Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2025/00309

 

 

 

 

 

 

 

 

*******-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/04791 дугаар шийдвэртэй

*******-ын нэхэмжлэлтэй, *******-д холбогдох

Хамтын үйл ажиллагаанаас өөрт ногдох хөрөнгийн үнэ 15,440,500 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагчийн автозасварын тоног төхөөрөмжүүдийн өмчлөгчөөр тогтоолгож, учирсан хохиролд 20,134,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Бид авто засварын газар ажиллуулахаар тохиролцож, хамтарч ажиллахаар болсон. Хэдийгээр бид дундаа *******ХХК-ийг байгуулсан боловч уг компаниар үйл ажиллагаа явуулдаагүй, тус компанийн нэр дээр ямар нэг хөрөнгө бүртгэлгүй. Бид хоёр гэр бүлийнхээ гишүүдийн хамт явж авто засварын тоног төхөөрөмжийг авчирсан ч авто засварын үйл ажиллагааг 45 хоног явуулсны дараа тохиролцохгүй болсон. *******- надад мэдэгдэлгүй шөнийн цагаар тоног төхөөрөмжүүдийг авч явсан. Тэр авч явсан тоног төхөөрөмжүүдийг шинжээчийн дүгнэлтээр 30,881,000 төгрөгөөр үнэлэгдсэн тул үүний 50 хувь буюу 15,440,500 төгрөгийг *******-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. *******-тай 2018 онд хамтарч Эрээн хотоос 16,900,000 төгрөгийн тоног төхөөрөмжийн үнийг өөрийн данснаас шилжүүлж авсан. Тухайн тоног төхөөрөмжүүд нь 4 хөлтэй лифт нэг ширхэг, тэнхлэг тохиргооны аппарат 1 ширхэг, гар багаж 1 ширхэг, тосны тосгуур 1 ширхэг, жижиг гар багаж 1 ширхэг эдгээр багажуудыг авч байсан. Багаж авахад палан дээр нэр дурдагдсан багажууд байгаа. *******- нь миний данс руу 6,900,000 төгрөг хийсэн би үлдсэн мөнгө гаргаж авсан. *******-ын гаргаж өгсөн гомдол дээр шинжээч өөрөө хэрхэн дүгнэсэн нь ойлгомжгүй. Илүү багаж бүртгэж авсан байсан гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн агуулга: *******-ас анх 27,034,000 төгрөгийг шаардсан. Үүнд автомашинаа барьцаанд тавьсан 3,000,000 төгрөг, өөрийн ах н.*******-гаас зээлсэн 800,000 ам.доллар буюу 2,000,000 төгрөг, *******-ын эзэмшилд байдаг авто гараашийн шалыг 4,000,000 төгрөгийн зээл авч хийлгэсэн, Да хүрээ захаас авсан тоног төхөөрөмж 1,200,000 төгрөгөөс 1,400,000 төгрөг, хаяг 280,000 төгрөг, экскаваторын хөлс 100,000 төгрөг, газар шороо болон гагнуурын ажил хийсэн хөлс 780,000 төгрөг, эхнэрийн дүү н.*******-өөс зээлсэн 500,000 төгрөг, гарааш засан сайжруулахтай холбоотой бизнесийн санаа 1,500,000 төгрөг, бусад зардалд 345,000 төгрөг, *******-ын хувьдаа хэрэглэсэн 4,829,000 төгрөг нийт 27,034,000 төгрөг болно. Үүнийг өөрчилж 20,134,000 төгрөг болгож байна. Мөн хийн шланк, кроп өргөгч данхрад, машин өргөдөг хоёр хөлтэй лифт, тэнхлэг тохиргооны аппарат 4 дугуйнаас зүүдэг дуран, процессор, дэлгэц, компьютер оношилгоо, машин өргөдөг 4 хөлтэй лифт, ком нагтгай, том хар троцопны ком, моторын хийний дарагч шахагч ком, түргэн иштэй троцопны ком, 129 ширхэгтэй троцопны түлхүүрийн ком, хийн буу, урт цохидог аптеркны ком, 2 ширхэг газу, азот хийлэгч, шүүр тайлагч, 8,10,12,14-ийн Гэ троцопны ком, автомат кропны тос шахагч аппарат, автомат кропны тос солигч 2 ширхэг, 10-24 хүртэлх ком түлхүүр, 8-24 хүртэлх өндөр троцопны ком, тахир ком троцопны, том резво татагч зэрэг авто засварын тоног төхөөрөмжийн өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

 

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэлийн тайлбар, татгалзлын агуулга: Бид хоёр ажлын 37 өдөр л хамт ажилласан. Энэ хугацаанд их мөнгө олох боломжгүй. *******- нь 2-3 байгууллагаас миний нэр дээр байгаа объект дээр гэрээ хийж, тос авсан. Бид өөрийнхөө дансанд байсан 3,000,000 гаруй төгрөгөөр юань худалдан авч, эрээнд байрлах байр, хоол хүнсийг дааж байсан. Мөн *******- миний зарсан машиныг минийх биш гэж үгүйсгээд шинжээч томилуулж байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-гаас 15,440,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж, мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2019 оны 07 сарын 31-ний өдрийн 8682 тоот захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийг тус тус хянан шийдвэрлэхдээ "талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний үүргийн харилцаа үүссэн" гэж дүгнэсэн атлаа гэрээний бус үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 487 дугаар зүйлээр маргааныг шийдвэрлэсэн.

Шийдвэрт Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1 дэх хэсэгт зааснаар талуудын төлсөн хураамжийг тогтоосон атлаа 6-д нь эсрэгээрээ тэдгээрийг хамтын үйл ажиллагааны мөнгөн хөрөнгө болохгүй гэж дүгнэсэн, хариуцагчийн зүгээс өөрт байгаа болон өөрөө олж авах боломжгүй нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлуулахаар нотлох баримт болон холбогдох хүсэлтээ шүүхэд удаа дараа гаргасан атал "...хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан ... хүлээсэн үүргээ биелүүлээгүй..." гэж дүгнэсэн, цалин, хариуцагч тоног төхөөрөмжид зарцуулсан хөрөнгө /6,900,000 төгрөг/-ийг сөрөг нэхэмжлэлээр шаардаагүй атал "...шаардсан" гэж тогтоосон.

Талуудын төлсөн дундын өмчид хамаарах хөрөнгүүдийг тоочин нэрлэсэн атлаа түүнд ороогүй тоног төхөөрөмжийн үнийг үндэслэн үндсэн нэхэмжлэлийг дангаар нь, бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа тул шийдвэрийн үндсэн нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хүчингүй болгож сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Уг маргаан нь 2 дахь удаагаа хэлэлцэгдэн шийдэгдсэн ба өмнө нь давж заалдах болон хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай гэж буцаагдсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгсөн ба талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний дагуу үүссэн дундын хөрөнгийн 50 хувийг шаардсан. Компаниар үйл ажиллагаа явуулаагүй, компанийн нэр дээр хөрөнгө бүртгэгдээгүй учраас хувьцаа эзэмшигчдийн дундын маргаан гэж үзэх боломжгүй. Талууд хувь нийлүүлсэн 30,000,000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг Хятад улсаас худалдаж авсан. Дээрх мөнгөн дүнгийн 50 хувийг шаардсан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч *******- нь хариуцагч *******-д холбогдуулан хамтын үйл ажиллагаа дуусгавар болсноос өөрт ногдох хөрөнгийн үнэд 15,440,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хамтын ажиллагааг эхлүүлэхэд нэхэмжлэгч 6,900,000 төгрөг гаргаж бусад хөрөнгийг би гарган тоног төхөөрөмжийг худалдан авсан тул үнэ төлөхгүй гэж татгалзсан бөгөөд автозасварын тоног төхөөрөмжүүдийн өмчлөгчөөр тогтоолгож, учирсан хохиролд 20,134,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Талууд хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулж, хэн нь хэдэн төгрөгийн хураамж төлөх, түүний хувь хэмжээ болон хураамжийг мөнгө, хөрөнгө эсхүл үйлчилгээгээр төлөхөөр тохиролцоогүй байх боловч хүн тус бүр 10,000,000 төгрөгийн хураамж төлж нэхэмжлэгч ажлын байрыг гаргаж, хариуцагч мэргэжлийн үйл ажиллагаагаа хариуцан авто засварын газрыг хамтран ажиллуулахаар амаар тохиролцсон нь тэдний хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2 дахь хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр болохыг анхан шатны шүүх зөв тодорхойлжээ.

*******ХХК-ийг талууд 2018 оны 06 сарын 21-ний өдөр байгуулсан хэдий ч тухайн компаниар авто засварын үйл ажиллагаа явуулаагүй, компани 2023 онд улсын бүртгэлээс хасагдсан байх тул хамтын үйл ажиллагаагаа иргэний хувиар явуулсан талаар зохигч маргаагүй байх тул энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

4. Зохигч хамтын үйл ажиллагаа явуулах хураамжийн хэмжээг нарийн тодорхойлоогүй учир төлсөн хураамж нь Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3 дахь хэсэгт заасны дагуу тэдгээрийн дундын хөрөнгө болохын зэрэгцээ хамтын үйл ажиллагаанаас олсон ашиг, алдагдлыг хэрхэн хуваарилах талаар тохиролцоогүй байна. Талуудын хамтын үйл ажиллагаа 2018 оны 06 сарын 16-ны өдрөөс 2018 оны 07 сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилж, хариуцагч *******- маргаж буй авто засварын тоног төхөөрөмжүүдийг 2018 оны 08 сарын 30-ны өдөр авто засварын газраас авч явснаар цаашид хамтран ажиллах боломжгүй болсонд зохигч маргаагүй учир хамтын үйл ажиллагаа Иргэний хуулийн 180 дугаар зүйлийн 480.1.4-д заасан үндэслэлээр дуусгавар болсон гэж үзэхээр байна.

Иймээс талуудын хамтын үйл ажиллагааны ашиг, алдагдлыг тэнцүү хуваах нь зүйтэй.

Зохигчийн төлсөн хураамжаар худалдан авсан гэх авто засварын тоног төхөөрөмжүүдийн зах зээлийн үнэлгээг шүүхийн журмаар шинжээчээр томилогдсон хөрөнгийн үнэлгээний *******ХХК-аас 30,881,000 төгрөг гэж үнэлжээ. Энэхүү тоног төхөөрөмжийн 50 хувийн үнэ 15,440,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэгчийн шаардлагыг хариуцагч эсэргүүцэж 16,900,000 төгрөгөөр худалдан авсан тоног төхөөрөмжөөс 1,640,800 төгрөгийн үнэтэй дагалдах хэрэгслүүд нэхэмжлэгчид үлдсэн гэж 2024 оны 11 сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй байна.

Хамтын үйл ажиллагааны явцад бий болсон өмч /тоног төхөөрөмж/ нь дундын өмч болох тул Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт зааснаар талуудад үлдсэн хөрөнгийн үнэ 30,881,000 төгрөгийг зохигчид тэнцүү хуваахад нэг гишүүнд 15,440,500 төгрөг ногдох ба үүнээс нэхэмжлэгчийн өмчлөлд үлдсэн тоног төхөөрөмжийн дагалдах хэрэгслийн үнэ 1,640,880 төгрөгийг хасч, үлдэх 13,799,620 төгрөгийг хариуцагч *******-гаас гаргуулан нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй. Энэ үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

 

5. Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан ба гомдлыг хангах үндэслэлгүй байна.

5.1. Хариуцагч эзэмшилдээ шилжүүлэн авсан авто завсарын тоног төхөөрөмжүүд болох хийн шланк, кроп өргөгч данхрад, машин өргөдөг хоёр хөлтэй лифт, тэнхлэг тохиргооны аппарат 4 дугуйнаас зүүдэг дуран, процессор, дэлгэц, компьютер оношилгоо, машин өргөдөг 4 хөлтэй лифт, ком нагтгай, том хар троцопны ком, моторын хийний дарагч шахагч ком, түргэн иштэй троцопны ком, 129 ширхэгтэй троцопны түлхүүрийн ком, хийн буу, урт цохидог аптеркны ком, 2 ширхэг газу, азот хийлэгч, шүүр тайлагч, 8,10,12,14-ийн Гэ троцопны ком, автомат кропны тос шахагч аппарат, автомат кропны тос солигч 2 ширхэг, 10-24 хүртэлх ком түлхүүр, 8-24 хүртэлх өндөр троцопны ком, тахир ком троцопны, том резво татагч зэргийг нэхэмжлэгчид буцаан өгөхгүй, дангаар өмчилнө гэсэн агуулгаар өмчлөгчөөр тогтоолгох, хамтын үйл ажиллагаа явуулснаас гарсан зардлыг хохирод тооцон 20,134,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Хариуцагчийн өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн дээрх тоног төхөөрөмжүүд түүний бодит эзэмшилд байгаагаас үзвэл хариуцагч Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд зааснаар уг хөрөнгийн өмчлөгч болсны зэрэгцээ нэхэмжлэгч уг эд хөрөнгийг хариуцагчаас шаардаагүй байна. Харин талуудын хамтын үйл ажиллагааны явцад бий болсон дундын эд хөрөнгийг хариуцагч дангаар өмчлөх үндэслэлгүй хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй. Энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

5.2. Хариуцагч хамтын ажиллагааны явцад 20,134,000 төгрөгийн зардал гарсныг нэхэмжлэлээс шаардсан боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна. Анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын задаргаа, тооцооллол болон үндэслэлийг тодруулсан бөгөөд хариуцагч шаардлага, үндэслэлээ тайлбарлаж чадаагүй байна. Иймээс шүүх шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хариуцагчийн сөрөг нэхэмжлэл хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдоогүй гэж дүгнэснийг буруутгахгүй.

5.3. Түүнчлэн анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хариуцагч талын нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангаагүй гэх гомдлыг хангахгүй. Хариуцагч талаас шүүхэд хандан 2019 оны 07 сарын 03-ны өдөр гэрч асуулгах болон дансны хуулга гаргуулах хүсэлтийг шүүх гэрчийн хаяг тодорхойгүй, дансны хуулга гаргуулах хүсэлтийн үндэслэл тодорхойгүй гэсэн үндэслэлээр хангаагүй. Мөн 2019 оны 07 сарын 30-ны өдөр үзлэг хийлгэхээр, мөн оны 11 сарын 10-ны өдөр гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг шүүхээс хэрэгт ач холбогдолгүй гэж дүгнэн хангахгүй орхижээ.

Анхан шатны шүүх хэргийг 2020 оны 10 сарын 27-ны өдөр хянан шийдвэрлэсэн шийдвэрийг давж заалдах болон хяналтын шүүх хэргийн оролцогчийн гаргасан гомдлоор хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ. Анхан шатны шүүх 2023 оны 01 сарын 30-ны өдөр хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулснаас хойш хариуцагч тал дээрх хүсэлтийг шүүхэд дахин гаргаагүй байх тул анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаж хариуцагчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт Тогтоох хэсэгт мөн улсын тэмдэгтийн хураамж-ийг тусгана гэж заасныг анхан шатны шүүх орхигдуулж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн хуваарилж шийдвэрлэснийг шийдвэрлэлгүй орхигдуулсныг залруулж, мөн хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан зохих өөрчлөлтийг оруулна.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагч талын гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч *******-гаас 13,799,620 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс 1,640,880 төгрөгийн шаардлага болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/04791 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******-гаас 13,799,620 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс 1,640,880 төгрөгийн шаардлагыг, нэхэмжлэгч *******-д холбогдох 20,134,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******-гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлд зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 283,700 төгрөг, хариуцагчийн төлсөн 293,120 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч *******-гаас 226,948 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 576,850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

Э.ЭНЭБИШ