Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 101/2016/08906/И |
Дугаар | 001/ХТ2017/01144 |
Огноо | 2017-10-10 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2017/01144
“Х” ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/00905 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1122 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч “Х” ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “Т” ХХК, “А” ХХК-д тус тус холбогдох,
Хууль бус үйлдлийг таслан зогсоож, компанийн эзэмшиж буй газар дээр асгасан шороо болон орц, гарцыг албадан чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндаваа, Б.Мөнх-Эрдэнэ, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны А192 тоот захирамжаар “Х” ХК-д Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд 63.018 мкв талбайтай газар эзэмших эрх олгосон. Хариуцагч “Т” ХХК-иас 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 88 тоот албан бичгээр манай компанийн эзэмшлийн газарт 14 хоногийн хугацаатай шороо хадгалах, асгасан шороогоо хожим буцаан авч, газрыг тэгшилж хэвийн байдалд оруулах болно гэсэн хүсэлт гаргасныг бид зөвшөөрсөн. Гэтэл хариуцагч “Т” ХХК-иас овоолсон шороогоо бүрэн аваагүй, энэ талаар тус компанид болон холбогдох газруудад удаа дараа гомдол гаргасан боловч хариуцагч тал асгасан шороогоо зайлуулахгүй өнөөдрийг хүрч байна.
...Энэ явдал болохоос өмнө “Эм Эм Жи Капитал” ХХК тухайн газрын урд хэсэгт зүүн уулын үерийн далангийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн ба хариуцагч “Т” ХХК-ийн асгасан хэсгийн цаад талд буюу баруун хэсэгт шороо үлдээснийг хожим манай компанийн шаардлагаар зайлуулсан бол үерийн далангаас ийм их хэмжээний шороо үлдэхгүй, тухайн компанитай аливаа маргаан байхгүй байх байсан. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч тал нийт 6.400 куб.метр шороо асгасан. “Эм Эм Жи Капитал” ХХК нь ердөө 675.65 куб.метр шороо асгасан. Хэрэв энэ хэмжээний шороог тэгшилсэн гэвэл үерийн далангийн түвшинд хүрэхгүй, мөн тус компани гаргасан шороогоо бүрэн авсан учраас хариуцагч талын тайлбар үндэслэлгүй юм.
Хариуцагч “А” ХХК нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/1237 тоот албан бичгийн дагуу өөрийн эзэмшлийн газарт орц, гарц гаргахдаа Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь хэсгийг зөрчиж манай компанийн эзэмшлийн газарт орц, гарц гаргасан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 23670 дугаар бүхий захирамжтай иргэний хэрэгт авагдсан 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн тогтоогдсон. Бид анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа компанийн эзэмшлийн газарт хариуцагчийн барьсан гадна авто зогсоолыг албадан чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасан боловч хариуцагч тал тухайн газрыг чөлөөлж, эзэмшлийн хашаагаа буцаан татсан. Харин орц, гарцын хэсэг дээр давхацсан 53.8 м.кв талбайтай газрыг чөлөөлж өгөхгүй өнөөдрийг хүрч, манай компанийн хууль ёсны эрхийг зөрчиж байна.
Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэг, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч “Т” ХХК-д асгасан шороогоо буцаан авч, өмнөх байдалд нь оруулахыг, давхардсан 53.8 мкв талбайтай газрыг чөлөөлөхийг “А” ХХК болон “Т” ХХК-д тус тус даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:
Орц, гарцын хэсэг дээр давхацсан талбайн хэмжээ 53.8 мкв талбай бөгөөд энэ хэмжээний талаар маргахгүй. Гэвч манай компани “Т плаза” худалдааны төвийг барьж гүйцэтгэхдээ уг орц, гарц гаргах зөвшөөрлийг Нийслэлийн авто замын газарт хүсэлт гаргасны дагуу 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр авсан. Уг зөвшөөрөлд нэр дурдсан “Ялгуусан” ХХК-иар ажлыг гүйцэтгүүлсэн. “Т” ХХК-ийн зүгээс анхнаасаа энэ хэсэгт орц, гарц гаргаж өгөөч гэсэн хүсэлт гаргаагүй, Нийслэлийн авто замын газарт уг хүсэлтийг гаргахад аюулгүйн тойргийн хажууд байдаг төв зам, автобусны буудал зэргийг харгалзан олгосон газарт орц, гарц гаргасан боловч давхацсан байна.
Иймд орц, гарц гаргаж өгсөн газар эрх бүхий байгууллага болох Нийслэлийн авто замын газартай холбоотой маргаан тул Иргэний хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш гэж үзэж байна. Манай компани нэхэмжлэлд дурдсан шороог асгасан нь үнэн. “Т” ХХК-ийн захиалгаар “Т тауэр” ХХК-иар “Т плаза” худалдааны төвийг барьж байгуулах ажлыг гүйцэтгүүлсэн бөгөөд гүйцэтгэгч “Т тауэр” ХХК-ийн албан бичигт дурдсанаар нийт газрын хэмжээ, газраас гарсан куб.метр шороо зэргийг 3 газарт нөөцөлсөн. Гэтэл тухайн нөөцөлсөн шороог аваад дутахад хувь хүнээс шороо худалдан авч, барилгын ажлыг дуусгасан тул үлдэгдэл шороо манай компанид хамаагүй. “Эм энд жи капитал” ХХК-д хамааралтай. “Эм Эм Жи Капитал” ХХК нь зүүн уулын үерийн далангийн барилга байгууламжийг барьж гүйцэтгэхдээ шороо асгасан. Гэхдээ энэ шороог далангийн хажуугаар хийж, үлдэгдэл шороог авсан эсэх нь тодорхойгүй байна. “Т” ХХК-иас асгасан шороогоо малтаж авах үед тухайн газар доогуур байсан бохирын худаг бөглөрч, нэг удаа засвар хийж байсан бөгөөд тэгшилж, цэвэрлэсэн. Хэрэв шороог дахин авахаар бол шугам эвдрэх эрсдлийг хэн хариуцах вэ гэдэг асуудал гарч ирэх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/00905 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Х” ХК-ийн хууль ёсны эзэмшлийн газарт асгасан шороог чөлөөлөхийг хариуцагч “Т” ХХК-д даалгаж, нэхэмжлэгчийн эзэмшлийн 53.8 м.квадрат талбайтай газрыг хариуцагч “А” ХХК болон “Т” ХХК нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1122 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/00905 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзэмшил газраас 3 116 м.куб шороог зайлуулах замаар нэхэмжлэгчийн ашиглах эрхэд учруулж буй эс үйлдлээ таслан зогсоохыг хариуцагчид даалгаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул 53.8 м.квадрат талбайтай газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “56.1” гэснийг “56.2” гэж, “хариуцагч нараас 140 400 төгрөгийг” гэснийг “хариуцагч нараас 70 200 төгрөгийг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан тул шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
...Хавтаст хэрэгт Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд “...шороо асгасан 3 116 м.квадрат талбайтай газар...” гэж л заасан байдаг. 3 116 м.куб шороо асгасан гэх баримт байхгүй тул давж заалдах шатны шүүхийн 1122 дугаартай магадлалын тогтоох хэсэгт заасан “...3 116 м.куб шороо...” гэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй болжээ. Харин давж заалдах шатны шүүх магадлалдаа маргааны зүйл болж буй шорооны хэмжээг талбайгаар бус эзэлхүүнээр ташаа бичсэнийг залруулах нь зүйтэй.
Нэхэмжлэгч “Х” ХК нь “Т” ХХК, “А” ХХК-д холбогдуулан эзэмшил газраасаа шороо зайлуулах, орц гарцыг чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч “Т” ХХК нь өөрийн барилгын зам талбайг тохижуулахдаа нэхэмжлэгчийн эзэмшил газар дээр түүний зөвшөөрснөөр шороо буулгасан ба уг шороог бүрэн зайлуулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. Шүүх маргааны үйл баримтын талаар нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.-т зааснаар хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.-т зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. Энэ эрх хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамааралтай байна.
Харин хариуцагчийн орц, гарц гаргасан хэсэг нэхэмжлэгчийн газартай давхцалгүй тул газар эзэмших эрхийг нь хязгаарлаагүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын шинжээчийн дүгнэлтэд “шороо асгасан 3 116 м2 талбайтай газар” гэсэн байхад шүүх “3 116 мкуб шороо” гэж магадлалдаа заасан нь алдаатай болжээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжтой гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1122 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “3 116 мкуб” гэснийг “3 116 м2 талбай бүхий” гэж өөрчлөн магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН