Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2017/01127

 

И.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 85 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 212/МА2017/00060 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч И.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ш.Е-ад холбогдох,

Гэр бүлийн дундын өмчлөлийн 6 100 000 төгрөгийн эд хөрөнгөөс өөрт болон гэр бүлийн бусад гишүүдэд ногдох хувийг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн аж ахуйгаа хамт хөтөлж байх үед бий болсон мөнгөн хуримтлал 6 000 000 төгрөгөөс өөртөө оногдох 2 000 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ш.Е- болон түүний өмгөөлөгч Я.Съезд нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Ш.Е- бид хоёр 2011 оны 12 дугаар сарын 03-ны өдөр сайн дурын үндсэн дээр гэр бүл болсон юм. Тэгээд бид хоёрын дундаас 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүү Е.Русланыг төрүүлсэн бөгөөд Ш.Е-ын төрсөн ах Ш.Ардабект үрчлүүлсэн болно.2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 2 дахь хүү Е.Асыланыг төрүүлсэн. Тэгээд нөхөр болох Ш.Е- 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр надаас сална чамтай цаашид хамтран амьдарч чадахгүй юм байна гээд гэрээс яваад тус тусдаа амьдарч байгаад, Ш.Е- нь шүүхэд гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан байсан. Шүүхээс бидний гэрлэлтийг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 536 дугаартай шүүхийн шийдвэрээр цуцалсан юм. Бид хамтран амьдрах хугацаанд Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт Аххабах гэх газраас гэр бүлийн хэрэгцээнд зориулан 750 м.кв газартай, өнөөгийн зах зээлийн ханшаар 20 000-1 500 000 төгрөг, хавтгай зурагт 1 150 000 төгрөг, гарнитур гал тогооны ком 750 000 төгрөг, монгол хивс 3х4 хэмжээтэй 550 000 төгрөг, цонхны хөшиг 2 ширхэг 150 000 төгрөг, хөргөгч /sharp маркийн/ 900 000 төгрөг нийт 6 100 000 төгрөгийн дунд эд хөрөнгөөс хүү Е.Асылан бид хоёрт оногдох хувийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие нэхэмжлэгч И.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч И.Б-ийн нэхэмжлэлд дурдсан Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэр болох Аххабах гэх газраас гэр бүлийн хэрэгцээнд зориулж 750 м.кв газрыг 20000-1500000 төгрөгөөр үнэлсэн байна. Энэхүү газар нь урьд Ш.Е- миний нэр дээр өмчлөлтэй байсан ба 2014 оны 07 дугаар сард Уах овогт Абайн Хайырбекэд хуулийн дагуу бэлэглэсэн болно. Одоо уг 750 м.кв газар нь А.Хайырбекийн өмчлөлд байгаа юм. Иймээс уг маргаан бүхий газар миний өмчлөлд байхгүй.

Харин нэхэмжлэлд дурдсан хавтгай дэлгэцтэй зурагт байгаагүй, хуучивтар Акира маркийн зурагт байгаа. Түүний үнэ нь 1 150 000 төгрөг биш, харин 250 000 төгрөг болно. Гарнитур гал тогооны ком нь 1 150 000 төгрөгийн үнэтэй биш хуучивтар гал тогооны хоёр хэсэг тавилга байгаа ба үнэ нь 250 000 төгрөг байсан. 3 хаалгат орос шкаф байгаа нь үнэн ба үүний үнэ нь 750 000 төгрөг биш, энэ нь хуучивтар ба үнэ нь 550 000 төгрөгийн үнэтэй болно. Түүнчлэн 900 000 төгрөгийн үнэтэй хөргөгч гэдэг нь хөөргөгч биш хөлдөөгч, үнэ нь 300 000 төгрөг болно. Өлгий сумын Төрийн сангийн төлөөлөгч Х.Ыдырыш нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан зурагт гарнитур гал тогооны ком, 3 хаалгат орос шкаф, хөргөгч зэргийн 4 ширхэг хөдлөх хөрөнгийг газар дээр нь үзээгүй байж нэхэмжлэгчийн амаар түүнд ашигтай байдлаар маш өндөр үнээр үнэлгээ хийсэн явдалд гомдолтой байна. Өлгий сумын Төрийн сангийн төлөөлөгч Х.Ыдырыш нь Эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримт буюу 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Өлгий сумын 2 дугаар багийн иргэн Ш.Е-ын хуваарьт өмчийн үнэлгээ гэсэн бичигт Гурван хаалгатай орос улсад үйлдвэрлэсэн мебель шкафыг 550 000 төгрөгөөр, Гал тогооны хоёр хэсэг тавилгыг 250 000 төгрөгөөр, өнгөт Акира маркийн зурагтыг 250 000 төгрөгөөр, хөлдөөгчийг 300 000 төгрөгөөр үнэлсэн байжээ. Гэтэл одоо үүнээс хойш 1 жил 6 сарын дараа буюу 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн үнэлгээнд дээрх эд хөрөнгүүдийг маш өндөр үнээр үнэлжээ. Харин 3x4 хэмжээтэй монгол хивс, цонхны хөшиг зэрэг эд хөрөнгө надад байхгүй.Иймд нэхэмжлэгч И.Б-ийн надаас 6 100 000 төгрөг нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:Миний бие И.Б-тэй 2011 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан. Бид хоёрын дундаас 2014 оны 02 дугаар сарын 07-нд хүү Асылан төрсөн юм. И.Б- бид хоёр нэг хэсэг сайн сайхан амьдарч байсан боловч цаашид хоорондоо таарч тохирохгүй улмаар Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 536 дугаар шийдвэрээр гэрлэлтээ шүүхээр албан ёсоор цуцлуулж, одоо тус тусдаа амьдарч байна.

И.Б-тэй хамт амьдарч байхад 2013 оны 03 дугаар сарын 01-нээс 2013 оны 07 дугаар сарын 01-ныг хүртэл аймгийн төвийн Тирлик захад манай аав, ээжийн өмчлөлд байсан Ел-Алтай нэртэй барааны дэлгүүрт И.Б- бидний барааг зарж байсан юм. Тэр үед уг барааг 5 сар гаруй худалдаанд гаргаад 6 сая төгрөгийн орлого олсон юм. Уг худалдаанаас олсон орлогыг И.Б-ийн ХААН банк дахь өөрийн хувийн дансанд хийсэн юм. Тухайн мөнгийг И.Б- нь 2013 оны 07 дугаар сараас эхлэн нэг жилийн хугацаатай хувийн хадгаламжид хийсэн юм. Тэр мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй.Иймд бид хоёр гэрлэлтээ цуцлуулаагүй хамт амьдарч аж ахуйгаа хамт хөтөлж байгаа үед аав, ээжээс бидэнд өгсөн хөрөнгөөр бий болсон мөнгөн хуримтлал болох 6 000 000 төгрөгөөс өөртөө оногдох 2 сая төгрөгийг И.Б-ээс гаргуулж өгөхийг хүсэж энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:...Тэр үед би Ш.Е-ын дэлгүүрт ганцаараа худалдагч хийдэггүй байсан ба Ерболат болон түүний эцэг, эх, дүү нар нь хамт бараа зардаг байсан юм. Тэглээ гэхэд Ш.Е- нь надад 6 000 000 төгрөг өгдөг залуу биш, бид бүгдээрээ хамт бараа зардаг болохоор би 6 000 000 төгрөг авах боломж байхгүй. Тухайн дэлгүүрийн өдрийн орлого болгоныг Ш.Е- болон түүний эцэг, эх өөрсдөө авдаг байсан. Ш.Е- нь намайг дансандаа хийж авсан гэж нэхэмжилж буй 6 000 000 төгрөгийг миний төрсөн эцэг, эх надад өгсөн Ш.Е-ад огт хамаагүй мөнгө. Би Ш.Е-ын эцэг, эхийн дэлгүүрт хамт бараа наймаа хийдэг болохоос мөнгө төгрөгийн асуудалд оролцдоггүй байсан. Би Ш.Е-ад гэр бүл болохоос өмнө миний хувийн дансанд зөвхөн 6 сая төгрөг биш түүнээс их, бага хэмжээний мөнгө төгрөг орж гардаг байсан. Яагаад гэвэл би урд нь наймаа хийдэг байсан. Хэрэв шаардлагатай бол миний дансыг шалгаж болно. Ш.Е- нь миний нэхэмжилсэн мөнгийг өгөхгүй байх арга зам хайж надад холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Хэрвээ Ш.Е- нь надад 6 000 000 төгрөг өгсөн нь үнэн бол бүгдийг нь нэхэмжлэх ёстой.Иймд Ш.Е-ын нэхэмжилж буй сөрөн нэхэмжлэлийн шаардлага болох 6 000 000 төгрөг бүгд худлаа, би огт зөвшөөрөхгүй байна гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 85 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.1, 126.2.2, 129 дүгээр зүйлийн 129.1, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3-ыг тус тус баримтлан гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө Акира 24 инчийн зурагт 150 000 төгрөг, гал тогооны 2 хэсэг шкаф 200 000 төгрөг, гурван хаалгатай орос улсад үйлдвэрлэсэн хувцасны шкаф 300 000 төгрөг, хөлдөөгч том 250 000 төгрөг, хоёр хүний ор мебель 250 000 төгрөг нийт 1 150 000 төгрөгийн эд хөрөнгийг тус тус хариуцагч Ш.Е-ын өөрт нь үлдээж, хариуцагч Ш.Е-аас 2 266 667 төгрөгийг гаргуулан И.Б-, Е.Асылан нарт олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2 750 000 төгрөгийг болон хариуцагч Ш.Е-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч И.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112 550 төгрөгийг, хариуцагч Ш.Е-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Е-аас 51 217 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 212/МА2017/00060 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 85 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар хариуцагч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 217 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээжээ.

Хариуцагч болон түүний өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Бодит байдалд И.Б- нь 2 ш цонхны хөшиг, 3x4 хэмжээний монгол хивс Ш.Е-ад шилжүүлж өгсөн гэдэг нь нотлогдоогүй байна. Нөгөө талаас 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Өлгий сумын ЗДТГ-ын Төрийн сангийн төлөөлөгч К.Ыдырышын тогтоосон үнэлгээ эргэлзээтэй байсан нь Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 212/МА2016/00029 дугаартай магадлал, Баян-Өлгий аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээч Баршагүлээр гаргуулсан дүгнэлтээр тогтоогдсон юм. Хариуцагч Ш.Е-аас 2 ш цонхны хөшигний үнийг 1 500 000 төгрөг, 3x4 хэмжээний хивсний үнийг 550 000 төгрөгөөр тогтоон шийдвэрлэж байгаа нь учир дутагдалтай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл 2 ш цонхны хөшиг, 3x4 хэмжээний хивс бодит байдалд Ш.Е-ад байгаагүй, үнэ нь бодит байдалд нийцээгүй, жишээ нь 3x4 хэмжээтэй хивсний үнийг 550 000 төгрөгөөр тогтоож байгаа нь эргэлзээтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан эргэлзээтэй нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг ноцтой зөрчиж байна....Маргаан бүхий 700 м.кв газрыг хариуцагч Ш.Е- нь И.Б-тэй гэр бүл болохоос өмнө буюу 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрөөс үнэ төлбөргүй хувьчилж авчээ. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар Монгол улсын иргэн бүрт тодорхой хэмжээний газрыг хувийн хэрэгцээнд үнэ төлбөргүй нэг удаа хувьчилж авах эрхтэй юм. Нэхэмжлэгч И.Б-д ч гэсэн тодорхой хэмжээний газрыг үнэ төлбөргүй хувьчилж авах эрхтэй. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар Ш.Е-ад үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагаас улсын бүртгэлийн гэрчилгээ олгосноор тус газрын өмчлөх эрх гагцхүү хариуцагч Ш.Е-ад хууль ёсоор үүсч, тухайн иргэний газар өмчлөх эрхийг төрөөс албан ёсоор баталгаажсан байна. Нэгэнт Ш.Е- нь тухайн газрыг хуулийн дагуу үнэ төлбөргүй авсан учраас бусдад бэлэглэх, худалдах эрх нь зөвхөн тухайн иргэнд хамааралтай асуудал гэж үзэж байна. Харин одоогийн байдлаар уг маргаан бүхий газрын өмчлөгч нь Ш.Е-, И.Б- нар биш Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар баг, Ховд голын 1-67 тоотод оршин суудаг, Абай овогтой Хайырбек \БЮ80102311\ өмчлөлд байгаа учраас уг газрыг гэрлэгчдийн дундын өмчид тооцох хууль зүйн үндэслэл байхгүй юм. Энэ нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасантай нийцнэ гэж үзэж байна. Анхан шатны шүүх Ш.Е-, И.Б- нарын өмчлөлд маргаан бүхий 700 м.кв газар байгаагүй гэдэг нь Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газраас олгосон бичмэл нотлох баримтаар нотлогдсон байдлыг анхаарч үзээгүй хууль зүйн үндэслэл муутай дүгнэлт хийсэн явдалд гомдолтой байна. Нэхэмжлэгч И.Б- нь А.Хайырбекийн өмчлөлд байгаа 700 м.кв газарт Г-021300381 тоот улсын бүртгэлийн дугаартай 000191713 тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний талаар маргаж байгаа бол А.Хайырбект маргаан бүхий газрыг өмчлүүлсэн аймгийн Засаг даргын захирамж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг баталгаажуулсан гэрчилгээг хүчингүй болгох асуудлаар эхлээд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах ёстойг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль зүйн үндсийг хянан үзээд дундын өмчид бодит байдлаар байгаа эд зүйлүүдийг гэр бүлийн 3 гишүүнд тэнцүү хувааж өгөх талаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                                                 ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийж, гэр бүлийн хөрөнгийн эрхийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг тухайн маргаанд оновчтой зөв хэрэглэсэн тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн И.Б-ийн Ш.Е-ад холбогдох нэхэмжлэл Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн зохицуулалтад хамаарна гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаардаг. Гэрлэгчид хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө, энэ хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхтэй байна.

Маргааны зүйл болж буй эд хөрөнгө бодит байдлаар байгаа эсэх талаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийсэн байх ба энэ талаарх хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гомдлын үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Хуулийн дээрх зохицуулалтад зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэл хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгыг тодорхойлох учиртай.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 85 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 212/МА2017/00060 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51 217 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН