| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Оюунчулуун |
| Хэргийн индекс | 188/2017/0134/Э |
| Дугаар | 297 |
| Огноо | 2017-05-02 |
| Зүйл хэсэг | 099.2., |
| Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 297
П.Оюунбилэгт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Ууганцэцэг,
ялтан П.Оюунбилэгийн өмгөөлөгч О.Баярбаясгалан,
нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан П.Оюунбилэг, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар, П.Оюунбилэгт холбогдох эрүүгийн 201626012702 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.
Лхам овогт Пүрэвдагвын Оюунбилэг, 1977 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин, худалдагч, кассчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Наран, 12 дугаар гудамж, 15 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ВК 77091103/,
П.Оюунбилэг нь 2016 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 12 дугаар гудамжны 15б тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу өөрийн төрсөн ах П.Баянмөнхийн гэрт архи уулаа гэх шалтгаанаар иргэн Н.Булган, М.Отгончимэг нарыг зодож, бие махбодид нь тус тус хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: П.Оюунбилэгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: П.Оюунбилэгийг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар П.Оюунбилэгийг 3 сар 7 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар П.Оюунбилэгт оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэх, Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, П.Оюунбилэг нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гадаадад зорчих эрхийг нь түдгэлзүүлээгүй болохыг дурдаж, П.Оюунбилэг нь хохирогч М.Отгончимэгт төлөх төлбөргүй, хохирогч Н.Булган нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, П.Оюунбилэгт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүний эдлэх ялыг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Ялтан П.Оюунбилэг давж заалдах гомдолдоо: “... Би хүний биед гэмтэл учруулсан өөрийн гэм буруутай үйлдлээ ухамсарлан ойлгож байна. Би 2 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй юм. Манай том охин Алтаншагай Отгонтэнгэр Их сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, бага хүү Билгүүн 11 настай, Ерөнхий боловсролын сургуулийн сурагч юм. Би “Дооно-Уул” ХХК-д жолоочоор ажиллаж, гэр бүлээ тэжээдэг. Миний нөхөр Гантөмөр 2009 онд нас барсан. Түүнээс хойш би гэр бүлээ тэжээн амьдралаа залгуулж байна. Гэрт надаас өөр ажил хийдэг хүн байхгүй. Мөн миний бага хүү Билгүүнийг надаас өөр харж хандах хүн байхгүй. Одоо миний хүү хэн дээр байгаа бол, сургуульдаа явж байгаа болов уу, идэх уух юм олдож байгаа болов уу, гэр орондоо байгаа болов уу гэдэгт маш их санаа зовж байна. Би эрх чөлөөгөө хасуулж, хүүхдүүдийнхээ төлөө юу ч хийж чадахгүй, торны цаана сууж байгаадаа маш их харамсаж, их зүйлийг ухаарлаа. Би 2009 онд умайн хүзүүний хорт хавдарын хагалгаанд орж байсан. Одоо биеийн эрүүл мэндийн байдал хэвийн байгаа. Намайг 2 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй, ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээдэг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан баривчлах ялыг албадан ажил хийлгэх ялаар сольж өгнө үү...” гэжээ.
Ялтан П.Оюунбилэгийн өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч П.Оюунбилэгт анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 сар 7 хоногийн хугацаагаар баривчлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “... шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна...” гэсэн заалттай нийцээгүй. Учир нь П.Оюунбилэг нь 2 хүүхэдтэйгээ амьдардаг өрх толгойлсон, ганц бие эмэгтэй, бага хүү Гантөмөр овогтой Билгүүн нь 2005 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төрсөн. 11 нас 8 сартай, Ерөнхий боловсролын сургуулийн бага ангид сурдаг. sОюунбилэг нь бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй болох нь хорооны тодорхойлолт /хх-104/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-119/, нас барсны гэрчилгээний хуулбар /хх-116/, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нотлогддог. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэгт “... баривчлах ялыг шүүхийн тогтоол гарах үед арван зургаан насанд хүрээгүй этгээд, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, бага насны хүүхэдтэй ганц бие эх, эцэгт оногдуулахгүй...” гэж хуульчилсан. Гэтэл шүүх ял шийтгэл оногдуулахдаа П.Оюунбилэгийн дээрх хувийн байдлыг харгалзан үзэлгүй, хуулиар бага бага насны хүүхэдтэй ганц бие эхэд оногдуулахыг хориглосон баривчлах ялыг түүнд хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. П.Оюунбилэг нь хөдөлмөрийн чадвар 70 хувь алдалттай гэж тогтоолгосон хэдий ч гэр бүлээсээ ганцаараа ажил хийдэг. “Дооно-Уул” ХХК-д 2015 оны 12 дугаар сараас хойш машин түрээслэн жолоочоор ажилладаг. Эмчлэгч эмч нь өөрт тохирсон ажил хийх чадвартай болохыг тодорхойлсон байдаг. Иймд дээрх үндэслэлээр, мөн уг хэрэг гарахад хохирогч нарын буруутай, хууль бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан П.Оюунбилэгт оногдуулсан 3 сар 7 хоногийн баривчлах ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн миний үйлчлүүлэгч одоогоор 32 хоног цагдан хоригдсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт албан ажил хийлгэх 8 цагийн ялыг 1 хоногийн баривчлах ялаар сольж болно гэж заасан учраас үүнийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.
Прокурор Д.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...П.Оюунбилэг нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Н.Булган, М.Отгончимэг нарыг зодож, бие махбодид нь тус тус хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцитай бөгөөд анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийж шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангаж гарсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж, хэргийг шийдвэрлэлээ.
П.Оюунбилэг нь 2016 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 12 дугаар гудамжны 15б тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу өөрийн төрсөн ах П.Баянмөнхийн гэрт архи уулаа гэх шалтгаанаар иргэн Н.Булган, М.Отгончимэг нарыг зодож, бие махбодид нь тус тус хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Н.Булганы “... 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 15 цагийн үед найз Отгончимэгийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 26-22 тоотод байх гэрт нь очиж хоносон. Маргааш өглөө нь 10 цагийн үед Отгончимэгийн гэрт Дорж гэх танихгүй залуу ирээд миний төрсөн өдөр болж байна гээд тэмдэглэхээр болсон. Доржоо, Отгончимэгийн нөхөр Түвшин 2 дэлгүүр явахаар гарсан. Удалгүй нэг шил Сархад нэртэй архи аваад ороод ирсэн. Бид 4 уг архийг ууж байхдаа Отгончимэг, Баянмөнхийг утсаар дуудахад Баянмөнх Отгончимэгийн гэрт 14 цагийн үед ирсэн. Баянмөнх, Доржоо хоёр гараад 1 шил архи бариад ороод ирсэн. Уг авчирсан архийг тавуулаа хувааж уусан. Архиа ууж дуусгаад хэсэг ярилцаж байгаад Баянмөнх гэртээ харихаар явахад нь хөл муутай болохоор нь Отгончимэг бид 2 Баянмөнхийг гэрт нь хүргэж өгөх үү гэхэд тэг гэж зөвшөөрсөн. Баянмөнх Отгончимэг бид 3 алхаж байгаад Баянмөнхийн гэрийн гадаа очсон. Баянмөнх “нэгэнт ойр ирсэн юм чинь манай гэрт ороод хоол хийж идье” гэж ярилцаад замаасаа дэлгүүр орж 0.75 литрийн Хараа нэртэй архи Баянмөнх худалдаж авсан. Гэрт нь ороод хоол хийгээд архиа задлан нэг нэг татаад байж байтал гэрийн хаалга нүдсэн. Хаалга тайлахад Баянмөнхийн охин дүү байсан ба Баянмөнх бид хоёрын хажуугаар зөрж гүйн гэрийн зүүн талд байх орон дээр хэвтэж байсан Отгончимэгийг орноос татаж унаган зуухны урд талд тавьсан байсан хоолыг цацсан. Тэгэхэд Баянмөнх “чи зүгээр байсан хүмүүсийг яаж байгаа юм бэ” гээд гэрийн урд хэсэгт байсан угаалтуурын хажууд байх шал угаагчаар толгойд цохиход Баянмөнхийн дүү охин нь “яаж байна аа гээд гэрт байсан эд зүйлийг шидэж байгаад гэрээс нь гарсан. Баянмөнх дүүгийнхээ араас гараад баруун талд байх дүү эмэгтэйгийнхээ гэрт ороод хэрэлдээд байхаар нь би араас нь гарч гэрийн хаалгаар шагайхад Баянмөнх гэрийнхээ үүдэнд хэрэлдсэн, дундуур Баянмөнхийн дүү болох эрэгтэй ороод салгасан байхаар нь би Баянмөнхийн араас хувцаснаас татаад нааш ир гэхэд дүү эмэгтэй нь хоолны сав шидэхэд оногдсон. Би гэрээс ганцаараа гараад Баянмөнхийн гэр лүү алхаж байтал араас Оюунбилэг гүйцэж ирээд түлхэн унагасан, цээжний зүүн хэсэгт 2 удаа өшиглөсөн. Намайг газар хэвтэж байхад Баянмөнхийн дүү гэр лүүгээ явсан ба Баянмөнх өөдөөс нь гарч ирэн хэрэлдээд хашааны үүд рүү хамт явсан. Хашааны үүдэнд хоорондоо хэрэлдэж байгаад хогын сав аваад Баянмөнх рүү шидэхэд нь Отгончимэг Баянмөнхийг нааш ир явъя гээд татахад Баянмөнхийн дүү эмэгтэй нь Отгончимэгийг түлхэн унагаагаад өшиглөж байсан. Би гэрт ороод архи, цүнхээ аваад гарахад Отгончимэг толгойгоо дарчихсан байдалтай эндээс явъя гээд хамт хашаанаас гарсан. Хашааны хаалгаар гарах үед хашаанд нь байх халуун усны газарт хэрүүл маргаан болж байсан...” гэх /хх-11-12/,
Хохирогч М.Отгончимэгийн “... 2016 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр манай найз Дорж Төв аймгийн Баянчандмань сумаас ирээд Доржийн төрсөн өдрийг тэмдэглэсэн. Би Баянмөнхийг утсаар дуудан хүрээд ир гэхэд 12 цагийн үед манай гэрт ирсэн. Баянмөнхийн хамт тавуулаа архи ууж, хоол идээд байж байтал 14 цагийн үед Баянмөнх гэртээ харихаар болоод хүргээд өгөөч гэхээр нь зөвшөөрч Булганы хамт хүргэж өгөхөөр гэрээс гарсан. Баянмөнхийн гэрийн гадна очиход Баянмөнх манай гэрт ороод гараач гэхээр нь бид 2 зөвшөөрсөн. Замдаа Баянмөнхийн гэрийн хажуу талд байх дэлгүүрээс 0.75 литрийн Хараа нэртэй архи Баянмөнх авч гэрт нь ороод архиа задлаад нэг уугаад байж байтал гэрийн хаалга нүдэхээр нь би битгий хаалгаа тайл, танай дүү ааштай юм байна лээ гэхэд Баянмөнх өнөөдөр манай дүү уурлахгүй, оруул гээд өөрөө хаалгаа тайлж өгөн оруулсан. Баянмөнхийн дүү болох эмэгтэй гэрт нь орж ирээд тогоотой хоол над руу цацаад намайг татан газар унагахад Баянмөнх дүүрүүгээ дайрч чи зүгээр байгаа хүнийг зодлоо гээд барьж аваад цохих шиг болсон. Дүү нь дахин тогоотой хоолоо цацаад бид 2 зууралдан маргалдаж байгаад дүү нь зугтан гэртээ орсон. Гадаа орилох чимээ гараад байхаар нь Булган цаадах чинь алах нь гаръя гээд гэрээс гарсан. Би гараад харахад Булганыг Баянмөнхийн дүү эмэгтэй газар унагачихсан дэвсээд зодож байсан. тэгэхээр нь би Баянмөнхийн гэрт эргэж ороод хаалгыг нь түгжээд хэсэг суусан. Булган гадаа “аллаа” гээд орилоод байхаар нь би гараад хартал Баянмөнх цаанаас гарч ирээд дүүгээ барьж аваад хоорондоо дахин зодолдсон. Би Баянмөнхийг дүүгээ алах нь гэж бодоод гарч очоод салгах гээд татахад Баянмөнхийн дүү эмэгтэй намайг түлхэж газар унагаад 3 удаа өшиглөсөн. Баянмөнх салгахаар нь би зугтаагаад хашаанаас нь гарсан. Булган гэрээс нь цүнх, архиа бариад гараад ирсэн ...” гэх /хх-14-15/,
Гэрч А.Алтаншагайгийн “... Би тухайн өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Ихнарангийн 12-15в тоотод байрлах халуун усны газартаа сууж байсан. Гэтэл манай хашаан дотор хүмүүс хэрэлдээд байхаар нь гарч харахад манай ээж Оюунбилэг танихгүй,тарган, туранхай 2 хүүхэнтэй маргалдаад зогсож байсан. Тэгээд би ээжийгээ аваад халуун усны газар луу орсон. Манай ээжийн толгой хавдсан байсан. Тэр оройдоо эм ууж хоноод маргааш, нөгөөдрөөс нь толгой нь өвдөөд байхаар нь Цамбын эмнэлэгт үзүүлсэн. Ээжтэй маргалдаж байсан хоёр хүүхний тарган нь тэр үед цааш явж байгаад өсгийтэй гуталтай байсан тул хальтираад газар унасан. Манай ээж тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” /хх-71-73/,
Гэрч П.Баянмөнхийн “... 2016 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс хоёр хоногийн өмнө манайд Булган, Отгончимэг, Отгончимэгийн нөхөр Түвшээ нар ирж архи ууцгаасан. Тэр өдрөө тэд нар архи ууж байгаад шөнө явцгаасан. Маргааш нь бас манайд ирж архи ууж байгаад шөнө явсан. Ингээд хоёр хоног архи уучихаад би маргааш нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 5-ны өглөө гэртээ ганцаараа хэвтэж байтал Булган, Отгончимэг хоёр утсаар яриад Отгончимэгийнд хүрээд ир, шарыг чинь тайлаад өгье гэхээр нь би Отгончимэгийнд очсон. Гэрт нь ороход Отгончимэгийн нөхөр нь тасраад унасан байсан. Тэгээд тэнд 2-3 шил архи хувааж уусан. Тэгээд би нилээн согтсон байсан учраас Булган, Отгончимэг хоёр намайг манай гэрт хүргэж өгөхөөр явсан. Би замаасаа дэлгүүрээс 1 шил архи авсан. Тэгээд манай гэрт Булган, Отгончимэг бид 3 архи хувааж ууж байгаад би тасарсан байсан. Нэг сэрсэн чинь манай дүү Оюунбилэг ороод ирсэн, Булган, Отгончимэг хоёртой барьцалдсан байсан. Оюунбилэгийн хоёр талаас Булган, Отгончимэг нар барьсан зогсож байсан. Тэгэхээр нь би тэр гурвыг гэрээс хөөгөөд гаргасан. Тэгээд би буцаад унтсан. Би тухайн үед их согтсон байсан. Гэхдээ Оюунбилэг манайд орж ирээд Булган, Отгончимэг нартай барьцалдсан зогсож байснаас хойшихыг бүгдийг санаж байна. Хэзээ нь Булган, Отгончимэг нар явсныг мэдэхгүй байна. намайг сэрэхэд тэр гурав зодолдоогүй байсан. Тэр 3 гарах гэж байгаад хоол татаад асгасан. Тэр 3 бэртэж гэмтсэн зүйлгүй, зүгээр байсан. Манай гэрт тэр гурав хоорондоо зодолдоогүй. Надад тэр гурвыг зодож цохисон асуудал байхгүй...” /хх-74-76/,
Гэрч П.Эрдэнэдалайгийн “... Би тухайн өдөр 21 дүгээр худалдааны төвийн ард байрлах дугуй засварын газар байж байсан чинь орой 21 цагийн үед манай эгч Оюунбилэгийн том охин Алтаншагай над руу залгаад “та хүрээд ирээч. Баянмөнх ахынд байгаа хүмүүс ээжтэй муудалцаад байна” гэсэн утгатай зүйл хэлсэн. Би ойролцоогоор 30 минутын дараа очиход манай эгч Оюунбилэг халуун усны газартаа охин Алтаншагайгийн хамт сууж байсан. Юу болсон талаар асуухад Баянмөнх ахынд байсан хоёр эмэгтэй согтуурахаад орилж чарлаад байхаар нь Оюунбилэг эгч орж шаардлага тавихад маргалдсан гэж байсан. Миний бодлоор барьцалдаж авсан бололтой манай эгчийн толгой хавдсан байсан. Манай эгчийг тэнд байсан хүмүүс хэл амаар доромжилсон юм шиг байна лээ. Маргалдсан гэх хүүхнүүд нь намайг очиход байхгүй, явсан байсан. Баянмөнх ах гэртээ архи уугаад тасраад уначихсан байсан...” /хх-77-79/,
Ялтан П.Оюунбилэгийн сэжигтнээр өгсөн“... Миний төрсөн ах Баянмөнх нь 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр найз хүүхнүүдээ гэртээ авч ирээд өдөржингөө архи уугаад чарлалдаад байсан. 23 цагийн үед архи уухаа боль, явцгаа гэхэд Отгончимэг гэх хамт архи ууж байсан эмэгтэй чи миний найзыг хөөдөг хэн юм бэ гэсэн. Тэгээд намайг гар гэхэд архи ууж байсан хоёр эмэгтэй түлхээд толгой руу цохиод авахаар нь би зөрүүлээд гар гээд куртикнээс нь чирсэн. Ах босч ирээд гарцгаа гээд гэрээс хөөн гаргасан. Тэр хоёр эмэгтэй намайг газар унагаж байгаад өшиглөж зодсон. Маргаан болоход манай ах, тэр 2 хүүхэн бид 4 байсан, өөр хүн байгаагүй...” /хх-32-33/,
яллагдагчаар өгсөн “... Хэрэг болоход манай ах Баянмөнхтэй хамт архи ууж байсан Отгончимэг, Булган нар байсан. Би тэд нарыг архи уугаад орилоод, хоорондоо хэрэлдээд байгаа юм шиг байхаар нь салгах гээд ахын гэр лүү орсон. Би умайн хүзүү, өндгөвчний хорт хавдартай тул орой үдэш чимээ гарсан үед унтаж чаддаггүй. Тийм учраас би ахын гэрт ахтай хамт архи уугаад байгаа хүмүүсийг явуулах гэж гэрт нь ороод больцгоо, та нар удаа дараа манай ахынд ирж архидсан. Энэ та нарын архи ууж, хэрүүл хийдэг газар биш гэхэд Отгончимэг гэх хүүхэн нь орон дээр хэвтэж байснаа босч ирээд чи дандаа бид нарыг хөөдөг, хэн юм гээд намайг гэрийн үүдэнд зогсож байхад ирээд барьцалдаж авсан чинь Булган сандал дээр сууж байснаа босч ирээд барьцалдаж авахад зуухан дээр байсан будаатай шөл цацагдаж асгараад бид 3 газарт унасан. Гэтэл согтуу унтаж байсан ах Баянмөнх босч ирээд бид гурвыг гадаа гаргасан. Гадаа гараад хашаан дотор байхад ах намайг “манай найзуудыг хөөлөө” гээд загнаад байсан. Тэгээд манай ах тэр 2 хүүхэнд “та 2 ч гэсэн яв” гэж хэлэхэд тэр хүүхнүүд явахгүй, ахын хоёр талаас барьж аваад “хайраа” гээд барьцалдаж аваад газар унаад байгаа харагдсан. Тэгээд манай охин Алтаншагай гарч ирээд намайг аваад хашаанд байдаг халуун ус руу орсон. Отгончимэг, Булган нарыг би зодоогүй. Булган “чи зодоогүй” гэж надад сүүлд нь хэлсэн. Би тэр 2 хүүхнийг ганцаараа дийлэхгүй шүү дээ. Тэнд ах Баянмөнх болон Отгончимэг, Булган гэх хүүхнүүд байсан. Тухайн үед миний нуруу хөх няц эрээн болсон, хацар хавантаж, хүзүүний ар хэсэг рүү хавдсан, тархи битүү хавагнасан байсан. Булган, Отгончимэг нарын биед хөнгөн зэргийн гэмтэл гарсан. Та нар хоорондоо эвлэрээд гомдол саналгүй болбол энэ хэргийг хэрэгсэхгүй болгоно гэхээр нь би хурдан салахын тулд хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлсэн. Би Отгончимэгт хохирлын мөнгө гэж 150.000 төгрөг өгсөн. Булган, Отгончимэг болон Отгончимэгийн нөхөртэй нь хамт 200.000 төгрөгөөр дайлж архидуулсан. Булган бол би ичиж байна, чамаас мөнгө авахгүй гэсэн. Отгончимэг нь 150.000 төгрөг авчихаад би гомдолгүй гэж хэлсэн. Би мөнгийг нь 2 хувааж өгсөн...” /хх-99/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... М.Отгончимэгийн биед бүсэлхий, зүүн дал, баруун гарын тохойнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэх 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 15424 дугаартай дүгнэлт /хх-26/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Н.Булганы биед цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэх 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 15425 дугаартай дүгнэлт /хх-22/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... П.Оюунбилэгийн биед гэмтлийн зэрэг тогтоогдсонгүй...” гэх 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 1759 дугаартай дүгнэлт /хх-82/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-53/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-54-56/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
П.Оюунбилэгт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүхээс П.Оюунбилэгийг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байх боловч түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 7 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэсэн нь хуульд нийцээгүй байна.
Учир нь П.Оюунбилэг нь 2 хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон, ганц бие эх бөгөөд түүний бага хүү Г.Билгүүн нь 2005 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, бага насны хүүхэдтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан хүүхдийн нас тоолсон баримт /хх-117/, Г.Билгүүний төрсний гэрчилгээний хуулбар /хх-119/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэгт “... Баривчлах ялыг шүүхийн шийтгэх тогтоол гарах үед арван зургаан насанд хүрээгүй этгээд, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, бага насны хүүхэдтэй ганц бие эх, эцэгт оногдуулахгүй...” гэж заасан байхад анхан шатны шүүхээс түүнд баривчлах ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Нөгөө талаар ялтан П.Оюунбилэг нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй байх тул түүнд торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй.
Харин түүнд албадан ажил хийлгэх ял оногдуулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр /актаар/, ердийн өвчний заалтаар 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс П.Оюунбилэгийн Хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоосон байна. /хх- 106/
Гэхдээ “Хөдөлмөр эрхлэлт ажиллах хүчний статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал батлах тухай” Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд, Үндэсний статистикийн хорооны сайдын хамтарсан 01/681 94 тоот тушаалын хавсралтын 2.4 дэх заалтад “Хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай хүн ам” гэдэгт хөдөлмөрийн чадвартай хүн ам, хөдөлмөрийн чадвараа хэсэгчлэн алдсан боловч түр хугацааны (зургаан сарын дотор) дараа нөхөн сэргээгдэх боломжтой хөдөлмөрийн насны хүн амыг хамруулана” гэж заасан байх тул тэрээр өөрийн биеийн байдалд тохирсон хөнгөн ажил хийх чадвартай болох нь тогтоогдож байх бөгөөд түүнд албадан ажил хийлгэх ял оногдуулж, түүний баривчлах ял эдэлсэн 32 хоногийг дүйцүүлэн тооцох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд ялтан П.Оюунбилэг, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар П.Оюунбилэгийг 3 /гурван/ сар 7 /долоо/ хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй” гэснийг, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар П.Оюунбилэгийг хоёр зуун тавин нэгэн цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй” гэж,
- шийтгэх тогтоолын 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар П.Оюунбилэгт оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй” гэснийг, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар П.Оюунбилэгийн баривчлах ял эдэлсэн 32 хоногийн 1 хоногийг албадан ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцүүлэн, 251 цагийн албадан ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, П.Оюунбилэгийг нэн даруй сулласугай.
3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлал гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ
ШҮҮГЧ Л.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД Д.ОЧМАНДАХ
Д.ОЮУНЧУЛУУН