Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2020/0087

 

Г.Т-гийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагч хариуцагч Г.Б, гуравдагч этгээд Ц.А нарыг оролцуулан Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 34 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Г.Т-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 34 дүгээр шийдвэрээр: “...Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 52 дугаар зүйлийн 52.1, 54 дүгээр зүйлийн 54.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3./б/, 29.2, Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 24.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Т-гийн Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/113 дугаартай захирамжийг хүчингүйд тооцуулж, газар эзэмших эрхийг сэргээх мөн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/62 дугаар захирамжийг хүчин төгөлдөр бусад тооцуулах”  шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар гуравдагч этгээд “Х ” ХХК-ийн захирал Ц.А-аас нэхэмжлэгч Г.Тд холбогдуулан гаргасан “сумын Засаг даргын захирамжаар түүнд олгосон газартаа өвөлжөө барихыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо: “...шүүгч Ж.Бурмаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болсон байтал 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр бичгээр гаргаж шууданд хийсэн шийдвэртээ өөрчлөлтийг оруулж, шийдвэрийг удирдлага болгосон хуулийн заалтдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтыг нэмж тусгасан нь тус хуулийг ноцтой зөрчсөн болно.

Учир нь шүүгч шийдвэрээ уншиж сонсгохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь заалтыг удирдлага болгон танилцуулсан бөгөөд өмгөөлөгч миний бие буруу сонссон байх магадлалтай гэж бодоод шийдвэрлэх хэсгийг дахин уншуулж сонссон болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж, Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/62 дугаар захирамжийг хүчин төгөлдөр бус актад тооцуулах шаардлага гаргасан. Уг шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгч шүүхийн үзлэг, шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг гаргасан байтал уг нэмэгдүүлсэн шаардлагыг бичгээр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн бөгөөд шүүхийн эцсийн шийдвэртээ нэмэгдүүлсэн гэх А/62 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар уншиж сонсгосон мөртлөө бичгээр гарсан шийдвэрт хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь процессын хуулиа ноцтой зөрчиж, нэг талыг барьсан шийдвэрийг яаран гаргасан болно.

Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх гэж байсныг эсэргүүцэж шүүгчээс татгалзах хүсэлт гаргасныг мөн л үндэслэлгүйгээр хүлээж аваагүй. Учир нь Сэлэнгэ аймаг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн бүрэлдэхүүн бүгд энэ хэргийг шийдвэрлэхэд оролцсон бөгөөд шүүгчээс татгалзах хүсэлтийг өөр шүүхээр шийдвэрлүүлэх байсан гэж үзэж байгаа.

Нотлох баримтыг буруу үнэлж, дутуу бүрдүүлсэн талаар: Нэмэгдүүлсэн шаардлагыг яаж хүлээж авч, баримтжуулсан нь тодорхойгүй, бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах боломжоор хангаагүй нь хуулийг зөрчсөн.

Учир нь Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраар дүгнэлт гаргуулах хүсэлтийг гаргаагүй байхад шүүх ийм дүгнэлтийг гаргуулсан мөртлөө уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх эрхээ эдэлж, бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг зайлшгүй гаргуулах шаардлагатай байсан ч хүсэлтийг хүлээж аваагүй.

Нөгөө талаар шүүх өөрийн ээлжийн амралттай байх үедээ шүүхийн үзлэгийг очиж хийсэн гэх боловч, үзлэгийн тэмдэглэл нь н.Байгалмаа шүүгч хийсэн бичиг баримтын үзлэгийн тэмдэглэл байх бөгөөд гарын үсгийг н.Бурмаа шүүгч зурсан нь хууль ноцтой зөрчсөн байх бөгөөд хэний хийсэн ажиллагаа болох нь тодорхойгүй, энэ тэмдэглэлээр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл харагдахгүй, харин бичиг баримтад үзлэг хийсэн, нотлох баримтаар хэрэгт авч хавсаргасан тэмдэглэл байгаа. Үүнийг шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь бүр ч ойлгомжгүй болсон. Шүүгч н.Байгалмаагийн бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл байсаар байхад дахин ийм үзлэг хийж тэмдэглэл хөтлөн уг бичиг баримтыг дахин хэрэгт татсан.

2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн мэдэгдэлд шинээр өвөлжөө барих газраа Засаг даргын Тамгын газрын газрын даамал, холбогдох албан тушаалтантай зөвшилцөхийг анхааруулсан мөртлөө захирамжаараа шууд газар зааж өгсөн нь буруу.

Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 131 дүгээр тогтоолын 2.2, 3 дахь заалтад заасан арга хэмжээг авч ажиллаагүй байж уг тогтоолыг хэрэгжүүлэхийг нэхэмжлэгчээс шаардах эрх хариуцагчид үүсэхгүй. Уг заалтуудыг яаж хэрэгжүүлж ажилласан талаарх баримт хэрэгт авагдаагүй.

Засаг даргын А/62 дугаар захирамж хууль зүйн үндэслэлгүй, хүчингүй захирамж. Учир нь: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тогтоолоор 25 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Орхон сумын Засаг даргын А/62 дугаар захирамж нь хүчингүй болсон 25 дугаар захирамжийг үндэслэж гарсан байдаг. Тиймээс Засаг дарга нь А/62 дугаар захирамжаа хүчингүй болгох буюу өөрчлөөгүй тул хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардлагаа ихэсгэсэн болно.

Нэхэмжлэгч тариалангийн талбайн захаас 500 метр газарт нүүж буусан байхад дахин нүүх шаардлага тавьж байгаа нь хуулийн үндэслэлгүй. Энэ талаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбогдуулан үзлэг хийлгэх, дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй нь хууль зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

      ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Г.Т-аас “Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/113 дугаар захирамжийг хүчингүйд тооцуулж, газар эзэмших эрхийг сэргээх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу хэрэг шийдвэрлэсэн шүүх хуралдаан дээр “Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 15-ны А/62 дугаар захирамжийг хүчин төгөлдөр бусад тооцуулах” хэмээн нэмэгдүүлснийг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/113 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3/б/, Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 131 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн нэхэмжлэгчид 2008 оны 145 дугаар захирамжаар Сүжийн гуунд байрлах өвөлжөө, хаваржааны зориулалт бүхий 7850 м.кв газрын эзэмших эрхийг дуусгавар болгож, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/62 дугаар захирамжаар 2 дугаар багийн нутагт Сүжийн гууны зүүн урд талд өвөлжөөний зориулалтаар 7800 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.1.2-т “...сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” гэж заасны дагуу Сэлэнгэ аймгийн Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 30 дугаар тогтоолоор “...үр тарианы талбайд ойр 300 метрийн дотогш байрлах малчин өрхийн өвөлжөөний газрын эзэмших эрхийг цуцалж, шилжүүлэх” гэж сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт тодотгол оруулж, мөн хуулийн 54.1-д “...шинээр тариалангийн талбай бий болгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор Сэлэнгэ аймгийн 1, 2 дугаар багийн нутаг дэвсгэрийг газар тариалангийн бүс нутаг болгон тогтоосны дагуу сумын Засаг дарга тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах үүргийн хүрээнд Тариалангийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор зохицуулалт хийсэн байна.

Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно”, 24.4-д” Энэ хуулийн 24.3-т заасны дагуу нүүн шилжих мал аж ахуй эрхлэгчийн өвөлжөө, хаваржааны газрын асуудлыг сум, дүүргийн Засаг дарга 30 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын удирдлагын хэлтсийн даргын “Дүгнэлт хүргүүлэх тухай” 2/405 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Г.Т-ийн хуучин өвөлжөө болон шинээр өвөлжөө барихаар мод буулгасан газар нь дээрх хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, гуравдагч этгээдийн тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд дотор хамаарч байгаа, хариуцагчийн тайлбараар нэхэмжлэгч Г.Т нь төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, сумын Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн газраас өөр газар бууж бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүргээ биелүүлээгүй нь тогтоогджээ.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, “...Сэлэнгэ аймгийн Орхон сумын 1, 2 дугаар багийн нутаг дэвсгэрийг газар тариалангийн бүс нутаг болгосон тогтоолын дагуу хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...уншиж сонсгосон шийдвэртээ өөрчлөлт оруулсан, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байхад бичгээр авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, шүүгчээс татгалзах хүсэлт гаргасныг үндэслэлгүйгээр хүлээж аваагүй, шүүгч Ц. Байгалмаагийн хийсэн бичиг баримтын үзлэгийн тэмдэглэл байх бөгөөд гарын үсгийг шүүгч Ж.Бурмаа зурсан, нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь хэрэгт авагдсан нотлох баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явцад авагдсан баримтууд, шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, уг зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөр биш байна.

Тодруулбал, шүүх хуралдааны тэмдэглэлийн “...“ШИЙДВЭР”-ийг танилцуулав...”[1] хэсэг болон шүүхийн шийдвэрийн “...ТОГТООХ нь”[2] хэсэгт баримталсан заалт, нэхэмжлэлийн шаардлага зөрүүгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай, зөрүүтэй гэж үзэж буй тохиолдолд тэмдэглэлд засвар оруулах хүсэлт гаргах эрхтэй боловч энэ талаар маргаагүй, удирдлага болгосон хуулийн заалтаа шүүх хуралдаан дээр дутуу дурдсаныг шүүхийн шийдвэрийг өөрчилсөн гэж үзэхгүй нь дээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбогдуулан шүүх хуралдаан даргалагчаас хариуцагчаас санал, хүсэлт асуухад “...шүүх хуралдаанд тайлбараа хэлээд явъя” гэсэн нь хурлын тэмдэглэлд тусгагдсан, нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан гаргасан хүсэлтийг шүүгчийн захирамжаар “хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй” хэмээн шийдвэрлэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн, мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүгчээс татгалзсан татгалзлыг шийдвэрлэсэн Ерөнхий шүүгчийн захирамж[3] хэрэгт авагдсан, шүүх хуралдаан дээр уншиж танилцуулсан нь тэмдэглэлд тусгагджээ.

Түүнчлэн хэрэгт шүүгч Ц.Байгалмаагийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 168 дугаар албан бичиг[4], 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл[5], шүүгч Ж.Бурмаагийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар албан бичиг[6], 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл[7]-ээс үзэхэд хуулийг ноцтой зөрчсөн үйл баримт тогтоогдохгүйн дээр шүүгч Ц.Байгалмаагийн хийсэн баримт бичгийн үзлэгийн тэмдэглэлд шүүгч Ж.Бурмаа гарын үсэг зурсан гэх гомдлын үндэслэл үгүйсгэгдэж байна.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин анхан шатны шүүх гуравдагч этгээд “Хос булаг” ХХК-ийн төлөөлөгчөөс нэхэмжлэгч Г.Т-д холбогдуулан гаргасан “сумын Засаг даргын захирамжаар түүнд олгосон газартаа өвөлжөө барихыг даалгах” нэхэмжлэл гаргасныг хүлээн авч, улмаар уг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн буруу байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг хянан шийдвэрлэдэг.

Анхан шатны шүүх хуулийн этгээдээс иргэнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзах ёстой байтал хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгосон алдаа гаргасан байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 34 дүгээр шийдвэрийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “Хос булаг” ХХК-аас нэхэмжлэгч Г.Тд холбогдуулан гаргасан “сумын Засаг даргын захирамжаар түүнд олгосон газартаа өвөлжөө барихыг даалгах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

                                  ШҮҮГЧ                                                                     Ц.САЙХАНТУЯА 

                                   ШҮҮГЧ                                                                     Д.БААТАРХҮҮ

 

 


[1] 2 дугаар хавтаст хэргийн 13 дугаар тал,

[2] 2 дугаар хавтаст хэргийн 24 дүгээр тал,

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 239 дүгээр тал,

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 33 дугаар тал,

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 34 дүгээр тал,

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 149 дүгээр тал,

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 152 дугаар тал,