдүүд тодорхой мэдүүлсэн, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэрэг эргэлзээ бүхий, дүгнэлт гаргасан шинжээчийг асуусан төдийгээр хязгаарлахгүйгээр дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулан дүгнэлт гаргах шаардлагатай гэх боловч энэ үндэслэлээ тодорхойлж тайлбарлаагүй, хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч дүгнэлт гаргасан байхаас гадна  хэрэгт нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19, 20 дугаар зүйлд заасан үндэслэл үүсээгүй, шинжилгээ дахин хийлгэх шаардлагатай гэх хүсэлтийн үндэслэл нотлогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр буцааж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн болно.   

Түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч М.Эрдэнэмөрөнгөөс мэдүүлэг авахдаа /хэргийн 106-107х/ сурган хүмүүжүүлэгч байлцуулаагүй, мэдүүлэгт гарын үсгийг нөхөн зуруулсан, шүүх хуралдаанд оролцсон сурган хүмүүүүлэгч Б.Баярсайхан нь хэргийн 106-107 талд авагдсан гарын үсгийн бичвэрийг өөрийнх биш гэж мэдүүлсэн, гэрч М.Эрдэнэмөрөн нь 17 насанд хүрсэн байхад түүнд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хуулийн 45 дугаар зүйлийн 45.6 дахь хэсэгт заасан эрх, үүргийг сануулаагүй мэдүүлэг авсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 145 дугаар зүйлд заасан журам зөрчсөн зөрчил болох хэдий ч уг байцаан шийтгэх ажиллагааны зөрчлийг шүүхийн хэлэлцүүлгийн явцад нөхөн гүйцэтгэж, насанд хүрээгүй гэрч М.Эрдэнмөрөнгийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Энэ хэргийн хохирогч Д.Отгонцэцэг нь гэмт хэргийн улмаас биедээ авсан хүнд гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ үйлчилгээний зардалд 2.650.000 төгрөг нэхэмжилж, холбогдох баримтуудыг гаргаж өгсөн байх ба шүүх хуралдаанд шүүгдэгч П.Билэгдэмбэрэлээс өөрийн өмгөөлөгчөөр дамжуулан 2.450.000 төгрөгийн хохирлыг хохирогчид нөхөн төлсөн нь тэдгээрийн мэдүүлэг, хохирол төлбөр хүлээн авсан тухай бичгээр гаргасан баримтаар тус тус нотлогдсон.  

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь гэм хорын хохиролд нэхэмжилсэн 2.650.000 төгрөгөөс 2.450.000 төгрөгийг хүлээн авсан тул үлдэх 200.000 төгрөг, үүн дээр өвчний учир ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй, эмчилгээ хийлгэсэн хугацаанд олох байсан цалин орлогод тооцон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр / 192.000 төгрөг/ тооцон 2016 оны 09 сарын 25-наас 2017 оны 02 сарын 25 хүртэлх хугацааны цалин орлогод 960.000 төгрөг, бүгд 1.160.000 төгрөг нэхэмжилсэн ба уг шаардлагын үндэслэлээ гэмтэл авахаас өмнө ажлын байр /үсчиний суудал/ өдрийн 15.000 төгрөгөөр түрээслэн үсчин хийж, өдөрт дунджаар 55.000 төгрөгийн орлоготой ажиллаж байсан, одоо ажиллах чадваргүй болж, 2013 оны 12 сард хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувиар групп тогтоолгосон ба ажиллаж байсан байдлаа нотлох ажлын байрны түрээсийн гэрээ, өдрийн орлого хөтөлдөг байсан гар дэвтрийн хуулбар  зэргийг  нотлох баримтаар хэрэгт өгсөн хэмээн тайлбарлажээ.

 

Хохирогч Д.Отгонцэцэгийн дээрх шаардлатай холбоотой хэргийн 70-89 дүгээр талд авагдсан баримтуудыг судлахад  эмчилгээний төлбөр, эм тарианы зардлын баримтаас гадна шатахууны төлбөр, ундаа, хүнсний бараа, жүүс, утасны эрх сунгуулах төлбөр гэх мэт нийт 159.260 төгрөгийн баримт бүхий /хэргийн 71х, 77х, 75х, 78, 79-80х, 81х, 82х дахь/ зардал нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд орж тооцогдохгүй тул хангаж шийдвэрлэх үндэслэлгүй юм.

 

Мөн хохирогчоос шүүхэд гаргаж өгсөн үсчний суудал түрээслэх гэрээ, орлого тодорхойлох гар дэвтрийн хуулбар гэх баримтаар түүнийг өдөрт 30.0-50.0 төгрөгийн орлого олдог гэж тодорхойлох боломжгүй ба хохирогч хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоож группэд орсон талаарх баримтыг хэрэгт болон шүүхэд гаргаж өгөөгүй зэргээс олох байсан орлого, цалин хөлстэй холбоотой нэхэмжилсэн 920.000 төгрөгийн шаардлагыг эрүүгийн хэргийн хамт нэг мөр хянан шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд хохирогч Д.Отгонцэцэг нь уг шаардлагад хамаарах болон цаашид гарах эмчилгээ сувилгаатай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэв.  

 

Дээр дурьдсан үндэслэлээр гэм хорын хохиролд тооцон эмчилгээний төлбөрөөс үлдэх 40.740 төгрөгийг шүүгдэгч Д.Билэгдэмбэрэлээс гаргуулж хохирогч Д.Отгонцэцэгт олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлд заасан журамд нийцэх юм.  

Шүүгдэгч П.Билэгдэмбэрэл нь урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй болох нь ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 122х/ тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.3, 17.4 дэх хэсэгт заасан хүнд ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.   

 

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, гэмт хэрэг үйлдэж, хохирочийн эмчилгээний зардлаас  тодорхой хэмжээнд сайн дураар нөхөн төлсөн байдлыг тус тус Эрүүгийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүний үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.  

Түүнчлэн шүүгдэгч нь хорих ял шийтгүүлэх хүнд гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогч Д.Отгонцэцэгийн эрүүл мэндэд учирсан гэмтэл, гэм хорыг арилгах эмчилгээний зардлын төлбөр хохирлыг тодорхой хэмжээнд нөхөн төлсөн болон хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан түүний ял эдлэх дэгдэмийг хөнгөрүүлэх боломжтой гэж шүүх дүгнэв.   

 

Шүүгдэгч П.Билэгдэмбэрэл нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хэрэгт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.    

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэг, 283, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэг, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294, 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэг, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                                 

ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Пүрэвхүүгийн Билэгдэмбэрэлд холбогдуулан Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Боржигон овогт Пүрэвхүүгийн Билэгдэмбэрэлийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар П.Билэгдэмбэрэлийг 05 /тав/ жил 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар П.Билэгдэмбэрэлд оногдуулсан 05 /тав/ жил 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар ялтан П.Билэгдэмбэрэлээс 40.740 /дөчин мянга долоон зун дөч/ төгрөг гаргуулж хохирогч Хан-Уул дүүргийн 8-р хороо, Сонсголонгийн 5-260 тоотод оршин суух, Мөнгөт хайрхан овогт Дамбийгийн Отгонцэцэгт /РД:ШД74091007/ олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 159.260 /нэг зуун тавин есөн мянга хоёр зуун жар/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Энэ хэрэгт П.Билэгдэмбэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж, хохирогч Д.Отгонцэцэг нь шаардлагатай гэж үзвэл цаашид гарах эмчилгээ үйлчилгээтэй холбоотой болон ажилгүй байсан хугацаанд олох байсан гэх цалин орлоготой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан П.Билэгдэмбэрэлд урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан П.Билэгдэмбэрэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.БАЗАРХАНД

 

                                 ШҮҮГЧИД                                     Д.АЛТАНЖИГҮҮР

 

                                                                                       Б.БАТБОЛОР