Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2025/00196

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 07-ны өдрийн 181/ШШ2024/03731 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 30-ны өдрийн шүүгчийн захирамжаар ******* банк ХХК-д 548,318,960 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн.

1.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч ******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан нэхэмжлэгчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол ************** байрны 1 тоотод байрлах 144 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна.

1.3. Тус үл хөдлөх хөрөнгө нь Улаанбаатар хотын А зэрэглэлд байрлалтай, үйлчилгээ, дэд бүтэц бүх зүйлд ойр дөт бөгөөд нийслэлийн иргэдийн эрэлт хэрэгцээ маш ихтэй хэсэгт байрладаг. Хариуцагчийн мэдэгдэлд дурдсанаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үнэлгээг хэрхэн тогтоосон ойлгомжгүй, орон сууцны байрлах эдийн засгийн үр ашиг болон тав тухтай байдлыг тооцолгүй тогтоосон.

1.4. Тухайн барьцаа хөрөнгө нь гэр бүлийн өмч. Төлбөр төлөгчийн зүгээс тухайн зээлийн төлбөрийг барагдуулах мөнгөн хөрөнгийг бүрдүүлэх боломж бүрдэж байгаа. Тухайн үл хөдлөх хөрөнгө дуудлага худалдаанд хэрвээ ороход хүрвэл жинхэнэ өмчлөгч болох ******* миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэж миний хувьд үзэж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 сарын 13-ны мэдэгдлээр үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00779 дугаар захирамжаар ******* ББСБ ХХК-аас 549,803,832 төгрөгийг гаргуулж ******* банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

2.2. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан иргэн *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол ************** байрны 1 тоотод байрлах 144 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу 2020 оны 08 сарын 31-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч төлж барагдуулаагүй.

2.3. Шүүхийн шийдвэрт заагдсан үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, үнийн санал авах тухай мэдэгдлийг төлбөр төлөгч ******* ББСБ ХХК, өмчлөгч ******* нарт хүргүүлэхэд ******* ББСБ ХХК-аас 2022 оны 11 сарын 30-ны өдөр үнийн саналаа бичгээр ирүүлсэн ба *******гаас үнийн санал ирүүлээгүй болно. Төлбөр авагч ******* банкнаас хураагдсан барьцаа хөрөнгөнд шинжээч томилж үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасны дагуу хөндлөнгийн үнэлгээний Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, зах зээлийн үнэлгээг тогтоолгоход 389,675,020 төгрөгөөр үнэлсэн.

2.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу талуудад үнэлгээний тайланг 2022 оны 12 сарын 13-ны өдөр шуудангаар хүргүүлж, 2022 оны 12 сарын 13-ны өдөр ******* ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б. болон ******* банк" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирж тайлангийн мэдэгдэл гардан авсан.

2.5. 2022 оны 12 сарын 13-ны өдрийн 16 цаг 31 минутад өмчлөгч *******тай 95730168 дугаарын утас руу холбогдож, үнэлгээний тайлан мэдэгдлээ ирж авах талаар мэдэгдэхэд үнэлгээний тайланг урьд нь шуудангаар ирүүлсэн байсан түүнтэй адилхан шуудангаар авна гэсэн ба үнэлгээний тайлангаас *******гийн үл хөдлөх эд хөрөнгө 389,675,020 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг утсаар мэдэгдэн, шуудангаар хүргүүлсэнийг дурдаж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн

2.6. Нэхэмжлэгч нь 2023 оны 01 сарын 02-ны өдөр шүүхэд уг асуудлаар нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

2.7. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй хуулийн дагуу явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар гомдол гаргах хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хариу тайлбарын агуулга:

Тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээний компани тус үнэлгээг хийсэн байхад ******* гэх хүн үнэлсэн мэт нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, мөн гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжпэгч *******гийн хариуцагч *******т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан нэхэмжлэгчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол ************** байрны 1 тоотод байрлах 144 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна.

Тус барьцаа хөрөнгө нь Улаанбаатар хотын А зэрэглэлд байрлалтай, үйлчилгээ, дэд бүтэц бүх зүйлд ойр дөт бөгөөд нийслэлийн иргэдийн эрэлт хэрэгцээ маш ихтэй хэсэгт байрладаг. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 сарын 13-ны мэдэгдэлээр үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч тал болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* банк ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч талыг дэмжин оролцсон байна.

 

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 сарын 30-ны өдрийн 181/ШШ2024/00779 дугаар захирамжаар хариуцагч ******* ББСБ ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 548,318,960 төгрөгийг гаргуулж ******* банк ХХК-д олгохоор эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх-97-101/

 

4. Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч ******* ББСБ ХХК нь сайн дураараа биелүүлээгүй тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 20-ны өдрийн 181/ГХ2020/00744 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, уг ажиллагааны явцад *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол ************** байрны 1 тоотод байрлах 144 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 05 сарын 24-ний өдөр битүүмжилж, 2022 оны 11 сарын 29-ний өдөр хураан авч, улмаар үнэлгээг талууд тохиролцоогүй үндэслэлээр 2022 оны 12 сарын 22-ны өдөр хөндлөнгийн шинжээчээр ХХК-ийн шинжээч Б.г томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4******* зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлд заасан зохицуулалтад тус тус нийцжээ. /хх-103-105, 107-109, 119/

 

ХХК-ийн шинжээч Б. нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх бөгөөд хариуцагч байгууллагаас үнэлгээчинд 2022 оны 12 сарын 22-ны өдөр эрх, үүрэг танилцуулж, хууль тайлбарласан байна. /хх-120-121/

 

Шинжээч ХХК нь 2022 оны 12 сарын 12-ны өдөр *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол ************** байрны 1 тоотод байрлах 144 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 389,675,020 төгрөг гэж үнэлсэн байна. /хх-164-145/

 

5. Шинжээч ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайландаа үнэлж буй үл хөдлөх эд хөрөнгийн байршил, шинж чанарыг тодорхой тусгаж, зах зээлийн хандлага, өртгийн хандлага, орлогын хандлагын арга, аргачлалыг ашиглан үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн ******* зүйлийн 3.1.11, 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад тус тус нийцжээ.

 

6. Нэхэмжлэгч нь зах зээлээс доогуур үнэлэгдсэн гэсэн нэхэмжлэлийн үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

7. Иймд, дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 07-ны өдрийн 181/ШШ2024/03731 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

 

С.ЭНХБАЯР