Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 34

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Бурмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Г.Тулгаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргад холбогдох

Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/113 дугаартай захирамжийг хүчингүйд тооцуулж, газар эзэмших эрхийг сэргээх тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батчимэг / онлайнаар оролцов. /

Хариуцагч Г.Бат-Орхон

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:... би Сэлэнгэ аймгийн Орхон сумын Мангирт гэдэг газар өвөлжөө, хаваржааны зориулалтаар 7850 м2 газрыг 60-н жилийн хугацаатайгаар сумын Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 145 дугаартай захирамжаар эзэмшиж байгаа юм. Би уг газрыг эзэмших эрхийн 0191342 дугаартай гэрчилгээг зохих хууль дүрмийн дагуу 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр авсан. Гэтэл тус сумын Засаг дарга Г.Бат-Орхон нь миний газар эзэмших эрхийг цуцалж 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр А/113 дугаартай захирамж гаргасан байна. Уг захирамжийг гаргахаасаа өмнө сумын Засаг дарга, Газрын даамал нар мэдэгдэл өгсөн. Уг мэдэгдлийг хүлээн аваад би мал бүхий иргэн өвөлжих, хаваржих бололцоотой газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж буй талбайгаас зайтай газрыг надад эзэмшүүлэх эрх олговол би газраа чөлөөлж өвөлжөө, хаваржаагаа нүүлгэе гэсэн саналыг тавьсан.

Нүүж буух бололцоотой газрыг эзэмших саналаа би газрын даамлаас сумын Засаг дарга болон Тамгын газрын ажилтан нарт бүгдэд нь хэлсэн хүсэлтээ гаргасан. Миний саналыг хүлээж аваагүй тул багийн иргэдийн Нийтийн Хурлыг хийлгэж асуудлаа шийдвэрлүүлэх санал гаргасан боловч хүлээж аваагүйд би гомдолтой байна.

Би мөн хадлангийн газар авах гэсэн санал тавихад хүлээж аваагүй. Ийм байдлаар малчин хүнийг хавчин гадуурхаж дан ганц газар тариалангийн компанийн эрх ашигт нийцүүлсэн шийдвэр гаргаж байгаа нь малчид бидний эрх ашгийг хохироож байна.

Сэлэнгэ аймгийн Засаг даргаас батлан гаргасан малчид тариаланчдын зохицлолыг хангах тухай журамд зааснаар тариаланчид бас тодорхой үүрэг хүлээсэн байдаг. /тариалангийн талбайг хашаажуулах/ энэ журмын хэрэгжилтийг хангах үүргийг газар тариалангийн компаниуд биелүүлэхгүй малчид руу бүх асуудлыг түлхэж биднийг өвөлжих, хаваржих газаргүй болгож байна.

Малчид бид ч малын ашиг шимээр амьдарч ард иргэдийг мах, сүү, ноос, ноолуураар хангаж нийгэмд өөрсдийн тодорхой хувь нэмраа оруулж байгааг сум орон нутгийн захиргаа огт хайхрахгүй байна. Би сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/113 дугаартай захирамжийг малчин миний эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд миний гомдлыг харгалзан үзэж уг захирамжийг хүчингүй болгож өгнө үү...гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Тулгаа 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, Орхон сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/113 дугаартай захирамжийг хүчингүйд тооцуулж, газар эзэмших эрхийг сэргээх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Үүнд утга нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын Мангирт гэдэг газар нэхэмжлэгчийн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 7158 метр газрыг 60 жилийн хугацаатай 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 135 тоот захирамжаар эзэмшсэн байдаг. уг газрыг эзэмших эрхийг гэрчилгээг зохих журмын дагуу 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр авсан. Гэтэл Орхон сумын Засаг дарга Г.Бат-Орхон нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/113 тоот захирамж гарган, Г.Тулгаагийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Ингэхдээ захирамжийг гаргахаасаа өмнө сумын Засаг дарга, газрын даамал нар мэдэгдэл өгсөн байдаг. Тэрхүү мэдэгдлийг хүлээн аваад мал малладаг иргэн тул өвөлжих, хаваржих боломжтой газар, тариалан үйлдвэрлэл эрхэлж байгаа талбайгаас зайтай газар эзэмшүүлэх эрх олгох, газраа чөлөөлж өгөх, өвөлжөө, хаваржаа нүүлгэхэд бэлэн байна гэсэн саналыг тусгасан. Нөөц бололцоотой газар эзэмших санлаа газрын даамлаас сумын Засаг дарга болон сумын Тамгын газрын ажилтан нарт хүргүүлж хүсэлтээ гаргасан байдаг. гэвч энэ хүсэлтийг нь хүлээж авалгүй багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулж, асуудлаа шийдвэрлүүлэх саналыг гаргасан. Энэ саналыг нь хүлээн авалгүй Засаг дарга өөрөө Захирамж гарган, газрыг шууд томилон, заасанд гомдолтой байна. Энэ үйлдэл нь малчин хүнийг хавчин, гадуурхаж, газар тариалангийн компанийн эрх ашгийг хамгаалж, шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд А/113 тоот сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, газар эзэмших эрхийг сэргээж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага гаргасантай холбоотойгоор шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх явцад Ц.Байгалмаа шүүгч энэ хэргийг хянаж байсан. Хариуцагчтай уулзаж, эвлэрсэнээ 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 25 дугаартай Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан. Энэ захирамж гарсантай холбоотойгоор Орхон сумын Засаг дарга Г.Бат-орхон 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/62 дугаартай Газар эзэмшүүлэх тухай гэсэн захирамж гаргасан. Уг захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсгийг үндэслэсэн байгаа. Мөн Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 25 дугаартай захирамжийг үндэслэн гаргасан байдаг. А/62 дугаартай захирамж нь Нэхэмжлэгч Г.Тулгаагийн газар эзэмших эрхийг сэргээж, Сүүжийн гуугийн өмнөд хэсэгт өвөлжөөний зориулалтаар 7800 метр газар олгож, 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Уг газрын кадастрыг кадастрт оруулж баталгаажуулахыг иргэдэд зөвшөөрсүгэй гэсэн захирамж гаргасан. Энэ захирамжийг хүчин төгөлдөр бус актад тооцож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж гаргаж байна. Үндэслэл нь юу вэ гэхээр Захирамж 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гарсан 25 дугаартай шүүгчийн захирамж талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг үндэслэж гарсан энэ захирамж байгаа. Гэтэл 25 дугаартай захирамж нь Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн шүүгчийн захирамж хүчингүй болгох тухай, шүүхийн тогтоолоор 25 дугаартай захирамж хүчингүй болсон байдаг. Тийм учраас хүчингүй болсон захирамжийг үндэслэж гарсан А/62 тоот захирамж хүчин төгөлдөр бус юм гэж үзэж байна. Дараагийн үндэслэл нь Нэхэмжлэгчийн өмнөх газрын эрхийг дордуулж, 60 жилийн хугацаатай олгож байсан 7850 метр квадрат газрыг олгосон байсан эрхийг дордуулж, 7800 метр квадрат болгон 15 жилийн хугацаатай гэж эрх ашгийг дордуулж олгосон байна. Тийм учраас газар тариалангийн бүсд хамаарсан энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд малчдын эрх ашиг хөндөгдсөн. Иймд А/62 дугаартай захирамжийг хүчин төгөлдөр бус актад тооцож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж гаргаж байна. Орхон сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/27 тоот захирамжаар малчдын өвөлжөө, хаваржааг нүүлгэн шилжүүлэх тухай гарсан. Энэ захирамжийн нэг дэх заалтад ажлын хэсгийг заасан. Хоёр дахь заалтад тариалангийн талбайгаас 500 метрийн дотогш байгаа өвөлжөө, хаваржааг нүүлгэн шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу ажлын хэсэгт үүрэг болгосон байдаг. Гурав дахь хэсэгт нь Тариалангийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т заасны дагуу малчдын нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой нэг удаагийн зардлыг тариалан эрхлэгч нарт даалгасан байдаг. Дөрөв дэх хэсэгт нь Тариалангийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой өвөлжөө, хаваржаа нүүлгэн ажилд идэвхтэй оролцож, малчдад үүрэг болгосон зохицуулалттай захирамж гарсан. Энэ захирамжийг үндэслээд нэхэмжлэгч газар тариалангийн бүс нутгаас 500 метрээс гадагшаа өвөлжөө, хаваржаагаа нүүлгэн шилжүүлсэн энэ асуудал байгаа. Гэхдээ энэ захирамжид үндэслэсэн шиг ажлын хэсгээс зардал мөнгө гаргахгүйгээр, өөрийн зардлаар өвөлжөө, хаваржаагаа нүүлгэн шилжүүлсээр байхад хууль зөрчсөн асуудлаа залруулаад, дахин газар зааж өгч, заавал тэнд буух ёстой гэсэн үйлдэл нь хууль бус юм. Нэхэмжлэгчийн эрх ашгийг илүү хөндөж байна гэдгийг үүгээр илэрхийлж байна. Ийм учраас А/62 дугаартай захирамжийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. А/62 захирамж гарсантай холбоотой нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээж, өгөөгүй байгаа нь өнөөдөр хууль зөрчиж байхад Засаг дарга би энэ хүнд газар олгосон гэж ярьж байгаа нь хуулийн үндэслэлгүй юм гэв.

 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Орхон сумын Засаг даргын 2008 оны 145 тоот захирамжаар иргэн Г.Тулгаад тус сумын Бэлэндалай багийн нутаг Мангиртад 7800 м2 газрыг өвөлжөө хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн. Монгол Улсын тариалангийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажпын хүрээнд сумын ИТХ-ын 2018 оны 30 тоот Сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолоор үр тарианы талбайд З00 м дотогш байрлах малчин өрхийн өвөлжөөний газрын эзэмших эрхийг цуцалж Мэргэншувуут, Шар хөтөл зэрэг хилийн зурвас газрууд руу нүүлгэх шийдвэр гаргасан. МУЗГ-ийн 2018 оны 131 тоот Тариалангийн зарим бүс нутгийг тоггоох тухай тогтоолоор Сэлэнгэ аймгийн Орхон сумын 1, 2-р багийг тариалангийн бүс нутаг болгон тогтоосон. Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, МУЗГ-ын 131 тоот тогтоолын хүрээнд сумын Засаг даргын 2018 оны А/97 тоот захирамжаар тариалангийн талбайд ойр байрлах өвөлжөө, хаваржааг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсэг томилогдон байгуулагдсанаар тус захирамжийн хүрээнд өвөлжөө, хаваржаа нүүлгэх албан мэдэгдлийг 17 малчин өрхөд 2018 оны 05-р сарын 01, 08 сарын 28-ны өдрүүдэд, аман мэдэгдлийг 2018 оны 5 сараас хойш удаа дараа өгч байсан ч эдгээр өрхүүдээс шаардлага биелүүлээгүй Бэлэндалай багийн нутаг дэвсгэр Сүжийн гуунд байрлах Гүрүүгийн Тулгаагийн газар эзэмших эрхийг сумын Засаг даргын 2018 оны А/113 тоот захирамжаар цуцалж, дээрх өрхийг албадан нүүлгүүлэх тухай 2018 оны 1/198 тоот албан бичгээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын цагдаагийн хэсэгт хандаснаар цагдаагийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаагийн ахлах ахлагч н.Балбар, дэд ахлагч Амарбаяр, Орхон сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус 2 өрхөд гэрээр очиж хуулийн шаардлага сум орон нутгийн шийдвэрийг биелүүлж ажиллахыг мэдэгдсэн болно. Мөн Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тариалангийн талбайг хашаажуулах ажлын хүрээнд тус сумын Бэлэндалай баг Мангиртад байрлах тариалангийн талбайг хашаажуулах /50 км хашаа/ ажлыг Топ универсал констракшин ХХК-р хийж гүйцэтгүүлэхээр болсон бөгөөд ажлыг эрчимжүүлэх тухай 05/3789 албан бичгийг хүргүүлсэний хүрээнд Топ универсал констракшин ХХК Орхон сумын засаг даргын орлогч Г.Баасансүрэн, БОХУБ Р.Сандагдорж, Газрын даамал Б.Анхбаяр, агрономч К.Энхмаа нар байлцан Орхон сумын Мангиртад байрлах Хос булаг ХХК-ын бригадад хашааны бараа материалыг хүлээн авсан. Уг тариалангийн талбайг хашаажуулах хөтөлбөрт 6 аж ахуй нэгж, 10 иргэний нийт 3830 га талбайг хашаажуулах бөгөөд иргэн Г.Тулгаагийн өвөлжөөг хашаажуулах талбайгаас зайлшгүй нүүлгэх хуулийн хүрээнд газрыг чөлөөлөх шаардлагатай байна. ЗДТГ-аас удаа дараа хүргүүлсэн албан мэдэгдэлийн хүрээнд 15 айл сум орон нутгийн бодлого шийдвэрийг хүлээн зөвшөөрч шинээр буух газраа заалган өвөлжөөгөө шилжүүлж зарим өрхүүд гадны аймаг сумруу шилжилт хөдөлгөөн хийгдсэн. Иргэн Г.Тулга нь бидний шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй төр засгийн бодлого шийдвэрийг эсэргүүцэж байгаа нь сум орон нутгийн төдийгүй МУ-ын тариалангийн тухай хууль, МУЗГ-ын тогтоол шийдвэрийг зөрчиж байгаа хэрэг болно. Нэхэмжлэлд дурьдсанаар газар эзэмших эрх цуцлах тухай мэдэгдэлийг сумын газрын даамлаас сонсоод мал бүхий иргэн өвөлжих хаваржих бололцоотой газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж буй талбайгаас зайтай газрыг надад эзэмшүүлэх эрх олговол би газраа чөлөөлж болно гэж дурдсан нь худал бөгөөд сум орон нутгийн шийдвэрийг хүлээж авахгүй нүүхгүй гэж зүтгэж байсан нь олон удаагийн баримтаас харагдана. Дээрх өрх тариалангийн талбай болон хадлангийн нөөц бүхий газраас бусад боломжит газар газар эзэмшихэд сум орон нутгийн зүгээс татгалзах зүйлгүй болно.Иймд иргэн Г.Тулгаагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/113 тоот захирамжийн тухай ярьж байна. Маш олон хуулийн заалт үндэслэлүүд байгаа. Тариалангийн тухай хууль, 2016 оны 02 дугаар сараас хэрэгжиж эхэлэн. Энэ тухай тариалангийн талбайгаас 500 метрээс гадагш өвөлжөө, хаваржаа байх ёстой. Энэ хуулийг хангуулах ёстой. Мөн 2018 оны Засгийн газрын 131 дүгээр тогтоол байгаа. Мөн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Тариалангийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой. Мөн Хүнс Хөдөө Аж Ахуйн яамны Атарын 3 дугаар аяны хүрээнд нийт Орхон суманд тариалангийн талбайг атаршуулах томоохон ажил байсан. яагаад цуцлах үндэслэл байсан бэ гэхээр Г.Тулгаагийн өвөлжөө нь тариалангийн талбайгаас 160 метрийн алсад буюу тариалангийн талбайн хажууд гэсэн үг. Хашаажуулах бүсэд орсон тул заавал нүүлгэн шилжүүлэх нөхцөл байдал үүссэн. Учир нь Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т сумын Засаг дарга газрын асуудлыг шийдвэрлэх ёстой гэж заасны дагуу дээрх хуулиудын хэрэгжилт, Засгийн газрын тогтоол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол зэргийг тус тус үндэслэн нүүлгэн шилжүүлэх ажлыг А/62 дугаартай захирамжаар газрыг нь зааж өгч, сумын Засаг даргын хувьд тухайн малчны эрх ашгийг нь шийдвэрлэсэн. Энэ асуудлыг шийдсээр байтал тухайн бүс малын бэлчээр, өмнө нь хаана байсан тэр бүс нутаг нь өөрчлөгдөөгүй байхад, холдуулсан мэт тайлбар хэлж байгаа нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/62 дугаартай захирамж нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 25 дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэсэн нь буруу гэж хэлж байна. Би газар эзэмшүүлэх тухай А/62 дугаартай захирамжийг хүчинтэй гэж үзэж байгаа. 25 дугаартай захирамж 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гарсан захирамж. Газар олгосон А/62 дугаартай захирамж 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гарсан. Иймд тухайн үед хүчин төглдөр мөрдөгдөж байсан шүүгчийн 25 дугаартай захирамжийг үндэслэж, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасан заалт бол гол заалт. Энэ дагуу шийдвэрлсэн гэж үзэж байна. Газар эзэмшүүлэх эрхийг сумын Засаг дарга өөрөө юм уу дээд шатны Засаг дарга, шүүхийн шийдвэрээ хүчингүй болгох эрхтэй. Одоогоор энэ захирамжийг хүчингүй гэж тооцохгүй байна. Тариалангийн тухай хуульд зааснаар аж ахуйн нэгж нэг удаагийн зардлыг гаргах гэж 24 дүгээр зүйлийн 24.3-т заасан байгаа. Яагаад Г.Тулгаа гэдэг айлд зардал мөнгө гаргаагүй вэ гэж ярьж байна. Мэдээж Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасан үүргээ биелүүлээгүй, сумын Засаг даргын захирамжид заасан үүргийг тухайн малчин хангаагүй тул аж ахуйн нэгжээс гаргуулах үндэслэлгүй юм. Сумын засаг даргын олгосон газарт өвөлжөө, хаваржаагаа нүүлгэн бууя гэсэн бол аль аж ахуйн нэгжийн тариалангийн талбайд ойр байгаа, түүгээр гаргуулах боломжтой байсан. Малчин өөрөө хуульд заасан үүргээ биелүүлээгүй учраас хэрэгжүүлэх боломжгүй байсан. юм. Өмнөх газар эзэмших эрхийг нь бууруулсан байна. 15 жилийн хугацаагаар газар олголоо гэж ярьж байна. Газрын тухай хуульд 60 жилийн хугацаатай газар эзэмших эрх нь байдаг. Энэ нь хуулиараа малчин өөрөө 15 жилийн хугацаа нь дуусвал, цаашид сунгуулъя гэж хүсвэл нээлттэй, сунгалт хийгээд явах боломжтой. Үүнийг эрх ашгийг дордуулсан гэж үзэхгүй байна. А/97 дугаартай захирамжийн тухай ярьж байсан. Энэ нь Орхон сумын хэмжээнд тариалангийн талбайд ойролцоо байгаа нийт 17 малчин өрхөд мэдэгдэл хүргүүлэн, Тариалангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилготой ажлын хэсэг байгуулсан захирамж. Үүнд нэг удаагийн зардлыг даалгах талаар захирамжид нь тусгасан. Г.Тулгаагийн хувьд энэ асуудал хэрэгжээгүйн малчны өөрийнх нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлан хэлсэн. Олон шат дараалалтай хуулиуд, Засгийн газрын тогтоол, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр байна. сумын засаг даргаас эдгээр олон шийдвэрүүдийг авч хэрэгжүүлэн ажиллаж байхад Г.Тулгаа гэдэг айл хэрэгжүүлэхгүй байгаа нь төрийн ажилд хүндрэл учруулж байна.

Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүх шийдвэрээ гаргах байх гэж үзэж байна гэв.

 

Гуравдагч этгээд Хос булаг ХХК-ийн захирал Ц.Амгалан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Сэлэнгэ аймгийн Орхон сумын иргэн Г.Тулгын Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шуүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан гуравдагч этгээд болох Хосбулаг ХХК-ийн захирал ЦАмгалан би дараах тайлбарыг гаргаж байна.

Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/113 дугаартай захирамж нь Тариалангийн тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 131 дүгээр тогтоолоор баталсан Тариалангийн зарим бүс нутгийг тогтоох тухай тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Засаг даргад хуулиар олгосон эрхийг хэрэгжүүлэх бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан хууль ёсны шийдвэр тул нэхэмжпэгчийн нэхэмжпэлийн шаардлагыг дор дурьдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1.Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу Орхон сумын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй суурьшиж орон нутгийн байгалийн баялагыг хууль зөрчин зөвшөөрөлгүй ашиглаж байгаа иргэдийн үйл ажиллагаанд 2009 хийсэн групп шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, албан шаардлагыг хэрэгжүүлэх зорилгоор сумын Засаг даргаас тариалангийн бүсэд байгаа малчдыг нүүлгэх мэдэгдлийг жил бүр нэр бүхий малчдад өгч байсан хэдий ч малчид зааж өгсөн газар руу нүүхгүй орон нутгийн захиргааны шийдвэрийг биелүүлэхгүй байсантай холбоотойгоор Засаг дарга Бат-Орхон 2018 оны 08 дугаар сард А/113 дугаартай захирамжийг гаргасан байдаг. Нэхэмжпэгч Тулга нь өнөөг хүртэл сумын Засаг даргаас зааж өгсөн газарт нүүж өвөлжөө, хаваржаагаа барихгүй ,газар тариалангийн үйлдвэрлэл явуулахад саад учруулсаар байна. 2009 онд хийсэн шалгалтаар нэр бүхий малчид нь газар тариалагийн үйлдвэрлэл явуулж талбайд хэт ойрхон өвөлжөө барьсан зөрчлийг илрүүлж уг зөрчлийг арилгуулах албан шаардлага хүргүүлж зөрчлийг арилгах үүргийг холбогдох ажилтан нарт өгч, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 45/ 34/ 143, 45/34/144 дугаартай албан шаардлагыг сумын Засаг даргад хүргүүлсэн байдаг.

Энэ албан шаардлагын хэрэгжилт өнөөг хүртэл биелэгдэхгүй байгаа нь нэхэмжлэгч Г.Тулгын орон нутгийн Засаг захиргааны шийдвэрийг үл хүндэтгэж хуульгүй мэт дуриараа авирлаж байдагтай холбоотой юм. Г.Тулга нь өөрөө ингэж дураараа авирлаад зогсохгүй бусад малчид иргэдэд буруу зөрүү суртал ухуулга хийж тэднийг турхирч, төрийн бодлого, шийдвэр , хуулийн хэрэгжилтийг үл тоомсорлож байдаг нь тариаланч бидний эрх ашгийг ноцтой хохироож байна.

2. Манай компани нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2-р багийн нутаг дэвсгэрт буюу Мангирт нэртэй газарт газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж, улаан буудай тариалан дотоодын гурилын хэрэгцээг хангах бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Гэтэл нэрхэмжлэгч Г.Тулга нь газар тариалангийн үйлдвэрлэл явуулдаг талбайгаас 1^0 метр газарт хаваржаа, өвөлжөө барьж тэндээ өвөлжиж, намарждаг нь тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь заалтыг зөрчиж байгаа юм.

 

Тариалангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажпын хүрээнд Орхон сумын Засаг дарга нь сумын ИТХ-ын 2018 оны 30 тоот тогтоолын дагуу тариалангийн бүсэд газар эзэмшиж буй иргэдийн эрхийг цуцалж Мэргэншувуут, Шархөтөл зэрэг газрууд руу нүүлгэхээр газар зааж өгч , мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Гэтэл Г.Тулга нь нэхэмжлэлдээ газар зааж өгөөгүй , хэрэв зааж өгсөн бол нүүх байсан.нүүж буух бололцоотой газрыг зааж өг гэсэн саналыг өөрөө тавьсан мэтээр дурьдсан нь үндэслэлгүй байна. .

 

Нэхэмжпэгч Г.Тулга нь нутгийн захиргааны шийдвэрийг үл хүндэтгэн газар тариалангийн бүс нутагт өвөлжиж намаржсаар байгаа нь газар тариалангийн үйлдвэрлэл явуулахад сөрөг нөлөө үзүүлж байна. Тодруулбал:

1. Талбайн хөрс хатуурах,

2. Малын хөлөөр талбайн хөрс тахлагдаж өнгөн хөрс суларч цөлжилт явагдах,

3. Талбайн сүрлэн хучлагыг идэж, талхалснаас хөрсний чийг хамгаалах технологи алдагдах зэргээр тариан талбай эвдрэлд орж , тариалалтанд сөрөгөөр нөлөөлж байна.

Монгол улсын Засгийн газрын 2018 оны 131 дүгээр тогтоолоор Тариалангийн зарим бүс нутгийг тогтоох тухай тогтоолын дагуу Сэлэнгэ аймгийн Орхон сумын 1,2-р багийг тариалангийн бүс нутаг болгон тогтоосонтой холбоотойгоор Орхон сумын Засаг даргын 2018 оны А/97 тоот захирамжаар тариалангийн талбайд ойр байрлах өвөлжөө, хаваржааг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсэг байгуулагдан албан мэдэгдлийг 17 малчин өрхөд өгсөн байдаг, үүний нэг нь ямаачин Тулга юм.

Г.Тулга нь Монгол улсын тариалангийн тухай болон орон нутгийн засаг захиргааны шийдвэрийг үл тоож , дураараа хуульгүй мэт загнаж байгаа нь тариаланчийн эрх ашгийг хохироож байгаад гомдолтой байгаагаа дахин илэрхийлж байна.. Мөн төрөөс газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжиж, малчид тариаланчдын зохицлыг хангах шийдвэрийн хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр тариалангийн талбайг хашаажуулж байхад энэ ажлыг эсэрүүцэж барьж дуусаагүй байхад нь эвдэж байгаа нь улсын хөрөнгөд хохирол учруулж байна.

Малчид газар тариалангийн үйлдвэрлэл явуулж буй талбайгаас нүүгээгүй тохиолдолд хууль зөрчигдөж тариалангийн талбайг улсын төсвийн хөрөнгөөр хашаажуулж улсын төсвөөс хөрөнгө мөнгө зарцуулсаны ач холбогдол гарахгүй болоод байна. Энд өвөлжиж .намаржих тохиолдолд дуртай газраараа орж гарахын тулд хашааг сүйтгэхийн зэрэгцээ талбайн дундуур зам гарган зорчиж, хөрс боловсруулалт хийх, хөрс хамгаалах, сүрлэн хучлага бий болгох зэргээр орчин үеийн технолгоийн дагуу хийх хөрс хамгаалалтыг ч хийх ямар ч боломжгүй байдалд хүргэж тариаланчдийн төрийн өмнө хуулиар хүлээсэн хөрс хамгаалах үүргээ зөрчих, тариан талбайг хөрсний элэгдэлд оруулах зэрэг нөхцөл байдлыг үүсгэж байгаа нь Монгол улсын Тариалангийн тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа юм. Ялангуяа нэхэмжлэгч Г.Тулгын малын ихэнхи нь ямаа байгаа нь малын бэлчээр, хөрсний элэгдэлд ихээхэн хор хөнөөлтэй байгаа юм.

Иймд нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Тулгаа нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 27-ний өдрийн А/113 дугаартай захирамжийг хүчингүйд тооцуулж, газар эзэмших эрхийг сэргээх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Орхон сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/62 дугаарт захирамжийг хүчин төгөлдөх бусад тооцуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн шүүхэд болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь дүгнэж үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гуравдагч этгээд Хос булаг ХХК-ийн захирал Ц.Амгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Тулгаад холбогдуулан сумын Засаг даргын захирамжаар түүнд олгосон газартаа өвөлжөө барихыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны явцад Г.Тулгаад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзснаа бичгээр илэрхийлэн ирүүлсэн байх тул тус шаардлагаасаа татгалзсаныг батлаж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Г.Тулгаа болон гуравдагч этгээд Хос булаг ХХК-ийн захирал Ц.Амгалан нар нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг албан ёсоор гаргасан тул шүүх нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын хүсэлт болон хэрэгт цугларсан нотлох баримт бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

1.Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/113 дугаар захирамжийг хүчингүйд тооцуулж, газар эзэмшүүлэх эрх сэргээх шаардлагын тухайд :

Нэхэмжлэгч Г.Тулгаад Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 145 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар Сүүжийн гууны урд аманд нэртэй 7850 м.кв газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж гэрчилгээ олгосон байна.

Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 35.3.2, 40.1.1 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын б, Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 131 дүгээр тогтоолыг тус тус баримтлан Тариалангийн тухай хууль бусад холбогдох дээд байгууллагаас батлан гаргасан тогтоолын дагуу гэж Г.Тулгаагийн эзэмшилд байгаа Сүүжийн гуунд байрлах өвөлжөө, хаваржааны зориулалт бүхий 7850 м.кв газар эзэмших эрхийг цуцалж шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Засгийн газар 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Тариалангийн зарим бүс нутгийг тогтоох тухай 131 дугаар тогтоолын 1 дүгээр заалтаар Санал уламжлах тухай Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 30 дугаар тогтоол, ... тус тус харгалзан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны саналаар тариалангийн зарим бус нутгийг дор дурдсан засаг захиргааны нэгжээр тогтоож 1.1 дүгээр заалтаар Сэлэнгэ аймгийн Орхон сумын 1, 2 дугаар багийн нутаг дэвсгэрийг газар тариалангийн бүс нутаг болгожээ.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасан тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн...,түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах гэж заасны дагуу Сэлэнгэ аймгийн Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 30 дугаартай тогтоолоор сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулан Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар баг Үр тарианы талбайд ойр 300 метрийн дотогш байрлах малчин өрхийн өвөлжөөний газрыг эзэмших эрхийг цуцлах, Мэргэн шувуут, Шар Хөтөл зэрэг сумын хилийн зурвас газрууд луу шилжүүлэн эзэмшүүлэх-ээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байна.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д аймаг,нийслэл, сум дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ 20.2.1-д нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Тариалангийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх,

оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно мөн хуулийн 24.2-т Энэ хуулийн 24.3-т заасны дагуу нүүн шилжих мал аж ахуй эрхлэгчийн өвөлжөө, хаваржааны газрын асуудлыг сум, дүүргийн Засаг дарга 30 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг дарга нь Засгийн газрын 131, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 30 дугаар тогтоолуудын дагуу 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Малчдын өвөлжөө, хаваржааг нүүлгэн шилжүүлэх тухай А/97 дугаар захирамжаар Тариалангийн талбайд 500 метрээс дотогш байгаа айл өрхийн өвөлжөө, хаваржааг нүүлгэн шилжүүлэлт хийх ажлын хэсэг байгуулжээ.

Ажлын хэсэг нь захирамжийн хүрээнд заасан нутаг дэвсгэрт байгаа өвөлжөө, хаваржааг нүүлгэх мэдэгдлийг 17 малчин өрхөд утсаар, амаар болон мэдэгдэх хуудсаар удаа дараалан мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгч Г.Тулгаа нь Тариалангийн тухай хууль болон Газрын тухай хуулинд заасан үүргийг биелүүлээгүй тул Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргаас газар эзэмших эрхийг цуцалж шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгчээс Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргад холбогдуулан Орхон сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/113 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, газар эзэмших эрхийг сэргээх шаардлагаар шүүхэд хандсанаар нэхэмжлэгч болон хариуцагч харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулж шүүхээс хялбаршуулсан журмаар буюу 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хос булаг ХХК-ийн захирал Ц.Амгалан нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь манай компанийн эрх ашгийг зөрчсөн байх тул шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаартай захирамжийг хүчингүй болгох эсхүл хуульд нийцүүлэн өөрчилж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасны дагуу шүүгч нь Шүүгчийн захирамж хүчингүй болгох тухай 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 64 дугаартай шүүгчийн захирамж гаргасныг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батчимэг гомдол гаргаснаар Зхиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 221/ШТ2019/0398 шүүхийн тогтоолоор 64 дугаартай захирамжийг хүчингүй болгосон байна.

Ц.Амгалан нь тус шүүхэд хандан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах хүсэлтийг гаргаснаар 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар шүүхийн тогтоолоор шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаар захирамжийг хүчингүй болгон хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр шийвэрлэсэн байна. Үүний дагуу Хос булаг ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан болно.

2. Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/62 дугаар захирамжийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын тухайд:

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана мөн хуулийн 29.3-т Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга,... тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж тус тус заажээ.

Үүний дагуу Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг дарга нь 2019 оны 05 дугаар сарын 15-ний өдрийн А/62 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалт Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 25 дугаар захирамжийг тус тус үндэслэн Г.Тулгаагийн газар эзэмших эрхийг сэргээж, 2 дугаар багийн нутаг Сүүжийн гууны зүүн урд талд / Ч.Очирдоржийн өвөлжөөний зүүн урд тийш/ өвөлжөөний зориулалтаар 7800 м.кв газар олгож, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь: Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд маргаан бүхий газар дээр очин нэхэмжлэгч Г.Тулгаа, хариуцагч Орхон сумын Засаг даргыг төлөөлж Засаг даргын орлогч, гуравдагч этгээд Ц.Амгалан болон хөндлөнгийн гэрч нарыг байлцуулан, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэнээр /Trimble фирмийн R4 model 3 маркийн 2 долгионы GPC хэмжилийн багажаар/ хэмжилт хийлгэхэд Хос булаг ХХК-ийн үр тарианы зориулалттай 76.5 га талбайгаас нэхэмжлэгч Г.Тулгаагийн хуучин өвөлжөө хүртэл 166.49 метр, шинээр өвөлжөө барихаар мод буулгасан газар хүртэл 511.02 метр, тариалаагийн талбайн хашаанаас 277.04 метр зайтай болон үр тариалангийн зориулалттай 105.6 га талбайгаас шинээр өвөлжөө барихаар мод буулгасан газар хүртэл 431.71 метр, тариалангийн талбайн хашаанаас 411.58 метр зайтай байгаа болох нь тогтоогдсон болно.

Нэхэмжлэгч Г.Тулгаа нь шүүхээс маргаан бүхий газар дээр очиж үзлэг хийсний дараа Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын А/62 дугаар захирамжид заасан газар дээр нүүж очин өвөлжөөгөө барилгүй, зөвшөөрөлгүй газарт буун Газрын тухай хууль болон Тариалангийн тухай хуулийн зохих заалтуудыг зөрчиж тариалангийн талбайн ойролцоо өвөлжөө барьж сумын эрх бүхий албан тушаалтнуудын тавьсан шаардлагыг биелүүлээгүй болох нь хариуцагчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын 2019 оны А/62 дугаар захирамж нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 131 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймгийн Орхон суын 1, 2 дугаар багийн нутаг дэвсгэрийг газар тариалангийн бүс нутаг болгосон тогтоолын дагуу хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тусгасан захирамжтай холбогдуулан 60 жилийн хугацаатай олгогдсон газрыг хүчингүй болгочихоод 15 жилийн хугацаатай болгож нэхэмжлэгчийн эрх ашгийг дордуулсан гэж маргажээ.

Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна гэж заажээ.

Нэхэмжлэгч Г.Тулгаа нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад дахин хүсэлт гарган сунгуулах боломжтой байх тул нэхэмжлэгчийн эрх ашгийг дордуулсан гэж үзэх боломжгүй юм.

3. Сэлэнгэ аймгийн Орхон суын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 34 дугаар болон 2009 оны 29-ний өдрийн 129 дугаар захирамжуудын тухайд:

Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 38 дугаар зүйлийн 38.4 дэхь заалтыг тус тус үндэслэн 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 34 дүгээр захирамжаар иргэн Даваасүрэнгийн давуу эрхээр эзэмшиж байсан Орхон 2 дугаар баг Мангиртад байрлах 76.7 га газрыг үр тарианы зориулалтаар Хос булаг ЗГБХ нөхөрлөлд шилжүүлэн 60 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дах заалтыг үндэслэн 2009 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 129 дугаар захирамжаар Мангиртад байрлах 105.69 га газрыг үр тарианы зориулалтаар Хос булаг ХХК-д 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийг тус тус олгож шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тариалангийн талбайг хашаажуулах ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай баг, Мангиртад байрлах тариалангийн талбайг хашаажуулах ажлыг Топ универсал констракшин ХХК хийж гүйцэтгэхээр болсон байна. Уг хөтөлбөрт 5 аж ахуйн нэгж, 10 иргэний нийт 3830 га талбайг хашаажуулахаар шийдвэрлэсэн бөгөөд үүнд Мангиртад байрлах Хос булаг ХХК-ийн үр тарианы зориулалттай 76.7 га, 105.69 га тариалангийн талбайнууд хамрагдсан байна. Үүний дагуу хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг дарга нэхэмжлэгч Г.Тулгаагийн өвөлжөөг хашаажуулах талбайгаас зайлшгүй нүүлгэх, хуулийн хүрээнд газрыг чөлөөлөхийг шаардаж байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг дарга нь А/113 дугаар захирамжаар иргэн Г.Тулгаагийн өвөлжөө, хаваржааны зориулалт бүхий газар эзэмших эрхийг цуцалснаа 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/62 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг сэргээж, 2 дугаар багийн нутаг Сүүжийн гууны зүүн урд талд / Ч.Очирдоржийн өвөлжөөний зүүн урд тийш / өвөлжөөний зориулалтаар газар олгож эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 52 дугаар зүйлийн 52.1, 54 дүгээр зүйлийн 54.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ийн б, 29.2, Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 24.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Тулгаагийн Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргад холбогуулан гаргасан Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/113 дугаартай захирамжийг хүчингүйд тооцуулж, газар эзэмших эрхийг сэргээх мөн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/62 дугаар захирамжийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар гуравдагч этгээд Хос булаг ХХК-ийн захирал Ц.Амгалан нэхэмлэгч Г.Тулгаад холбогдуулан гаргасан сумын Засаг даргын захирамжаар түүнд олгосон газартаа өвөлжөө барихыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагасаа татгалзсаныг батлаж хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун / төгрөгийг мөн гуравдагч этгээд Хос булаг ХХК-ийн захирал Ц.Амгалангийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун / төгрөгийг тус тус Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ж.БУРМАА