Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 92

 

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

            Хохирогч: О.О,

            Шүүгдэгч: Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Э-д холбогдох 1935003340098 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хадам ээж, эхнэр 1 хүүхдийн хамт ... оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б.Э

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Э 2018 оны 9 дүгээр сарын 19-20-ны өдрүүдийн хооронд Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн 21 тоотод оршин суух иргэн А.О-ийн гэрт байхдаа хохирогч О.Оийн алтан ээмэг 1 хос, монетон ээмэг, бөгж, кулон хос, монетон гинж , монетон бөгж 4 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 3.278.588 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                Гэм буруугийн талаар: 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч О.О-ийн  “...Би өөрийн алт монет нь ээмэг бөгж, хүзүүний зүүлтийг 2018 оны 09 сарын 06-ны өдөр "Гялс төгрөг" барьцаалан зээлдүүлэх төвөөс чөлөөлж аваад өөрийн байшингийн зүүн урд хэсэгт байх шар цоохор авдарны зүүн өнцөгт байх ягаан өнгийн үнэт эдлэл хийдэг жижиг чемодан саванд шар өнгийн ууттайн хийсэн. Тэгээд 2018 оны 09 сарын 17-ны өдөр авдраа уудалж ээмэг, бөгж, хүзүүний зүүлтээ хийсэн саваа авч өөрийн монет нь ээмгээ аваад зүүсэн бусдыг нь уутанд нь үлдээсэн. Тэгээд 2018 оны 09 сарын 23-ны орой ээмгээ солих гэж авдраа уудлаад ээмэг бөгжнийхөө савыг авч үзэхэд дотор нь байсан монет нь ээмэг, бөгж нь байхгүй зөвхөн шар өнгийн уут нь үлдсэн байсан. Тэгээд гэрт хулгай орсон юм болов уу? гэж бодоод гэрийнхээ цоож, цонх зэргийг харахад ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан. Би өөрийн монет ээмэг 2 ширхэг буюу 1 хос, монет нь кулон нэг ширхэг, монет нь бөгж 5 ширхэг, алт нь ээмэг нь 2 ширхэг буюу 1 хос, монет нь өргөн гинж 1 ширхэг байсныг хулгайд алдсан. Миний монет нь ээмэг бөгж нийлээд 30 орчим грамм байх шиг байсан. Яг хэд байсныг нь сайн мэдэхгүй байсан. Миний 3 ширхэг бөгжнүүд нь их том овор хэмжээтэй, 2 бөгж нь нарийн байсан. Тухайн бөгжнүүдийг зүүж байгаад авахуулсан зурагнууд байгаа. Манай нөхөр О энэ оны 06 дугаар сарын 04-ний өдөр бие нь муудаж даралт харвасан бөгөөд өдөр бүр эмчилгээтэй болохоор өөрийн 5960УВА улсын дугаартай "Nord Benz" загварын тээврийн хэрэгслийг Хөшөөтийн уурхай явуулж ажил хийлгэхээр жолооч хайж байсан. Тэгээд Х-ийн уурхайд ажилладаг Х гэх манай нөхөр О-ийн найз маань нэг жолооч олж өгөхөөр болж Э гэх залуугийн утасны дугаарыг олж өгсөн. Манай нөхөр болон бид хоёр Э гэх хүнтэй утсаар ярьж байгаад 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Э гэх хүн З аймгаас гарч Т хүртэл яваад тэндээ хоноод Улаанбаатар хотоос Увс аймгийн чиглэлд явсан автобусыг тосож суугаад 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ирж манай гэрт байрлаж машинд засвар хийж оройн хашаанаас машин гаргах гэхэд Э ухарч чадахгүй байсан болохоор манай нөхөр О "чи ахын дүү машин барьж уурхайд явж чадах юм уу?" гэхэд Э "би ахаа айж байна" гэхээр нь манай нөхөр О "чи айж байгаа бол ахын дүү газрын бага дээр буцаад харь ахын дүү ах нь ирж очих зардлыг нь өгөөд явуулъя" гэж хэлж тохироод тэр өдрөө хоноод өглөө 09 цагийн орчим нөхөр О бид хоёр хүү Б-ыг аваад гэрээс гараад яваад өгсөн манай гэрт Э ганцаараа үлдсэн. Тэгээд нөхөр О бид хоёр гадуур явж байгаад 13 цагийн орчим гэртээ ирээд Б-ын хувцсыг сольж өмсгөөд хоолны шөл гал дээр хийж өгчихөөд хүү Б-ыг хичээлд нь хүргэж өгсөн. Манай гэрт Э ганцаараа үлдсэн. О бид хоёр гадуур явж байгаад 14 цагийн орчим гэртээ ирээд хоол унд хийж идээд Э-ийг автобусанд суулгаж өгөхөөр Э, нөхөр О бид гурав гарч яваад автобусны буудлаас суулгаж өгөөд явуулсан. ... Би Э гэх залууг явснаас хойш 4 хоногийн дараа буюу 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр эд зүйл хулгайлагдсан болохыг мэдсэн. Би 2018 оны 09 дүээр сарын 18-ны орой би толгойгоо угаачихаад өөрийнхөө зүүж байсан алтан ээмгийг хайрцаг руу хийгээд, монетэн ээмэг авч зүүхэд дээрх хулгайд алдагдсан ээмэг, бөгж бүгд байсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26, 28-29, 30 дугаар хуудас/

2. Гэрч А.О-ийн “... Тэгээд Б.Э гэх залуу миний машиныг ирж барьж өгөхөөр болж З аймгийн У сумаас Т хүртэл явж очоод Тосонцэнгэл хүртэл явж очоод Увс аймгийн чиглэлд явж байсан автобусанд сууж Увс аймгийн Улаангом суманд ирсэн. Эхнэр О бид хоёр автобуснаас Э-ийг тосож аваад гэрт очиж машиндаа юм хийсэн. Тэр орой Э бид хоёр машиндаа юм хийж байгаад хашаанаас машин гаргахаар болж Э-ийг машинаа ухраагаад гаргачих гэхэд Э хашаанаас машин ухрааж гаргаж чадахгүй болохоор нь тэр орой Э- ярьж “Ахын дүү уул уурхай гэдэг чинь амар ажил биш, ингэж байж чи чадах уу?” гэхэд Э “харин нэг л бишээ, би айж байна” гэж хэлсэн. Тэгвэл ахын дүү газрын бага дээр хэрэггүй гэж хэлсэн. Э Завхан аймаг руугаа буцахаар болсон. Маргааш өглөө нь би өөрийн эхнэр хүүхдийг аваад гадуур ажилтай байсан болохоор Э-ийг ганцаарыг нь үлдээгээд гадуур явж байгаад өдөр ирсэн. Хүүгээ хичээлд нь хүргэж өгөөд дахиж гэртээ ирээд Э-ийг авч автобусанд суулгаж өгөөд гэртээ харьсан. Тэндээс хэд хоногийн дараа манай эхнэр О авдраа уудалж ээмэг бөгжөө сольж зүүх гэсэн чинь байхгүй байсан. Тухайн өдрүүдэд Завхан аймгаас Э гэх залуу ирж манайд байсан.Өөр хэн нэгэн хүн манай гэрт ирээгүй. Манай гэрийн авдар цоожтой боловч цоожны цүү нь салчихсан тухайн өдрүүдэд цоожгүй байсан. Манай эхнэр О-ийн үнэт эдлэл хийдэг хайрцаг бас цоожгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32, 33-34 дугаар хуудас/

3. Гэрч Ц.Ж-ын “...Улмаар 2018 оны 09 дүгээр сарын 19-ний орчимд /яг хэдний өдөр гэдгийг нь би одоо санахгүй байна/ А.О над руу утсаар залгаад "Би Хүдэрийн уурхай дээр чамтай ээлжээр машин жолоодох жолооч олчихлоо. Та манайд хүрч ирээд Машинд үйлчилгээ хийгээд, та 2 миний машиныг Хүдэрийн уурхай руу аваад яв" гэж хэлсэн. Би Увс аймгийн Улаангом сумын ... дугаар багт А.О-ийн гэрт очоод А.О-тэй хамт машинд нь үйлчилгээ хийж, халуун тогоо тавьсан. Тэр хооронд А.О нь эхнэртэйгээ хамт автобусны буудал руу яваад Завхан аймгийн Улиастай сумын харъяат Э гэх залууг дагуулж ирсэн. Би тэр 2-ыг автобусны буудал руу явж, ирэх хооронд тэдний хашаанд, машинд нь үйлчилгээ хийж байсан ба А.О-ийн гэрт тэдний бага хүү нь байсан. Тэр 3 буцаж ирсэний дараа А.О, Э бид 3 орой болтол машинд нь үйлчилгээ хийсэн. Машинд үйлчилгээ хийж дууссаны дараа А.О нь Э-т хандаж "Чи миний машиныг асааж жолоодоод, хашаанаас гараад, буцаад ухраад ороод ир" гэж хэлсэн. Гэтэл Э нь А.О-ийн эзэмшлийн 59-60 УВА улсын дугаартай Норд бенз маркийн автомашиныг жолоодоод хашаанаас гарсан боловч буцаад ухарч орж ирж чадахгүй байсан. Тэгээд би гэр лүүгээ явсан. Тэрнээс хойш юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй. Гэтэл тэр өдрийн орой нь би гэртээ унтах гэж байтал А.О над руу утсаар залгаж "Энэ хүн машин жолоодож, уурхайд ажиллаж чадахгүй юм шиг байна. Уурхайн отвал руу орж, гарч чадахгүй шинжтэй байна. Чи маргааш өглөө ирээд миний машиныг аваад Наранбулаг сумын нутагт ажиллаж байгаа Хүдэрийн үйлдвэр лүү яв" гэж хэлсэн. Маргааш нь өглөө нь би 07:00 цагийн орчимд босоод А.О-ийн гэрт очиход эхнэр О.О нь босчихсон байсан. Би шууд А.О-ийн машиныг асааж, жолоодоод Н сумын нутагт ажилладаг Хүдэрийн уурхай руу явсан. Тэрнээс хойш би А.О-ийнд дахиж очоогүй ба Хүдэрийн уурхайд 14 хоног ажилчихаад, Ховд аймаг руу явж Хөшөөтийн уурхайд ажиллаж байгаад 2018 оны 11 дүгээр сарын дундуур А.О-ийн машиныг авч ирж өгсөн. Намайг Хүдэрийн үйлдвэрт ажиллаж байх хугацаанд /хэдэн сарын, хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна/ А.О надад "Манай эхнэрийн алт, монетэн ээмэг, бөгж гэрээс алга болсон. Завханаас ирсэн Э гэдэг залуу хулгайлсан байж магадгүй" гэж ярьж байсан. А.О-ийн гэрээс хэзээ, ямар ямар эд зүйл хулгайлагдсан, хэн хулгайлсан талаар надад мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/

4. Гэрч Д.С-ын “... 2018 оны 10 дугаар сарын 14-нд монетон ээмэг 1 ширхэг, монетон гинж 1 ширхэг, монетон бөгж 4 ширхэг нийт 25.8 гр монетон эдлэлийг барьцаанд тавьж 1.200.000 төгрөг тавьсан баримт байна. Барьцааны гэрээнд хугацаа 10 хоног хэвэрсэн тохиолдолд захиран зарцуулах эрх шилжиж худалдан борлуулж ломбардын орлого болгохоор бичгээр мэдэгдсэн байгаа. Мөн тухайн хүний дугаар луу залгаж худалдан борлуулах хугацаа болсон талаар мэдэгддэг. Тухайн үед залгахад холбогдох боломжгүй талаар гэрээний ар талд тэмдэглэсэн байна. Ингээд 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хугацаа нь дууссан эд зүйлсийг би 2019 оны 01 сарын 10-ны орчим худалдсан тул одоо уг эд зүйл байхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/

5. Гэрч Д.С-ын “...Би Б.Э гэдэг хүнийг таньдаг, миний аавын ахын хүүхэд Э овогтой Б-гийн найз байгаа юм. З жилийн өмнөөс танилцсан Б дагаж ирээд сагсан бөмбөг тоглодог байсан, түүнээс хойш таньдаг болсон. 2018 оны 11-р сард манай компаний хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер Х гэдэг ах тус компаньд түрээсээр ачааны ХОВО маркын машин оруулмаар байна машин барих хүн байна уу? гэхэд нь би Б.Э нь Таван толгойд машин барьдаг байсан гэж ярьж байсан болхоор Б.Э-ийн дугаарыг Х ахад өгсөн Манай компаниас 2018 оны 11-р сарын эхээр ажилаасаа халагдаад явсан хаана байгааг нь мэдэхгүй, Ховдын хүн юм шиг байна лээ. ” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

6. Гэрч Б.Б-ын “...Б.Э нь бага насандаа манай гэрт өссөн юм. Бага насандаа манайд өсөж торниод, улмаар 10 жилийн сургууль төгсөж, 2017-2018 онд Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн ... дугаар ангид цэргийн алба хаагаад ирсэн Хүүхэд байхдаа төлөв даруу зантай, жаахан хийсгэлэндүү хүний үгэнд оромтгой, хүнийг юу л гэнэ за гээд гүйж байдаг. Аав ээж ах дүү нэрыихаа дунд нэр хүнд сайтай, нийтэч зантай, ажилсаг хичээнгүй, хүнд тусархуу, найз нөхөдтэйгээ эвсэг харьцаатай, муу зуршил гээд байх зүйлгүй, архи тамхи хэрэглэдэггүй, ах дүү нарыхаа нүдэн дээр л лав архи дарс уусан байж харагдаггүй байсан, урлаг спорт сонирхдог өөр түүний хувийн зан байдлын талаар сайн мэдэхгүй юм гэв. ” гэх мэдүүлэг /хх-ийн 90 дугаар хуудас/,

7. Гэрч Д.Д-ын “... Б.Э-тэй 11 жилийн дунд сургуульд байхдаа 9 дүгээр ангид элсэн орохдоо танилцаж сайн найзууд болсон. Улмаар цэргийн албыг нэг ангид хамт хаагаад нутагтай ирж байсан. Б.Э нь төлөв даруу, ямар нэгэн элдэв муу ааш зан байхгүй. Аав ээж ах дүү, найз нөхдийнхээ дунд нэр хүнд сайтай, ажилсаг хичээнгүй, хүнд тусархуу. найз нөхөдтэйгээ эвээр харьцдаг, муу зуршил гээд байх зүйлгүй, архи тамхи хэрэглэдэггүй. цэргийн албаа хааж байхдаа түрүүч цолтой, цэрэг удирдах чадвар сайтай, ангиас зохиогдож байгаа урлаг спортын арга хэмжээнд амжилттай сайн оролцдог байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 92 дугаар хуудас/,

8. Шүүгдэгч Б.Эийн яллагдагчаар өгсөн “...Миний найз С Ховд аймгийн ... хийдэг бөгөөд 2018 оны 09-р сарын эхээр надруу утасдаж даацын машин байгаа, эзэн нь хүнд өвчтэй гэж байна Чи тэр машиныг жолоодох уу? гэж хэлээд утасны дугаарыг нь өгсөн. Би тэр үед Таван толгой энержи компанид ажиллаж байгаад 15 хоногийн амралтаараа гэртээ ирчихсэн байсан юм. Би уг дугаарлуу залгаагүй байтал Увсаас О гэх хүн утасдаад Хөшөөтийн уурхайгаас чиний дугаарыг авлаа чи ирээд машин жолоодоод өгөөч, би тал даралт харвачихсан, хүүхдүүд оюутан, эхнэр ажилгүй гэх зэргээр зовлон тоочоод ирээд ажиллаад өг гэж гуйгаад байсан. Би түүнээс ямар маркийн машин болохыг асуухад Цохидог 8 араатай Норд бенз машин гэж хэлсэн. Би тэр машиныг жолоодож байгаагуй тул түүнийг хэлж Хово барьдаг гэхэд ялгаа байхгүй адилхан гэж хэлээд байсан. Тухайн үед 3-4 хоног утасдаж гуйсан тул би сүүлдээ зөвшөөрөөд 2018 оны 09-р сарын 17-ны өдөр Завхан аймгаас гарч Тосонцэнгэл ороод тэндээсээ Улаангомын автобусанд сууж Увсад ирэхэд О гэх хүн эхнэриин хамт намайг тосож авсан. Би тэднийд 2 хонохдоо машинд нь засвар үйлчилгээ хийгээд 2018 оны 9 сарын 19-ний орой Ховд аймгийн Хөшөөтийн уурхай руу явах гэтэл чи харанхуйд ганцаараа яваад яах билээ. Маргааш зам сайн мэддэг хүнтэй явуулъя гэж хэлсэн. Би машиныг нь хашаанаас ухрааж гаргахдаа уг машиныг анх удаа жолоодож байгаа тул тааруухан гаргасан. Буцааж оруулчихаад хоноод өглөө нь босоход машин байгаагүй тул асуухад хуучин жолоочдоо өгөөд хөдөө явуулчихсан. Чамаар машин бариулахаа болилоо. Чи одоо буц гэж хэлсэн. Би Таван толгойруу хуучин ажилруу утасдаж асуухад намайг ажлаас халаад өөр хүн аваад машиныг хүлээлгээд өгчихсөн гэж хэлсэн. Би О-д замын хоол унд, унааны мөнгө өгөөч гэхэд чамайг автобусанд суулгаж өгнө. Энэ хүүхдэд мөнгө өг гэж эхнэртээ хэлсэн. Эхнэр нь надад 20,000-30,000 төгрөг өгсөн. Тэгээд О эхнэрийнхээ хамт автобусны билет бичүүлэхээр гарч явахад би тэдний гэрт ганцаараа хоцорсон. Тэр үедээ тэдэнд уурлаж бухимдаад, дээр нь ажилгүй мөнгөгүй болчихсон тул урьд өдөр нь О-ийн эхнэр ээмэг бөгж сольж аварт хийж байсныг санаад тэдний байшингийн том өрөөний мухарт байсан цоожгүй хаалгыг нь хааж орхисон авдарыг нээж дотор нь байсан ягаан өнгөтэй дээрээ бариултай эмэгтэй хүний хайрцагыг нээж үзэхэд дотор нь жижиг уутнуудад хийсэн ээмэг бөгж гинжнүүд байснаас нэг ууттай ээмэг бөгж гинжийг нь авч халаасандаа хийгээд бусдыг буцааж хэвэнд нь оруулж авдарт нь хийсэн юм. Тэгээд үд болж байсан тул хоол унд хийж байтал гэрийн эзэд хүрч ирсэн. Тэдэнтэй хоол идээд автобусны жолоочтой ярьчихсан гэж хэлсэн тул би тэдэнтэй хамт явж автобусанд суугаад Тосонцэнгэл дээр очиж буугаад тэндээсээ дамжиж автобусанд суугаад Улиастайд гэртээ ирсэн. Би Улиастайд очоод нилээд удаж 20-оод хоносны дараа Тавантолгой компанид ажилд орохоор хүнтэй ярьсан тул явахдаа Улиастайн Тун далай ломбарданд хулгайлсан, эд зүйлсээ ууттайн тавьж 1 сая төгрөг хүүтэй зээлдэж аваад хотруу яваад 23-24 хоноод буцаж ирчихээд ломбардны хугацааг сунгаж нэмж 200,000 төгрөг авсан. Түүнээс хойш уг ломбардруу дахин ороогүй сүүлд асуухад тэдгээр үнэт эд зүйлс байхгүй, хугацаа дууссан тул зарахыг нь зарж хайлуулж юм хийхийг нь хийж үгүй болсон гэж хэлсэн юм. ” гэх мэдүүлэг /хх-ийн 68-70 дугаар хуудас/ Би хохирлоо бүрэн төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр хохирогч О.О-ийн алтан ээмэг 1 хос, монетон ээмэг, бөгж, кулон хос, монетон гинж, монетон бөгж 4 ширхгийг шүүгдэгч Б.Э нууц, далд аргаар авсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.

            Шүүгдэгч Б.Э-ийн хулгайлсан хохирогч О.О-ийн алтан ээмэг 1 хос, монетон ээмэг, бөгж, кулон хос, монетон гинж , монетон 4 ширхэг бөгж 3.278.588 төгрөгийн үнэтэй болох нь “Гэрэгэ эстимэйт” ХХК-ний 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн УВ/01/523 дугаартай дүгнэлт /хх-ийн 50-р тал/-ээр тогтоогджээ.

            Шүүгдэгч Б.Э-ийн хохирогч О.О-ийн алтан ээмэг 1 хос, монетон ээмэг, бөгж, кулон хос, монетон гинж , монетон 4 ширхэг бөгжийг хууль бусаар, нууц далд аргаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй бөгөөд, 3.278.588 төгрөг буюу “бага хэмжээний хохирол”-оос илүү байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хулгайлагдсан эд зүйлд мэргэжлийн үнэлгээ хийсэн шинжээчийн  дүгнэлт /№УВ/01/523/-ийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж үнэлэв.

 

            Шүүгдэгч Б.Э хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч О.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.          

            Шүүгдэгч Б.Э гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.От 3.278.588 төгрөгийн хохирол учирсан байна. Шүүгдэгч Б.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан болох нь хохирогч О.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт “Цагаан сарын өмнө 2.000.000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь 6 дугаар сард 1.280.000 төгрөгийг өгсөн” гэж мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.  

 

  Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүгдэгч Б.Э бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Тэс хэргийг Увс аймаг дахь прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгч Б.Э-т танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Э хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хохирогч О.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад улсын яллагчийн санал болгосон 500 /таван зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 82 дугаар/ өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй талаар түүний хувийн байдлыг харгалзсан болно.

Шүүгдэгч Б.Э-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй,  энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн эд хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ийг 500 /таван зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

            4. Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

             6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.МӨНХЗАЯА