Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2015/0460/З |
Дугаар | 329 |
Огноо | 2017-05-02 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 329
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн гуравдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ж овогтой Б гийн Х ,
Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар /Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэс/,
Гуравдагч этгээд: П ын Д ,
Нэхэмжлэлийн шаардлага: “2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр олгосон Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, .. дүгээр хороолол, 18...-хд ... дугаар байр, .. тоот хаягт байрлалтай, 1 өрөө байрны улсын бүртгэлийн Ү-220104.... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М , гуравдагч этгээд П.Д , гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, .. дүгээр хороолол 18...-хд ... дугаар байр, .. тоот хаягтай байрыг миний өвөө Жарангийнхан овогтой Самдангийн П д 2009 онд Хүн ам, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Батлан хамгаалахын сайдын хамтарсан тушаалаар 1945 оны чөлөөлөх дайнд оролцож байсан тул Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо ... дугаар байрны .. тоот дахь 1 өрөө орон сууцыг олгосон.
2007-2010 онд өвөө маань өвчний улмаас бидний асрамжид байж байгаад 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нас барсан бөгөөд уг байрныхаа гэрчилгээг авч чадаагүй юм. Миний аав П ын Б нь 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өвчний учир нас барсан. Тийм учраас би болон миний гурван дүү, ээжийн хамт өв залгамжлах ёстой. Гэтэл П ын Д нь 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хууль бусаар нас барсан хүний нэр дээр бүртгэл хийлгэж гэрчилгээ гаргуулсан байна. Уг гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сонгинохайрхан дүүргийн Бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч М.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“...Иргэн С.П ын төрсөн хүүхэд болох П.С , П.Д нар нь 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тус байгууллагад хандан Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, .. дүгээр хороолол, ХД-... дугаар байрны .. тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авахаар мэдүүлэг гаргасан бөгөөд холбогдох нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-220104.... дугаарт бүртгэж №-00040.... тоот өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.
Иргэн С.П нь 2009 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Х т” компанитай орон сууц захиалгын гэрээ байгуулаад, өмчлөх эрхийн гэрчилгээ авч амжилгүй 2010 онд өвчний улмаас нас барсан байх ба, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн хуульд заасан хугацаанд өвлөх эрхийн гэрчилгээгээ хоорондоо маргаангүй тохиолдолд өв нээгдсэн газрын нотариатад, маргаантай тохиолдолд шүүхэд хандан асуудлаа шийдвэрлүүлэх эрх нээлттэй байгаа болно.
Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3 хэсэгт өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг байх ёстой гэж заасан байдаг бөгөөд нотариатч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгохын тулд зайлшгүй өмчлөх эрхийн гэрчилгээ байхыг шаарддаг иймээс дээрх өмчлөх эрхтэй холбоотой бүртгэл хийгдсэн байх бөгөөд тус гэрчилгээ эх хувиараа манай хэлтэст хадгалагдаж байгаа болно.
Нэхэмжлэгч Б.Х гийн Иргэний хуулийн 531 дүгээр зүйлд дурдагдсан хуульд заасан өв залгамжлах эрх нь нээлттэй байгаа бөгөөд хууль ёсны эрх ашиг хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.
Гурав. Гуравдагч этгээд П.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Миний аав С.П нь 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин хүн байсан. Аав маань 2010 онд 94 насандаа бурхан болсон. Аавд маань дайнд явж байсныг нь үнэлж 2010 онд Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороонд 1 өрөө байрыг улсаас өгсөн. Тэр байрыг манай өргөмөл дүү П.Б гийн эхнэр Б.С охин Б.Х хоёр одоо болтол сарын 350.000 төгрөгөөр түрээсэлж мөнгөний машин болгон ашигладаг.
Өөрсдөө тус тусдаа байртай хотын төвийн тансаг хүмүүс захын хорооллын муу байрыг тоохгүй. Охин Б.Х нь Х гэдэг том компанид нягтлан ажилтай. Дүү П.Б 2013 онд нас барсан. П.Д би 1956 онд эцэг эхийн хамт хөдөөнөөс 13 настайдаа ирж дунд сургуульд орж аав маань модны үйлдвэрт галчийн ажил хийж байсан. Би ажил руу нь хоолыг нь зөөж, хооллох хооронд нь галыг нь түлж үнснээс нь зөөлцдөг байсан. Дүү маань нялх ээж маань хүүхдээ харна, ер нь би 7 настайгаасаа аавийнхаа хонь малыг халуун наранд хатаж үхтлээ хариулдаг. Аргал, усыг нь зөөдөг нэг ёсондоо тэр айлын зарц хүүхэд байсан.
17 настайгаасаа ажил хийсэн. 4 ханатай гэртэй, айлын хашаанд амьдарч байлаа аавтайгаа хамт ажиллаж 5 ханатай гэртэй болж хашаа худалдаж авсан. Ингэж байтал дүү маань сургуульд орж улмаар дээд сургууль дүүргэж офицер болж Б.С гэх хүнтэй гэр бүл болсон. Аав маань олон жил ажил хийсний эцэст хороололд 3 өрөө байртай болсон. Тэр байранд нь дүү П.Б гийн эхнэр, хүүхдүүдийн хамт одоог хүртэл амьдарч байна. Аавын тэтгэвэр, тэтгэмж, буцалтгүй тусламжийг нь үр хүүхдүүдтэйгээ идэж хэрэглэж хөнгөлөлттэй, тохь тухтай дулаан байранд ая тухтай амьдарч ирсэн хүн юм.
Ер нь Б.С бол манай дүүтэй сууж амьдраад ээж, ааваар хүүхдүүдээ өсгүүлж, улсад ажил хөдөлмөр хийгээгүй юм. Харин ээжээс хойш ааваар хүүхдүүдээ харуулж орхиод гэрийнхэнтэйгээ гадаад орноо явж бизнес наймаа хийдэг болсон юм билээ. Аавын амьдарч байсан том хашаа 6 дугаар бичил хорооллын хойд талд байдаг. Тэр хашааг болон аавд өгсөн 3 өрөө байрыг бүгдийг нь талийгаач дүү П.Б өөрийнхөө нэр дээр болгосон юм.
Том хашааг нь 2 хувааж, 2 охиныхоо нэр дээр өмчлүүлж дахин төлөвлөлтөд оруулахгүй, хувиараа барилгын компанид зарвал тэрбум төгрөг авдаг гэж сонссон. Мөн хотын төвд манай дүүгийн үлдээсэн том байр, ресторан байдаг, түүнийг нь Б.С дүүдээ түрээслүүлсэн гэж хэлж байсан. Б.С ийн 4 хүүхэд бүгд дээд боловсролтой, 25-с дээш насны амь, амьдарлаа аваад явах болсон залуучууд байгаа. Түүнээс гадна манай дүү П.Б бид хоёр аавын өргөмөл хүүхдүүд юм.
Аавын эхнэр биднийг өргөж авсан ээж н.Ц аас төрсөн н.С гэдэг ах одоо 85 настай, тэр эцэг эхээ бараадаж амьдардаг байсан хүн. Эхнэр нь дээр үед өөд болсон. Ганц харж үздэг байсан хүүхэд нь мөн бурхан болсон. Одоо хүүхдийнхээ барьж өгсөн 4Х3 хэмжээтэй амбаарт амьдарч байна. Тэр тахир дутуу ганц биеэр амьдардаг. Өндөр настай ядарсан амьтан, эх эцгийнхээ гал голомт дээр орж бурхандаа мөргөөд ганц хоноод гаръя гэхэд нь өөдөөс нь хөөгөөд чи энд орж ирэх эрх байхгүй гэж загнаад, явж чадахгүй болохоор нь коридортоо суугаагаар нь хонуулсан гээд уйлж байсан.
Иймд бид аавынхаа нэрэн дээр байгаа ганц өрөө байрыг авъя гэтэл өгөхгүй гэж Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд хандахад зуны халуунд 4 цаг суулгаж шүүсэн болж Ж.С гэдэг шүүгч эцэст нь бид хоёрыг хэрэгсэхгүй болгосон. Бид давж заалдах 2 шатны шүүхэд хандахад алдаатай шүүсэн байна гээд буцааж дүүргийн иргэний хэргийн 1 дүгээр шүүхэд буцсан боловч 6 удаа хойшлуулж хөгшин, бие муу ядарсан хүмүүсийг чирэгдүүлж зовоож байна.
Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч Ж.С гэх шүүгч шүүсэн болж буруу шийдвэр гаргаж ядарсан хөгшин хүмүүсээр тохуу хийчхээд ямар ч гэм зэмгүй мөнгөтэй залуу улсуудын талд үйлчилж шийдвэр гаргачихаад тэтгэвэртээ гараад явчихсан байна. Шүүгч хүн ингэж алдаатай шийдвэр гаргаж болох уу. Энэ маргааныг шийдэж болохгүй тийм хэцүү хэрэг гэж ямар ч хуулийн хүн хэлэхгүй байхаа.
Талийгаач дүү П.Б гийн эхнэр, охин хоёр аавын байр, хотын төвийн баар, ресторан зэрэг олон үл хөдлөх эд хөрөнгийг нь эзэмшээд өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр босгож олж авсан юм шиг загнаж, хүүхэд болгондоо байртай болгосондоо ханахгүй улам даварч шуналтаж байгаа нь хэний ч нүдэнд ил харагдаж байна.
Эцэг нь олон ах, дүүтэй хамаатан саднаараа өмгөөлөгч хийлгэдэг, П.Д би болохоор Баянхошуунд 40 гаруй жил амьдарч байна. Ер нь Улаанбаатар хотод гэр хороололд 60 жил болсон байна. Одоо 4Х4 харьцаатай амбаарт нэг бие муутай охинтойгоо байдаг. Аавыг өөд болоход нь нас биед хүрсэн 6 хүн хамт амьдарч байсан боловч хэн ч дэргэд нь байгаагүй эзэнгүй байшинд орхиод явсан хойгуур нь амаа ангайгаад өөд болчихсон байсан ...
Аавын минь ганц өрөө байрыг олгуулж өгөхөд минь туслах байхаа гэдэгт чин сэтгэлээсээ хүсч, найдаж байна. Эрхэм хүндэт хуульчид та бүгдийн шийдвэр оновчтой зөв мэргэн байх болтугай гэж итгэж байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С миний бие нөхөр П.Б тэй гэр бүл болж 4 хүүхдийн эцэг эх болон хадам аав С.П , хадам ээж С.Ц нартай нэг гэрт хамтдаа амьдардаг байсан.
Ингээд хадам ээж С.Ц нь 1994 онд нас барсан. Хадам аав маань ахмад дайчин байсан учир 2009 онд Хүн, ам нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд болон Батлан хамгаалах яамны сайдын хамтарсан тушаалаар 1945 оны чөлөөлөх дайнд оролцож байсан тул дээрх хаягт байрлах 1 өрөө орон сууцыг олгосон.
2007-2010 онд хадам аав С.П нь өвчний улмаас бидний асрамжид байсан. Тус байр ашиглалтанд орсон учир нөхөр бид хоёр хамт очиж, түлхүүрийг гардаж авсан бөгөөд хадам аавын зөвшөөрлийн дагуу түрээслэн, захиран зарцуулж байсан. Тухайн үед хадам аав хэвтэрт байсан учир байрны гэрчилгээг гаргуулан авч чадаагүй байж байгаад аав маань 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нас барсан.
Ингэхдээ миний охин Б.Х д өгнө гэдэг байсан, охин Б.Х ч сургалтын төлбөр зэрэг асуудалд зарцуулдаг байсан. Хадам аав С.П нь миний нөхөр П.Б г 1957 онд үрчлэн авч, өсгөж, нас барах хүртлээ хамт амьдарсан. Гэтэл тухайн үеийн иргэний бүртгэлийн замбараагүй байдлыг ашиглаж, Сүх, Д нар нь хадам аав С.П аар овоглосон байдаг.
Үүнтэй холбоотой эд хөрөнгийн маргаан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн шүүхээр хянагдаж, шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байгаа. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүх хурал дээр н.Сүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Сонгинохайрхан дүүрэг, .. дүгээр хороо, .. дүгээр хороолол, ... дугаар байр, .. тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцны гэрчилгээг гаргуулсан гэж хэлэхэд энэ талаар анх мэдсэн.
Тийм учраас энэ хууль бус үйлдлээр гаргуулан авсан гэрчилгээг хүчингүй болгуулахаар Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн мэргэжилтэн, дарга нартай уулзахад ахлах мэргэжилтнийг /эрэгтэй/ яагаад олгосон юм бэ гэж дарга нь асуухад дээрээс олго гэж хэлсэн учраас олгосон гээд мэдэн будлиж байсан.
Гэтэл орон сууц захиалгын гэрээний эх хувь нь манайд байсан атал тус гэрээг гаргуулж авсан нь хууль бус байна. Тус гэрээнд хадам аав С.П нь мөн гарын үсэг зураагүй байдаг. Гэтэл Х т ХХК-иас Улсын бүртгэлийн хэлтэст гэрчилгээг хүсэх тухай албан бичигт захиалагчийн гэрээг хавсаргасан байдаг бөгөөд хадам аавыг нас бараад 5 жилийн дараа буюу 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гарын үсгийг нь төлөөлөн хуурамчаар зурсан байдаг.
Иймд П.Д гийн өөрийн танил талаа ашиглаж, тус гэрчилгээг гаргуулсан нь хууль бус тул дээрх хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:
Ахмад дайчин С.П ын төрсөн хүүхэд болох П.С , П.Д нар нь 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр С.П агсны өв хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх үндсэн зорилгоор, ахмад дайчдад төрөөс нэг удаа өгсөн байр болох Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, .. дүгээр хороолол, ХД-... дугаар байрны .. тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар тус байгууллагад хандан мэдүүлэг гаргасныг “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байна гэж үзэн мэдүүлгийг улсын бүртгэгч хүлээн авч дараах нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-220104.... дугаарт бүртгэж №- 00040.... тоот өмчлөх эрхийн гэрчилгээ бичигдсэн байна.Үүнд.
Иргэн С.П ын нас барсан тухай лавлагаа, төрсөн хүүхдүүд мөн болохыг тодорхойлсон лавлагаа, 2009 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Х т” компанитай байгуулсан орон сууц захиалгын гэрээ, тухайн компаниас төлбөр тооцоо дууссан албан бичиг, 2015 оны 5/115 тоот Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас ирүүлсэн албан бичиг, хүүхдүүдийн гаргасан өргөдөл зэрэг нотлох баримтууд авагдсан байна.
Иргэн С.П нь өмчлөх эрхийн гэрчилгээ авч амжаагүй буюу тус байгууллагад хандаагүй байх нь тухайн иргэнийг өмчлөгчөөр тогтоохгүй байх үндэслэл болохгүй гэж үзэж байгаа бөгөөд иргэн С.П нь 2010 онд өвчний улмаас нас барсан нь тусгай зориулалтаар төрөөс нэг удаа олгосон энэхүү байрыг С.П ын агсны нэр дээр бүртгэх замаар өвлөгдөх эд хөрөнгөд багтаж, улмаар Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасан журмаар өвлөгдөх боломжийг хаах үндэслэл болохгүй юм.
Өвлүүлэгчийн эд хөрөнгө мөн гэдгийг нотлох баримтыг үндэслэн хуульд заасан хугацаанд өвлөх эрхийн маргаангүй тохиолдолд өв нээгдсэн газрын нотариатад, маргаантай тохиолдолд шүүхэд хандан асуудлаа шийдвэрлүүлэх эрх нээлттэй байгаа болно.
Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3 хэсэгт өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг байх ёстой гэж заасан байдаг бөгөөд нотариатч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгохын тулд зайлшгүй өмчлөх эрхийн гэрчилгээ байхыг шаарддаг иймээс дээрх өмчлөх эрхтэй холбоотой бүртгэл хийгдсэн байх бөгөөд тус гэрчилгээ эх хувиараа манай хэлтэст хадгалагдаж байгаа болно.
Нэхэмжлэгч Б.Х нь Иргэний хуулийн 531 дүгээр зүйлд заасан хуульд заасан өв залгамжлах эрх нь нээлттэй байгаа бөгөөд захиргааны байгууллагаас иргэний хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Х нь Сонгинохайрхан дүүргийн Бүртгэлийн хэлтэст /ОӨУБЕГ/ холбогдуулан 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр олгосон Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, .. дүгээр хороолол, 18...-хд ... дугаар байр, .. тоот хаягт байрлалтай, 1 өрөө байрны улсын бүртгэлийн Ү-220104.... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Шүүхээс Б.Х гийн нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг хянан хэлэлцээд дараах үндэслэлээр улсын бүртгэлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх /хуучнаар/-ийн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шийдвэрээр П.С нь дээрх маргаан бүхий орон сууцны өвлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, шийдвэрлэсэн байх тул түүнийг захиргааны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах шаардлагагүй гэж үзлээ.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Батлан хамгаалахын сайдын хамтарсан 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 165/441 дүгээр тушаалаар 1939 оны Халх голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдын нэрсийг баталж улмаар орон сууцны дэмжлэгт хамруулахаар болсон байна.
Нэхэмжлэгч Б.Х гийн өвөө болох Самдангийн П нь 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсныг үнэлэн орон сууц олгохоор шийдвэрлэсэн боловч 2010 онд өвчний улмаас нас барсан болох нь 375 дугаар нас барсны бүртгэлээр тогтоогдож байна.
Улмаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 5/115 тоот албан бичгээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд болон Батлан хамгаалахын сайдын 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 165/441 тоот хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “1939 оны Халх голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдын нэрсийн жагсаалт”-ын 27 дугаарт бичигдсэн ахмад дайчин Самдангийн П д Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Б компанийн ... дугаар байрны .. тоотыг тус яамнаас олгосон тул үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг С.П ын нэр дээр гаргуулж өгнө үү гэх хүсэлтийг “Б ” компанийн захирал Ж.Ч т хүргүүлсэн, улмаар “Х т” ХХК-иас дээрх орон сууцны төлбөрийг 100% төлөн орж байгаа Самдангийн П ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгуулахад татгалзах зүйлгүй гэх албан бичиг, П.С , П.Д нараас “Миний эцэг С.П нь 2010 онд насан өөд болсон бөгөөд өв залгамжлагчийн гэрчилгээг гаргах үүднээс ХД-... дугаар байрны .. тоот орон сууцны өмчлөх эрхийг гаргуулах шаардлагатай” гэх хүсэлт зэргийг Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэст гаргасны дагуу Ү-220104.... дугаарт бүртгэж 00040.... тоот өмчлөх эрхийн гэрчилгээг С.П ын нэр дээр олгохдоо түүний 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан мэдүүлгийг үндэслэсэн нь ойлгомжгүй байна.
Өөрөөр хэлбэл Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байна ...” 13 дугаар зүйлийн 13.1-д Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно” гэж заасан энэ тохиолдолд тухайн эд хөрөнгийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх мэдүүлгийг 2010 оны өвчний улмаас нас барсан С.П гэгч өөрөө гаргасан гэх баримт хэрэгт авагдсан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.
С.П ын бүртгэлийн байгууллагад 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан гэх Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргагчийн гарын үсэг хэсэгт мэдүүлэг хүлээн авсан этгээд гарын үсэг зурсан, хүлээн авагчийн хэсэгт он сар бичигдсэн, мөн “Орон сууц захиалгын гэрээ” дээр С.П өвчтэй байсан учир гарын үсэг зурж амжаагүй байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар, компаниас авсан гэрээний эх хувь /гарын үсэг зурагдаагүй/ хэрэгт хавсаргагдсан зэргээс үзэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.7-д “өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар” /хүчин төгөлдөр/, 13.5.8-д заасан “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхийг хүссэн этгээдийн өргөдөл”-ийг ирүүлээгүй, мэдүүлэг гаргагч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч байхыг хуулиар шаардсан бөгөөд нэгэнт мэдүүлэг гаргах үед С.П нь нас барсан нь тогтоогдож байхад улсын бүртгэгч тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д мэдүүлгийг хуульд заасан хэлбэрээр гаргаагүй, Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэний эрх зүйн чадвар нь иргэнийг төрсөн үеэс эхэлж нас барснаар дуусгавар болно” гэх хуульд заасан үндэслэлээр татгалзах эрхтэй байжээ.
Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн нэгний нэр дээр бүртгээгүй, эд хөрөнгө эзэнгүй үлдэх гээд байсан, Нотариатын тухай хуульд өвлөгдөх эд хөрөнгийн өмч нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг байх ёстой гэж заасан байдаг бөгөөд нотариатч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгохын тулд зайлшгүй өмчлөх эрхийн гэрчилгээ байхыг шаарддаг гэх үндэслэлээр дээр бүртгэлийг хийсэн” гэж тайлбарладаг боловч тус шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Монголын нотариатчдын танхимаас авсан лавлагаагаар өв хүлээн авах хүсэлтийг хэн нэг этгээдээс гаргаагүй болох нь тогтоогдож байна.
Мөн Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-д “өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг”, 43.2.4-д “хууль ёсны өвлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр” зэргийг шаарддаг боловч энэ нь өв залгамжлагч нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгох явцад үүсэх харилцаа юм.
Харин С.П ын маргаан бүхий эд хөрөнгийг өвлөхийн тулд хэргийн оролцогч нар холбогдох төрийн захиргааны байгууллагад хандан албан ёсоор өв залгамжлагчийн асуудлыг шийдвэрлүүлсний дараа үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг хууль журмын дагуу үнэн зөв мэдүүлж, гэрчилгээ гаргуулах нь зүйтэй болно.
Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “орон сууц захиалгын гэрээнд гарын үсэг байхгүй бол өмчлөх эрхийн гэрчилгээ олгохгүй” гэх тайлбар өгснийг шүүх огт үгүйсгээгүй бөгөөд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д “Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан, Ахмад дайчин Самдангийн П д Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, .. дүгээр хороолол, ХД-.. байрны .. тоот 1 өрөө орон сууцыг өгсөн болох нь төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр тогтоогдож байх тул уг орон сууцыг өвлөх эрхтэй холбоотой асуудлыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэх хүртэл дээрх орон сууцыг өөр бусад этгээдэд олгох, бүртгэл хийхгүй байх талаар хариуцагч улсын бүртгэлийн байгууллага нь анхаарах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгч Б.Х гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, .. дүгээр хороолол, 18...-хд ... дугаар байр, .. тоотод байрлах, 1 өрөө орон сууцны Ү-220104.... дугаар улсын бүртгэл, 00040.... тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 13 дугаар зүйлийн 13.1, 13 дугаар зүйлийн 13.5.7, 13.5.8, Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Х гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, .. дүгээр хороолол, ... дугаар байр, .. тоот хаягт байрлах, 1 өрөө орон сууцны Ү-220104.... дугаар улсын бүртгэл, 00040.... тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУМАА