Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 278

 

         Ц.Таванбаяр, Б.Батболд нарт холбогдох

       эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор М.Цэнд-Аюуш,

ялтан Ц.Таванбаяр,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Баттулгын гаргасан давж заалдах гомдлоор Ц.Таванбаяр, Б.Батболд нарт холбогдох эрүүгийн 201625014202 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овогт Цолмонгийн Таванбаяр, 1994 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 40-298 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЙЕ94092715/,

2. Хан хөхийд овогт Батбилэгийн Батболд, 1996 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 26-20 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ЛЙ96100111/,

Ц.Таванбаяр, Б.Батболд нар нь бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөх тэнгэр Ди” пабад бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Д.Баттулгын эрх чөлөөнд халдаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газар: Ц.Таванбаяр, Б.Батболд нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Таванбаяр, Б.Батболд нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг бүлэглэн, догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар Ц.Таванбаяр, Б.Батболд нарыг тус бүр 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Таванбаяр, Б.Батболд нарт туc бүр оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэх, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Ц.Таванбаяр, Б.Батболд нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Ц.Таванбаяр, Б.Батболд нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст тус тус даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Таванбаяр, Б.Батболд нарт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Баттулга давж заалдах гомдолдоо: “... Ц.Таванбаяр, Б.Батболд нар нь 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөх тэнгэр Ди” паб дотор бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж танхайрч миний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Би тухайн үед эмчилгээ хийлгэхэд 313.600 төгрөгийн зардал гарсан бөгөөд одоо хагалгаанд орж хамрын ясны хугарлаа эмчлүүлэхэд 1.500.000 төгрөгийн зардал гарахаар байгаа. Энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Б.Батболдын зүгээс надад 920.000 төгрөгийн хохирол төлсөн. Харин Ц.Таванбаяр нь шүүх хуралдааны өмнө надтай уулзаад би таны хохирлыг 14 хоногийн дотор төлж барагдуулна. Та гомдол саналгүй гээд хэлээд өгөөч гэж гуйгаад байхаар нь би залуу хүүхдийг шоронд явуулаад яах вэ гэж бодоод шүүх хуралдаанд гомдол саналгүй гэдгээ хэлсэн. Гэтэл Ц.Таванбаяр нь надад учирсан хохирол төлбөрийг төлөхгүй, утсаа салгаад алга болсон. Анхан шатны шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, оногдуулсан ял шийтгэлийг тэнсэж шийдвэрлэсэн. Гэтэл Ц.Таванбаяр нь учруулсан хохирлоо төлөхгүй, 14 хоногийн дотор төлнө гэж шүүхэд хүртэл бичиг хийж өгч намайг давхар хуурч мэхэлж байгаа нь гэм хорыг арилгасан, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа гэж үзэх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Ц.Таванбаярт оногдуулсан ял шийтгэлийг биечлэн эдлүүлж өгнө үү. Би энэ хүнд маш их гомдолтой байна. Мөн би шүүхэд 1.800.000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн байтал нотлох баримтаар 313.600 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэжээ.

Ялтан Ц.Таванбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Манай гэр шатаж том гарз хохирол учирсан тул хохирол төлж чадаагүй. Гэр шатсан талаар Онцгой байдлын газраас бичиг хийж өгсөн. Хохирогчид учирсан хохирлыг төлнө. Би ажил хийж байгаа...” гэв.

Прокурор М.Цэнд-Аюуш тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс хохирогчийн нотлох баримтаар гаргаж өгсөн хохирол төлөгдсөн, ирээдүйд гарах зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх боломжтой гэж үзэж Ц.Таванбаяр, Б.Батболд нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг бүлэглэн догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар Ц.Таванбаяр, Б.Батболд нарыг тус бүр 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар тэдэнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар Ц.Таванбаяр, Б.Батболд нарыг тус бүр 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Ц.Таванбаяр, Б.Батболд нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж хянан харгалзаж болно...” гэж заасан.

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Ц.Таванбаяр, Б.Батболд нар хохирогчийн эмчилгээний зардал 313.600 төгрөгийг баримтын хүрээнд төлж барагдуулсан байх боловч тухайн гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилаагүй, хохирогч Д.Баттулгад учирсан “хамрын ясны хугарал” эдгээгүй, хохирогч мэс засал хийлгэх хүсэлтэй, энэ талаар маргаантай, гомдолтой байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 Иймд хохирогч Д.Баттулгын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Таванбаяр, Б.Батболд нарт хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Таванбаяр, Б.Батболд нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

            2. Хэрэг шүүхэд очтол Ц.Таванбаяр, Б.Батболд нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

            3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

                                                                                                            Д.ОЮУНЧУЛУУН