Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2017/01145

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/00460 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1156 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Х-т холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оргил, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Дарьжав, хариуцагч Б.Х-, хариуцагчийн өмгөөлөгч Э.Мөнхдаваа, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Б.Х-т Б.Б- өөрийн эзэмшлийн 90 000 000 төгрөгийн үнэтэй “Ландкрузер 200” маркийн автомашиныг шилжүүлэн өгч, 20 хоногийн дараа 90 000 000 төгрөгийг авахаар болон уг мөнгөний дүнгээр зээлийн гэрээг хийсэн. Б Хүрэлбаатар нь манай нөхрийн найз учир найдвартай хэмээн бодож зээлээр өөрийн машинаа өгч машины үнийг 90 000 000 төгрөгөөр тохиролцсон. Гэтэл Б.Х- гэрээнд заасан хугацаанд машины үнийг төлөөгүй атлаа нэг сарын дараа машиныг маань Б.Ганбаатар гэдэг хүнд шилжүүлсэн байсан.

2014 оны 06 сарын сүүл 7 сарын эхэн хүртэлх хугацаанд 25 000 000 төгрөгийг 2-3 хувааж өгсөн. Энэ үед машины эвдрэлтэй талаар огт юм яриагүй атлаа 2014 оны 08 дугаар сарын 27-нд 45 000 000 төгрөг авахад машин чинь эвдрэлтэй байсан гэж үндэслэлгүй зүйлийг хэлээд үлдэгдэл 20 000 000 төгрөгийг төлөөгүй өдийг хүрч хохироож байна. Миний машин ямар ч эвдрэл гэмтэлгүй байсан ба Тоёота компанийн 60 жилийн ойгоор үйлдвэрлэсэн “60 жилтэй хар өнгийн Ландкрузер 200” тул үнэ ханш ч өндөртэй 90 000 000 төгрөг болж, энэ нь уг машины тухайн үеийн зах зээлийн дундаж ханш юм. Б.Х- нь машиныг өөрөө үзэж шалгаж авчихаад зуны 2-3 cap хэрэглэж, бусдад шилжүүлсний дараа үлдэгдэл мөнгөө өгөхгүй арга хайж, эвдрэлтэй байсан мэтээр ярьж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Б.Х-аас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 20 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэн Б.Б-тай зээлийн гэрээ хийсэн боловч ямар нэгэн хэлбэрээр бэлэн болон бэлэн бус мөнгө аваагүй болно. Иргэний хуулийн 282.4-т “...мөнгө зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан бөгөөд Б.Б-тай байгуулсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Миний бие өөрийн ажлын байр болох СБД-н 9-р хороо Алтайн 428 тоотод байрлах өөрийн ажлын байранд 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр буюу лхагва гаригт иргэн Б.Б-, Б.Оргил нарын хамт байсан бөгөөд миний бие Б.Х- найз н.Мөнхбаатараас “Ландкрузер 200” машиныг 95 000 000 төгрөгөөр хэлцэл хийж авч, өөр хүнд зарах талаар утсаар ярилцахыг сонсоод өөрсдийн “Ландкрузер 200” автомашиныг 90 саяар дамжуулан өгөх талаар санал тавьсан. Тухайн үед надад бэлэн мөнгө байхгүй байсан бөгөөд үүнээс илүү борлуулах боломж байсан болохоор хэн хэндээ хэрэгтэй байдлаар машиныг үзэхээр хэлэлцэн тохиролцсон. Мөн худалдан авах хүн шууд авахгүй тул хэсэг хугацааны дараа борлуулахаар хэлэлцэн автомашиныг бусдад борлуулах итгэмжлэл хийлгэн Хан-Уул дүүргийн 15-р хороо Хурд хороолол 6а байрны доод гаражид борлуулах хүртэл хадгалсан. Энэ талаар тэд мэдэж байсан бөгөөд энэ хугацаанд нөхөр Б.Оргилд 25 000 000 төгрөг өгсөн. Ингээд худалдан авахаар тохирсон хүнд 7 сарын эхээр машиныг үзүүлэн мөн 3 долоо хоногийн дараа мөнгийг авахаар тохироод машиныг шилжүүлэн өгсөн. Гэвч 7 хоногийн дараа хийсэн хэлцлийг цуцлахаар ирсэн бөгөөд машин зүүн урд талаараа мөргөлдсөн мөн жалганд унасан байж магадгүй, урд жолоочийн болон панилын ослын бүх дэр задарсан, зүүн урд лонжром тахийсан, өөрийн биш чанар муутай хятад, урд копуд, 2 крыло, гупер засвартайг үзүүлэн буцааж өгсөн. Б.Оргилтой 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ХУД-н 11-р хороо Оргил худалдааны урд байрлах машин угаалгын газар уулзаж “ослын дэрнүүд задарсан, Б.Оргилын санал болгосон үнээр борлуулах боломжгүй”-г хэлээд 25 000 000 төгрөгөө авч буцааж өгье гэсэн. Харин Б.Оргил мөнгийг буцааж өгөх боломжгүй талаар хэлээд “машинаа зар, харин 25 000 000 төгрөг өгөх хүртлээ манай гаражид хадгалагдаж байг, хүнд үзүүлбэл нээлттэй, би ч зар мэдээ болон сайтуудад мэдээлэл оруулъя, зарагдвал би 25 000 000 төгрөгөө гаргаж авъя, чи өөрөө үнээ тавиад ярилцаад зар” гэсэн. Тэгээд 7 хоногийн дараа Б.Оргилын эхнэр Б.Б- ирээд “чи 45 000 000 төгрөг нэмээд өгчих 70 000 000 төгрөгөөр тооцоогоо дуусгая, бид байрны лизингтэй” гэсэн. Тэгээд би эхнэртэйгээ зөвлөлдөн зээл аваад ярихад Б.Б- нь хөдөө явж байна миний данс руу хийчих, найз нь буцаж очоод гарын үсэг зурна гэсэн. Би уг машиныг хэлцэл хийж авсан, одоо хүртэл хэрэглээд явж байна. Би Б.Б-тай аман хэлцэл хийсэн гэж үзэж байна. Б.Б-, н.Оргил хоёроос би огт мөнгө аваагүй ба Б.Б- зовлонгоо тоочоод байхаар нь би 45 000 000 төгрөг өгөөд бүх асуудал болчихлоо гэж бодож байсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/00460 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Б-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Х-т холбогдох 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1156 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/00460 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Х-аас 20 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.” гэж, 2 дахь заалтын “үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагчаас 257 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүхийн 1156 дугаар магадлал нь үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу тайлбарласан байх тул хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

Миний бие иргэн Б.Б-тай 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээг байгуулсан бөгөөд уг зээлийн гэрээ нь Ланд Крузер 200 маркын автомашиныг 90 сая төгрөгөөр худалдах зорилготой байгуулсан болно. Үүнтэй нэхэмжлэгч маргаагүй. Иргэний хуулийн 282.4-т заасны дагуу зээлийн гэрээг байгуулсан өдөр “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Б- надад 90 сая төгрөг өгөөгүй, энэ тухай баримт ч байхгүй, харин бидний хооронд зээлийн гэрээ нэртэй автомашин худалдах-худалдан авах гэрээг баталгаажуулах зорилгоор уг гэрээг байгуулсан болно. Миний хувьд нэхэмжлэгч Б.Б-гаас мөнгө авсан зүйл байхгүй бөгөөд энэ тухай баримт хавтаст хэрэгт байхгүй. Харин надад авто машиныг шилжүүлсэн, авто машины үнийг нэхэмжлэгчид эхний удаа 25 сая төгрөг, дараагийн удаа 45 сая төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлж бидний хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсон болно.

Анх авто машиныг 90 сая төгрөгөөр тохиролцсон боловч тухайн авто машин нь эвдрэлтэй, осолд орсон болох нь сүүлд тогтоогдож энэ тухай Б.Б-тай тохиролцож, эвдрэл гэмтэлтэй болохыг ч Б.Б- хүлээн зөвшөөрч, яаралтай мөнгөний хэрэг байна 70 саяаар авто машиныг тохирч үлдэгдэл 45 сая төгрөгийг төлж гэрээг дуусгавар болгох тухай санал тавьсаны дагуу миний бие банк бусаас 45 сая төгрөгийг зээлж Б.Б-д шилжүүлсэн болно. Мөнгө шилжүүлсэн баримт дээр гэрээг дуусгавар болсон тухайгаа ч тухайн үед бичиж байсан болно. Ийнхүү авто машины үнийг бүрэн төлсөн байтал Б.Б- нь гэрээний үлдэгдэл гэж 20 сая төгрөгийг гэнэт нэхэмжилсэн нь үндэслэлгүй болно. Б.Б- бид нарын хооронд амаар тохирж, үлдэгдэл 45 сая төгрөгийг шилжүүлж гэрээг дуусгавар болсныг давж заалдах шатны шүүх анхааралгүйгээр талууд харилцан тохиролцоогүй байна гэж буруу дүгнэлт өгсөн байна.

Миний бие үнэ бүхий хөрөнгө болох Ланд крузер маркын автомашиныг Б.Б-, Оргил нартай анх 90 сая төгрөгөөр худалдан авахаар тохирсон боловч авто машины эд хөрөнгө доголдол сүүлд илэрсэн бөгөөд үүнийг нэхэмжлэгч нар нуун дарагдуулсан бөгөөд үүнийг миний хувьд тухайн үед мэдэх ямар ч боломжгүй байсан бөгөөд нэхэмжлэгч үүнийг хүлээн зөвшөөрч 70 сая төгрөгөөр сүүлд амаар тохирсон болно. Гэтэл давж заалдах шатны шүүхээс нэмж 20 сая төгрөгийг үндэслэлгүйгээр төлүүлэх тухай шийдвэр гаргасанд гомдолтой байна. Анхан шатны шүүх хэргийг шударгаар үнэн зөв шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                              ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн байх тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах журмаар дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/00460 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч Б.Б- эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байх ба давж заалдах шатны шүүх хариуцагч Б.Х-т 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хийгдэхээр товлогдсон шүүх хуралдааны зарыг 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр утсаар мэдэгдэхэд тэрээр шүүх хуралдаанд оролцохгүй гэж хариулсан болох нь баримтад тэмдэглэгдсэн байна \хх-ийн 63 дугаар тал\.

Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хойшлогджээ \хх-ийн 67-69 дүгээр тал\. 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаан мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр хойшлогдож, 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хийгдэхээр товлогдсон байна \хх-ийн 73-75 дугаар тал\.

Давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 12-ны болон 17-ны өдрийн шүүх хуралдааны зарыг хуульд заасан журмын дагуу хариуцагч талд хүргүүлсэн, мэдэгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн гэж дүгнэв.

Хариуцагчийн зүгээс 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд оролцохгүй болохоо мэдэгдсэнийг давж заалдах шатны шүүх хуралдаанд ерөөсөө оролцохгүй гэж ойлгох, түүнд дараа дараагийн шүүх хуралдааны товыг мэдэгдэхгүй байх үндэслэлгүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн тохиолдолд зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаан, шүүхийн хууль хэрэглээний талаар хяналтын шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1156 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 258 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН