Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 483

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

          Улсын яллагч З.Энхжаргал,

          Хохирогч С.Майнцэцэг, түүний өмгөөлөгч С.Соронзонболд,

          Шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч Б.Манлайжав, нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.С-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1968 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай,  эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Т.С,

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

       Шүүгдэгч Т.С нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  байх “Questraworld” гэсэн хаягтай оффисын байранд хохирогч С.Майнцэцэгт тус компани нь олон улсад бүртгэлтэй хөрөнгө оруулалтын сүлжээ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг том компани, хөрөнгө оруулбал мөнгөө хоёр дахин өсгөж авна хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 09-12 дугаар сар хүртэлх хугацаанд түүнээс 127.773.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

   Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад                                         

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Т.С  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би анх 2017 оны 3 дугаар сард Бумантуяа гэдэг хүнээс мэдээлэл аваад хөрөнгө оруулагчаар орж ажилласан. 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр С.Майнцэцэг гэдэг хүн над руу яриад гэр бүлийн найзууд болох Цэдэндамба, Бямбасүрэн гэдэг хүнээс мэдээлэл авсан. Та дансаа өгөөчээ, багц авах гэсэн юм гэж ярьсан. Би тэгэхээр нь “чи өөрөө ирээд аваач” гэж хэлэхэд С.Майнцэцэг “Өвөрхангөй аймагт Хаан банкинд теллер ажилтай учраас очиж амжихгүй байна, та дансаа өгөөч багц авах гэсэн юм” гэж хэлсэн. Тухайн үед өөрийнх нь спонсор Цэцэгмаа гэж хүн байсан. Цэцэгмаа нь тухайн үед байхгүй тэмцээнээр гадаад руу явсан байсан. Би өөрөө ажилтай учраас очих боломжгүй байна гээд миний дансыг аваад 2430 евро буюу 7.000.000 сая төгрөгийг шилжүүлсэн байдаг.  Тэрнээс хойш хүмүүсийг өөрийнхөө араас оруулсан байдаг. Тэр хүмүүс нь өөр өөрсдийнхөө данснаас над руу шилжүүлээд бүгдээрээ л өөр өөрсдийнхөө авах ёстой багцуудаа авсан. Би анхнаасаа орж ирсэн мөнгийг Бумантуяад евро болгож шилжүүлдэг байсан. Бумантуяа гадагшаа явсан үед Цолмонд өгч байгаарай гэж хэлсэн. Бумантуяа, Цолмон хоёрт ганцхан би биш бүх хүмүүс евро болгоод мөнгөө шилжүүлээд багцаа авдаг байсан. Би тэр журмаар нь мөнгийг нь тушаагаад багц авч өгсөн. Би нэг төгрөг ч хувьдаа аваагүй. С.Майнцэцэг нь өөрийнхөө хүсэлтээр өөртөө багц авсан. Өөрийнхөө араас хүмүүс оруулсан байдаг. Би маш их гомдолтой байна. Цэцэгмаа гээд спонсор нь байхгүй байсан учраас би тэр хүний ажлыг хийсэн. Хэрвээ спонсор нь Цэцэгмаа байсан бол миний оронд ингээд л зогсох байсан байх, өөр өөрийнхөө хүсэлтээр багц авсан. Би С.Майнцэцэг гэдэг хүнийг огт танихгүй. Би С.Майнцэцэгт компанийн талаар мэдээлэл өгөөгүй. Компанийн 5, 6 төрлийн карт байдаг байсан. Тэр картаараа ногдол ашгаа аваад явдаг байсан. Тэр картыг захиалаад өөрөө ногдол ашгаа аваад явах боломж байсан. Өөрийнхөө араас оруулсан хүмүүсийн бүх мөнгийг надаас нэхэмжлээд байгаа юм уу би ойлгохгүй байна. С.Майнцэцэг нь шуналын сэдэлтэй өөрийнхөө араас оруулсан хүмүүсийн ногдол ашгийг авсан. Компаниас бүтэн жилийн турш 7 хоног болгон С.Майнцэцэгийн ногдол ашиг нь ороод явж байсан. Компанийн сайт нь хаагдсан байна гэдэг нь азийн бүсийн хоёр компани, европын бүсийн хоёр компани 4 компани нэгдээд хоёр болж байгаа гэсэн. Өөрийн гэсэн банктай болно. Удахгүй шинэ сайт нь удахгүй тавигдана. Засварын ажил хийгдэж байгаа гэсэн мэдээлэл тавигдсан байна лээ. Фэйсбүүк дээрээс чаталсан нь болохоор С.Майнцэцэг нь 2017 оны 9 дүгээр сард хөрөнгө оруулалт хийсэн. Өөрийнхөө араас оруулсан хүмүүс нь болохоор 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр хүртэл оруулсан байдаг. 2017 оны 12 сард шинэ жилээр авахуулсан зургийг фэйсбүүк дээрээс авч тавьсан байна. Би бол зургаа өгч байгаагүй. Надаас нилээд сүүлд асууж байсан. Энэ компани гадаадад сургалт зохион байгуулдаг юм уу гэж асуухаар нь би гадаадад том том сургалт болдог тухай хэлж байсан. Би С.Майнцэцэгийн асуусан асуултанд нь хариулж өгч байсан. Компанийн тухай мэдээлэл өгч байгаагүй. Би энэ хүнийг залилж төөрөгдүүлээгүй гэв.

Хохирогч С.Майнцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай найз Бямбасүрэнтэй хамт ажилладаг байсан. Бямбасүрэн нь 2017 оны 4 дүгээр сард анх эхэлж орж байсан гэж хэлсэн. Би тухайн үед нь ерөөсөө тоогоогүй. 4 сараас хойш надад ярьж байсан. Би ер нь ийм зүйлд итгэдэггүй. Надад хэд хэдэн удаа ингэдэг найз нь тэгээд байгаа гэж хэлж байсан. Сүүлд нь мөнгө авахдаа найз нь ингээд мөнгө аваад байгаа шүү дээ гэж хэлсэн.  Чи ёстой алдаж байна. 4 сараас 9 сар хүртэл хэдэн сар алдсан гэж ярьж байсан. Би нээрэн гоё ч юм уу гэж бодсон. Би 9 сард ордог юм билүү гэж бодож байна гээд хэлэхэд Бямбасүрэн Т.С гэдэг хүний утсыг өгсөн. Би 9 сард Т.С-тай утсаар холбогдоод орж байсан. Орсоны дараа надад 7 хоног болгоны хагас сайн өдөр ногдол ашиг гээд өгдөг байсан. Одоогоор би бодож байхад би дансанд нь мөнгө хийсэн. Тэр мөнгөнөөс буцаагаад 7 хоног болгон өгдөг байсан юм байна лээ. Тэгж өгөхөөр нь би итгэл төрөөд сайхан юм байна гэж бодоод 2017 оны 11 дүгээр сараас эхлээд их хэмжээний мөнгө хийсэн. Хүн доороо оруулсан доор бол би өөрөө их хэмжээний мөнгө оруулах юм бол илүү ашигтай юм байна гэж анх 7.000.000 сая төгрөгөөрөө орохдоо тэгж ойлгосон. Орж ирж байгаа мөнгө нь хамаагүй их орж ирээд байсан. Би хүн доороо оруулаад ашиггүй. Тэрний оронд өөрөө их мөнгө хийвэл ашигтай юм байна гэж ойлгосон. Нэг утсан дээр олон хүний аккаунт нээж орж болдоггүй гэж тайлбарлаж өгсөн. Тэгэхээр нь би ээж, дүү нарынхаа мөнгийг сүүлийн мөнгөн дээр оруулсан. Т.С нь мөнгөө өгөх гэхээрээ утасныхаа дугаарыг өгчих гэж хэлдэг байсан. Бум 8888 гэсэн нууц код өөрсдөө өгдөг байсан. Би тэрийг зөвхөн харах үүрэгтэй. Цаашаа нэвтэрч ороод гүйлгээ хийх эрх байхгүй. Т.С нь эндээс карт гарна гэж хэлдэг байсан. 2018 оны 5 сард над руу чат бичихдээ одоо 5 сард карт гарна гэж байсан. Ер нь тэр карт гэдэг зүйл байдаггүй байсан юм байна лээ. Дандаа л карт гарна, мөнгийг чинь шилжүүлнэ гэдэг байсан. Өөрийнхөө данснаас дандаа мөнгөө шилжүүлдэг байсан. Утасныхаа дугаарыг өгчих гэж хэлдэг байсан. Өгөхгүй бол харагдаад байгаа 7 хоног болгон орж ирдэг евро нь  алга болчихдог байсан юм. 2017 оны 11 сард их хэмжээтэй мөнгө шилжүүлээд  1 сар хүртэл 7 хоног болгоныхоо ногдол ашгийг өгсөн. 1 сараас хойш залгахаар утсаа авахгүй байж байгаад сүүлдээ утаснь холбогдохоо байсан. 2018 оны 4 сард Улаанбаатар хотод ирж нөхөртэйгөө хат эмнэлэгт хэвтэхдээ ирж уулзсан чинь манайх удахгүй томрох гэж байгаа 10 жилийн баталгаатай компани, та хоёр битгий санаа зов хараад байж бай, мөнгө чинь удахгүй картаар ордог болно гэж хэлж байсан. Нөхөр бид хоёр тухайн үедээ итгэсэн. Тэрнээс хойш чат бичиж болохгүй. Утсаар ярьж болохгүй байгаад байсан. 2017 оны 7 сард бид хоёр биеэрээ ирж уулзсан. Танай байгууллага 1-7 сар хүртэл бид хоёрт мөнгө өгсөнгүй. Их хэмжээний мөнгө шилжүүлснээс хойш та алга болсон. Би одоо цагдаагийн байгууллагад хэлэхгүй, танд боломж олгоё гэж хэлэхэд Т.С “чи тэгвэл 8 сар хүртэл хүлээ, удахгүй карт гарна” гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 8 сард Улаанбаатар хтод ирээд оффис дээр нь очиход байхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2018 оны 9 дүгээр сард мөрдөгчтэй хамт оффис дээр нь очиход огт байхгүй байсан. Доод талынх нь харуулаас аууж үзэхэд нүүсэн гэж хэлсэн. Цагдаагаас шалгаад энэ хүнийг барьсаны дараа 2 хоног цагдан хоригдож гарч ирснийхээ дараа нөхрийнхөө дансанд байгаа мөнгийг өгье гэж хэлсэн. Энэ мөнгөний 10.000.000 төгрөгийг авч үлдээд бусдыг нь өгье гэж хэлэхээр нь тэг гэж хэлсэн. Надад тухайн үед үнэхээр хэцүү байсан. 100.000.000 гаруй төгрөг гэж бодохоор үнэхээр хэцүү  үхэхэд бэлэн байсан. Яахавдээ 80.000.000 гаруй төгрөг авъя гэж хэлсэн. Прокурорын газар өгье гээд өргөдөл гаргаж өгч байснаа маргааш нь өгөхөө больсон. Тухайн үед уулзахад нөхрийнхөө дансанд байсан мөнгийг манай бизнес хийдэг мөнгө гэж хэлж байсан. Би барилгын бизнестэй энэ миний эргэлтийн мөнгө гэж нөхөр нь надад хэлж байсан. Тэрнээс бол энэ мөнгө үүнд ямар ч хамааралгүй гэж хэлж байсан. Хэргийн материалтай танилцаад нөхрийнх нь дансны хуулгыг харахаар ердөө тийм зүйл байхгүй. Би 2017.11, 12 сард мөнгөө шилжүүлсэн байдаг. Нөхрийнхөө данс руу 1 саяас авахуулаад  10, 20 саяар нь мөнгө шилжүүлсэн байдаг. Бизнесийн мөнгө бол биш. Нөхөр нь энэ компанид хөрөнгө оруулаад олсон мөнгө биш гэдэг нь дансны хуулганаас нь тодорхой харагдаж байдаг. Сарантуяа нь мөнгийг Бумантуяа, Цолмонд шилжүүлсэн гэж яриад байдаг. Шилжүүлсэн юм уу гэхээр баримт байхгүй. Өөрийнх нь дансны хуулгыг харахаар нөхрийнхөө данс руу шилжүүлсэн байдаг эсхүл өөр зүйлд зарцуулсан байдаг. Бэлнээр өгсөн бол банкнаас данснаас авч өгнө. Миний шилжүүлсэн мөнгийг огт шилжүүлж байгаагүй байдаг. Би хамаатан нараасаа мөнгө зээлсэн. Одоогоор банкны зээлтэй хэцүү байна. Би 138.157.820 төгрөг шилжүүлсэн. Энэ бүгд баримттайгаа байгаа юм. Би банкны хүү 21.795.121 төгрөгийн хүү төлсөн. 27.122.121 төгрөгийн хүү төлөх, нийт үндсэн зээл нь 108.214.100 төгрөгийн зээл авсан. 118.600.670 төгрөг, 44.653.955 төгрөгийн хүүг тус тус нэхэмжилж байна гэв.

              Эрүүгийн  хэргээс:

              Хохирогч С.Майнцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сард Бямбасүрэнгээс “Fivewinds” нэртэй хөрөнгө оруулалтын компанид яаж орох талаар асуухад “Т.С гэх хүний нэрийг хэлээд 99072633 гэсэн дугаарын утас руу залгаад Бямбасүрэн таньтай ярь гэж хэлсэн таныг аккаунт нээж өгөөд евро худалдаж авч өгнө” гэж хэлсэн. ...Т.С нь надад утсаар манай компани ашигтай компани байгаа, чи уг газар хөрөнгө оруулсандаа алдахгүй гэж хэлээд 5024129045 гэсэн дансны дугаар өгөөд овог нэр, регистер, gmail хаягаа утас руу явуулаад иргэний үнэмлэхний хуулбарыг фейсбүүк цахим хаягаар явуул гэсний дагуу явуулсан. Би ...7.324.263 төгрөгийг нөхрийн хаан банкны 5564015555 гэсэн даснаас Т.С-гийн 5024129045 гэсэн данс руу Өвөрхангай аймгийн Арвайхээр сумд байрлах Хаан банкны салбарын  теллерээс шилжүүлсэн. 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр эгч Мягмарсүрэн 7.200.400  төгрөгийг зээлсэн. Уг мөнгийг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумд байрлах Хаан банкны салбарын теллер дээрээс эгч өөрийн эзэмшлийн 5540231775 данснаас Т.Сгийн 5024129045 дугаарын данс руу шилжүүлсэн. 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр эгчээсээ 7.083.450 төгрөгийг зээлсэн. Уг мөнгийг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумд байрлах Хаан банкны салбарын теллер дээрээс эгч Хатанбаатар өөрийн 5560048709 дугаарын данснаас Т.С-гийн 5024129045 дугаарын данс руу шилжүүлсэн. Тус өдрөө 63.751.050 төгрөгийг эгч Бадмаагаас 5%-н хүүтэй зээл аваад 5560022203  дугаарын данснаас Өвөрхангай аймгийн Арвайхээр сумд байрлах Хаан банкны салбарын теллер дээрээс Т.С-гийн 5024129045 дугаарын данс руу шилжүүлсэн. 20147 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр эгч Мягмарсүрэнгээс 41.500.000 төгрөгийг 5%-н хүүтэй зээлж уг мөнгийг Т.С-гийн 5024129045 дугаарын данс руу Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хаан банкны теллер дээрээс бэлнээр шилжүүлсэн. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр эгч Чулуунсүхээс зээлсэн 7.010.550 төгрөгийг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хаан банкны теллер дээрээс Т.С-гийн 5024129045 дугаарын данс руу шилжүүлсэн. “Fivewinds” компанид оруулсан хөрөнгө оруулалтын ашиг болгож Т.С нь өөрийн данснаас 12.405.170 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 144-145 дугаар хуудас/,  

              Гэрч Ч.Чулуунсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С.Майнцэцэг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 7.010.550 төгрөгийг зээлсэн. ...С.Майнцэцэг 5024129045 дугаарын данс руу хийчихээрэй л гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 214 дүгээр хуудас/,

              Гэрч Г.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С.Майнцэцэг надаас 7.200.400 төгрөг зээлсэн. Би С.Майнцэцэгт зээлсэн мөнгөө 50241290445 дугаарын данс руу шилжүүлсэн. ...С.Майнцэцэг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 43.000.000 төгрөг зээлсэн. Тэгээд удалгүй буцааж өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 216 дугаар хуудас/,

              Гэрч  Д.Бадмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С.Майнцэцэг 63.751.000 төгрөг зээлээч гэхээр нь хэдхэн хоногийн хугацаатай зээлээд 5024129045 данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 219 дүгээр хуудас/,

             

              Гэрч Н.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Цэцэгмаа нь надад хэлэхдээ Fivewinds нь дэлхийн 50 гаруй орон үйл ажиллагаа явуулдаг, эрсдлийн даатгалын сантай, хөрөнгө оруулалтын компани байна. ...Цэцэгмаагийн хэлснээр манай нөхөр Цэдэндамба төв оффис гэх Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо бизнес товерт очин сургалтанд суусан. Тухайн үед мэдээллийг Т.С өгсөн. Би найзуудаараа сууж байхдаа  Fivewinds-н сурталчилгааны номыг үзүүлэхэд бүгд үл ойшоож байсан. Найзууд дунд С.Майнцэцэг хамт байсан. Надаас асуугаад байхаар нь Fivewinds-н талаар мэдээллийг танилцуулсан. ...Т.С-гаас сайн асуу, Улаанбаатарт очиж сургалтанд суух хэрэгтэй гэж хэлсэн. Би миний доор ор гэж шахаж шааррдсан зүйл байхгүй. С.Майнцэцэг Т.С-тай ярьсныхаа дараа чиний доор 270 еврогоор орохоор болсон шүү гэж хэлсэн. Миний доор элссэн 270 еврогийн 5% еврогоор миний цахим данс руу орсон...” гэх мэдүүлэг /1хх-ийн 147 дугаар хуудас/,

             

              Гэрч П.Бумантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...уг хөрөнгө оруулалтын биенес ашигтай гэж үзээд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Peace tower-н 10 давхарт оффис түрээслэн Цолмон, Т.С нарын хамт ажиллаж байсан. Бид 3 ажиллах зарчим, аргачлалыг нь сурчихаад дор дороо биеэ даагаад хүн элсүүлээд ажилласан. Миний дор элсэн орсон. ...Тэгээд Т.С цаашаа өөрөө бие даагаад доороо хүн элсүүлээд явсан. ...Надад хэлээд худалдан авалт хийсэн удаа байхгүй. 2017 оны 09-10 сарын хооронд дотоод гуйвууллага хийдэггүй. Зөвхөн гадагшаа advgncedcash-р шилжүүлдэг байсан. Би 11-12 сард Монгол Улсад байгаагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 179 дүгээр хуудас/,

 

              Яллагдагч Т.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр С.Майнцэцэг залган Өвөрхангай аймгаас ярьж байна. Би найзуудаас мэдээлэл аван багц авах гэсэн юм гэж хэлсэн. ...та надад багц аваад өгөөч гэж хэлээд 2430 еврогийн багц буюу 7324263 төгрөгийг миний хаан бакны 5024129045  гэсэн төгрөгийг данс руу шилжүүлсэн. Би дансын нээж өгөөд багц авч өгсөн. ...Би С.Майнцэцэгээс 127.773.000 төгрөг аваагүй. ...5560208095, 5561030520, 5564015555 гэсэн дансуудаар нийт 20.240.050 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 161, 224 дүгээр хуудас/,

             

                   Т.С руу мөнгө шилжүүлсэн гэх дансны хуулгууд /1хх-ийн 4-7 дугаар хуудас/, Т.С-гийн дансны лавлагаа /1хх-ийн 19, 33-45, 49-139 дүгээр хуудас/, С.Майнцэцэг, Г.Мягмарсүрэн, Ц.Хатанбаатар, Д.Бадмаа, Ч.Чулуунсүх  нарын дансны хуулгууд /1хх-ийн 189-193 дугаар хуудас/, С.Майнцэцэгт ногдол ашиг өгсөн гэх Т.Сгийн дансны хуулгууд /1хх-ийн 195-210 дугаар хуудас/,  www.fivewindsam.com сайтад үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 1-21 дүгээр хуудас/, гэрч Ж.Мөнхбатын мэдүүлэг /1хх-ийн 244-245 дугаар хуудас/, С.Майнцэцэгийн зээлийн гэрээ, Д.Гарьмагнайгийн зээлийн гэрээ, тэтгэврийн зээлийн гэрээ, барьцаат зээлийн гэрээний хуулбар, С.Наранцэцэгийн зээлийн гэрээ, П.Янжингийн дансны хуулбар, Д.Гарьмагнайгийн дансны хуулга, Д.Бадмаагийн дансны хуулга, зээлийн тооцоолол, Т.С нь хохирогч С.Майнцэцэгтэй мессенжерээр харьцаж байсан гэх баримтууд, сайттай холбоотой баримт, шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотолсон оршин суух хаягийн тодорхойлолт /1хх-ийн 162 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 163 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 164 дүгээр хуудас/, Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан 2018 оны 10 дугаар 31-ний өдрийн 308 дугаар шүүгчийн захирамж /1хх-ийн 11-12 дугаар хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /1хх-ийн 225 дугаар хуудас/, Т.Сгийн дипломны хуулбар /1хх-ийн 226 дугаар хуудас/, ял шалгах хуудас /1хх-ийн 227 дугаар хуудас/, 

          Гэрч Ж.Янжмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний охин төлөв даруу зантай, иргэдтэй нийтэч, нөхөрсөг, хүнд тусархуу, ажилсаг, хөдөлмөрч, элдэв муу зуршилгүй, ёс суртахууны ямар нэгэн доголдол байхгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 23 дугаар хуудас/ зэргийг тус тус шинжлэн судлав.

          Шүүгдэгч Т.С нь залилах гэмт хэрэг үйлдээгүй, “Questraworld” компанийг сурталчилаагүй, хохирогч С.Майнцэцэгийн спонсор нь Цэцэгмаа гэж хүн байсан, хохирогчоос авсан бүх мөнгөө Цолмон, Бумантуяа нарт бэлнээр өгсөн гэж мэдүүлж байх боловч мэдүүлгийн эх сурвалж нотлогдоогүй тул хүлээн авах үндэслэлгүй байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хязгаарласан, хассан гэх зөрчил тогтоогдоогүй тул хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

        Шүүгдэгч Т.С нь 2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сарын хугацаанд хохирогч С.Майнцэцэгт “Questraworld” компани буюу Fivewinds Олон улсын хөрөнгө оруулалтын сан нь Испанийн Мадрид хотод байрладаг Швейцар улсад бүртгэлтэй, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, хөрөнгө оруулалт хийж гишүүнээр элсэхэд долоо хоног бүрт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээр ногдол ашиг авдаг гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 138.157.820 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.

           Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон бүрдэл хангагдсан байна.

             

Иймд шүүгдэгч Т.С-г бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг авч их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг болон хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 2 жилийн хуацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, 2-д гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор тус тус зохицуулжээ.

            Хохирогч С.Майнцэцэг өөрөөсөө болон бусдаас зээл авч шүүгдэгч Т.С-гийн Хаан банкны 5024129045 тоот дансанд 2017.09.13-нд 7.324.263 төг, 2017.10.25-нд 7.200.400 төг /Мягмарсүрэн/, 2017.09.14-нд 838.107 төг /Майнцэцэг/, 2017.11.27-нд 7.083.450 төг /Хатанбаатар/, 2017.11.27-нд 63.751.050 төг /Бадмаа/, 2017.11.29-нд 41.500.000 төг /Мягмарсүрэн/, 2017.12.12-нд 7.010.550 төг /Чулуунсүх/, 2017.12.04-нд 1.070.000 төг /Янжин/, 2018.01.20-нд 2.380.000 төг /Янжин/ нэрээр нийт 138.157.820 төгрөгийг шилжүүлсэн байх ба ногдол ашиг гэж 19.592.250 төгрөг хүлээн авсан болох нь Хаан банкны хуулгууд, хохирогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс 118.565.570 төгрөгийг гаргуулж хохирогч С.Майнцэцэгт олгох  нь зүйтэй. /1хх-112-139 дүгээр хуудас/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Майнцэцэг нь шууд бус хохиролд 44.653.955 төгрөгийн хүү нэхэмжилсэн ба шууд бус хохирлыг тооцоход холбогдох нотлох баримт нь хангалтгүй байх тул хэлэлцэхгүй орхиж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч Т.С гэм буруугийн шүүх хуралдаанаас гаргасан хохирлыг 5 хоногийн хугацаанд төлж барагдуулахаар завсарлага авсан боловч хохирлыг төлж барагдуулаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Шүүгдэгч Т.С-гийн шүүхийн зөвшөөрөлгүй цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

          Хэрэгт Жамсрангийн Мөнхбат, шүүгдэгч Т.С-гийн дансууд битүүмжлэгдсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1.Шүүгдэгч Т.С-г бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэний улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Т.С-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-гийн цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.С-гаас 118.565.570 / нэгэн зуун арван найман сая таван зуун жаран таван мянга таван зуун дал/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Майнцэцэг /РД:ЙМ85050102/-т олгосугай.

            6 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч С.Майнцэцэг шууд бус хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

            7. Хэрэгт Жамсрангийн Мөнхбат /РД: ЧП65031170/, Т.С / ЦБ68051964/-ын Хаан банкны 5003470444 данс битүүмжлэгдсэн болохыг дурдсугай.

          8. Шүүгдэгч Т.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.С-д урьд авсан хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

          10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

           11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.

 

                       

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           З.ТӨМӨРХҮҮ