Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 742

 

 

 

 

 

 

 

2019       7        23                                      2019/ДШМ/742                           

                                                                

 

  Т.С-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Мөнхтогоо,

хохирогч С.Майнцэцэг, түүний өмгөөлөгч С.Соронзонболд,

шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч Б.Манлайжав,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/483 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч Б.Манлайжав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч Т.С-д холбогдох эрүүгийн 1809043160950 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Т овгийн Т-ийн С, 19.. оны .. дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ........... дүүргийн .. дугаар хороо, ......... хотхон ....... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ЦБ...................../;

 

Т.С нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Quoestraworld” гэсэн хаягтай оффисын байранд хохирогч С.Майнцэцэгт тус компани нь олон улсад бүртгэлтэй хөрөнгө оруулалтын сүлжээ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг том компани, хөрөнгө оруулбал мөнгөө хоёр дахин өсгөж авна хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 9 дүгээр сараас 12 дугаар сар хүртэлх хугацаанд түүнээс 127,773,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Т.С-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.С-г бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэний улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Т.Сг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-гийн цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.С-аас 118,565,570 /нэг зуун арван найман сая таван зуун жаран таван мянга таван зуун дал/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Майнцэцэг /РД:ЙМ85050102/-т олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Майнцэцэг шууд бус хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт Жамсрангийн Мөнхбат /РД: ЧП65031170/, Т.С /ЦБ68051964/-ын “Хаан” банкны 5003470444 данс битүүмжлэгдсэн болохыг дурдаж, шүүгдэгч Т.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.С-д урьд авсан хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Т.С гаргасан давж заалдах гомдолдоо: “...Т.С надад хийгээгүй хэргийг хийсэн болгож, хүчээр хэрэг тохох, ял тулгаж байгаад маш их гомдолтой байна. Т.С би ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Миний бие архаг, хууч өвчин болон зүрх судасны өвчтэй, мөн бөөрний архаг өвчтэй, тархины даралттай учраас байнгын эмчийн хяналтад байдаг. Би анх Бумантуяа гэх эмэгтэйгээс “Quoestraworld” компанийн талаар мэдээлэл авч байсан. Уг компани нь 2009 онд дэлхийн улс оронд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2017 оны 1 дүгээр сард анх Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Би 2017 оны 3 дугаар сард Бумантуяад Эрэн Еврод хөрөнгө оруулалт хийж элсэн орсон. Улмаар хөрөнгө оруулалтаа нэмж 25,000,000 төгрөг оруулсан. Үүнийхээ дагуу багцаа авч, ноогдол ашиг авч байсан. Хохирогч С.Майнцэцэг гэдэг хүнийг би огт танихгүй. 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгаас С.Майнцэцэг гэх эмэгтэй над руу ярьж, өөрийн гэр бүлийн найз болох Цэдэндамба, Бямбасүрэн нараас “Quoestraworld” компанийн талаар мэдээлэл авсан. Би Бямбасүрэнд “орж байгаа, элсэн орж байгаа 2,430 еврогийн багц авах гэсэн юм, та надад дансаа өгчих, би мөнгө шилжүүлэх гэсэн юм” гэсэн. Би шууд татгалзаж, “чи өөрөө ирж албан ёсоор танилцаж, багцаа авч, дансаа нээлгэ” гэхэд “би Өвөрхангай аймгийн “Хаан” банкинд деллер хийдэг учраас очих боломжгүй байна, та дансаа өгчих” гэхээр нь би дансаа өгсөн. Тэр үед өөрийнх нь спонсор Цэцэгмаа нь тэмцээнээр гадаад явсан байсан учир С.Майнцэцэг над руу ярьсан. Түүнээс миний данс руу шилжүүлсэн мөнгийг Монголд анх эхлүүлсэн гэх Цолмонгийн 5023223735 дугаартай данс руу 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 1,200,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 20,000,000 төгрөг, мөн өдөр 3,760,000 төгрөгийг Майнцэцэгийн нэр дээр багц худалдан авахаар шилжүүлсэн өгсөн. Энэ тухай мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор нарт удаа дараа амаар болон бичгээр хүсэлт гаргасан боловч хүлээн авч шийдвэрлээгүй. Энэ ажиллагаа хийгдсэн бол Т.С би энэ залилан мэхлэх гэмт хэргийг үйлдээгүй гэдэг нь нотлогдоно. Хохирогч Майнцэцэг нь Бямбасүрэнгийн доор элсэн орж доороо 7 хүнийг элсүүлсэн нь тодорхой байгаа.

Би тэр хүмүүсийг ч огт танихгүй. Би Майнцэцэгийн шилжүүлсэн мөнгөнөөс нэг ч төгрөгийг өөртөө авч захиран зарцуулаагүй. Үүнийгээ ч нотолж чадна. С.Майнцэцэг болох түүний оруулсан хүмүүсийн шилжүүлсэн мөнгийг тухай бүрд нь Бумантуяа, Цолмон нарт 8 шарга захын валютын ченж Бат-Эрдэнэ /утас 91915482/, Цэлмэнхүү /утас 91228282/ нарыг дуудан евро болгон солиулж өгч байсныг гэрчилнэ. Эдгээр валютын ченж нарыг гэрчээр, мөн Цолмонг гэрчээр байцааж Т.С-аас хэзээ, хэдийд хэдэн төгрөгийг бэлнээр болон дансаар хүлээн авсныг тодруулах шаардлагатай. Тухайн цаг бүрд нь шилжиж орж ирсэн мөнгийг Цолмонд евро болгон бэлнээр тушааж, хүн бүрд багц нь авагдаж 7 хоног болгон ноогдол ашиг авч байсан ба баримт нотолгоотой байдаг. Цолмонд 2017 оны 9 дүгээр сарын 17-нд 30,000 евро, 2017 оны 11 дүгээр сарын 25-нд 15,000 евро, 2017 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 30,000 евро бэлнээр өгсөн. 2017 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Майнцэцэг өөрийнхөө араас оруулсан 6 хүнийхээ дансыг өглөөний 06 цаг хүртэл шөнөжин сууж өөрөө нээсэн. Өөрийнхөө болон бүх хүмүүсийн ноогдол ашгийг Майнцэцэг өөрөө авдаг байсан. 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сар хүртэл нийт 37,000,000 төгрөгийн ноогдол ашгийг долоо хоног тутам авсан. Үүнээс 20 гаруй сая төгрөгийг С.Майнцэцэг өөрийн “Хаан” банкны дансаар авсан. 17,000,000 төгрөгийг бэлнээр авсан. Үүнийг нотлох санхүүгийн баримтууд хангалттай байдаг. Мөн гэрчлэх гэрчүүд байдаг. Мөн өөрийн спонсор Цэцэгмаагаас нэг ч төгрөгийн ноогдол ашиг аваагүй гэж Майнцэцэг худал хэлж байсан. Гэтэл Цэцэгмаагаас 2017 оны 12 дугаар сараас 7 хоног болгон ноогдол ашиг 6 сая гаруй төгрөг авсан. Үүнийг баримтаар нотолно. С.Майнцэцэг нь хууль бус аргаар бусдын мөнгийг залилан авснаа нуун дарагдуулахын тулд гэмт үйлдлээс зугтаж гарахын тулд, намайг уг зохиомол хэрэгт дансаар мөнгө шилжүүлснийг далимдуулан уг хэрэгт гүтгэж байгаад маш их гомдолтой байна. Үүнийг дараах баримтаар нотолно “С.Майнцэцэг өөрийнхөө ажил мэргэжлээ ашиглан хадгаламждаа их хэмжээний хүмүүсийг мэднэ гэж ярьж байсан. Өөрийнхөө араас элсүүлэн оруулж, багц авч өгөх өөрөө ноогдол ашгийг нь авч байсан. Би уг хүмүүсийг огт танихгүй, уулзаж байгаагүй. 2017 оны 10 дугаар сард С.Майнцэцэгийн оруулсан Мягмарсүрэн гэх хүн 2,430 еврогийн багц авч, дараа нь багцаа нэмэх гэж 41,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэр шилжүүлсэн мөнгөөр нь С.Майнцэцэг нь өөрийн эх болох Янжингийн нэр дээр багц авсан. Уг мөнгө нь 14,000 евро болонгуут Майнцэцэг над руу ярьж “та өөрөөсөө 7,870 евро нэмж хийгээд өгөөч, надад зээлчих, би 21,870 еврогийн багц авмаар байна, би маргааш удаагүй өгнө” гэсэн. Би итгэж өөрөөсөө мөнгө нэмж өгсөн. Тэгээд Майнцэцэг өөрийн эх Янжингийн нэр дээр 21,870 еврогийн багц авсан. Гэтэл С.Майнцэцэг нь 7,870 еврогоо гүйцээж өгөөгүй, хуурсаар 7 хоногийн дараа гарсан ноогдол ашгаар “Quoestraworld” компанийн дотоод гүйлгээгээр төлж суутгасан. Гэтэл Мягмарсүрэн дээр баригдаад ирэхээр өөрийн үйлдлээ нуух гэж над руу чихэж гүтгэсэн. Сүүлд илт худлаа ярьж намайг хуурч миний нэрийг барьж байгааг хэрэгт холбогдоод мэдэж ойлгосон. Үүнийг гэрчлэх гэрчүүд байдаг. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд удаа дараа гомдол хүсэлт гаргаж, Бумантуяа, Цолмон, Цэцэгмаа, Бямбасүрэн “Quoestraworld”-ийн спонсор хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч өгнө үү, миний гэм буруугүйг нотолно гэхэд мэдүүлэг аваагүй. Намайг буруутган ял оногдуулж, хэргийг хааж дуусгах гэж байгаад маш их гомдолтой байна. С.Майнцэцэгийн худал хуурмаг мэдүүлгээс болж, миний амьдрал орвонгоороо эргэж, амьдралыг минь золиос болгож байгаад гомдолтой байна. Шүүхээс хэргийн үнэн зөв байдлыг зөв шударгаар тогтоон хэргийг шударга байх бүх талыг бүрэн дүүрэн бодитойгоор хянан шийдвэрлэх процессыг гүйцэд хийж чадаагүй.

Материалаар хэргийг эцэслэн шийдвэрлэж байгаад маш их гомдолтой байна. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гэрчээр Бумантуяа оролцуулах хүсэлтийг миний зүгээс удаа дараа гаргасан боловч “энэ хүн хаягтаа байхгүй, чи өөрөө олж ир, дараа нь шүүгч Төмөрхүү хэргийн хугацаа дууслаа” гэх шалтгаанаар гэрч Бумантуяаг оролцуулалгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Т.С би Бумантуяад хохирогч гэх С.Майнцэцэгийн шилжүүлсэн мөнгөний 68 сая орчим төгрөгийг бэлнээр өгсөн төдийгүй энэ талаар нотлох баримтыг мөрдөгч, прокурор, шүүгчид шүүх хуралдаанаас өмнө нотлох баримтаар гаргаж өгөхөд хүлээж аваагүй.

Т.С би С.Майнцэцэгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг залилаагүй. Энэ бүх үйл ажиллагаа өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа бодит байдлаар хэрэгжиж элсэн орсон хүн бүр 7 хоног дутам ноогдол ашиг авч, доороо хүн элсүүлж байсан. “Quoestraworld” компанийн үйл ажиллагааг хариуцан Цолмон, Бумантуяа нар бичгээр миний гэм бурууг нотлон бичсэн тайлбар бичиж өгснийг ч хүртэл хүлээж аваагүйд гомдолтой байна.

Би Майнцэцэгийн шилжүүлсэн мөнгөнөөс нэг ч төгрөгийг өөртөө авч захиран зарцуулаагүй. Үүнийгээ ч нотолж чадна. Би өөрийн өмчлөлд нэг ч төгрөг аваагүй байж, 2 жил хорих ял, мөн 118,565,750 төгрөгийн төлбөртэй гэж шүүх үндэслэлгүй дүгнэсэнд гомдолтой байна. Өнөөдөр би хууль зүйн мэдлэггүйгээс болж, танил талгүй, шударга бус мөрдөгч, прокурорын өмнө хүчин мөхөстөж, уг хэрэгт буруутгагдаж байгаадаа маш их гомдолтой байна. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт болон хэлэлцүүлэг явуулахдаа хэт нэг талыг барьж, гүйцэд бус материалаар шалгасанд гомдолтой байна. Тогтоол дурдсан дүгнэлтэд хэргийн жинхэнэ байдалтай огт нийцээгүй тул гомдолтой байна. С.Майнцэцэг өөрийн танил прокурор Энхжаргалаар хэрэгт хяналт тавиулан, өөрийн талд илт ашигтай байдлаар нөхцөл байдлаар эргүүлж, хэргийн бодит үнэнийг гуйвуулсан материалаар хэргийг материалыг бүрдүүлж С.Майнцэцэгийн талд эрх мэдэл, албан тушаал ашигласан нь үнэн. Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт, гэрч харилцан зөрүүтэй байхад, мөрдөгч, прокурор, шүүгч нар зөвхөн хохирогчийн онцлон авч үзэж, миний нотлох баримтыг үгүйсгэсэнд гомдолтой байна.

Иймд хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү. Хэргийн бодит үнэн зөв байдлыг тогтоолгох хүсэлттэй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Би нэг ч төгрөг залилаагүй тул үнэн зөвөөр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлттэй байна...” гэжээ.

 

Шүүгдэгч Т.С-гийн өмгөөлөгч Б.Манлайжав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.13 дугаар зүйлийн 1 дэх заалтыг шүүх зөрчиж хэрэг хянан шийдвэрлэлээ.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч би шүүх хуралд гэрчээр Бумантуяаг оролцуулах хүсэлтийг гаргасан ба шүүх оролцуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн атлаа гэрчээр шүүхэд оролцуулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн.

Шүүгч Төмөрхүү нь “Бумантуяа гэх гэрч олдохгүй байна, хаягтаа байхгүй, хүсэлт гаргасан тал өөрсдөө олж ир” гэж тайлбарласан төдийгүй хэргийн хугацаа дууслаа гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлж, өмгөөлөгч миний гаргасан хүсэлтийг хүлээн авалгүй, гэрч оролцуулах захирамжаа зөрчин шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Гэрч Бумантуяа нь хохирогч Майнцэцэгээс шилжүүлсэн мөнгийг Сгаас хүлээн авч валютын ченж дуудан солиулж багц болгон Майнцэцэгийн нэр дээр бүртгэл үүсгэсэн.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч миний бие мөрдөгч Төмөр, прокурор Энхжаргал нарт гэрчээр Цолмон гэгчийг байцаалгах хүслийг удаа дараа гаргасан боловч прокурор хүлээн авч шийдвэрлээгүй. Цолмон гэх гэрч нь хэрэг хянан шийдвэрлэхэд хамгийн гол гэрч төдийгүй, хохирогч Майнцэцэгээс 2017 оны 9 дүгээр сард шилжин ирсэн мөнгийг Сгаар дамжуулан Цолмон өөрийн эзэмшлийн 5023224735 тоот “Хаан” банкны дансаар 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 1,200,000 төгрөг,  2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 20,000,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 3,760,000 төгрөгийг тус тус С-ийн “Хаан” банкны 5024129045 тоот данснаас шилжүүлэн авсан депозит дансны хуулга хэргийн материалд нотлох баримтаар өгснийг үндэслэн хүсэлт гаргасан боловч гэрчээр Цолмонгоос нэг ч удаа байцаалт авсангүй. Мөн гэрчээр дуудаагүй.

Т.С нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт дэвсгэрт байх “Quoestraworld” гэсэн хаягтай оффисын байранд хохирогч С.Майнцэцэгт “тус компани нь олон улсад бүртгэлтэй хөрөнгө оруулалтын сүлжээ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг том компани, хөрөнгө оруулбал мөнгөө хоёр дахин өсгөж авна” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 9 дүгээр сараас 12 дугаар сар хүртэлх хугацаанд түүнээс 127,773,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэж шүүх дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү.

Тодруулбал, Т.С нь хохирогч С.Майнцэцэгийг мөнгө шилжүүлэх үед танихгүй төдийгүй, гэрч Бямбасүрэнгийн мэдүүлгээр дээрх нөхцөл байдал нотлогдоно. Мөн Бямбасүрэнгийн ухуулга сурталчилгаагаар С.Майнцэцэг нь тухайн сүлжээнд элсэн орсноо өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлсээр байтал Т.Сг хохирогч С.Майнцэцэгийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан гэж дүгнэх нь логикийн хувьд боломжгүй. Т.С-гийн ямар ч үйлдэл хохирогч С.Майнцэцэгийг төөрөгдөлд оруулаагүй бодит байдлыг нуугаагүй гэдэг нь тодорхой байгааг, мөн танихгүй хүн рүү хэний үгэнд итгэж элсэн орохоор мөнгө шилжүүлж байгаа нь тодорхой байгааг шүүх анхаарч үзнэ үү. Энэ нь хэргийн бодит байдлыг тогтооход, мөн С-ийн Майнцэцэгт учруулсан гэх хохирлыг тооцоход, мөн хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.7, 1.10-т заасан заалтуудыг хянаж нотлоогүй хэргийг шүүх хянан шийдвэрлэсэнд гомдолтой.

Мөн Майнцэцэг нь “Quoestraworld” гэх олон улсын хөрөнгө оруулалтын сүлжээ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид өөрөө сайн дураараа элсэн орсон төдийгүй өөрийн доор 14 хүн элсүүлсэн, тэдний ноогдол ашгийг 7 хоног бүр авч байсан талаарх мэдүүлгийг эцэслэн шалгаагүй.

Мөрдөн шалгах ажиллагаа хэт нэг талыг барьж явагдаагүй бол Майнцэцэг өөрөө С-ийн адил зүйл ангиар гэмт хэрэгт холбогдох хууль зүйн үндэслэлтэй. Энэ ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар хийгээгүй нь иргэн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, хууль нэг мөр үйлчлэх, шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. С нь Майнцэцэгийн шилжүүлсэн мөнгөнөөс нэг ч төгрөгийг хувьдаа авч завшаагүй. Бумантуяа, Цолмон нарт өгснөө мэдүүлсээр байтал огт шалгаагүй.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 483 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Т.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Би С.Майнцэцэгээс нэг ч мөнгө аваагүй. Хууль зүйн мэдлэггүйгээсээ болж ийм асуудалд орсон...” гэв.

 

Хохирогч С.Майнцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна. Анх Т.С гэх хүнтэй холбогдож, итгэж мөнгөө шилжүүлсэн. Т.С эхний ээлжинд миний мөнгийг өөрийнхөө данс руу хийгээд буцаагаад миний данс руу шилжүүлдэг байсан. Би 2017 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд мөнгө шилжүүлсэн. Цолмонд шилжүүлсэн гэх мөнгөний баримтад 2017 оны 9 дүгээр сард буюу надаас өмнө шилжүүлсэн байсныгаа надаас авсан мөнгийг Цолмон руу шилжүүлсэн гэж ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Миний шилжүүлсэн мөнгийг Т.С шууд нөхрийнхөө данс руу шилжүүлсэн байсан. Хавтас хэргийн материалаас Т.С-гийн нөхрийн дансны хуулгыг харахад 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл надаас авсан мөнгөө нөхрийнхөө данс руу бага багаар шилжүүлсэн нь харагддаг. Ийм баримт байхад өөр хүмүүст шилжүүлсэн гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Бумантуяа мэдүүлэхдээ “Т.С-аас мөнгө аваагүй” гэж хэлдэг бөгөөд мөнгө шилжүүлсэн баримт мөн байхгүй. Би дороо олон хүн элсүүлсэн асуудал байхгүй. Би эгчээсээ мөнгө зээлж аваад Т.С-д өгсөн. Би зээлсэн мөнгөө банкнаас зээл авч төлсөн. Миний зээлийн баримт хавтас хэрэгт байгаа. Бямбасүрэн гэх хүн өөрөө хохирогч болохоос намайг элсүүлсэн хүн биш. Өвөрхангайн Цагдаагийн газарт Т.С-д холбогдуулж өргөдөл гаргасан гэж хэлсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Хохирогч С.Майнцэцэгийн өмгөөлөгч С.Соронзонболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна. Т.С давж заалдах гомдолдоо Бумантуяа, Цолмон нар мөнгөө шилжүүлсэн гэж байгаа боловч хуурамч цахим хаяг нээж залилсан. Цааш мөнгийг шилжүүлсэн гэх баримт хавтас хэрэгт огт байхгүй. Т.С-гийн өөрийн данснаас нөхрийнх нь данс руу шилжсэн. Бумантуяагаас гэрчийн мэдүүлэг авсан. Тэрээр “Т.С-аас мөнгө аваагүй” гэдгээ хэлдэг. Тухайн цахим хаягийг Эрүүгийн Цагдаагийн кибер гэмт хэрэгтээ тэмцэх газраас үзлэг хийсэн бөгөөд үзлэгийн тэмдэглэлд “хуурамчаар ашиглаж байсан, нэвтрэх боломжгүй” болох нь тогтоогдсон үзлэгийн тэмдэглэл хавтас хэрэгт авагдсан байгаа. Шүүгдэгч, хохирогч нар хоорондоо утсаар ярьж танилцсан бөгөөд шүүгдэгчийн хэлж байгаагаар хохирогчийг танихгүй гэж байгаа нь үгүйсгэгдэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо Бумантуяаг анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах тухай хэллээ. Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Бумантуяагаас мэдүүлэг авсан тул заавал анхан шатны шүүх хуралдаанаар түүнийг гэрчээр оролцуулах шаардлагагүй гэж үзэж байна. С.Майнцэцэгээс 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 1.200.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 20.000.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 3.760.000 төгрөгийг тус тус Т.С-гийн Хаан банкны дансанд шилжүүлсэн. Хохирогч өөрийн ээж Янжин, нөхөр Гарьдмагнай, дүү Наранцэцэг, Чулуунсүх, Бадмаа, Хатанбаатар гэх хүмүүсээс мөнгө зээлж Т.С-д өгсөн байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Прокурор Д.Мөнхтогоо тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Т.С нь С.Майнцэцэгээс дансаар шилжүүлж авсан мөнгөө Цолмон, Бумантуяа нарт өгсөн гэж мэдүүлдэг. Т.С тухайн компанийн захирал ажилтай, Олон улсад бүртгэлтэй, хөрөнгө орлогын сүлжээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, том компани хөрөнгө оруулах мөнгөө хоёр дахин өсгөх боломжтой тухай хохирогч С.Майнцэцэгт мэдээлэл өгч, итгэл үнэмшил төрүүлэн залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн. Хохирлын мөнгийг хэрхэн яаж зарцуулсан нь хэрэг хянан шийдвэрлэхэд нөлөөлөхгүй гэж үзэж байна. Мөн Т.С нь хохирогчид 17.000.000 төгрөгийг С.Майнцэцэгт бэлнээр өгсөн гэдэг нь нотлогдоогүй. Бумантуяад шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлтийг удаа дараа тавьсан боловч оршин суух хаягтай байгаагүй, хэргийн хугацаа дууслаа гэх үндэслэлээр шүүхээс шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Мөрдөн байцаах ажиллагааны явцад Бумантуяа мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд Т.С-аас мөнгө авч байгаагүй гэдгээ мэдүүлсэн. Мөрдөн байцаах ажиллагааны явцад цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, дансны хуулга, бичгийн нотлох баримт болон бусад нотлох баримтуудаар Т.С нь хохирогч С.Майнцэцэгт итгэл үнэмшил төрүүлэн, залилан мэхэлж түүнд их хэмжээний хохирол учруулсан нь нотлогдож байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад Т.С нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Quoestraworld” гэсэн хаягтай оффисын байранд хохирогч С.Майнцэцэгт тус компани нь олон улсад бүртгэлтэй хөрөнгө оруулалтын сүлжээ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг том компани, хөрөнгө оруулбал мөнгөө хоёр дахин өсгөж авна хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, 2017 оны 9 дүгээр сараас 12 дугаар сар хүртэлх хугацаанд түүнээс 127,773,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.Майнцэцэгийн “...2017 оны 9 дүгээр сард Бямбасүрэнгээс “Fivewinds” нэртэй хөрөнгө оруулалтын компанид яаж орох талаар асуухад “С гэх хүний нэрийг хэлээд 99072633 гэсэн дугаарын утас руу залгаад “Бямбасүрэн таньтай ярь гэж хэлсэн таныг аккаунт нээж өгөөд евро худалдаж авч өгнө” гэж хэлсэн. ...Т.С нь надад утсаар манай компани ашигтай компани байгаа, чи уг газар хөрөнгө оруулсандаа алдахгүй гэж хэлээд 5024129045 гэсэн дансны дугаар өгөөд овог нэр, регистер, gmail хаягаа утас руу явуулаад иргэний үнэмлэхний хуулбарыг фейсбүүк цахим хаягаар явуул гэсний дагуу явуулсан. Би ...7.324.263 төгрөгийг нөхрийн хаан банкны 5564015555 гэсэн данснаас Т.С-гийн 5024129045 гэсэн данс руу Өвөрхангай аймгийн Арвайхээр сумд байрлах Хаан банкны салбарын теллерээс шилжүүлсэн. 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр эгч Мягмарсүрэн 7.200.400 төгрөгийг зээлсэн. Уг мөнгийг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумд байрлах Хаан банкны салбарын теллер дээрээс эгч өөрийн эзэмшлийн 5540231775 данснаас Т.С-гийн 5024129045 дугаарын данс руу шилжүүлсэн. 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр эгчээсээ 7.083.450 төгрөгийг зээлсэн. Уг мөнгийг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумд байрлах Хаан банкны салбарын теллер дээрээс эгч Хатанбаатар өөрийн 5560048709 дугаарын данснаас Т.С-гийн 5024129045 дугаарын данс руу шилжүүлсэн. Тус өдрөө 63.751.050 төгрөгийг эгч Бадмаагаас 5 хувийн хүүтэй зээл аваад 5560022203 дугаарын данснаас Өвөрхангай аймгийн Арвайхээр сумд байрлах Хаан банкны салбарын теллер дээрээс Т.С-гийн 5024129045 дугаарын данс руу шилжүүлсэн. 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр эгч Мягмарсүрэнгээс 41.500.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлж уг мөнгийг Т.С-гийн 5024129045 дугаарын данс руу Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хаан банкны теллер дээрээс бэлнээр шилжүүлсэн. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр эгч Чулуунсүхээс зээлсэн 7.010.550 төгрөгийг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хаан банкны теллер дээрээс Т.С-гийн 5024129045 дугаарын данс руу шилжүүлсэн. “Fivewinds” компанид оруулсан хөрөнгө оруулалтын ашиг болгож Т.С нь өөрийн данснаас 12.405.170 төгрөг шилжүүлсэн...” /1хх 144-145/,

гэрч Ч.Чулуунсүхийн “...С.Майнцэцэг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 7.010.550 төгрөгийг зээлсэн. ...С.Майнцэцэг 5024129045 дугаарын данс руу хийчихээрэй л гэж хэлсэн...” /1хх 214/,

гэрч Г.Мягмарсүрэнгийн “...С.Майнцэцэг надаас 7.200.400 төгрөг зээлсэн. Би С.Майнцэцэгт зээлсэн мөнгөө 50241290445 дугаарын данс руу шилжүүлсэн. ...С.Майнцэцэг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 43.000.000 төгрөг зээлсэн. Тэгээд удалгүй буцааж өгсөн...” /1хх 216/,

гэрч Д.Бадмаагийн “...С.Майнцэцэг 63.751.000 төгрөг зээлээч гэхээр нь хэдхэн хоногийн хугацаатай зээлээд 5024129045 данс руу шилжүүлсэн...” /1хх 219/,

гэрч Н.Бямбасүрэнгийн “...Тухайн үед мэдээллийг Т.С өгсөн. ...Найзууд дунд С.Майнцэцэг хамт байсан. Надаас асуугаад байхаар нь Fivewinds-н талаар мэдээллийг танилцуулсан. ...Т.С-аас сайн асуу, Улаанбаатарт очиж сургалтад суух хэрэгтэй гэж хэлсэн. Би миний доор ор гэж шахаж шаардсан зүйл байхгүй. С.Майнцэцэг Т.Стай ярьсныхаа дараа чиний доор 270 еврогоор орохоор болсон шүү гэж хэлсэн. Миний доор элссэн 270 еврогийн 5 хувь еврогоор миний цахим данс руу орсон...” /1хх 147/,

гэрч П.Бумантуяагийн “...уг хөрөнгө оруулалтын бизнес ашигтай гэж үзээд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Реасе tower-н 10 давхарт оффис түрээслэн Цолмон, С нарын хамт ажиллаж байсан. Бид 3 ажиллах зарчим, аргачлалыг нь сурчихаад дор дороо биеэ даагаад хүн элсүүлээд ажилласан. ...Т.С цаашаа өөрөө бие даагаад доороо хүн элсүүлээд явсан. ...Надад хэлээд худалдан авалт хийсэн удаа байхгүй...” /1хх 179/,

Т.С-гийн “...2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр С.Майнцэцэг залган Өвөрхангай аймгаас ярьж байна. Би найзуудаас мэдээлэл аван багц авах гэсэн юм гэж хэлсэн. ...та надад багц аваад өгөөч гэж хэлээд 2430 еврогийн багц буюу 7.324.263 төгрөгийг миний Хаан банкны 5024129045 гэсэн төгрөгийг данс руу шилжүүлсэн. Би дансны нээж өгөөд багц авч өгсөн. ...5560208095, 5561030520, 5564015555 гэсэн дансуудаар нийт 20.240.050 төгрөг авсан...” /1хх 161, 224/ гэх мэдүүлгүүд,

Мөнгө шилжүүлсэн гэх дансны хуулгууд /1хх 4-7/, Т.С-гийн дансны лавлагаа /1хх 19, 33-45, 49-139/, С.Майнцэцэг, Г.Мягмарсүрэн, Ц.Хатанбаатар, Д.Бадмаа, Ч.Чулуунсүх нарын дансны хуулгууд /1хх 189-193/, С.Майнцэцэгт ногдол ашиг өгсөн гэх Т.С-гийн дансны хуулгууд /1хх 195-210/, www.fivewinds.com сайтад үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 1-21/, гэрч Ж.Мөнхбатын мэдүүлэг /1хх 244-245/, С.Майнцэцэгийн зээлийн гэрээ, Д.Гарьмагнайгийн зээлийн гэрээ, тэтгэврийн зээлийн гэрээ, барьцаат зээлийн гэрээний хуулбар, С.Наранцэцэгийн зээлийн гэрээ, П.Янжингийн дансны хуулбар, Д.Гарьмагнайгийн дансны хуулга, Д.Бадмаагийн дансны хуулга, зээлийн тооцоолол, Т.С нь хохирогч С.Майнцэцэгтэй мессенжерээр харьцаж байсан гэх баримтууд, сайттай холбоотой баримт /1хх 162/ болон зээлийн гэрээнүүд, мөнгө шилжүүлсэн баримтууд зэргээр нотлогджээ.

Эдгээр хохирогч, гэрч нарын мэдүүлэг, гэрээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар Т.С-гийн гэмт хэрэг үйлдсэн байдал, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.С-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Залилах гэмт хэрэг нь гэмт этгээд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигладаг шинжтэй, хохирогч өөрийн эд хөрөнгө, түүний эрхийг сайн дураараа өгсөн байдгаараа Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс ялгагддаг. 

Түүнчлэн Иргэний эрх зүйн харилцаа, тухайлбал гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэх боломжгүй, эсвэл тэдгээрийг биелүүлэхийг зориудаар хөсөрдүүлсэн байдлаар гэрээгээр шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж буцаан өгөхгүй гэсэн субъектив санаатай шууд идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсон байх явдал юм.

            Хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл, шүүгдэгч Т.С нь хохирогч С.Майнцэцэгийг олон улсад бүртгэлтэй хөрөнгө оруулалтын сүлжээ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг том компани, хөрөнгө оруулбал мөнгөө хоёр дахин өсгөж авна хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийн шинж, шалгуурыг бүрэн агуулсан гэж үзнэ.

Шүүгдэгч Т.С-гийн гаргасан “…хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү. Хэргийн бодит үнэн зөв байдлыг тогтоолгох хүсэлттэй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Би нэг ч төгрөг залилаагүй тул үнэн зөвөөр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлттэй байна…”, түүний өмгөөлөгч Б.Манлайжавын “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү...” гэх утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах боломжгүй.

Учир нь, хавтас хэрэгт хохирогч С.Майнцэцэгийн “...Миний Сд өгсөн мөнгөний эх сурвалж нь миний өөрийн мөнгө бас хамаатан садангуудаасаа зээлж авсан мөнгө байсан. Энэ С нь маш уран цэцэн үгтэй, худал үнэн юм ярьж байгаад л миний бүх мөнгийг залилсан...” /1хх 141-142/, “...2003 оноос хойш үйл ажиллагаа явуулж хөрөнгө оруулагч нарын мөнгийг хөрөнгийн бирж дээр тоглолт хийн тэндээс олсон ашгийг хөрөнгө оруулагч нарт хуваан өгсөн байдаг. Доороо хүн оруулснаас их мөнгөөр хөрөнгө оруулалт оруулвал ашиг сайн авдаг гэсэн. ...С гэх эмэгтэй утсаар ярьж байгаад миний мэдээллийг аваад бүртгэлийг хийн мөн багцыг би монгол төгрөгт шилжүүлсний дараа С нь евро болгон миний цахим данс руу шилжүүлэн оруулсан...” /1хх 144-145/, “...Ер нь тэр дор л багц үүсгээд миний цахим данс руу евро хийдэг байсан. Хамгийн сүүлд их хэмжээгээр 63 сая төгрөг, 41 сая төгрөгөөр хийхэд хагас сайн өдөр нь хийнэ гэж хэлж байсан санагдаж байна. Тэгээд хагас сайн өдөр нь багц нь үүссэн...” /1хх 213/, гэрч Н.Бямбасүрэнгийн “...Би тухайн үед нөхрөөсөө сонсчихоод тухайн байгууллагын талаар судлахад үнэн юм шиг санагдаад элсэн орсон. ...тухайн үед би Fivewinds-д элсэн орсон болохоор 7 хоног болгон ноогдол ашиг өгдөг байсан. ...тэгээд миний дансанд байгаа мөнгийг Майнцэцэг мэдсэн болохоор надаас Fivewinds -н талаар асууж эхэлсэн...” /1хх 146-147/, гэрч П.Бумантуяагийн “...2017 оны 9 дүгээр  сараас 10 сарын хооронд дотоод гуйвууллага хийдэггүй. ...надад хэлээд худалдан авалт хийсэн удаа байхгүй. Зөвхөн гадагшаа advgncedcash-р шилжүүлдэг байсан. Би 11 дүгээр сараас 12 сард Монгол Улсад байгаагүй...” /1хх 179/ гэх мэдүүлгүүдээр давж заалдах гомдлууд няцаагдаж байна.

Шүүгдэгч Т.С-гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Дээрх байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасантай тус тус нийцэж байгаа болно.

Анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ШЗ/979 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдаанд гэрч П.Бумантуяаг оролцуулах тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлгийг шийдвэр гаргахдаа үнэлж шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэхгүй.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” Гэж заажээ.

Хэрэгт Ж.Мөнхбат, Т.С нарын дансуудад хязгаарлалт хийсэн тухай Хаан банкны 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 29/10380 дугаартай албан бичиг /1хх 19/, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Э.Түвшин-Эрдэнэ 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай тогтоол үйлдэж, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Отгонцэцэг хянаж баталгаажуулсан тухай нотлох баримтууд авагджээ. /1хх 156/

Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.С-гийн цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай”, 7 дахь заалтад Ж.Мөнхбат, Т.С нарын дансууд битүүмжлэгдсэн болохыг дурдсан атлаа 8 дахь заалтдаа шүүгдэгч Т.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь дээрх хуулийн заалттай нийцэхгүй.  

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч Б.Манлайжав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/483 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Жамсрангийн Мөнхбат /РД:ЧП65031170/, Т.С /РД:ЦБ68051964/-ын Хаан банкны 5003470444 данс битүүмжилснийг хүчингүй болгож, дансанд байршуулсан мөнгийг хохиролд тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албан шилжүүлсүгэй” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтын хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч Б.Манлайжав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ