Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 00942

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн  шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг ДЦС-ын 55 тоотод оршин суух Өөлд овогт Цэнд-Аюушийн Мөнхцэцэг /ОЭ:91091203/

Хариуцагч: Орхон аймгийн Хөдөлмөрийн хэлтэс

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Мөнхцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхболд, хариуцагч байгууллагын төлөөлөгч Э.Содномжамц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Мөнхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Цэнд-Аюуш овогтой Мөнхцэцэг би Орхон аймаг Хөдөлмөрийн хэлтсийн сум, багийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн, гэрээт ажилтнаар ажиллаж байхад тус аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Содномжамц нь 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/21 тушаалаар ямарч шалтгаангүйгээр ажлаас чөлөөлсөн. Чөлөөлсөн шалтгааныг асуухад түр тушаалтай бүх ажилтанг цомхотгоно гэсэн. Гэтэл надаас сүүлд орсон сум, баг хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан гэрээт ажилтан Б.Чулуунсүрэн, Амарсүрэн нарыг ажиллуулаад намайг ямар ч шалтгаангүйгээр ажлаас чөлөөлсөн. Иймээс би ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг өөрийн хайхрамжгүй байдлаас болж буруу бодсон тул нэхэмжлэлд дурдсан 1 200 000 төгрөгийг нэхэмжилж байна. Төрийн албаны тухай хуулинд үүрэг гүйцэтгэгч нь ажилтанг ажлаас халах, авах эрхгүй гэсэн заалтыг харгалзан үзнэ үү гэв.

      Хариуцагч байгууллагын төлөөлөгч Э.Содномжамц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Орхон аймгийн Хөдөлмөрийн хэлтэст сум /баг/ хариуцсан мэргэжилтэн гэрээт ажилтанаар ажиллаж байхад үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж нэхэмжлэлийн утгыг агуулжээ. Сум /баг/-ын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан гэрээт ажилтан Ц.Мөнхцэцэгийг

1.Хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/59 тоот тушаалаар 3 сарын туршилтын хугацаагаар ажилласан. 2016 онд хөдөлмөрийн гэрээг сунгаагүй.

2. Хөдөлмөрийн сайдын 2016 оны 01 сарын 22-ны өдрийн А/17 тоот тушаалын 12 дугаар хавсралтаар хэлтсийн бүтэц орон тоо шинэчлэгдэн батлагдаж, орон тооны цомхотгол хийгдэх шаардлагатай болсон.

3. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 заалтад “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн мэргэжлийн түвшингөөр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж заасан. Мөн 17 дугаар зүйлийн 17.2-т “Энэ хуулийн 10.1, 10.3, 10.4-т заасан шаардлага, мөн хуулийн 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаалд орох эрхтэй” гэж заасан. Мөн 16 дугаар зүйлийн 16.3-т “Энэ хуулийн 17.1, 17.4-т заасныг зөрчиж иргэнийг төрийн жинхэнэ албан ушаалд томилох төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалд томилох төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүйд тооцож, буруутай байгууллагын албан тушаалтанд энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг тус тус үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлсөн, шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Мөнхцэцэг нь Орхон аймгийн Хөдөлмөрийн хэлтэст холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч /Орхон аймгийн Хөдөлмөрийн хэлтэс/ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан байна.

Нэхэмжлэгч Ц.Мөнхцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Ямар ч шалтгаангүйгээр ажлаас чөлөөлсөн. Түр тушаалтай бүх ажилтнуудыг цомхотгон гэсэн атлаа надаас хойш орсон Б.Чулуунсүрэн, Амарсүрэн нар ажиллаж байгаа. Ажилдаа эргэж орон, ажилгүй байсан хугацааны цалин 1 200 000 төгрөг гаргуулна гэж тайлбарладаг.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Ц.Мөнхцэцэг нь 3 сарын туршилтын хугацаагаар ажиллаж байсан, хөдөлмөрийн гэрээг сунгаагүй, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Хөдөлмөрийн сайдын тушаалаар тус хэлтсийн бүтэц орон тоо шинэчлэгдэн батлагдаж, цомхотгол хийх шаардлагатай болсон, уг орон тоо нь төрийн жинхэнэ албан тушаал учир зарлагдсан тохиолдолд сонгон шалгаруулалтанд орж ажиллах ёстой. Төрийн албаны хуульд заасан болзол хангасан иргэн төрийн албанд орж ажиллах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөрөхгүй гэж тайлбарлаж байна.

Орхон аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн   Б/59 дугаартай тушаалаар Ц.Мөнхцэцэгийг сум /баг/-д хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан гэрээт ажилтнаар 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 3 сарын хугацаатай туршилтаар авч ажиллуулсан ба сарын цалинг 496 912 төгрөгөөр тогтоосон, хөдөлмөрийн гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай байгуулан талууд гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээ байна.

 Орхон аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн   Б/21 дугаартай тушаалаар Сум /баг/-д хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан гэрээт ажилтан Ц.Мөнхцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан цаашид сунгагдахгүй гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн байна.

Орхон аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн Сум /баг/-д хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтоор уг албан тушаал нь Төрийн захиргааны албан хаагч /ТЗ-5/ байхыг шаардсан байх боловч /хх 6-7/ ажилтан Ц.Мөнхцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажлын байрны буюу албан  тушаалын нэрийг гэрээт ажилтан гэж тодорхойлж, туршилтын 3 сарын хугацаагаар авч ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, тушаал гарсан болох нь нотлогдож байна. /хх 3-4, 13/

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай ба хугацаагүй байхаар хуульчлагдсан бөгөөд гэрээ байгуулахдаа талууд хэлэлцэн тохиролцож гэрээний үргэлжлэх хугацааг тодорхой он сар өдрөөр, эсвэл болох үйл явдлаар тодорхой зааж болох ба Орхон аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, ажилтан Ц.Мөнхцэцэг нарын хооронд хөдөлмөрийн гэрээний үргэлжлэх хугацааг 3 сар гэж тохирч гэрээ байгуулсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д хөдөлмөрийн  гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан байх тул уг гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна.

Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж зааснаар  ажилтан Ц.Мөнхцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 3 сараар сунгагдсан 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжиж байсан байна.

Гэрээг хуулиар сунгах зохицуулалт нь:

  1. Гэрээний хугацаа дуусах үед уг гэрээний үйлчилгээг цаашид сунгаж үргэлжлүүлэхгүй гэдгээ аль нэг тал нөгөөдөө зориуд илэрхийлээгүй, мэдэгдээгүй байх
  2. Гэрээний хугацаа дууссан сүүлчийн өдрийн дараах ажлын өдөрт ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байх нөхцлүүд хангагдсанаар хэрэгжинэ.

Ийнхүү гэрээний хугацаа хуульд зааснаар сунгагдсан тохиолдолд ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр дуусгавар болгох эрхгүй юм.

Хариуцагч байгууллагаас Ц.Мөнхцэцэгтэй хөдөлмөрийн гэрээг сунгах боломжгүй гэсэн мэдэгдэл өгсөн эсэх нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримтгүй, Хөдөлмөрийн сайдын  2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/17 дугаартай тушаалын 12 дугаар хавсралтаар Орхон аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг 28 орон тоотой үүнээс сум /баг/-д хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн 9 байхаар  баталсан байна.

Орон тоо шинэчлэгдэн батлагдаж, цомхотгол хийх шаардлагатай болсон бол энэ талаар хуулийн хугацаанд мэдэгдэл хүргүүлэх, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа бол анх байгуулсан хугацаа хийгээд хуульд зааснаар сунгагдсан эсэхэд хариуцагч байгууллага дүгнэлт хийгээгүй байна.

Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/21 дугаартай тушаалд  Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэсэн ба Хөдөлмөрийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн  40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн үндэслэлийг нотолсон мэргэжлийн байгууллагын буюу мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гараагүй  байна.

Орхон аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаартай хуралдааны тэмдэглэл, салбар зөвлөлийн 01 дугаартай зөвлөмж нь гэрээт ажилтан Ц.Мөнхцэцэгийг ажлаас чөлөөлсний дараа гарсан эрх зүйн актууд байх тул дүгнэлт хийх боломжгүй байна. 

Гэрээт ажилтан Ц.Мөнхцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон ажилд томилсон тушаалд түүний албан тушаалын цалинг 496 912 төгрөг гэж тогтоосон байх ба ажилгүй байсан хугацаа  нийт  77 хоног /496 912/22,5=22 085 төгрөг/  77*22 085=1 700 545 төгрөг ба нэхэмжлэгч өөрийн буруугаас 1 200 000 төгрөг гэж буруу бодсон тул нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэлийн шаардлага болох 1 200 000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэв. 

Иймд Ц.Мөнхцэцэгийг Хөдөлмөрийн хэлтсийн Сум /баг/-д хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан гэрээт ажилтны албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 1 200 000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан олгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба хариуцагч байгууллагаас 103 550 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Мөнхцэцэгийг Хөдөлмөрийн хэлтсийн Сум /баг/-д хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан гэрээт ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 1 200 000 төгрөгийг хариуцагч Хөдөлмөрийн хэлтсээс гаргуулан нэхэмжлэгч Ц.Мөнхцэцэгт олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад үүрэг болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Ц.Мөнхцэцэг нь улсын тэмдэгтийн   хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Хөдөлмөрийн хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжинд 103 550 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр ньтанилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн  Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг  хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                               Л.АРИУНЦЭЦЭГ