Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 00155

 

 

 

 

 

 

 

                                   Ц.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй

                                         иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 942 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ц.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Орхон аймгийн Хөдөлмөрийн хэлтэст холбогдох

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1.200.000 төгрөг гаргуулах” иргэний хэргийг хариуцагч байгууллагын төлөөлөгч Э.Содномжамцын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Мөнхцэцэг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхболд

Нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжпэгч Ц.Мөнхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Цэнд-Аюуш овогтой Мөнхцэцэг би Орхон аймаг Хөдөлмөрийн хэлтсийн сум, багийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн, гэрээт ажилтнаар ажиллаж байхад тус аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Содномжамц нь 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/21 тушаалаар ямарч шалтгаангүйгээр ажлаас чөлөөлсөн. Чөлөөлсөн шалтгааныг асуухад түр тушаалтай бүх ажилтанг цомхотгоно гэсэн.

Гэтэл надаас сүүлд орсон сум, баг хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан гэрээт ажилтан Б.Чулуунсүрэн, Амарсүрэн нарыг ажиллуулаад намайг ямар ч шалтгаангүйгээр ажлаас чөлөөлсөн. Иймээс би ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг өөрийн хайхрамжгүй байдлаас болж буруу бодсон тул нэхэмжпэлд дурдсан 1.200.000 төгрөгийг нэхэмжилж байна. Төрийн албаны тухай хуулинд үүрэг гүйцэтгэгч нь ажилтанг ажлаас халах, авах эрхгүй гэсэн заалтыг харгалзан үзнэ үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Э.Содномжамц шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Орхон аймгийн Хөдөлмөрийн хэлтэст сум /баг/ хариуцсан мэргэжилтэн гэрээт ажилтанаар ажиллаж байхад үндэслэлгүйгээр ажпаас чөлөөлсөн гэж нэхэмжлэлийн утгыг агуулжээ. Сум /баг/-ын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан гэрээт ажилтан Ц.Мөнхцэцэгийг

Хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/59 тоот тушаалаар 3 сарын туршилтын хугацаагаар ажилласан. 2016 онд хөдөлмөрийн гэрээг сунгаагүй.

Хөдөлмөрийн сайдын 2016 оны 01 озрын 22-ны өдрийн А/17 тоот тушаалын 12 дугаар хавсралтаар хэлтсийн бүтэц орон тоо шинэчлэгдэн батлагдаж, орон тооны цомхотгол хийгдэх шаардлагатай болсон.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 заалтад “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн мэргэжлийн түвшингөөр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж заасан. Мөн 17 дугаар зүйлийн 17.2-т "Энэ хуулийн 10.1, 10.3, 10.4-т заасан шаардлага, мөн хуулийн 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаалд орох эрхтэй” гэж заасан.

Мөн 16 дугаар зүйлийн 16.3-т “Энэ «хуулийн 17.1, 17.4-т заасныг зөрчиж иргэнийг төрийн жинхэнэ албан ушаалд томилох төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалд томилох төрийн байгууллагын эрх бүхий элбан тушаалтны шийдвэрийг хүчингүйд тооцож, буруутай байгууллагын албан тушаалтанд энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг тус тус үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлсөн, шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 942 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Мөнхцэцэгийг Хөдөлмөрийн хэлтсийн Сум /баг/-д хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан гэрээт ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 1 200 000 төгрөгийг хариуцагч Хөдөлмөрийн хэлтсээс гаргуулан нэхэмжлэгч Ц.Мөнхцэцэгт олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад үүрэг болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Ц.Мөнхцэцэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Хөдөлмөрийн хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжинд 103 550 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Э.Содномжамц давж заалдсан гомдолдоо:

2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 942 дугаар Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Ц.Мөнхцэцэгийг Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн. Гэвч шүүх нэхэмжлэгчийг мэргэжлийн ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй гэж албан ёсны дүгнэлт гаргаагүй гэж дүгнэсэн нь учир дуталтай, бодит байдалд нийцээгүй байна. Ц.Мөнхцэцэгийг хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлөхдөө хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/13 дугаар Орхон аймгийн Хөдөлмөрийн хэлтэст “Аттестатчиллын ажил зохион байгуулах тухай” тушаал гаргаж, 3 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан.

Уг аттестатчиллаар Сум /баг/-д Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод Ц.Мөнхцэцэгийн эзэмшсэн мэргэжил, ур чадвар, туршлага нийцэж байгаа эсэхийг Аттестатчиллын ажил зохион байгуулах ажлын хэсэг /коммисс/ шалгаж, мэргэжил, ур чадвар, туршлагын хувьд тэнцэхгүй байна гэж дүгнэсэн.

Аттестатчиллын ажил зохион байгуулах ажлын хэсэг /коммисс/-ийн дүгнэлтийг үндэслэн Хэлтсийн даргын 2016 оны 03 дүгээр сарын 15-ны өдрийн Б/21 дугаар тушаалаар Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн болно.

Нэхэмжлэгч Ц.Мөнхцэцэгт Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусах үед, уг гэрээний үйлчилгээг цаашид сунгаж, үргэлжлүүлэхгүй гэдгээ Орхон аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Содномжамц нь албан өрөөн дуудаж удаа дараа амаар мэдэгдэж байсан.

Хөдөлмөрийн яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №01 албан даалгавраар

1. Төрийн захиргааны албан тушаалын сул оронд тоонд Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, харьяалах салбар зөвлөлдөө захиалга хүргүүлж, нийтэд зарлан сул орон тоог нөхөх

2. Төрийн захиргааны албан тушаалын сул оронд хөдөлмөрийн гэрээгээр ажилтан ажиллуулахгүй байх гэж үүрэг өгөгдсөн.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нотлох баримтыг эхнээс бүрдүүлж, хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ц.Мөнхцэцэг нь тус аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн Сум /баг/-д хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан гэрээт ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт 1 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Мөнхцэцэг нь тус хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/59 дугаар тушаалаар Сум /баг/-д хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан гэрээт ажилтанаар 3 сарын хугацаагаар ажилд орж улмаар хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан ба гэрээний хугацаа 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр дууссан ба талууд хөдөлмөрийн гэрээний хугацааг хэрхэн сунгасан эсэх нь тодорхойгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг дахин 3 сарын хугацаагаар сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй ба анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр хуулиар зохицуулагдсан байх ба хариуцагч нэхэмжлэгч Ц.Мөнхцэцэгийг тус хэлтсийн Сум /баг/-д хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан гэрээт ажилтны ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлийг баримталсан атлаа хөдөлмөрийн гэрээг цаашид сунгагдахгүй болсон гэж тодорхойлсон нь ойлгомжгүй болжээ.

Түүнчлэн хариуцагч хөдөлмөрийн гэрээг сунгахгүй болсон талаар нэхэмжлэгчид амаар мэдэгдэж байсан, тус хэлтсийн бүтэц орон тоо шинэчлэгдэж орон тооны цомхотгол хийх шаардлагатай болсон гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбар нь тушаалын үндэслэлд огт хамааралгүй байна.

Ажил олгогч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэсэн үндэслэлээр цуцалсан байх боловч ажил олгогчийн гаргасан тушаалын үндэслэл тогтоогдоогүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийг Сум /баг/-д хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан гэрээт ажилтаны ажилд эгүүлэн тогтоож, цалин хөлсний нөхөн олговор 1.200.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т нийцсэн байна.

Шүүх ажил олгогчийн гаргасан тушаалын үндэслэл тогтоогдоогүй өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг “....мэргэжил, ур чадварын хувьд үүрэгт ажилдаа тэнцээгүй болох нь нотлогдоогүй...” гэсэн дүгнэлт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлсэн байна.

Иймд хариуцагчийн гаргасан “Ц.Мөнхцэцэгийг Аттестатчиллын ажил зохион байгуулах ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү“ гэх давж заалдах гомдлын үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 942 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгч Э.Содномжамцын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103.550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс

хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

                                       ШҮҮГЧИД                                  Б.БАТТӨР

                                                                                          Б.ОЮУНЦЭЦЭГ