Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2023/1050/З |
Дугаар | 001/ХТ2024/0093 |
Огноо | 2024-10-07 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2024/0093
“Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль
орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Х.Батсүрэн
Шүүгчид: Д.Батбаатар
М.Батсуурь
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0163 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2024/332 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д нарыг оролцуулж,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ШХТ2024/0253 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага:
Нэхэмжлэгч “Ю” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/472 дугаар тушаал хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Хэргийн нөхцөл байдал:
2.1.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/466 дугаар тушаалаар “Ю” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд 9987 м.кв газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар олгожээ.
2.2.Үүний дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гурвалсан гэрээг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байгуулж, талууд гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/082 дугаар “Газар ашиглах гэрээ дүгнэх хуудас”-аар дүгнэсэн байх бөгөөд дээрх хуудаст “Гэрээний дагуу газрын төлбөр баримттай. 2021 оныг дуустал төлбөр төлсөн акттай” гэж дүгнэгджээ.
2.3.“Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/472 дугаар тушаалаар “... газрын төлбөрийг заасан хугацаанд бүрэн төлөөгүй” үндэслэлээр нэхэмжлэгчид олгосон газрын ашиглах эрхийг хүчингүй болгожээ.
3.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:
3.1.“... Газар ашиглах эрхийг үндэслэлгүйгээр цуцалж төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа компанийн үйл ажиллагаа, ашиг сонирхлыг зөрчсөн нь хууль бус гэж үзэж байна. 2023 оны татварыг төлж тайлагнах хугацаа дуусаагүй байхад газар ашиглах эрхийг цуцалсан. Гэрээнд нарийвчлан заасан байхад гэрээний үүргийн биелэлт, тооцоо нийлсэн акт зэрэг баримтуудыг үзэлгүйгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг баримтлан газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй. Захиргааны акт гаргахын өмнө гэрээтэй холбоотой харилцааг дүгнээгүй, нарийвчилсан зохицуулалтыг үзэлгүйгээр шууд нэг талын хүсэл зориг давамгайлж, захиргааны актаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль бус. Шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа, бодит нөхцөл байдлыг тодруулах ажиллагаа хийгдээгүй, эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд мэдэгдээгүй, актыг гардуулаагүй, шуудангаар явуулсан. Иймд сайдын тушаал хууль бус тул хүчингүй болгож өгнө үү ...” гэх агуулгаар маргажээ.
4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Маргаан бүхий тушаалд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг удирдлага болгосон, харин хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн саналд дурдсан байсан. Гэхдээ дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийг гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байгаа учраас Зөвлөл шийдвэр гаргаад, Сайд зөвхөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлийг баримталж шийдвэр гаргасан байдаг. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5-д зааснаар газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдөр төлөхөөр тогтоосон байхад нэхэмжлэгч 2022, 2023 оны газрын төлбөрийг төлөөгүй, газрын албанаас ногдуулалт үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Маргаан бүхий тушаал хууль ёсны тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн тайлбар өгсөн.
5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0163 дугаар шийдвэрээр: “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэг, 40.4.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Ю” ХХК-аас гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/472 дугаар тушаал хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:
5.1.“Газар ашиглах гэрээг талууд 2022 болон 2023 онд дүгнээгүй боловч нэхэмжлэгч нь 2021 онд газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдсэн, харин 2022, 2023 онд газрын төлбөрийн нэхэмжлэл үүссэн болох нь баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Газрын тухай хууль тогтоомжоор хүлээсэн газрын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зохицуулалт нь газар ашиглагчаас газрын төлбөрөө харьяалах татварын албанд төлөх үүрэгтэй холбоотой зохицуулалт биш бөгөөд энэ талаарх эрх зүйн харилцааг зохицуулсан заалт нь Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг байна.
5.2.Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс “... Татвараа төлөх гээд 2023 оны 6 дугаар сард очиход татварын ногдуулалт нэг өдөрт 2,400,000, 1,200,000, 1,200,000 төгрөг гээд 3 ногдуулалт үүсгээд, 2023 оны 2 дугаар сард нэг дор 15,600,000 гаруй төгрөг гээд ойлгомжгүй, тодорхойгүй ногдуулалт үүсгэсэн байсан ...” гэж маргасан боловч дурдаж буй үйл баримтыг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй, тухайн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул түүний энэ тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй ...” гэх зэргээр дүгнэжээ.
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2024/332 дугаар магадлалаар: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг өгсөн байна. Үүнд:
6.1.“Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон тус дүүргийн Татварын хэлтэст нэхэмжлэгч “Ю” ХХК-тай холбоотой газрын төлбөрийн нэхэмжлэх үүссэн эсэх, хэрэв үүссэн бол хэзээ, ямар зориулалтаар үүссэн болох, мөн 2020-2023 онуудад нэхэмжлэгч компани нь аливаа байдлаар газрын төлбөр төлсөн гэж тайлбарлаж байгаа нь маргаан бүхий газартай хамааралтай эсэх, үүнд захиргааны байгууллагын үйл ажиллагааны хууль бус үйлдэл хамааралтай эсэх зэргээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнийг эс зөвшөөрсөн хариуцагчийн тайлбар, маргаан бүхий актын үндэслэл, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсэхийг тодруулахын тулд хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулан дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай.
6.2.Газрын төлбөрийн тухай хуульд зааснаар төрийн өмчийн газрыг эзэмшиж, ашиглаж байгаа аливаа этгээд газрын төлбөр төлөх үүрэгтэй боловч шүүх хуульд заасан нотлох зарчмыг хэрэгжүүлж, хэргийг нэг мөр шийдвэрлэх үүднээс хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хангалттай цуглуулж, энэ нь хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй” гэжээ.
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3-т заасны дагуу гомдол гаргаж байна.
7.1.”Ю” ХХК-ийн газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/472 дугаар тушаалаар цуцлахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус заасныг үндэслэлээ болгосон. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т “... газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” үүргийг газар эзэмшигч, ашиглагчид хүлээлгэсэн, хуулиар хүлээсэн энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгохоор мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д тусгайлан заасан.
7.2.Түүнчлэн Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа ... аж ахуйн нэгж ... газрын төлбөр төлөгч байна”, 4 дүгээр зүйлд “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу ... аж ахуйн нэгж, байгууллагын ... ашиглаж байгаа Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна”, 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж тус тус зааснаас үзэхэд газар эзэмшигч, ашиглагчид хуулиар хүлээлгэсэн үүрэг тул газрын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байхад давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй байна.
7.3.Тодруулбал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 23 дугаар тогтоолын Хянавал хэсгийн 14-т “Улсын дээд шүүх Газрын тухай хууль болон Газрын төлбөрийн тухай хуулийн эдгээр зохицуулалтуудыг ижил төсөөтэй маргаанд нэгдмэл байдлаар тайлбарлан хэрэглэж ирсэн бөгөөд ... шүүх газрын төлбөрөө төлөөгүй газар эзэмшигч, ашиглагчийн эрхийг цуцалсан захиргааны актын хууль зүйн үндэслэлд холбогдох хуулийн заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэхгүйгээр, зөвхөн үйл баримтад дүгнэлт хийж ... шийдвэрлэсэн нь буруу байна” гэж дүгнэсэн хууль хэрэглээний нэгдмэл байдлыг зөрчсөн шийдвэр гаргасан. Тус хэргийг шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн. Иймд дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
8.Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс хяналтын шатны шүүх хуралдаанд “Хариуцагчийн гомдлыг эс зөвшөөрч байна, давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай тайлбарыг өгөв.
9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
10.Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэж буруутгах боломжгүй байна.
11.Учир нь, маргаан бүхий акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/472 дугаар тушаалаар нэхэмжлэгч “Ю” ХХК-ийг “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг нь цуцалсан, гэтэл нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд “... манай байгууллага Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст харьяалагддаг ба тус албанд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа төлбөртэй холбоотой нэхэмжлэх үүссэн байсан, үүнтэй холбоотой баримтыг өөрөө гаргаж өгөх боломжгүй учир холбогдох баримтыг гаргуулах, гэрч асуулгах хүсэлт тавихад анхан шатны шүүх хүлээн аваагүй, ... өнөөдрийн байдлаар манайх 2022 оны татварыг төлсөн, 2023 оны хувьд 4,000,000 төгрөгийг төлсөн, газрын албанаас холбогдох лавлагаа авчихсан байгаа ...” гэсэн тайлбар өгсөн.
12.Үүнээс үзвэл давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, “... Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон тус дүүргийн Татварын хэлтэст нэхэмжлэгч “Ю” ХХК-тай холбоотой газрын төлбөрийн нэхэмжлэх үүссэн эсэх, хэрэв үүссэн бол хэзээ, ямар зориулалтаар үүссэн болох, мөн 2020-2023 онд төлсөн гэх газрын төлбөр нь маргаан бүхий газарт хамааралтай эсэх зэрэг шаардлагатай нотлох баримтыг цуглуулж, бүрэн тодруулснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнийг эс зөвшөөрсөн хариуцагчийн тайлбар, маргаан бүхий актын хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт өгсний үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байна.
13.Нэгэнт хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, давж заалдах шатны шүүх өөрөө нотлох баримт цуглуулах боломжгүй тул тус шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасныг “хууль хэрэглээний нэгдмэл байдлыг зөрчсөн шийдвэр гаргасан” гэж буруутгах боломжгүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг (Тодорхойлох хэсгийн 7-д) хангах үндэслэлгүй.
14.Иймд шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2024/332 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
М.БАТСУУРЬ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Г.БАНЗРАГЧ