Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 336

 

Л.Батсүхэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ж.Энх-Амгалан,

Хохирогч М.Бадамсүрэн, түүний өмгөөлөгч Д.Өлзийхишиг,

Яллагдагч Л.Батсүх, түүний өмгөөлөгч Ц.Туяа,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 218 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Энх-Амгалангийн бичсэн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 8 дугаартай эсэргүүцлээр Л.Батсүхэд холбогдох 201626011547 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 1-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Лам овогт Лхамжавын Батсүх, 1983 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Ховд суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 1 дүгээр гудамжны 23 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Хангай хотхоны 510 дугаар байрны 63 тоотод оршин суудаг,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 321 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлсэн, /РД:ОЭ83022310/,

Л.Батсүх нь 2016 оны 6 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтөлийн 2-ийн 16 тоотод байрлах хашаанд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж, ямар ч шалтгаангүйгээр хохирогч М.Бадамсүрэнг түлхэн унагааж, бие махбодид нь бүсэлхийн 2 дугаар нугаламын их биеийн шахагдсан хугарал, тархи доргилт бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт,

Мөн дээрх цаг хугацаа, газарт танхайрах явцдаа монгол гэрийн хаалга, унь санаатайгаар гэмтээж, хохирогч М.Бадамсүрэнд 120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Л.Батсүхэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийг 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.Батсүхэд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарсан байдал, 80.1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийг хэн үйлдсэн зэргийг бүрэн гүйцэд тогтоож чадаагүй гэж үзнэ. Учир нь, 2016 оны 6 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтөлийн 2-ийн 16 тоотод иргэн М.Бадамсүрэнг үл таних хүн татаж унаган хүндэвтэр гэмтэл учруулсан гэх үйлдлээр эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулжээ. Мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь монгол гэрийн хаалга өшиглөж, эвдэж гэмтээснээ хүлээн зөвшөөрөх бөгөөд харин бусдын бие махбодид хүндэвтэр гэмтлийг учруулсан гэх үйлдэлдээ маргаж байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ундармаа нь өвчний түүхээр шинжээчийн дүгнэлт гаргахдаа “М.Бадамсүрэнгийн биед бүсэлхийн нугаламын их биеийн шахагдсан хугарал, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэсэн бөгөөд тэрээр мэдүүлэхдээ “М.Бадамсүрэнгийн гэмтэл нь тухайн хэсэгт ямар нэг зүйлд цохигдсон тохиолдолд үүсэх боломжтой. Хэрэв дан бөгсөөрөө унаад, гэмтсэн хэсгээр цохиогүй бол хугарахгүй” /хавтаст хэргийн 29 дүгээр тал/ гэх мэдүүлгийг өгчээ. Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь “намайг энгэрээс зуураад түлхэж, газарт бөгсөөр унагасан” гэх мэдүүлгийг, шүүгдэгч Л.Батсүх “би хохирогчид гар хүрээгүй” гэх мэдүүлгийг өгсөн бөгөөд шинжээч нь гэмтлийг ямар нэг хатуу мохоо зүйлд цохигдох үед үүснэ гэжээ. Иймд хохирогчийн биед учирсан гэмтлийг хэн, хэзээ, хэрхэн яаж үүсгэснийг бүрэн гүйцэд тогтоож чадаагүй гэж үзнэ. Мөн хохирогчид учирсан гэмтлийн талаар дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулах шаардлагатай. Хэрэг учралын газарт байсан гэх гэрч Д.Цогбадрах, П.Тэгшбуян нарын мэдүүлгүүд нь болсон үйл явдлын талаар харилцан зөрүүтэй байгааг дурдах нь зүйтэй. Иймд Л.Батсүхэд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг хийлгүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

Прокурор Ж.Энх-Амгалан бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. ... Хэрэг учрал болох цаг хугацаанд байсан гэх хохирогч М.Бадамсүрэн, түүний охин П.Тэгшбуян, яллагдагч Л.Батсүх, түүний найз Д.Цогбадрах нарыг байцааж, шинжээч томилж дүгнэлт гаргуулах ажиллагаа хийж гүйцэтгэсэн. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гарсан ч гэмтлийг хэн, хэзээ, яаж үүсгэснийг тухайн дүгнэлтээр тогтоох боломжгүй. Харин мөрдөн байцаалтын ажиллагаагаар хохирогчид учирсан гэмтлийг хэн, хэзээ учруулсныг тогтоож хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хохирогч М.Бадамсүрэнгийн “...намайг энгэрээс зуураад түлхэж, газарт бөгсөөр унагасан...” гэх мэдүүлэг, гэрч П.Тэгшбуянгийн “...манай ээж М.Бадамсүрэн гадаа байсан хүнтэй зөрж гарах гэж байхад ээжийг түлхэж унагаасан. Ээж хаалганы гадаа унасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/, гэрч Г.Лхагвасүрэнгийн “...Уг эмэгтэйг сандал дээр суу гэсэн чинь би сууж чадахгүй байна аа, миний бөгсөн бие мэдээгүй болчихсон гээд сандал дээр сууж чадахгүй байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 197 дугаар хуудас/, гэрч Г.Цэнгүүний “...Настай эмэгтэй ёолоод яваад байсан. Настай эмэгтэй нь ёо ёо гээд бөхийгөөд яваад байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 123 дугаар хуудас/, шинжээчийн “...гэмтэл ямар нэг хатуу, мохоо зүйлд цохигдох үед үүснэ. Хэрэг гарах цаг хугацаанд үүснэ” гэж мэдүүлснээс дүгнэхэд хохирогч М.Бадамсүрэн нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгсөн, түүнчлэн хэрэг гарах цаг хугацаанд байсан гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогдож байна. Хэрэг учрал болсон цаг хугацаа нь шөнийн цагаар харанхуйд буюу 01 цагийн орчимд үйлдэгдсэн, хохирогчийг түлхэж унагаасан гэх газрыг хэрэг учрал болсноос хойш 7 сарын дараа мэдүүлэг шалгах ажиллагаагаар тогтоосон байдлаас дүгнэхэд ямар нэг хатуу биет дээр унасан байхыг үгүйсгэхгүй. Үүнийг нэмэлт ажиллагаагаар тогтоох боломжгүй. Гэрч Д.Цогбадрах, П.Тэгшбуян нарын мэдүүлгийн зөрүүг шүүх хуралдаанд гэрчүүдийг оролцуулан шүүхийн хэлэлцүүлгээр арилгах боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Хохирогч М.Бадамсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 оны 6 дугаар сарын 13-ны шөнө унтах гэж байхад хаалга цохисон. Би “хэн бэ” гэж асуухад “сонгуулийн ажлаар явж байна” гэсэн. Би хариуд нь “орой болсон байна. Маргааш ир” гэж хэлэхэд Л.Батсүх гаднаас хаалга өшиглөөд “пизда, янхан минь дуугарвал ална шүү” гэсэн. Би Л.Батсүхийг манай гэрт ирэхээс өмнө эрүүл саруул байсан, гэтэл одоо ийм байдалтай болчихлоо. Л.Батсүх эхэндээ “таныг рашаан сувилалд явуулж өгье” гэж байсан тул би өөрийн үр хүүхэд шиг хүний амьдралыг баллаад яах вэ гэж бодоод гомдол саналгүй гэж байсан. Гэтэл одоо “хүүхдийг чинь ална” гэх мэтээр байнга дарамталж байна. Анх утсаар дарамталчихаад “би эхнэртээ уурласан уураа танд гаргасан байна лээ” гэж хэлж байсан. Л.Батсүх нь миний хүүхдийг танихгүй, миний хүүхэд энэ хэрэгт ямар ч холбогдолгүй байхад байнга дарамтлаад байгаа” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Өлзийхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих зүйлсийг бүрэн шалгаж тогтоосон. Хохирогч мэдүүлгийн эх сурвалжаа шууд зааж Л.Батсүх өөрийг нь түлхсэн гэдгийг тогтвортойгоор мэдүүлдэг. Шинжээч эмч тэгш гадаргуу дээр унах үед хохирогчид учирсан гэмтэл учрах боломжгүй гэж хэлсэн боловч хэрэг гарах үед харанхуй байсан тул хохирогч яг хаана унаснаас хэн ч зааж хэлж чадахгүй байгаа. Хохирогчийн унасан газарт чулуу байсан болохыг үгүйсгэхгүй. Хэргийн газрын үзлэгийг хагас жилийн дараа хийсэн. Иймд дахин шинжээчийн дүгнэлт гаргах үндэслэл байхгүй. Л.Батсүхийн үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирсан нь нотлогдсон тул шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах шаардлагагүй” гэв.

Яллагдагч Л.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би энэ айлд орж хаалгыг нь өшиглөснөө хүлээн зөвшөөрч байгаа ч хохирогчийг цохих нь байтугай царайг нь ч хараагүй. Намайг хаалгаар орж ирэх хооронд хохирогч ард талын хашааны нүхээр гадагш гарсан юм байна лээ. Тэгж явахдаа унаж гэмтсэнээ намайг түлхсэн гээд байгаа юм” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Туяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Л.Батсүх нь хохирогчийн гэрт ороод түүнийг мангасдаж унагаагаад шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан хүндэвтэр гэмтлийг учруулсан гэх нэг ч нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Прокурорын хэлснээр гэрч Цогбадрах шүүх хуралдаанд оролцсон. Цагдаа нар хэрэг гарснаас хойш ирсэн бөгөөд хэргийн газрын үзлэгийг хэрэг гарснаас хойш 17 хоногийн дараа хийсэн. Хохирогч эмнэлэгт 6 хоног хэвтсэн болохоос 17 хоног хэвтээгүй. Гэрч Цогбадрахаас мэдүүлэг авахдаа түүнд хууль сануулж, хуульд заасны дагуу мэдүүлэг авсан байдаг. Л.Батсүхийн мэдүүлэг тогтвортой байдаг бөгөөд “хашааны хаалгыг нүдээд, давж ороод гэрийн хаалгыг нүдсэн. Гэрээс хүн гарч ирээгүй. Гэрээс хэн нэг нь гарч ирээд түлхсэн асуудал байхгүй” гэж мэдүүлсэн. Хохирогч зуурч унагасан, түлхэж унагасан гэх мэтээр зөрүүтэй мэдүүлдэг. Тиймээс хохирогчид учирсан гэмтлийг хэн учруулсан болох нь эргэлзээтэй байна” гэв.

ХЯНАВАЛ:

Хэргийг мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж заажээ.

Шинжээч, хохирогч, гэрч нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах талаар талууд хүсэлт гаргаж, нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, эргэлзээтэй нөхцөл байдлыг тодруулан хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Л.Батсүхийн гэм буруугийн асуудлаар дүгнэлт хийж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.