Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 1040

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч  Н.Одонтуул даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн,  Б.Ариунхишиг  нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Уранбилэг,

иргэдийн төлөөлөгч: Г.Мөнхбаатар,

улсын яллагч: Д.Ариунжаргал,

гэрч: Н.Энхтайван,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ү.Б,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: О.С,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Минжүүрдорж,

шүүгдэгч Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж Г холбогдох эрүүгийн 1806 0449 80979 дугаартай хэргийг 2019 оны 3 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Ж Г 19 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 06 дугаар хороо, Тоосгоны  гудамж,  тоотод оршин суух, регистрийн дугаартай,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

          Шүүгдэгч Ж.Г нь согтуурсан үедээ буюу 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн  дугаар хороо, 13 хороолол,  байрны урд талд байрлах тоосгон гражийн 2 давхарын барилгад 58 настай иргэн Ү.Б биеэ хамгаалж чадахгүй болохыг нь мэдсээр байж онц харгис хэрцгийгээр зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр би хэрэг болдог пүүтиг дотор  унтаж байхад Н, Б нар орж ирсэн. Тухайн үед Б нүүр хөхөрч няцарсан байсан тул би тухайн үед нүдээ яачихсан юм бэ? гэж асууж байсан. Бид тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Бид гараад сав лааз түүн зараад 1 шил архи авч Халдвартын хашаан дотор уусан. Бид дахин нэг шил архи аваад Н миний унтаж байсан пүүтиг дотор очиж ууя, тэр газар хэл амгүй амар байх болно гэж хэлсэн тул бид миний унтаж байсан газар очиж 2 шил архи уусан. Биднийг архийг уугаад дуусч байхад талийгаач гарч шээе гэж хэлэхэд Н дагаж гарсан. Гадаа чимээ гараад байхаар нь би гарахад Н, Б дээрээс дэвсэж, өшиглөж зодож байсан. Б явсаны дараа Б орж ирээд “Н пязда хавирга хугалчих шиг боллоо” гэж хэлсэн. Би тухайн үед яагаад ийм зүйл болсон талаар асуухад юм дугарахгүй байсан. Би эмнэлгийн тусламж дуудах талаар ярьж байсан. Б талийгаачийн гэр нь тухайн хэрэг болсон газрын ойролцоо зам гараад 14 дүгээр байранд байсан. Тухайн өдөр гэр лүүгээ ороод нэг том шуудай аваад гарч ирсэн. Бид 3 хамт сав лааз түүсэн. Би Н нүүрэлдэн байцаалт хиймээр байна. Би тухайн үед согтсон байсан тул унтсан байсан. Талийгаач өөдөөс хараад миний хойд талд сууж байсан. Намайг сэрэхэд 2-3 хүн босооч, гар гэх мэтээр хэлж миний зургыг аваад эрүүлжүүлэхэд хийнэ гэж хэлж байсан. Маргааш өдөр нь намайг Эрүүлжүүлэх байрнаас гаргаж цагдаагийн 2 дугаар хэсэгт мэдүүлэг авсан. Би талийгаачийг нас барсан талаар мэдээгүй байсан. Би байцаагчид Н гаргасан үйлдлийн талаар хэлсэн боловч байцаагч хүлээж аваагүй. Намайг машины ард талын багажанд хийгээд футболктой, томдсон гуталтай цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Би тухайн үеэс өнөөдрийг хүртэл цагдан хоригдож байгаа гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Талийгаач ах маань ээжтэйгээ амьдардаг. Ээж маань 80 настай. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр миний ээж томилогдсон боловч өнөөдрийн байдлаар биеийн байдал муу байгаа тул шүүх хуралдаанд оролцож чадахгүй байгаа. Үр хүүхдээ хүнд алуулсан тул бие махбод, сэтгэл санааны хувьд маш хүнд байгаа. Хохирлыг барагдуулах хүсэлтийг гаргаж байна. Талийгаач нь осол аваар болон эрүүл мэндийн шалтгаанаас нас бараагүй, хүний гарт амь алдсан байгаа. Амь насыг хохироосон хүнд зохих ял шийтгэлийг оногдуулах хүсэлтэй байна. Оршуулгын зардал болон буяны ажилд зарцуулсан 7.125.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж маргалдсан байлаа ч амь насыг нь хохироосон явдалд их гомдолтой байна. Эрэмдэг зэрэмдэг байсан ч эхийнх нь хажууд харагдуулж байхгүй яавдаа гэж харамсаж байна. Шүүгдэгчийн эхний мэдүүлэгт болсон явдлыг мэдүүлсэн байдаг. Мөрдөгч хэргийн газрын үзлэг хийж, шинжээч дүгнэлт гаргаж тухайн хэргийг илрүүлсэн байдаг. Шүүгдэгчийн мэдүүлж байгаа зөрүүтэй мэдүүлгүүдийг камерын бичлэг нотолж байгаа. Камерын бичлэгт хэдэн цагаас тухайн газар ирж, хэдэн цагаас гарч явсан болох нь харагдаж байгаа. Н мэдүүлэг нь камерын бичлэгтэй тохирч байдаг. 3 хүн эхлээд цуварч орж ирсэн байдаг. Зүүн хойшоо Н гарч явсан байдаг ба талийгаач болон шүүгдэгч нар тухайн пүүтгинд үлдсэн байдаг.  Хавиргаа хугалуулсан хүн нь өөрийгөө хамгаалж чадахгүй тул энэ байдлыг мэдсээр байж онц хэрцгийгээр зодож, амь насыг хохироосон байгаа. Шаналан зовоож, онц хэрцгийгээр алсан явдалд гомдолтой байна. Шүүгдэгчийн мэдүүлснээр нүүрэнд авсан шарх нь амь хохирогчийн амь насанд хүрэх боломжгүй юм. Шарх сорви авсан байлаа гэхэд түүнээс амь алдах боломжгүй  юм. Шүүгдэгч Н зодоод хавиргаа хугалуулсан талаар мэдүүлдэг. Хэрэв тийм бол хавирга хугалуулсан хүн шил лааз түүж явах боломжгүй талаар өмнөх шүүх хуралдаанд шинжээч эмч мэдүүлсэн байгаа гэв.

Шүүгдэгч Ж.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэндээ Н, Б бид гурав архиа уусан, өөр хүн байгаагүй, тэгээд би мэдэхгүй тасарсан байсан, нэг мэдсэн чинь дүүрэг дээр эрүүлжүүлэхэд сэрсэн...” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 165-174 дүгээр хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаач ер нь гэрээсээ эрт гараад явдаг юм өдөр бол надыг заавал нэг удаа гэртээ эргэдэг байсан ...” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн  47-49 дүгээр хуудас/,

Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 сарын 23-ны өдөр 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 11 дүгээр байрны урдуур Оргилон булаг төвийн 1 дүгээр давхарт хөгжмийн бэлтгэл хийх гэж явж байхдаа гражуудын дунд байрлах 2 давхар тоосгон байшин дотор үл таних нэг хүн хана налаад сууж байгаа харагдсан. Хажуугаар нь өнгөрч явахдаа хоолны мөнгө өгөх санаатай буцаж ирээд 2 давхарт байсан хүнтэй уулзахад 2 хүн байсан, нэг хүн нь хэвтсэн, нөгөө хүн нь хана налаад сууж байсан ба хэвтэж байсан хүнийг “босоорой эгч” гэхэд хажууд нь байсан хүн “наадах чинь эрэгтэй хүн” гэж хэлсэн. Тэр хэвтэж байсан хүн гаднаас нь харахад хүнд зодуулсан байдалтай байхаар нь цагдаа дуудсан, гол нь босож ирээгүй, гаднаас нь харахад нүд нь зодуулсан юм шиг хөхөрсөн, бие нь хүйтэн байсан. Би гар болон гэдсэнд нь хүрч үзсэн. ...хамт байсан хүн нилээн согтуу байсан...” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 52-53 дугаар хуудас/,

Гэрч Г.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...авсан архиа Г амьдардаг пост дээр очиж уухаар болж 11-12 цагийн үед Г амьдардаг хаалга цонхгүй, цагаан саарал өнгийн тоосгон пост дээр очсон юм. Тэгээд Г, Б ах бид 3 авсан архиа хувааж уугаад эхний 1 шил архиа дуусгаад 2 дахь шил архиа задлаж уугаад архи тал хавьдаа орж байх үед Г нь Б ахыг “чи муу пизда ойрд ус авч ирж өгөхгүй байгаа шүү, чи маргааш өглөө ирэхдээ надад ус авч ирж өгөөрэй” гэж хэлж байсан юм. Гэтэл Б ах Г хандаж “би чамд ус авч ирж өгдөг л биз дээ” гэж хэлээд тэр хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаж эхэлсэн юм. Тэгээд Г нь босоод Б ахыг барьж аваад хоолойг нь боогоод муухай чарлалдаад муу пизда энэ тэр гээд байсан юм. Тэгэхээр нь би Г хандаж “болиочээ, наад хөгшин хүнээ яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд тэр хоёрыг салгасан юм. Тэгээд тэр хоёр хоёр талаасаа хэрэлдээд бие биенийгээ пизда нохойгоор нь дуудаад Г нь учиргүй Баяраа ах руу дайраад “чи муу зангаа хувиргаад байгаа шүү, пизда минь” гэж хэлж байсан юм. Тэгэхээр нь би “за за больё, би энэ хэрүүлтэй архийг чинь уухгүй” гэж хэлээд өөрийнхөө шуудайтай зүйлээ аваад гараад явчихсан юм...” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 64-65 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн ¹1164 дүгнэлтэд “Ү.Б цогцост хийсэн ШЭ-ийн задлан шинжилгээгээр дээрх оношинд тусгагдсан гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн доргих, цохигдох, шахагдах үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл ямарч байрлалд үүсэх боломжтой. Талийгаач нь зүрх хагарч, үнхэлцгийн хөндийд цус хуран, зүрх чихэгдсэнээс зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь элэгний архаг үрэвсэл, зүрхний булчингийн зузааралт, томрол, өөхлөлт зэрэг архаг хууч өвчтэй байсан байх ба эдгээр нь нас барахад нөлөөлөхгүй болно. Талийгаач нь О (I) бүлгийн цустай байна. Талийгаач нь 58 настай. Талийгаач нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны 19:00 цагт цогцосны анхны үзлэг хийхэд нас бараад 6-8 цаг болсон байжээ. Талийгаачийн цусанд 5,3 промилли, ходоодны шингэн 6,0 промилли, шээс 5,7 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолт байна.” гэжээ /1-р хх-ийн  91-93 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн ¹6706 дүгнэлтэд “Ж.Г биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэжээ /1-р хх-ийн 117 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн ¹5814 дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн хөх саарал өнгийн срочкин цамцан дээрх улаан хүрэн өнгийн толбонд цус илэрсэн. Хар өнгийн өмдөн дээр цус болон биологийн мөр илрээгүй. Илэрсэн цус нь бүлгийн харьяалал тогтоох шинжилгээнд тэнцэхгүй. Хөх саарал өнгийн срочкин цамцан дээрх толбонд илэрсэн цус ДНХ-ийн тогтцоороо нэг эрэгтэй хүний цус байна. Шинжилгээнд талийгаач Ү Б цус ирүүлээгүй тул тогтоолд дурдсан асуултад хариулах боломжгүй.” гэжээ /1-р хх-ийн 129-130 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн ¹7131 дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн 2018 оны №5814 дугаартай дүгнэлтэд тусгагдсан хөх саарал өнгийн срочкин цамцан дээр илэрсэн цус нь №5757 Ү.Б хатаасан цустай тохирч байна.” гэжээ /1-р хх-ийн  131-132 дугаар хуудас/,

Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн ¹580 дүгнэлтэд “Ж.Г нь гэмт хэрэг үйлдэх үедээ Архины шалтгаант бие хүний ба төрх үйлийн эмгэг олдмол сэтгэцийн эмгэгтэй байсан байна. /F10.71/ Ж.Г нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Ж.Г нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Ж.Г эмнэлгийн байнгын хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. Ж.Г нь одоогоор /F10.71/ Архины шалтгаант бие хүний ба төрх үйлийн эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна. Ж.Г нь сэтгэцийн хувьд албадан эмчилгээнд явуулах шаардлагагүй байна. Ж.Г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ /1-р хх-ийн 137-140 дүгээр хуудас/,

Шинжээч эмч М.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Цусан дахь спиртийн хэмжээ 5 промиллигоос дээш нөхцөлд хүн үхэлд хүргэх хордлогын хэмжээнд очдог, энэ үед хүн ухамсарт үйл хөдлөл хийх чадваргүй болдог…” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн  207 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн  19-32 дугаар хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн  32-35 дугаар хуудас/,

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн  36 дугаар хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн  37 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 177 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 182 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг  хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Г нь согтуурсан үедээ 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 хороолол, 11 байрны урд талд байрлах тоосгон гражийн 2 давхарын барилгад  настай иргэн Ү.Б биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж онц харгис хэрцгийгээр зодож алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаач маань хамгийн сүүлд гэрээсээ 2018 оны 5 сарын 13-ны өглөө 07 цагийн үед гараад явсан. Талийгаач маань миний том хүү байгаа юм. ...амь насыг нь бүрэлгэсэнд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн хэргийн 47-48 хуудас/

Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн .... Хажуугаар нь өнгөрч явахдаа хоолны мөнгө өгөх санаатай буцаж ирээд 2 давхарт байсан хүнтэй уулзахад 2 хүн байсан, нэг хүн нь хэвтсэн, нөгөө хүн нь хана налаад сууж байсан ба хэвтэж байсан хүнийг “босоорой эгч” гэхэд хажууд нь байсан хүн “наадах чинь эрэгтэй хүн” гэж хэлсэн. Тэр хэвтэж байсан хүн гаднаас нь харахад хүнд зодуулсан байдалтай байхаар нь цагдаа дуудсан, гол нь босож ирээгүй, гаднаас нь харахад нүд нь зодуулсан юм шиг хөхөрсөн, бие нь хүйтэн байсан. Би гар болон гэдсэнд нь хүрч үзсэн. ...хамт байсан хүн нилээн согтуу байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-52 дугаар хуудас/,

Гэрч Г.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:...авсан архиа Г амьдардаг пост дээр очиж уухаар болж 11-12 цагийн үед Г амьдардаг хаалга цонхгүй, цагаан саарал өнгийн тоосгон пост дээр очсон юм. Тэгээд Г, Б ах бид 3 авсан архиа хувааж уугаад эхний 1 шил архиа дуусгаад 2 дахь шил архиа задлаж уугаад архи тал хавьдаа орж байх үед Г нь Б ахыг “чи муу пизда ойрд ус авч ирж өгөхгүй байгаа шүү, чи маргааш өглөө ирэхдээ надад ус авч ирж өгөөрэй” гэж хэлж байсан юм. Гэтэл Б ах Г хандаж “би чамд ус авч ирж өгдөг л биз дээ” гэж хэлээд тэр хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаж эхэлсэн юм. Тэгээд Г нь босоод Б ахыг барьж аваад хоолойг нь боогоод муухай чарлалдаад муу пизда энэ тэр гээд байсан юм. Тэгэхээр нь би Г хандаж “болиочээ, наад хөгшин хүнээ яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд тэр хоёрыг салгасан юм. Тэгээд тэр хоёр хоёр талаасаа хэрэлдээд бие биенийгээ пизда нохойгоор нь дуудаад Г нь учиргүй Б ах руу дайраад “чи муу зангаа хувиргаад байгаа шүү, пизда минь” гэж хэлж байсан юм. Тэгэхээр нь би “за за больё, би энэ хэрүүлтэй архийг чинь уухгүй” гэж хэлээд өөрийнхөө шуудайтай зүйлээ аваад гараад явчихсан юм.” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 64-65 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн ¹1164 дүгнэлт /1-р хх-ийн  91-93 хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн ¹6706 дүгнэлт /1-р хх-ийн  117 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн ¹5814 /1-р хх-ийн 129-130 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн ¹7131 /1-р хх-ийн 131-132 дугаар хуудас/,

Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн ¹580 дүгнэлт /1-р хх-ийн  137-140 дүгээр хуудас/,

Шинжээч эмч М.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Цусан дахь спиртийн хэмжээ 5 промиллигоос дээш нөхцөлд хүн үхэлд хүргэх хордлогын хэмжээнд очдог, энэ үед хүн ухамсарт үйл хөдлөл хийх чадваргүй болдог…” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн  207 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн  19-32 дугаар хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн  32-35 дугаар хуудас/,

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн  36 дугаар хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 37 дугаар хуудас/  зэрэг болно.

Шүүгдэгч Ж.Г прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна. Тухайлбал, шүүгдэгч Ж.Г нь хүнийг алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж, хохирогчийг согтуурсан биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж алсан болох нь цогцост үзлэг хийсэн тэмдэглэл,1-р хх-ийн  93-94 дүгээр хуудас дахь 1164 дугаартай шинжээчийн “онош,, гэсэн хэсэгт бичигдсэн “Зүрхний баруун тосгуурын урд ханын хагарал /Разрыв сердце/. Зүүн талын олон талын хавирганы хугарал. Дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, дух, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хацар, зүүн хацар, хүзүү, баруун мөр, баруун шуу, зүүн алга, зүүн шилбэнд цус хуралт, дух, баруун хөмсөг, баруун хацар, зүүн хацар, хүзүү, зүүн мөр, баруун гуя, баруун шилбэ, зүүн шилбэнд зулгаралт. Үнхэлцгийн хөндий дэх цусан хураа. Зүрх чихэгдэл. Тархи, уушгины хаван. Дотор эрхтнүүдийн цусны эргэлтийн хямрал. Элэгний архаг үрэвсэл. Зүрхний булчингийн зузаарал, томролт. Зүрх өөхлөлт. Хүнд зэргийн согтолт гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 1164 дугаартай шинжээчийн  “Талийгаачийн цусанд 5,3 промилли, ходоодны шингэн 6,0 промилли, шээс 5,7 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолт байна гэх дүгнэлт, /1-р хх-ийн  91-93 дугаар хуудас/, шинжээч эмч М.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Цусан дахь спиртийн хэмжээ 5 промиллигоос дээш нөхцөлд хүн үхэлд хүргэх хордлогын хэмжээнд очдог, энэ үед хүн ухамсарт үйл хөдлөл хийх чадваргүй болдог…” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

1 дүгээр хавтаст хэргийн 144 дүгээр хуудсанд сэжигтэнийг баривчилсан тухай тэмдэглэл авагдсан бөгөөд Ж.Г гадуураа өмсөж явсан гүн хөх өнгийн срочикон цамц, хар өнгийн биеийн тамирын өмдийг шинжилгээ хийлгэхээр хураан авсан байна. Ж.Г хураан авсан цамцнаас шинжээчийн ¹7131 дүгнэлтээр “Шинжилгээнд ирүүлсэн 2018 оны №5814 дугаартай дүгнэлтэд тусгагдсан хөх саарал өнгийн срочкин цамцан дээр илэрсэн цус нь №5757 Ү.Б хатаасан цустай тохирч байна” гэж тогтоосон байна.

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...талийгаач зодуулсан шинжтэй нүүр нь битүү хавдаж хөхөрсөн, хажуу тал руугаа хазайсан байдалтай байсан. Би чиний нүүр царай чинь яасан юм бэ гэж асуусан чинь талийгаач зүгээрээ гэсэн, мөн би талийгаачийг зодоогүй бөгөөд Г.Н зодсон  гэж мэдүүлж байгаа нь гэрч Г.Н 1 дүгээр хавтаст хэргийн 64 дүгээр хуудас дахь  “...5 сарын 23-ны өглөө 06 цагийн үед би Ж.Г амьдардаг пост руу очиж байтал Б ах өөдөөс гараад ирсэн юм. Тэгээд Г, Б ах бид 3 хамт гарч мөн л 13 дугаар хорооллын орчимд ундааны сав, пивоны лааз, архины шил зэрэг эд зүйл түүж байгаад өглөө 09-10 цагийн үед түүсэн түүхий эдээ Нарантуул захын ард байх түүхий эд авах цэг дээр тушаагаад 6.000 гаруй төгрөг олсон юм. Тэгээд тэр мөнгөөрөө 5.000 төгрөгний үнэтэй 0.75 граммын Хандгай нэртэй архи, 3-4 ширхэг Улаан шонхор нэртэй тамхи аваад Халдвартын эмнэлэгийн хашаа руу орж бид 3 хамт архиа хувааж уусан юм. Тэгээд архиа дуусгачихаад дахиад ундааны сав, пивоны лаазаа түүхээр болж бид 3 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тийшээ явж шил лааз түүгээд өдөр дунд түүсэн эд зүйлээ Нарантуул захын ард талд тушаагаад 10.000 гаруй төгрөг олоод тэр мөнгөнөөсөө 2 жил 0.75 граммын Хандгай нэртэй архи, 3-4 ширхэг улаан шонхор тамхи авч архиа Г амьдардаг пост дээр очиж уухаар болж 11-12 цагийн үед Г амьдардаг хаалга цонхгүй цагаан саарал өнгийн тоосгон пост дээр очсон юм” гэж мэдүүлсэн мэдүүлэг, мөн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Г.Н хувцсанд шинжилгээ хийлгэх тухай тогтоол үйлдэж шинжээчийн 3830 дугаартай дүгнэлт гарсан байх бөгөөд дүгнэлтээр хуучин урагдалт, ханзралтаас өөр зүйл илрээгүй  гэсэн, түүнчлэн 1164 дүгээр дүгнэлтийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний явц хэсэг дэх /1-р хх-ийн 92 дугаар хуудасны ар хэсэг/ “...зүүн 4, 5, 6 дугаар хавирга эгэмний дунд шугамаар, 7, 8, 9, 10 дугаар хавирга эгэмний гадна шугамаар шууд хугаралтай” гэсэн задлан шинжилгээний онош дахь олон тооны гэмтлүүд болон зүүн талын олон хавирганы хугарал гэмтэлтэй хүн шил лааз түүх болон яваад хөдөлгөөн хийгээд байх боломжгүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч М.А өгсөн мэдүүлэг, 1-р хх-ийн 99 дүгээр тал дахь шинжээчийн “...зүрх хагарч, үнхэлцэг хөндийд цус хуралт дүүрэхэд тэр даруйд нас барсан” гэх дүгнэлт зэргээр няцаагдаж байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Ж.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж үйлдсэн, 1.1-д онц харгис хэрцгий аргаар үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх санал гаргасаныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзэв. Учир нь энэ 2 хүндрүүлэх нөхцөл байдлыг шүүгдэгчид сонсгосон гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд заасан байх тул давхар хүндрүүлж үзэх шааардлагагүй гэж үзэв.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг СиДиг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Ж.Г өмсөж явсан гүн хөх өнгийн срочкин цамц, хар өнгийн биеийн тамирын өмд, амь хохирогчийн өмсөж явсан хувцас болох саарал өнгийн цамц, хөх судалтай саарал цамц, цэнхэр өнгийн пудволк, хар болон хөх өнгийн 2 ширхэг өмд, цагаан өнгийн хос оймс, саарал өнгийн хос бээлий, хар өнгийн хос гутал, хэргийн газрын үзлэгээр хураагдсан Хандгай, Эзэнчингис, Хараа гэсэн шошготой архины шил тус бүр 1 ширхэг, Алое гэсэн бичигтэй ногоон өнгийн хуванцар сав, “Вояж” гэсэн бичигтэй тагтай хуванцар сав тус бүр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлж, Ж.Г цагдан хоригдсон 399 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар Ж.Г гэм хорын зардалд  7.126.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б олгохоор шийдвэрлэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь 8.926.000 төгрөгний хохирол нэхэмжилсэнээс оршуулгын зардалд гарсан 7.126.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж үлдэх зардлын талаарх нотлох баримтаа  бүрдүүлж, ИХШХШ тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэрч Г.Насанбаярыг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулан гэрчийг албадан ирүүлэх тогтоол гаргасан  боловч гэрч нь оршин суух хаяг нь тодорхойгүй, иргэний үнэмлэхний бүртгэл дээрх  хаяг дээрээ оршин суудаггүй, хэрэгт авагдсан хаяган дээрээ байдаггүй  болох нь Цагдаагийн байгууллагын илтгэх хуудсаар нотлогдож байх тул шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хэлэлцэхээр шийдэрлэсэн  болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Ж Г хүнийг алах гэмт хэргийг  онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар Ж.Г 16 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Ж.Г оногдуулсан  16  жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.    

            4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Г 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 399 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг СиДиг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

 Ж.Гн өмсөж явсан гүн хөх өнгийн срочкин цамц, хар өнгийн биеийн тамирын өмд, амь хохирогчийн өмсөж явсан хувцас болох саарал өнгийн цамц, хөх судалтай саарал цамц, цэнхэр өнгийн пудволк, хар болон хөх өнгийн 2 ширхэг өмд, цагаан өнгийн хос оймс, саарал өнгийн хос бээлий, хар өнгийн хос гутал, хэргийн газрын үзлэгээр хураагдсан Хандгай, Эзэнчингис, Хараа гэсэн шошготой архины шил тус бүр 1 ширхэг, Алое гэсэн бичигтэй ногоон өнгийн хуванцар сав, “Вояж” гэсэн бичигтэй тагтай хуванцар сав тус бүр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт  шилжүүлсүгэй.

7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Ж.Г 7.126.000 /долоон сая нэг зуун хорин зургаан мянга/ төгрөгийг гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Б  олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорын хохирлын бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу  жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

            8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, дээд шатны прокурор нар нь гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Г авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Н.ОДОНТУУЛ

                               ШҮҮГЧИД                                С.ПҮРЭВСҮРЭН

                    Б.АРИУНХИШИГ