Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 16

 

Б.Э-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Л.Алтан, Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Баярмагнай, нарийн бичгийн дарга Д.Нямжав нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Э-т холбогдох эрүүгийн 1935003340098 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1998 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хадам ээж, эхнэр 1 хүүхдийн хамт ...тоотод оршин суудаг, , урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, А овогт Б-ийн Э.

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 9 дүгээр сарын 19-20-ны өдрүүдийн хооронд Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн 21 тоотод оршин суух иргэн А.О-гийн гэрт байхдаа хохирогч О.О-гийн алтан ээмэг 1 хос, монетон ээмэг, бөгж, кулон хос, монетон гинж, монетон бөгж 4 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 3.278.588 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч А овогт Б-ийн Э-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Эт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заагаагүй торгох ялыг оногдуулах үндэслэлтэй гэх дүгнэлтийг хийж шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хүнийг үйлдээгүй гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулжээ. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”-ийг зөв гаргаж дүгнэлт хийхгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн ноцтой зөрчсөн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж шүүгдэгч Б.Эт эрүүгийн хариуцлага ногдуулсан байх тул Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.Э-т холбогдох  1835003340098 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

Увс аймгийн прокурорын газраас Б.Э-ийг 2018 оны 9 дүгээр сарын 19-20-ний өдрүүдийн хооронд бусдын 3.278.588 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан гэж үзэн, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Хяналтын прокурор Я.Дина Б.Э-т холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байхад анхан шатны шүүх хүлээн авч хянан шийдвэрлэхдээ мөн хуулийг ноцтой зөрчжээ.Тухайлбал:

Б.Э-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг бөгөөд прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу  яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар санал гаргахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заагаагүй торгох ялыг оногдуулахаар санал гаргаж, яллагдагчид танилцуулсан,  шүүх хуралдаан дээр мөн торгох ялын санал гаргаж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Түүнчлэн анхан шатны шүүх Б.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн  мөртлөө Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулснаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн зүйл, хэсэгт заагаагүй торгох ялыг оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан ноцтой зөрчилд хамаарч, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Прокурор Б.Э-т холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Эт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаах санал гаргасан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Увс аймгийн прокурорын газарт буцаах нь зүйтэй байна.

Энэ талаар гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Э-т холбогдох эрүүгийн 1935003340098 дугаартай хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Увс аймгийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.ЖАМБАЛСҮРЭН

               ШҮҮГЧИД                                      Л.АЛТАН

       Н.МӨНХЖАРГАЛ