Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 33

 

Д.Э, Ж.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Т.Ганболд, шүүгдэгч Ж.Гтүүний өмгөөлөгч Т.Урангэрэл, иргэнийн нэхэмжлэгч Ж.Одгэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1229 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1089 дүгээр магадлалтай, Д.Э, Ж.Гнарт холбогдох 2106044741503 дугаартай хэргийг шүүгдэгч Д.Э, шүүгдэгч Ж.Г-ийн өмгөөлөгч Т.Урангэрэл нарын гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, Э.

 

2. Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, Г.

 

Шүүгдэгч Д.Э нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр  2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн томилгоот ээлжийн бүрэлдэхүүнийг самбар буулгах ажил гүйцэтгүүлэхээр үүрэг өгч ажиллуулахдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагийн орчимд хохирогч Э.Мнь 220/110/35 кв-ын Улаанбаатар, 110/10/6 кв-ын Зайсан дэд станцуудыг холбосон 110 кв-ын 125, 126 цахилгаан дамжуулах агаарын шугамд хүрч тогонд цохиулж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Ж.Гнь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн гүүрний зүүн талд байрлах гал түймрээс урьдчилан сэргийлэх зурагт самбараас “Мартаж болохгүй" аяны хүрээнд тогтоосон зурагт хуудсыг улсын дугаартай гал унтраах тусгай зориулалт бүхий тээврийн хэрэгслийн өргөх шатыг жолоодож буулгах явцдаа хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч хайхрамжгүй хандаж өргөх шатыг 220/110/35 кв-ын Улаанбаатар, 110/10/6 кв-ын Зайсан дэд станцуудыг холбосон 110 кв-ын 125, 126 цахилгаан дамжуулах агаарын шугамд хүргэсний улмаас хохирогч Э.Мнь тогонд цохиулж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Э, Ж.Гнарыг хууль, түүнд нийцүүлэн гарсан захиргааны хэм хэмжээний актад хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Ж.Гнарт 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг ялыг байгууллагад эдлүүлэхээр шийтгэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Ж.Гнараас хувь тэнцүүлэн тус бүрээс нь 2.942.500 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.М-т олгож,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.М-гийн иргэний хариуцагчаас амь насны хохиролд 356.386.984 төгрөгийг нэхэмжилснийг, иргэний нэхэмжлэгч Ж.О-ийн амь насаа алдсаны нөхөн төлбөр зэргийг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

шүүгдэгч Д.Э, Ж.Гнараас хувь тэнцүүлэн 630.000 төгрөгийг гаргуулан шинжээч Х.Урангуа, Б.Эрдэнэхүү, Х.Наранбаатарт олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Д.Эыг Хууль, түүнд нийцүүлэн гарсан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ж.Г-ийг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,

 тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Ж.Г-ийг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Ж.Гнарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт зорчих үүрэг хүлээлгэсүгэй”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Ж.Гнар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэсэн нэмэлт заалт тус тус оруулж,

шүүгдэгч Д.Эад оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас, шүүгдэгч Ж.Г-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас тэдний тус бүрийн цагдан хоригдсон 89 хоногийг хасаж тооцохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, тэднийг нэн даруй суллаж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж,

давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэгдэх үед шүүгдэгч Д.Э нь 2.942.500 төгрөгийг, шүүгдэгч Ж.Гнь 2.492.500 төгрөгийг тус тус хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М-т төлснийг дурдаж,

шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл, Г.Эрдэнэцэцэг, шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч Д.Хишигбаатар, Т.Ганболд нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Э гаргасан гомдолдоо “... Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсэгт заасан заалт нь тухайн үед Онцгой байдлын байгууллагын бүх албан хаагчид Засгийн газрын 2020 оны 62 дугаар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зарлаад 2021 оны 259 дүгээр тогтоолоор Монгол улсын хэмжээнд гамшгаас хамгаалах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг сунгасан. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэсэгчилсэн байдлаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний удирдамж Улсын онцгой комиссын 04 дүгээр тушаалаар батлагдсан удирдамжийн 2 дахь хэсэгт гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн албадын ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллах.

Гал түймэр унтраах дүрмийн 158 дугаар зүйлд заасан “Гал унтраах аврах техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг үйл ажиллагаанд бэлэн байлгах нь томилгоот ээлжийн бие бүрэлдэхүүний үндсэн үүрэг мөн” гэж зааснаар томилгоот ээлж машин, техникийг бэлэн байдалд байлгаж байсан.

Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл аж ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-д зааснаар зурагт самбарыг буулгахаар үүрэг өгсөн ангийн захирагч хэн гэдэг салаан захирагчийг томилох, салаан захирагч нь хэн гэдэг алба хаагчийг томилох, авч явах, ямар техник хэрэгслийг авч явах үүрэг нь ангийн захирагчид байдаг. Алба хаагчдыг удирдан очиж байгаа салаан захирагч ахлах дэслэгч Б.Э тухайн газарт эрсдэлийн үнэлгээг хийж шаардлагатай арга хэмжээг газар дээр нь авч хэрэгжүүлэх үүрэгтэй.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/433 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн 4 дүгээр бүлгийн 2.2-т заасныг салаан захирагч маш сайн мэдэж байсан тэнд ажиллах үүргийг өгсөн байдаг.

Хамгаалалтын зурвас дотор самбар байрлуулах зөвшөөрлийг олгосон байрлуулсан талаар мөрдөн шалгах явцад тогтоогоогүй. Харин зурагт самбар байрлуулан зөвшөөрлийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт үйлчилгээний хэлтсээс зөвшөөрлийг авч байрлуулсан.

Хамгаалалтын зурвасын зам хэмжээ болон тухайн самбарыг байрлуулах зөвшөөрлийг ямар байгууллагаас авч ямар байгууллага эзэмшиж үйл ажиллагаа явуулдаг талаар мөрдөн шалгах, тогтоох ажиллагаа огт хийгдээгүй.

Мөн мөрдөн шалгах явцад нотлох баримт болох камерын бичлэгт зурагт самбарыг алба хаагчид буулгаж дууссан байсан ба тухайн шатыг өөр чиглэлд ямар зорилгоор дээш өргөснийг нягтлан шалгаж тогтоогоогүй нь хэргийн бодит байдлыг эргэлзээтэй болгож байна.

Иймд анхан шатны шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Мөн шүүхэд шүүгдэгч Ж.Г-ийн өмгөөлөгч Т.Урангэрэл гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Ж.Гангийн  Д.У, Б.Э нарын өгсөн үүрэг даалгаврын дагуу самбар буулгах ажилд явсан. Анхан шатны шүүх Аврах, гал унтраах анги, хэсгийн томилгоот ээлж нь аврах, гал унтраах ангийн захирагч Ууганбаяр, Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, аймаг, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хэлтсийн дарга, орлогч, хариуцлагатай жижүүрт шууд захирагдана. Энэ утгаараа ангийн захирагч У,  Э нар нь Э-ын үүргийг шууд гүйцэтгэснээрээ хуулиар зохицуулсан харилцаа учраас тэд нарт ямар нэгэн байдлаар татгалзах, үүрэг гүйцэтгэхгүй байх эрхгүй гэж дүгнэсэн. Гэтэл мэргэжлийн бус, зөвхөн дээд албан тушаалтны илт хууль бус үүрэг даалгаврыг гүйцэтгэж, шатны машиныг тэдний тушаал, даалгавраар жолоодсон Ж.Г-ийг хайхрамжгүй үйлдлийн улмаас болгоомжгүйгээр бусдын амь насыг хохироосон гэж дүгнэсэнд гомдолтой байна. Ж.Г-ийн хувьд цэргийн алба хаагч учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.6-д тушаал даалгавар биелүүлэх гэсэн зохицуулалтад хамаарч буй учир түүнийг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй. Түүнчлэн Ж.Гамь хохирогчтой хамт самбарыг буулгасны дараа дээд талд юу байсныг мэдээгүй байхад мэдэх ёстой байсан гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Ж.Г-т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа Гал унтраах дүрмийн 2.3-т заасныг зөрчсөн гэж тайлбар, мэдүүлэг авсан. Гэтэл дээрх заалт нь шатны техникчид хамаардаг бөгөөд яллах дүгнэлт үйлдэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн 2.3-т заасныг зөрчсөн гэж зөрүүтэй байдлаар оруулж ирсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17, 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна. Иймд хяналтын шатны шүүхээс Ж.Г-ийг гэм буруугүй болохыг тогтоож өгнө үү. Ер нь ойртож болохгүй цахилгаан соронзон оронд орсон нөхцөл байдал харагддаг. Хэрэв шат өндөр хүчдэлд хүрсэн бол Ж.Гч амьд байх боломжгүй. Гомдлыг хянаж өгнө үү” гэв.

 

Мөн шүүхэд шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч Т.Ганболд шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Анхан шатны шүүх томилгоот ээлжийг дараагийн ажилд шууд томилсон гэж буруутгасан. Гэтэл Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдал зарласан учир онцгой байдлын нийт алба хаагчид тусгай горимоор ажиллаж байсан. Харин давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүү ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т зааснаар ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх үүргээ зөрчсөн байдлаар тайлбарласан. Гэтэл энэ бол ажил олгогчийн зүгээс ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх заалт болохоос онцгой байдлын алба хаагч очсон ажлын талбарыг үнэлэх заалт биш. Гал унтраах дүрэмд объектод очсон үедээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах талаар тодорхой заасан байтал давж заалдах шатны шүүх өрөөсгөл дүгнэлт хийжээ. Монгол улсын Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 2.2.1-д “110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам хүн оршин суудаг газраар өнгөрөх нөхцөлд хамгаалалтын зурвас нь захын утаснаас хоёр тийш 5 метр байна” гэх заалтыг зөрчсөн гэж буруутгасан. Гэтэл зөвхөн баригдчихсан самбарт анонс байрлуулсан. Тэгэхээр хоёр шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. Тийм учраас Д.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг хийгээгүй. Гагцхүү Онцгой байдлын ерөнхий газраас баталсан удирдамжийн дагуу урьдчилан сэргийлэх чиг үүргийнхээ хүрээнд анонс байрлуулсан асуудал бий. Хавтаст хэрэгт хавсаргагдсан бичлэгээс харагдаж буй Д.Эын өгсөн үүрэг биелэгдэж анонс буусны дараа самбараас дээш нь яах гэж өргөснийг зайлшгүй тогтоох ёстой байсан. Иймд Д.Эад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.

 

Мөн шүүхэд иргэний нэхэмжлэгч Ж.О шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... би эрүүл мэндийн байдлаас шалтгаалж давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Энд хүний амь нас яригдаж байгаа. Шүүгдэгч нарын хариуцлагагүй байдлаас болж хүний амь нас хохирсонд үнэхээр гомдолтой байна. Тэд хариуцлагаас мултрах ямар ч боломжгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Өнөөдөр мөнгө төгрөгийн асуудал яримааргүй байна. Тэр асуудлыг иргэний хэргийн шүүх шийдэх байх. Надад мөнгө биш хүн хэрэгтэй байна. Энэ хоёр хүн нэг л өглөө миний амьдралыг сүйрүүлсэн. Хүний амь нас хохирсон байхад гомдолгүй байна гэж байхгүй” гэв.

 

 Прокурор А.Золзаяа шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч Д.Э, Ж.Гнарын болгоомжгүй үйлдлийн улмаас 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Э.М-ын амь нас хохирсон үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтад зөв дүгнэлт хийж, шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ. Ийнхүү шийдвэрлэхдээ давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар агуулгыг зөвтгөж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь хэрэг гарах үед шүүгдэгч Д.Э, Ж.Гнарын эрхэлж байсан ажил албан тушаал, ажлын чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт болон гэмт хэрэгт оролцсон үйлдэл оролцоо зэрэг нь ялгаатай байсан. Тодруулбал, шүүгдэгч Д.Эын хувьд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын хувьд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, шүүгдэгч Ж.Г-гийн хувьд жолоочоор үүрэг гүйцэтгэж байхдаа тухайн шатыг өргөх үйлдэлд болгоомжгүй хандсан үйлдлийн улмаас хохирогч тогонд цохиулан нас барсан үйл баримтыг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй ялган дүгнэж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлсэн байна. Харин шүүгдэгч нарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын хэмжээнд тогтоож, эдлүүлэхээр заасан байх тул Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн тэдний оршин суух газрын хаяг болох Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг болгон өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд Д.Э, Ж.Гнарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв тайлбарлаж хэрэглэсэн байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

     Шүүгдэгч Д.Э нь Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа болзошгүй гамшиг, осол, ахуйн гал түймэрээс урьдчилан сэргийлэх “Мартаж болохгүй” аянд зориулж байрлуулсан зурагт самбар буулгах үүргийг Гал унтраах, аврах 63 дугаар ангийн захирагчид бус томилгоот үүрэг гүйцэтгэж ээлж хүлээлцэж буусан салаан захирагчид утсаар өгч гүйцэтгүүлэх үед гал сөнөөгч Э.М нь Улаанбаатар, Зайсан дэд станцуудыг холбосон цахилгаан дамжуулах агаарын шугамд хүрч цахилгаан хүчдэлд цохиулж амь нас нь хохирсон,

 

шүүгдэгч Ж.Гнь салаан захирагчийн удирдлага дор гал унтраах тусгай зориулалтын тээврийн хэрэгслийн өргөх шатыг жолоодож үүрэг гүйцэтгэхдээ шатыг цахилгаан дамжуулах агаарын шугамд хэт ойртуулж хүргэсний улмаас хамт үүрэг гүйцэтгэж байсан Э.М-ын амь насыг болгоомжгүйгээр хохироосон нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлогдсон гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна. 

 

Д.Э нь албаны эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ өөрт нь шууд захирагдах алба хаагчид хууль, дүрмээр зохицуулагдаагүй, албан ажилд нь хамааралгүй “... сурталчилгааны самбар буулгах” үүрэг өгч гүйцэтгүүлэхдээ учирч болзошгүй эрсдэл, хор уршигаас урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин хамгаалах хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заагдсан нийтлэг үүрэг хариуцлагаа ухамсарлан биелүүлээгүй эс үйлдэхүй нь бусдын амь нас хохирох нөхцөл байдалтай шууд шалтгаант холбоотой гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар нь гагцхүү прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагддаг тул мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжиглэн шалгагдаагүй, яллагдагчаар татагдаагүй этгээд болох бие бүрэлдэхүүнд биечлэн үүрэг даалгавар өгч ажилд томилж явуулаагүй гал унтраах, аврах ангийн захирагчийг болон дээд албан тушаалтны үүргийн дагуу сурталчилгааны самбар буулгах ажиллагааг газар дээр нь хариуцаж байсан салаан захирагч нарыг энэхүү гэмт хэрэгт буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Үүнээс гадна “... мэргэжлийн бус, зөвхөн дээд албан тушаалтны илт хууль бус үүрэг даалгаврыг гүйцэтгэж, шатны машиныг тэдний тушаал, даалгавраар гарцаагүй байдалд жолоодож Ж.Г-ийг цахилгааны утсыг харсан байх ёстой, өргөх шатыг жолоодох явцдаа хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байтал өөрийн хайхрамжгүй үйлдлийн улмаас цахилгаан дамжуулах агаарын шугамд ойртуулж болгоомжгүйгээр бусдын амь насыг хохироосон гэм буруутай гэж дүгнэсэн нь өөр хоорондоо маш их зөрүүтэй, гэм бурууг үгүйсгэх тушаал, даалгавар биелүүлэх гэсэн хуулийн зохицуулалтад ач холбогдол өгөлгүй өргөх шатыг нэг бол утсанд хүргэсэн, нэг бол хүргээгүй ойртуулсан, хэм хэмжээний акт зөрчсөн, эсхүл хайхрамж болгоомжгүй хандсан гэж дүгнэж байгааг зөвтгөн залруулах шаардлагатай” гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэлийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно. 

 

Гал унтраах тусгай тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий этгээдэд тухайн тээврийн хэрэгсэл дэх өргөх шатыг удирдаж дээш өргөх, доош буулгах үүрэг өгсөн салаан захирагчийн тушаалыг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.6 дугаар зүйлд заасан “илт хууль бус” гэж үзэх боломжгүй бөгөөд шүүгдэгч Ж.Г-ийн өргөх шатыг буулгах үед гаргасан алдааг тулгарсан аюулыг өөр арга, хэрэгсэлээр арилгах боломжгүй нөхцөл байдал буюу гарцаагүй байдалд хохирол учруулсан хэмээн дүгнэж түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Санамсар, болгоомжгүй үйлдлийн улмаас бусдад гэм хор учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохдоо гэм буруутай хүний сэтгэхүйн хандлагын илрэл буюу хүний амь нас хохироож болзошгүй болохыг мэдсээр байж, эсхүл мэдэх боломжтой байсан ч түүнд хүргэхгүй гэж хөнгөмсгөөр найдаж үйлдэл хийх, эсхүл хийвэл зохих үйлдлийг хийхгүй байх, нөгөө талаар тухайн үйлдэл, эс үйлдэхүйн уршигаар хүний амь нас хохирно гэж мэдээгүй боловч хэргийн нөхцлөөс улбаалан мэдэх бололцоотой, мэдэх ёстой байсан ч хайхрамжгүй хандсан байдлыг ойлгодог болно.

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын үйлдлийн шинж чанар, хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Д.Эыг “хууль, түүнд нийцүүлэн гарсан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон”, шүүгдэгч Ж.Г-ийг ”болгоомжгүй үйлдийн улмаас хүний амь насыг хохироосон” хэмээн тэдний гэм бурууг зөвтгөн тодорхойлсон нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан шүүгдэгч Д.Эын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ял болгон хөнгөрүүлж өөрчлөхдөө “эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт зорчих” гэж хэт ерөнхий байдлаар хязгаарлалтын хүрээг тогтоосон нь ялын зорилгод нийцэхгүйн дээр хэрэгжилтэд хяналт тавихад хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэж болзошгүй тул зөвтгөх нь зүйтэй.

 

Зорчих эрхийг хязгаарлах ял гэдэг нь Үндсэн хуулиар олгогдсон иргэний чөлөөтэй зорчих эрхэнд халдаж, зөвхөн эрх бүхий байгууллагын хяналт дор зөвшөөрөгдсөн чиглэл, хязгаарын дотор явах үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой Эрүүгийн хуулиар тогтоосон ял юм.

 

Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэр нь дүүрэгт хуваагдах тул шүүгдэгч Д.Э, Ж.Гнарын зорчих эрхийг тэдний албан ёсоор оршин суух хаягийн бүртгэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хязгаарласан өөрчлөлтийг магадлалд оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Хоёр шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарлах замаар хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй, эсхүл сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

 1. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1089 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Ж.Гнарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт зорчих үүрэг хүлээлгэсүгэй” гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Ж.Гнарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, шүүгдэгч Д.Эыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс, Ж.Г-ийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчин явах эрхийг хязгаарласугайгэсэн өөрчлөлтийг оруулсугай.

 

2. Магадлалын бусад заалт хэсгийг хэвээр үлдээн, шүүгдэгч Д.Э, шүүгдэгч Ж.Г-ийн өмгөөлөгч Т.Урангэрэл нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

                                              ДАРГАЛАГЧ                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                   ШҮҮГЧИД                                                 Б.АМАРБАЯСГАЛАН                              

 

                                                                                                             С.БАТДЭЛГЭР

 

                                                                                                   Б.ЦОГТ

 

                                                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН