Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 322

 

З.Баярпүрэв, Б.Золбоо нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          Прокурор Н.Отгонцэцэг,

          Ялтан З.Баярпүрэвийн өмгөөлөгч Ч.Ням,

          Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан З.Баярпүрэвийн өмгөөлөгч Ч.Нямын гаргасан давж заалдах гомдлоор З.Баярпүрэв, Б.Золбоо нарт холбогдох эрүүгийн 2016 0100 0273 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигин овгийн Занабазарын Баярпүрэв, 1995 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн Инженер Технологийн сургуулийн Машин механизм ашиглалтын мэргэжлийн 1 дүгээр ангид суралцаж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, Хөтөл, 12 дугаар байрны 48 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, “Голден парк” хотхоны 103 дугаар байрны 248 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:ТГ95042713/,

2. Боржигон овгийн Болдбаатарын Золбоо, 1988 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын хэсэг 24 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:УП88051897/,

З.Баярпүрэв нь 2016 оны 10 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг “Оросын Тохой” гэх газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “Каннабис” гэх нэршилтэй савлагааны хамт 427,93 грамм бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 566 дугаартай автомашины гараашид хадгалсан, улмаар Б.Золбоотой бүлэглэн, дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 16 дугаар байрны баруун талд байрлах автомашины гараашид хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,

Б.Золбоо нь З.Баярпүрэвтэй бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 16 дугаар байрны баруун талд байх өөрийн автомашины гараашид  Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “Каннабис” гэх нэршилтэй савлагааны хамт 427,93 грамм бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: З.Баярпүрэв, Б.Золбоо нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: З.Баярпүрэвийг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авч, хадгалсан, улмаар бусадтай бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг, Б.Золбоог бусадтай бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар З.Баярпүрэвийг 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Б.Золбоог 3 /гурав/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж, З.Баярпүрэв, Б.Золбоо нарт оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн

-1 гэж дугаарласан цэнхэр өнгийн ууттай ногоон өнгийн хатаасан нунтаг ургамал мэт зүйл /нийт 130.75 грамм/,

-2 гэж дугаарласан 18 см урттай, шаргал өнгийн металл гаанс мэт зүйл, уг гаансны толгойд ногоон өнгийн ургамал зүйлийн үлдэгдэлтэй,

-3 гэж дугаарласан цагаан өнгийн хуванцар тагтай, 0.5 литрийн хэмжээтэй хуванцар сав, дотор нь хар ногоон өнгийн ургамалтай,

-4 гэж дугаарласан ногоон өнгийн хуванцар тагтай, 0.5 литрийн хэмжээтэй хуванцар сав, дотор нь хар ногоон өнгийн ургамалтай,

-5 гэж дугаарласан базсан мэт тугалган цаас 1 ширхэг,

-6 гэж дугаарласан хар өнгийн хуйлсан цаас 1 ширхэг,

-8 гэж дугаарласан дотор хэсэгтээ ногоон өнгийн ургамал мэт зүйлийн үлдэгдэлтэй ногоон өнгийн гадаргуутай сав,

-9 гэж дугаарласан цэнхэр өнгийн гуурс мэт зүйл 1 ширхэг, хүрэн өнгийн гуурс мэт зүйл 1 ширхэг, хар өнгийн гуурс мэт зүйл 1 ширхэг,

-10 гэж дугаарласан Солонгос үсэглэл бүхий газ 5 ширхэг,

-11 гэж дугаарласан цагаан өнгийн төмөр металл сав 1 ширхэг,

-12 гэж дугаарласан ногоон өнгийн хүрээтэй хар өнгийн газан плитка 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст тус тус даалгаж, мөн 5 гэж дугаарласан 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 7 гэж дугаарласан хуйлсан 2 тал нь шатсан 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхгийг устгуулахаар Монгол банкинд тус тус шилжүүлж, хэргийн газрын үзлэгийн явцыг бэхжүүлсэн 2 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахаар тус тус шийдвэрлэж, З.Баярпүрэв, Б.Золбоо нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Ялтан З.Баярпүрэвийн өмгөөлөгч Ч.Ням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

  - Анхан шатны шүүхээс З.Баярпүрэвийг 2016 оны 10 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт “Орос Тохой” гэх газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Каннабис” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авч, улмаар хадгалсан, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 566 дугаартай автомашины гараашид хадгалсан, улмаар Б.Золбоотой бүлэглэн, дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 16 дугаар байрны баруун талд байрлах автомашины гараашид хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дүгээр зүйл зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсэн. Өмгөөлөгчийн хувьд дээрх гэмт хэрэгт шийтгэсэн шийдвэрийн баривчлах ялын хугацааг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

- Ялтан З.Баярпүрэв нь: Энэ хэрэгт шалгагдаж эхэлсэн үеэсээ хийсэн хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгч байснаас гадна мөрдөн байцаагчид “Каннабис” бодис хадгалсан гараашаас хэрэглэсэн, ашигласан эд зүйлээ нэг бүрчлэн өөрийн биеэр танилцуулж, газар дээр нь зааж өгч байснаас гадна өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч дахин гэмт хэрэг хийхгүй гэдгээ батлан илэрхийлсэн байдаг. З.Баярпүрэвийн холбогдох хэргийн хувьд ямар нэгэн хохирол төлбөр бусдад төлөх төлбөр байхгүй, өөрт учирсан гэм хор, нийгмийн хор аюул байхгүй тул энэ хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүй анх удаа сонирхлын үүднээс гэмт хэрэг үйлдсэн байх тул хуульд зааснаас  доогуур ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн байх тул З.Баярпүрэвт оногдуулсан 6 сарын баривчлах ялын хугацааг багасгаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв. 

Прокурор Н.Отгонцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь ялтан нарын гэм бурууд тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

  З.Баярпүрэв нь 2016 оны 10 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг “Оросын Тохой” гэх газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “Каннабис” гэх нэршилтэй савлагааны хамт 427,93 грамм бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 566 дугаартай автомашины гараашид хадгалсан, улмаар Б.Золбоотой бүлэглэн, дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 16 дугаар байрны баруун талд байрлах автомашины гараашид хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,

Б.Золбоо нь З.Баярпүрэвтэй бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 16 дугаар байрны баруун талд байх өөрийн автомашины гараашид  Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “Каннабис” гэх нэршилтэй савлагааны хамт 427,93 грамм бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэргийг  тус тус үйлдсэн болох нь:

            Насанд хүрээгүй гэрч Б.Баярбаатарын “...Хамгийн анх 2016 оны 8 дугаар сард танилцаад удаагүй байхад З.Баярпүрэв ахтай таарсан чинь “хороололд нэг газар оччихоод ирье” гэхээр нь би дагаад явтал замаараа дэлгүүр ороод ахуйн хэрэглээний газ, жижиг хуванцар савтай ундаа авсан. Тэгээд нэг газар очоод З.Баярпүрэв ах гартаа барьж байсан тортой зүйлээсээ нэг ногоон ургамал шиг зүйл гаргаж ирээд худалдаж авсан ундаагаа уучихаад хоосон саванд нь өвсөө хийсэн. Би тэр ургамлыг нь хараад “ахаа наадах чинь юу юм бэ” гэтэл “чи мэдэх хэрэггүй ахын дүү” гээд нөгөө хоосон ундааны саванд битүү чихсэн. Тэгээд буцааж өөрийнх нь тагаар таглаад тагийг нь нэг цоолоод ёроолыг нь бас нийлээд хэд цоолсон, цоолсон тагаар нь газ хийгээд газаа шахтал ёроолоос нь ногоон шаргал өнгөтэй шингэн гарч иртэл аяганд тосч аваад аягатай нь халуун усанд хийтэл нөгөө аягатай шингэн чинь ууршаад байсан. Тэрний дараа аяганд шар нялцгай өнгөр үлдчихсэн байсан чинь З.Баярпүрэв ах тэр өнгөрийг бриткээр хусч аваад тугалган цаасан дээр тавиад доороос нь асаагуураар халаагаад тэр нь уур болсон чинь хуйлсан мөнгө гаргаж ирээд амаараа сорж хэрэглэсэн. Би дахиад “наадах чинь юу юм бэ” гэтэл “шавар гэдэг юм аа, чи сорох уу” гэхээр нь “үгүй, үгүй” гэтэл “тэгвэл чи мэдэх шаардлага байхгүй “ гээд байсан...” /хх-61-63/ гэх мэдүүлэг,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн Б.Золбоо, З.Баярпүрэв нарын гэх шээсэнд тетрагидроканнабилын агууламж /ТНС/ илрэсэн. Тетрагидроканнабинол нь ТНС 1971 оны Нэгдсэн Үндэстний Байгууллагын Сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтад багтдаг болно...” гэсэн 10630 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-72-73/,

            “...“1-1” гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, “2” гэж хаягласан шаргал өнгийн металл гаанс мэт зүйл, “3” гэж хаягласан цагаан өнгийн хуванцар тагтай, 0,5 литрийн хэмжээтэй хуванцар савтай ургамал мэт зүйл, “4” гэж хаягласан ногоон өнгийн хуванцар тагтай, 0.5 литрийн хэмжээтэй хуванцар савтай ургамал мэт зүйл, “5” гэж хаягласан гялгар уутай хуйлсан, АН4537406 серийн дугаартай 20 төгрөгийн тасархай дэвсгэрт, “7” гэж хаягласан гялгар ууттай АН9012744 серийн дугаартай 20 төгрөгийн дэвсгэрт, “8” гэж хаягласан гялгар уутанд битүүмжилсэн ногоон өнгийн гадаргуутай, металл дотортой сав, “9” гэж хаягласан хуйлсан цэнхэр, ягаан, хар өнгийн цааснууд зэргээс “дельта-9 тетрагидроканнабинол” /delta-9-tetrahydrocannabinol/-ын агуулга илэрч байна. “Дельта-9 тетрагидроканнабинол” /delta-9-tetrahydrocannabinol/ нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна...” гэсэн 75 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-74-81/,

            Шүүх сэтгэц эмгэг судлалын “...З.Баярпүрэв нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. З.Баярпүрэв нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. З.Баярпүрэв нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. З.Баярпүрэв нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. З.Баярпүрэв нь мансуурах донтой мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна...” гэсэн 1231 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-82-84/,

            “...Б.Золбоо нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл байхгүй байна. Одоо Б.Золбоо нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Б.Золбоо нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Золбоо нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Б.Золбоо нь мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг байхгүй байна...” гэсэн 1236 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-85-87/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-8, 9-10, 11, 12-13/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-27, 28/, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-29, 30, 31, 32-33/, Байгаль Орчин, Аялал Жуучлалын яамнаас ирүүлсэн “Зэрлэг олсны ургамал”-ын тархцын талаарх холбогдох судалгааны материал /хх-37-48/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-56, 57, 58/, эд мөрийн баримтууд /хх-59-60/, мөрдөн байцаалтын шатанд З.Баярпүрэв, Б.Золбоо нарын сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд “гэмт хэрэг гарсан байдал, түүнийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ”-г хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн зөв үнэлсэн байх бөгөөд Б.Золбоо, З.Баярпүрэв нарын үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Ялтан З.Баярпүрэвийн өмгөөлөгч Ч.Ням давж заалдах шатны шүүхэд “...баривчлах шийтгэлийг багасгаж өгнө үү...” гэсэн гомдол гаргаж байгаа боловч Б.Золбоо, З.Баярпүрэв нарын гэм буруутай байдлыг дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, шүүх ялтан З.Баярпүрэвийн гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь гэм бурууд нь тохирсон, шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул өмгөөлөгч Ч.Нямын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан З.Баярпүрэвийн өмгөөлөгч Ч.Нямын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:         

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан З.Баярпүрэвийн өмгөөлөгч Ч.Нямын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Л.ДАВААСҮРЭН

                                 ШҮҮГЧИД                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ