Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 659

 

                                                             

Ж.Г-эд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Бадамсүрэн, түүний өмгөөлөгч О.Санчирбал, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дүгээр сарын 27-ны өдрийн 1040 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 954 дүгээр магадлалтай, Ж.Г-эд холбогдох 1806044980979 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Б овогт Ж Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт заасан “Онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт зааснаар 16 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Г-, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ж.Г- гаргасан гомдолдоо “2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Ү.Б-, Г.Насанбаяр бид гурав хамт 3 шил архи уугаад дууссаны дараа би унтсан байсан. Намайг унтаж байхад нэг хүн татахаар нь сэрсэн чинь Ү.Б- байсан ба Г.Насанбаяр миний хавирга руу өшиглөсний улмаас өвдөөд байна гэж хавиргаа гараараа бариад зогсож байсан. Тэгэхээр нь Ү.Б-д эмчид очиж үзүүлж гэж хэлээд эргээд унтаад өгсөн. Гэтэл хэсэг хугацааны дараа дахин намайг хүн татахаар нь сэрсэн чинь цагдаа нар ирчихсан Ү.Б- нас барсан гэж хэлсэн. Ү.Б-, Г.Насанбаяр хоёр постноос хэзээ гарч, зодолдсоныг мэдээгүй. Хэрэг гарахаас өмнө Ү.Б- нь биендээ олон тооны шарх авсан байсан. Бид өөр газраас хаягдал түүж байхдаа хүмүүст зодуулж шарх авах нь олон тохиолддог тул нэгнээсээ шархны талаар асуугаад байдаггүй. Гэтэл хохирогчийн биед учирсан олон тооны шархыг намайг учруулж, онц харгис хэрцгийгээр алсан гэж ялласанд гомдолтой байна. Г.Насанбарын мөрдөн шалгах ажиллагаан үед өгсөн худал мэдүүлгээр яллаж байна. Би мөрдөгчид Г.Насанбаяраас дахин мэдүүлэг авах, надтай нүүрэлдүүлэн байцаалгах замаар мэдүүлгийн зөрүүг арилгахыг хүсч удаа дараа хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Миний хувьд 2016 оноос хойш архийг их хэмжээгээр хэрэглэж эхэлсэн нь үнэн боловч хэнтэй ч маргалдаж байгаагүй болно. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан олон тооны шарх үхэлд хүргээгүй гэж дүгнэснийг шүүх харгалзан үзээгүй. Тухайн үед гурвуулаа хамт архи ууж бүгдээрээ биеэ хамгаалах чадваргүй байсан байтал Г.Насанбаярын худал мэдүүлэгт тулгуурлан намайг ялласанд гомдолтой байна. Мөн шинжээч эмч хохирогчийг 11-13 цагийн хооронд нас барсан гэж мэдүүлсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд бичигдсэнээр 14 цаг 16 минутын үед манаачийн өрөөний шатнаас бараан өнгийн хувцастай хүн бууж ирээд ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт зам хөндлөн гарч байсан гэжээ. Хэргийг тал бүрээс нь бүрэн гүйцэд шалгаж, үнэнийг тогтоох ёстой. Иймд Г.Насанбаярыг олж гэрчээр дахин байцаах, нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргуулахыг хүсч байна. Хэрэв шүүх эдгээр хүсэлтийг үндэслэлгүй гэж үзвэл эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж хэргийн зүйлчлэл болон ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүгдэгч Ж.Г-эд яллах дүгнэлтийн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй байна. Тухайлбал хүнийг алах явцдаа олон тооны шарх,  гэмтэл үүсгэж алсан болох нь...гэж нотлох баримтуудыг нэг бүрчлэн дурдсан боловч уг гэмтлүүдээс зарим нэг гэмтэл үхэлд хүргэхэд нөлөөлөөгүй талаар Шүүх эмнэлгийн шинжээчийн 1164 тоот дүгнэлтэд бичигдсэнийг харгалзан үзээгүй, элэгний архаг үрэвсэл, дотор эрхтний цусны эргэлтийн хямрал зэрэг зүйлчлэлд огт нөлөөлөхгүй гэж үзэж байна. Олон тооны шарх, гэмтэл үүсгэснийг онц харгис хэрцгийгээр алсан гэж зүйлчлэн ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, талийгаачийн биед үүссэн олон тооны шарх, гэмтлийг шүүгдэгч учруулсан гэж үзэхэд эргэлзээтэй, шүүхийн хэлэлцүүлэгт талийгаачтай хэрэг гарсан өдөр уулзахад нүүрэндээ олон тооны шарх, гэмтэл, зулгаралттай байсан талаар шүүгдэгч мэдүүлдэг. Шүүгдэгчийг “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” хүнийг алсан гэж гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Улсын яллагч хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдал гэдгийг амь хохирогчийн хүнд зэргийн согтолттой холбон зүйлчилжээ. Гэрч Г.Насанбаярын мэдүүлгийн “... тэгээд Ганбүргэд, Баяраа ах бид гурав авсан архиа хувааж уугаад эхний 1 шил архиа дуусгаад 2 дахь шил архиа задалж уугаад архи тал хавьдаа орж байх үед Ганбүргэд нь Баяраа ахыг “чи муу п.... ойрд ус авчирч өгөхгүй байгаа шүү, чи маргааш өглөө ирэхдээ надад ус авч ирж өгөөрэй” гэж хэлж байсан. Гэтэл Баяраа ах Ганбүргэдэд хандаж “би чамд ус авч ирж өгдөг л биз дээ” гэж хэлээд тэр хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаж эхэлсэн юм” гэсэн хэсэгт талийгаач Ганбүргэдийн хэлсэн зүйлст хариулт өгч, хэрүүл маргаан үүсч буй нөхцөл байдлыг ойлгож байсан нь илэрхий байдаг. Эндээс талийгаач хүнд зэргийн согтолттой гэдэг нь үгүйсгэгдэж байна гэж үзэж байна. Камерийн бичлэгт 12 цаг 22 минут 03 секунтэд бараан хувцастай 3 хүн манаачийн байранд орж байгаа гэдэг нь үзлэгийн тэмдэглэлд дурдагдсан, шинжээч эмч шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо талийгаач 11-13 цагийн хооронд нас барсан гэж мэдүүлсэн ба 14 цаг 16 минут 50 секундэд манаачийн байрны шатнаас бараан өнгийн хувцастай хүн бууж ирээд ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт зам хөндлөн гарч байгаа гэсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр шүүгдэгч талийгаачийг олон тооны шарх үүсгэн алсан гэх нөхцөл байдал бүрэн тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж,  Ж.Г-ийн үйлдсэн хүнийг алах гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч О.Санчирбал хэлсэн саналдаа “Шүүгдэгч болон өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоос үзэхэд үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа юм шиг эсхүл маргаад байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр эргэлзээтэй байна. Хохирогчийг хүндрүүлэх шинжээр алсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Ж.Г-ийн үйлдсэн гэмт хэрэг нь мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон. Талийгаачийн цогцост үзлэг хийхэд олон тооны шарх үүссэн байсан. Амь хохирогчийн өмсөж явсан хувцаснаас илэрсэн цус шүүгдэгчийнх нь болохыг тогтоосон болно. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Г- болон өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Ж.Г- нь согтуурсан үедээ 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 11 дүгээр байрны урд талд байрлах тоосгон гражийн 2 давхарын барилгад иргэн Ү.Б-г онц хэрцгийгээр зодож алсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.Г-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг гэм буруутайд тооцохдоо хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэж хүндрүүлэн зүйлчилж ял шийтгэсэн нь үндэслэл муутай болжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал нь хохирогч өөрийгөө хамгаалах чадваргүй байсан, үүнийг нь гэмт этгээд ухамсарлан мэдсэн, ашигласан гэсэн нөхцөлийг шаардах ба хохирогч биеэ хамгаалж чадахгүй байх тухай ойлголтод хохирогч бага насны эсвэл өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мөн биеийн хөгжлөөр илтэд сул дорой, эсвэл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй болсон байхыг ойлгох бөгөөд энэхүү хэргийн хохирогчид дээрх шинжүүд тогтоогдохгүй байх тул уг хүндрүүлэх шинжийг хэрэгсэхгүй болгон, зүйлчлэлийг хөнгөрүүлж, шүүгдэгч Ж.Г-эд оногдуулсан 16 жил хорих ялыг, 13 жил хорих ял болгон өөрчлөхөөр шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Ж.Г- болон өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарын гаргасан гомдлыг хэсэгчлэн хангаж, шийтгэх тогтоол, магадлалд дээрх өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дүгээр сарын 27-ны өдрийн 1040 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 954 дүгээр магадлалд:

“Прокуророос шүүгдэгч Ж.Г-эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэг буюу “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэх хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай”

“Шүүгдэгч Ж.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаарр 13 /арван гурав/ жил хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээн, шүүгдэгч Ж.Г-, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.                                                                                               

 

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН