Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2017/01149

 

Н.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2017/00737 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1129 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Н.С-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Б-, Б.З-нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.С-э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2015 оны 02 дугаар сарын 26 өдөр Б.Золзаяа, Б.Б- нарын хүсэлтээр Сүхбаатар дүүрэг, 17-р хороо, Дамбадаржаагийн 27-р гудамж, 313 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2203020110 дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, 15 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлдэгч нь 2015 оны 05 дугаар сарын 26-нд үндсэн зээлээс 4 000 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 25-нд 1 000 000 төгрөг төлсөн. Мөн 2015 оны 02 дугаар сарын 26-нд гэрээнд заасан 6 сарын хүү 5 390 000 төгрөгийг төлсөн. Энэ мөнгийг төлөхдөө 1 700 000 төгрөгийг бэлнээр, 8 690 000 төгрөгийг дансаар төлсөн. Үлдэгдэл 10 000 000 төгрөгийг зээлдэгчийн хүсэлтээр 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 26 хүртэл гэрээг дахин сунгаж, баталгаажуулсан. Зээлдэгч Бямбажавыг байлцуулна гэхэд Б.З-би эгчдээ хэлээгүй, хоёулаа хийчихье гэсэн юм. Үүнээс хойш уулзахаа больсон.

2015 оны 07 дугаар сарын 10-нд Б.З-2 700 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлье, гэрээ хийгээд яахав, хашаа байшин барьцаанд байгаа юм чинь гэсэн тул 2 700 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. 2016 оны 04 дүгээр сарын 26-нд уулзаад 2 700 000 төгрөгөө өгөөч гэхэд 640 000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. 2016 оны 04 дүгээр сарын 27-нд 2 сая төгрөгийг картын гүйлгээний хязгаарлалттай гээд 900 000, 900 000, 200 000 төгрөгийг тус тус шилжүүлэн өгч, 2 640 000 төгрөг болсон. 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс хойш хүү төлөөгүй тул 2 700 000 төгрөгийг 9 сарын хүү 2 430 000 төгрөгөөс 2016 оны 06 дугаар сарын 02-нд 500 000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 26-нд дүү Н.Номин-Эрдэнийн дансаар 900 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 12 өдөр 700 000 төгрөг тус тус хийж, нийт 2 040 000 төгрөг өгсөн. Эдгээр мөнгө 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт ямар ч хамаагүй. Зээл төлсөн талаар Б.З-гаргасан тайлбар, хүснэгтэд бичсэн 2015 оны 07 дугаар сарын 26-ны 70 000 төгрөгийг төлөөгүй, харин 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 70 000 төгрөг өгсөн. Зээлд төлсөн 4 000 000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 26-нд төлсөн гэж бичсэн нь төлбөр хийсэн 2015 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг андуурсан байна. Үүнийг нотлох зүйл бол 2015 оны 05 дугаар сарын 26-нд хүү тооцоход зээлийн үлдэгдэл 11 000 000 төгрөгөөс 7 хувиар хүү тооцож, 770 000 төгрөг гэсэн бичвэрээс харагдана.

Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тул Б.Б-, Б.З-нараас үндсэн зээл 10 000 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 15 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэйгээр зээлж, хамтран зээлдэгчээр Б.Б-ыг оролцуулж, Б.Б-ын өмчлөлийн хашаа, хувийн сууцыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн талаар маргах зүйлгүй. Харин зээлийн гэрээг 16 сараар сунгасан зүйл байхгүй. 2016 оны 02 сард тооцоо нийлсэн. Одоо хариуцагч нар нэхэмжлэгчид 5 040 000 төгрөгийг төлөх дутуу байгаа. Э.Золзаяа зээлийн гэрээний хугацааны хүүг төлсөн. Зээлд 4 000 000 төгрөг, дараа нь 1 000 000 төгрөг төлсөн. 2015 оны 07 дугаар сарын 10-нд 2 700 000 төгрөгийг сард 10 хувийн хүүтэй зээлсэн. Амаар тохирсон боловч энэ гэрээний үүргээ 2016 оны 04 сард хүүгийн хамт бүрэн төлсөн гэдэг. 2015 оны 04 сард зээлийн гэрээний үүрэгт 2016 оны 04 дүгээр сарын 26-нд 640 000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 27-нд 2 000 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 02-нд 500 000 төгрөг, Н.Номин-Эрдэнийн дансаар 2016 оны 03 дугаар сарын 19-нд 80 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 19-нд 80 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 16-нд 800 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 20-нд 15 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 26-нд 900 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 12-нд 700 000 төгрөг тус тус шилжүүлсэн.

Иймд зээлийн үлдэгдэл 3 785 000 төгрөг, түүний 50 хувийн алданги 1 892 500 төгрөг, нийт 5 873 500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2017/00737 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Б.Золзаяа, Б.Б- нараас 12 015 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.С-эд олгож, нэхэмжлэлээс 2 985 000 төгрөгийг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 256 950 төгрөгөөс 252 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, 4010 төгрөгийг буцааж, хариуцагчаас 207190 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1129 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2017/00737 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “12 015 000” гэснийг “10 545 000” гэж, “2 985 000” гэснийг “4 455 000” гэж, 2 дахь заалтын “207 190” гэснийг “183 670” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Золзаяагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үндсэн зээл, түүний хүүг тооцохдоо алдаатай буруу нэмж, хасаж илт буруу дүн гаргасан юм. Анхан шатны шүүх хариуцагч Б.Золзаяагийн хувийн дэвтэрт бичсэн гар бичвэрээс 2015 оны 08 дугаар сарын 04-нд 270 000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 04-нд 270 000 төгрөг, 2016 оны 02 сард 1 000 000 төгрөг, 2016 оны 02 сард 1 000 000 төгрөг, нийт 2 540 000 төгрөгийг өгсөн гэж дүгнэж миний нэхэмжилсэн үнийн дүнгээс үндэслэлгүйгээр хасаж тооцсон нь буруу юм.

Хариуцагч Б.З-нь анхан шатны шүүхэд өгсөн нэхэмжлэлийн хариу тайлбарт энэхүү мөнгөнүүдийг өгөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байсныг Золзаяагийн хариу тайлбар дээрхи хүснэгтээс харж болно. Б.Золзаягийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт шинээр нотлох баримт гэж Б.Золазагийн хар дэвтрийг шүүхэд өгч надтай тооцоо нийлснээс гадна өөрөө дур мэдэн өгөөгүй мөнгийг өгсөн гэж шүүхэд хар дэвтрээ өгөхдөө сүүлд бичиж өгсөн байсан. Үүнийг нэхэмжлэгч миний бие анхан шатны шүүхэд 2 540 000 төгрөгийг өгөөгүй гэдгийг тайлбарлаж хэлсээр байхад миний тооцооноос хасаж шийдсэн нь буруу юм. Хариуцагч Б.Золзаяаг үндсэн зээлд 6 720 000 төгрөгийг төлсөн байна гэж дүгнэсэн атлаа үндсэн зээл 15 000 000 төгрөгөөс 6 720 000 төгрөгийг хасахад үлдэгдэл үндсэн зээл 8 280 000 байхад 8 010 000 төгрөг гэж буруу тооцсон. Дээрхи анхан шатны шүүхийн алдаатай буруу тооцсоноос болж нэхэмжлэгч миний аваагүй 2 810 000 төгрөгийг үндэслэлгүйгээр хасаж тооцож шийдвэр гаргасан нь намайг хохироосон шийдвэр байсан.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрлэхдээ Б.З-2015 оны 07 сарын 10-нд 2 700 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж түүний хүү 2 040 000 төгрөгийг төлж бидний хоорондын тооцоо дууссан байхад түүний хүүг 2015 оны 02 дугаар сарын 26 ны өдрийн зээлийн гэрээний төлбөрт тооцож шийдвэрлэсэн нь илтэд намайг дахин хохироосон шийдвэр гарсан гэж үзэж байна. Б.З-нь 2 700 000 төгрөг түүний хүү 2 040 000 төгрөг урд зээлсэн 15 000 000 төгрөгтэй ямарч хамаарахгүй гэдгийг шүүхэд өгсөн тайлбартаа болон надруу бичсэн мессеж-ээр одоо 15 000 000 төгрөгөөс үлдэгдэл 10 000 000 төгрөгийг удахгүй өгөх тухайгаа надад бичиж байсныг шүүхэд нотлох баримтаар өгсөн байгаа.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж анхан шатны шүүхийн шийдвэрээр надаас үндэслэлгүй хассан 2 810 000 төгрөгийг надад олгохоор, давж заалдах шатны шүүхийн магадлалаар надаас хүүнд тооцож авсан 2 040 000 төгрөгийг 15 000 100 төгрөгөөс хасаж тооцсон нь үндэслэлгүй байгааг анхааран үзэж тус тус өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан аливаа тайлбар, гомдолдоо тухайн хугацааг 2016 оны 02 дугаар cap буюу цагаан сарын дараа бүрэн төлсөн. Гэтэл анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хариуцагчийг 04 дүгээр сард бүрэн төлсөн гээд бичээд байх юм. Хавтаст хэргээ дахин сайн судалмаар байна. Үүнийг дараа дараагийн шүүх буруу ойлгоод шийдвэр, магадлал дээр 04 cap гэдэг хугацаа байгаа юм чинь хариуцагч 04 дүгээр сард 2 700 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байна. Тийм болохоор 2016 оны 04 дүгээр сарын 26 ба 27-ны өдөр үргэлжлүүлэн төлсөн мөнгийг 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зээлсэн мөнгөтэй хамааралтай мэтээр ойлгоод байгаа юм. Өөр хэлбэл тооцоо буруу хийгээд байна.

Хэрэг хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд гэрч бөгөөд дүү Н.Номин-Эрдэнээр дамжуулан 6 удаагийн үйлдлээр мөнгө шилжүүлснээс 2 гүйлгээг хамаарах гүйлгээ байна гэж үзээд өөрийн үзэмжээр шийдсэн. Өөрөө хэлбэл 06 дугаар сарын 26-ны өдөр 900 000 төгрөг, 09 дүгээр сард 700 000 төгрөг тус тус дамжуулан шилжүүлснийг тооцсон атлаа яагаад 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 80 000 төгрөг, 05 дугаар сарын 19-ний өдөр 80 000 төгрөг, 06 дугаар сарын 16-ны өдөр 800 000 төгрөг, 06 дугаар сарын 20-ны өдөр 15 000 төгрөг, нийт 975 000 төгрөг шилжүүлснийг тооцохгүй байгаа юм бэ. Гэрч болоод дүү Н.Номин-Эрдэнэ Б.З-нарын хооронд эгч Н.С-э рүү мөнгө дамжуулан шилжүүлэхээс өөр үүрэг үүсээгүй. Бас нэг зүйл шүүх 2 700 000 төгрөгийн үүрэг дуусаагүй, хүү төлөх үүрэггүй гэж үзээд байгаа юм бол алданги төлөх бас үүрэггүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт заагдсан дүнгээс хүүг хассан байж алдангийг хасахгүйгээр магадлалд тусгасан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд “...шүүх хэргийг нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлэнэ...” гэж заасан, өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн байх учиртай бөгөөд нэхэмжлэгчийн шаардаагүй, иргэний хэрэг үүсгэгдээгүй асуудлаар шүүх шийдвэр гаргах эрхгүй болно гэснийг, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэснийг тус тус зөрчсөн.

Гэтэл энэ маргаанд огт хамааралгүй, нэхэмжлэгч маргаагүй үйл баримтыг үнэлж, тооцоо буруу хийж шийдвэрлэсэн тул бид нэхэмжлэлийн үнийн дүнгээс 4 447 500 төгрөгийг эс зөвшөөрч байна.

Иймд хариуцагч Б.З-нь тайлбар болон шүүх хуралдааны явцад үндсэн зээл 4 065 000 төгрөг, алданги 2 032 500 төгрөг, нийт 6 097 500 төгрөг зөвшөөрч байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн үнийн дүнгээс 4 447 500 төгрөгийг хасч хангана уу гэжээ.

                                                                       ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэгч Н.С-э нь хариуцагч Б.Золзаяа, Б.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч Б.З-шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөөгүй бол Б.Б- нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөөгүй байна.

Зохигчид 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч Н.С-э нь хариуцагч нарт 15 000 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн байна. Үүнээс гадна бичгийн гэрээ байгуулахгүйгээр Н.С-э Б.Золзаяад  2 700 000 төгрөг зээлдүүлжээ.

Анхан шатны шүүх зээлдэгч нарын төлсөн төлбөр, зээлийн үлдэгдэл зэрэг тооцооллыг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үндэслэлтэй гаргажээ.

Бичгээр байгуулаагүй 2 700 000 төгрөгийн зээлийн гэрээний хүүд хариуцагч Б.З-2 040 000 төлсөн байна. Анхан шатны шүүх хариуцагчийн хүүд төлсөн төлбөрийг хүлээн зөвшөөрсөн бол давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан бичгээр байгуулаагүй гэрээнд хүү тооцох үндэслэлгүй гэж үзжээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т зааснаар хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх ёстой ба энэ шаардлагыг хангаагүй бол зээлдүүлэгч хүү авах эрхээ алддаг байна. Харин энэ зохицуулалт хүү шаардах зээлдүүлэгчийн эрхийг хязгаарласан болохоос бус хүүг хүлээн зөвшөөрөх зээлдэгчийн эрхэд хамааралгүй болно. Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.З-бичгээр байгуулаагүй зээлийн гэрээний хүүнд нэхэмжлэгчид 2 040 000 төлсөн нь байх нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т заасан шаардлагыг зөрчихгүй болно.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийг 2 700 000 төгрөгийн зээлийн хүүд 2 040 000 төгрөг төлсөн гэж дүгнэсэн атлаа тооцоо хийхдээ 2 700 000 төгрөгийг төлөх төлбөрөөс хассан нь алдаатай болжээ.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.    

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1129 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2017/00737 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86 110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 92 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН