Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2025/00379

 

 

 

 

 

 

 

 

 

*******ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/04422 дугаар шийдвэртэй

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 470,080,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* ХХК нь Олон улсын нисэх буудлын бизнесийн үйл ажиллагааг явуулдаг. Манай компаниас нисэх буудлын аэродромын хөөрч, буух зурвасыг цэвэрлэх, зам талбай усалж, шүрших, цас цэвэрлэх зориулалт бүхий тусгай тоноглолтой автомашиныг худалдан авах гэрээг ******* ХХК-тай 2020 оны 03 сарын 10-ны өдөр байгуулж, 298,080,000 төгрөгийг бүрэн төлсөн. Гэвч ******* ХХК гэрээний үүргээ зөрчиж зориулалтын дагуу ашиглах боломжгүй, биет байдлын доголдолтой эд хөрөнгийг манай компанид шилжүүлсэн. Худалдан авагчийн зүгээс эд хөрөнгийн биет байдлын доголдлыг арилгуулах арга хэмжээг удаа дараа авсан ч үр дүн гараагүй.

Манай компанийн хувьд тухайн машиныг ашиглах боломжгүйгээс шалтгаалан 2021-2022 онд цас цэвэрлэх тусгай тоноглол бүхий автомашиныг *******-өөс нэг сарын 10,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгөөр түрээслэсэн. Мөн 2022-2023 онд 5 сарын хугацаагаар 50,000,000 төгрөгөөр түрээслэсэн. Мөн 2023 онд дээрх агуулгаар тусгай зориулалтын автомашиныг 72,000,000 төгрөгөөр түрээслэн ашиглаж нийт 172,000,000 төгрөгийн хохирол нэхэмжлэгчид учирсан. Иймд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хариуцагчид шилжүүлсэн 298,080,000 төгрөг, гэрээний хохиролд 172,000,000 төгрөг буюу нийт 470,080,000 төгрөгийг ******* ХХК -аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компани бөөний болон гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нэхэмжлэгчтэй 2020 оны 03 сарын 10-ны өдөр зам цэвэрлэгч цас цэвэрлэх тусгай тоноглол бүхий тээврийн хэрэгслийг худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний үүргээ бүрэн биелүүлж нэхэмжлэгчид тухайн тээврийн хэрэгслийг биет байдлын доголдолгүй хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж гэрээнээс татгалзсанаар эрх зүйн болон гэрээний үүргийн харилцаа дуусгавар болсон. Гэтэл гэрээний үүргийн харилцаа дуусгавар болсноос хойш хугацаанд өөрийн үйл ажиллагаанд гарсан зардлыг өнөөдрийн байдлаар манай компаниас нэхэмжлэх боломжгүй. Шүүхэд анх нэхэмжлэл гаргасан хугацаанд эрх зүйн харилцаа дууссан. Гэрээний үүргийн харилцаа зогссон. Иймд нэхэмжлэгчийн хохирол гаргуулах шаардлагыг мөн хүлээн авахаас татгалзана уу гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас 398,080,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 72,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,666,300 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2,148,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дахь хэсгийг бүхэлд нь дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

"*******" ХХК-аас ирүүлсэн үнийн саналын дагуу бид үнийн санал өгч, уг саналыг зөвшилцсөний үндсэн дээр 2020 оны 03 сарын 10-ны өдөр ******* тоот гэрээг байгуулсан. Гэрээний Хавсралт №1: Техникийн тодорхойлолтод Аэродормын цэвэрлэгээ, үйлчилгээний машины техникийн тодорхойлолтод машин ямар байх талаарх "Ерөнхий шаардлага, Стандарт шаардлага, Тусгай шаардлага зэрэг тавигдах шаардлагуудыг нарийвчлан тусгаж өгсөн бөгөөд техникийн тодорхойлолтыг хангасан автомашиныг манай компани 2020 оны 06 сарын 25-ны өдөр сүүлийн байдлаар хүлээлгэн өгч, 2020 оны 06 сарын 29-ний өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдсэн. Гэрээ дүгнэсэн актад "... автомашины техникийн шаардлагад дурдагдаагүй нэмэлт нөхцөлийг удаа дараа шаардсан нэмэлт үнэ төлбөр ажлын хөлсгүйгээр хийж гүйцэтгэн нэмэлтээр шаардсан бүр ажлын хамт 2020.06.25-ны өдөр хүлээлгэн өгсөн" гэж, гэрээг дүгнэж актыг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан" гэж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байхад шүүхээс гэрээнд заасан ерөнхий болон стандарт тусгай шаардлагад нийцсэн автомашиныг нийлүүлсэн нь тогтоогдохгүй гэж нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэхээр байна.

Тодруулбал, гэрээнд тусгаагүй техникийн тодорхойлолтод заагаагүй шаардлага буюу шүүр нь төмөр байх, плугын налуу 0-40 градус байх зэрэг нэмэлт ажлыг" шаардсаны дагуу худалдан авагчийн хүсэлтийн дагуу нэмэлт ажлуудыг гүйцэтгэн автомашины үйлдвэрлэлийн хийцийг өөрчилсөн. Энэ нь техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан автомашины үйлдвэрлэл, хийцийг өөрчлүүлсэн байхад шүүхээс манай компанийг техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангасан автомашин нийлүүлээгүй гэж дүгнэсэн хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д "эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан" гэсэн бөгөөд техникийн тодорхойлолтод заагаагүй нэмэлт ажлыг тусгах шаардлага тавихаас өмнө худалдан авагч техникийг ашиглаж байсан нь харагдах бөгөөд нэгэнт байгаа байдлаар нь эд хөрөнгийг сонгож, худалдаж авсан бол гэрээний зүйлийг тэр байдлаар тодорхойлж, тохирсон гэж үзэх тул доголдолтой гэх үндэслэл үгүйсгэгдэнэ.

Учир нь, гэрээний гол нөхцөл буюу техникийн тодорхойлолтыг хангасан гэж гэрээ дүгнэсэн акт үйлдээд техникийн тодорхойлолт хангасан эсэхийг мэргэжлийн эсвэл зохих байгууллагаар хэмжүүлэн шалгасны эцэст хүлээн авах, ийнхүү хүлээн аваагүй бол худалдан авагч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар шаардах эрхээ алдсан байхад шүүхээс шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй байна.

Өмнө нь давж заалдах шатны шүүхээс шаардлага хангасан автомашиныг нийлүүлээгүйн улмаас нэхэмжлэгч ашиглах явцад доголдол илэрсэн, эсхүл автомашиныг ашиглах явцад ашиглалтын байдалтай холбоотой доголдол илэрснийг хөдөлбөргүй тогтоох ажиллагааг хийх гэж анхан шатны шүүхэд буцаасан хэдий ч анхан шатны шүүхээс уг ажиллагааг бүрэн гүйцэт хийлгүйгээр, нотолгооны ямар холбогдолгүй баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Түүнчлэн, анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ зохигчийн маргаж буй маргааны үйл баримтыг бүрэн тогтоож, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдалд дүгнэлт өгөөгүй, тодруулаагүй, уг автомашиныг ашиглах явцад доголдол нь илэрсэн, эсхүл автомашиныг ашиглах явцад ашиглалтын байдалтай холбоотой доголдол үүссэн эсэх нь тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хэргийн баримтаас үзэхэд автомашиныг хүлээн авсны дараа ашиглаж байгаад үзлэг хийсэн, ашиглалтын буруутай үйл ажиллагааны улмаас эвдрэл үүсэхэд үзлэг хийж манай компанид хандан, нэмэлт шаардлага тавьдаг зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан худалдагч доголдолтой эд хөрөнгө нийлүүлсэн, доголдлыг арилгах боломжгүй гэсэн үндэслэлээр худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үнэд шилжүүлсэн 298,080,000 төгрөгийг буцаан гаргуулах, гэрээний хугацаанд өөр техник түрээсэлсний төлбөрийг хохиролд тооцон 172,000,000 төгрөг, нийт 470,080,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн шаардсан техникийн шаардлагад нийцсэн цас цэвэрлэх зориулалттай тээврийн хэрэгслийг нийлүүлж, актаар хүлээлцсэн, гэрээг зөрчөөгүй гэж тайлбарлан маргажээ.

 

3. Нэхэмжлэгч ******* ХХК нь *******-д орших Олон улсын нисэх буудлын орчны зам, талбайн цасыг цэвэрлэх тусгай тоноглол бүхий тээврийн хэрэгсэл худалдан авахаар 2020 оны 1 сард сонирхогч компаниудад үнийн санал хүргүүлснээс ******* ХХК-ийн ирүүлсэн саналыг хүлээн авч талууд 2020 оны 03 сарын 10-ны өдөр 298,080,000 төгрөгийн үнэ бүхий худалдах-худалдан авах гэрээг байгуулж, нийлүүлэлтийн нөхцөл, техникийн тодорхойлолтыг хавсралтаар баталжээ. Хариуцагч ******* ХХК-аас зам шүүрдэгч, цас цэвэрлэгч тээврийн хэрэгслийг зохих тоноглол, нэмэлтүүдийн хамт 2020 оны 04 сарын 19-ний өдөр нийлүүлснээс зарим нэмэлт шаардлага, тохиргоог дахин гүйцэтгэж, талууд 2020 оны 06 сарын 29-ний өдөр Гэрээ дүгнэсэн акт үйлдэн тээврийн хэрэгслийг хүлээлцжээ. Гэрээний үнэ бүрэн төлөгдсөн эсэх талаар зохигч маргаагүй байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэнийг анхан шатны шүүх зөв тодорхойлжээ.

 

4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдагч биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэн өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч ******* ХХК энэ үүргээ биелүүлсэн эсэх нь маргааны зүйл болсон байна. Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзвэл хариуцагчийн нийлүүлсэн тээврийн хэрэгслийн ашиглалтын шаардлагыг хангуулах, үүссэн гэмтлийг засварлуулах арга хэмжээг авч 3 удаа буюу 2020.06.29, 2021.03.11, 2021.08.16-ны өдрүүдэд хүлээн авах акт үйлдсэн байна. Улмаар нийлүүлсэн тээврийн хэрэгслийг цаашид ашиглах боломжгүй буюу ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч тал 2021 оны 12 сарын 13-ны өдөр гэрээнээс татгалзсан нь мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Тодруулбал, Нэхэмжлэгч ******* ХХК нь 2020 оны 4 сард анх тээврийн хэрэгслийг хүлээн авснаас хойш түүний доголдлыг арилгуулах, тээврийн хэрэгслийн зарим эд ангийг доголдолгүй эд ангиар солиулах шаардлагыг гэрээний нийлүүлэлтийн нөхцөлийн 9-д заасан 4 сарын чанарын баталгаат хугацааны дотор гаргаж байсан ч Техникийн тодорхойлолтын 6-д заасан 2 жилийн баталгаат хугацаанд уг доголдол арилаагүй байна.

Иймээс нэхэмжлэгч үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг хариуцагчид олгосон гэж үзэх бөгөөд үр дүн гараагүй байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй, нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхээ алдаагүй талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ. Иймд нэхэмжлэгч ******* ХХК нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан, шаардлага гаргах эрхгүй тухай хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

5. Нийлүүлсэн тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл зам, талбайн цасыг шүүрдэх, цэвэрлэх үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүй байгаа нь хариуцагч анхнаасаа доголдолтой, техникийн шаардлагад нийцэхгүй тээврийн хэрэгсэл нийлүүлсэн эсхүл нэхэмжлэгч тал ашиглалтын горим зөрчсөний улмаас доголдол үүссэн эсэхийг тогтоолгохоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс 2 удаа шинжээч томилсон ч шинжээчээр томилогдсон этгээдүүд мэргэшээгүй, стандартгүй гэсэн шалтгаанаар дүгнэлт гаргахаас татгалзжээ. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, зохигчийн шаардлага, татгалзлаа нотлохоор шүүхэд гаргасан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд нийцсэн байна.

Анхан шатны шүүх хэрэгт нотлох баримтаар авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэрээ гаргах үүрэгтэй бөгөөд хариуцагчийн нийлүүлсэн шинэ тээврийн хэрэгслийг анхны байдлаар болон доголдлыг засварлуулж дахин хүлээн авах үед тээврийн хэрэгслийн зарим тоноглол, эд анги ажиллахгүй, эвдэрснийг солиулсны зэрэгцээ гол эд анги болох цас цэвэрлэх зориулалттай шүүр, цас хусагч нь өвлийн улиралд бүрэн ажиллахгүй шүүр мултарч унах, дутуу ажиллах зэрэг доголдол байнга илэрч байсан үйл баримтыг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэжээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээний хавсралт, Техникийн тодорхойлолтод нийлүүлэгдэх тээврийн хэрэгсэл нь -40, +40 хэмд ажиллах горимтой байх шаардлага тавигджээ. Нийлүүлсэн техник ашиглалтын шаардлага хангахгүй тухай нэхэмжлэгчийн шаардлага, хариуцагчийн засвар, үйлчилгээ үзүүлсэн тухай тайлбар, баримтаар уг техник нь өвлийн улиралд бүрэн ажиллахгүй байсан нь тодорхойлогджээ. Энэ талаар нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргасан Цас цэвэрлэгээний автомашинд хийсэн дотоод хяналтын ажлын тайлан-д тээврийн хэрэгслийг 2022.11.02-ны өдрийн 10:30 цагт нисэх буудлын авто зогсоолын талбайд ажиллуулан шалгахад хусуурыг газарт буулгахад байрнаас хөдлөхгүй, хойд дугуй хий эргэж цас цэвэрлэж чадаагүй, шүүр цасыг хангалттай сайн цэвэрлэхгүй байсан тухай дурдсан. Мөн талууд 2021 оны 03 сарын 11-нд тээврийн хэрэгслийг 2 дахь удаа актаар хүлээлцсэн баримтад -27 градуст замын цас цэвэрлэхэд автомашины даралт хураагуур дахь хий хөлдөж тоормос ажиллахгүй болж, хөдлөх чадвараа алдаж байгааг завсарлах гэж зааж байжээ.

Энэ тохиолдолд нийлүүлсэн тээврийн хэрэгслийг зориулалтаар ашиглах боломжгүй, үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхүйц доголдолтой гэж үзнэ.

Хариуцагч талаас маргааны зүйл болсон тээврийн хэрэгсэлтэй нэг үйлдвэрлэгчийн, адил маркийн тусгай зориулалтын тээврийн хэрэгслүүд Улаанбаатар хотын автозам арчлалт, үйлчилгээнд хэвийн ашиглагдаж байгааг дурдсан ч тухайн тээврийн хэрэгслүүдтэй харьцуулсан тухай баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй буюу хариуцагч татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэсэн бөгөөд дээрхээс үзвэл нэхэмжлэгчээс агаарын -40 хэмд ажиллах чадвартай техник нийлүүлэх техникийн шаардлага тавьсаныг хариуцагч хангасан тээврийн хэрэгслийг нийлүүлж чадаагүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан дээрх баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүх маргааны үйл баримтыг бүрэн тогтоож, хэргийн нөхцөлд байдалд дүгнэлт өгөөгүй болон шүүх зайлшгүй шинжээч томилох шаардлагатай гэсэн гомдлыг хангахгүй буюу хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлгүй байна.

6. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн нөхцөлд нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон гарсан зардлаа хохиролд тооцон шаардах эрхтэй. Нэхэмжлэгч тусгай зориулалтын тээврийн хэрэгслийг 2020 онд хариуцагчаас хүлээн авсан ч зориулалтын дагуу ашиглаж чадаагүйн улмаас 2021, 2022, 2023 онуудад цас цэвэрлэх зориулалт бүхий тусгай зориулалтын автомашиныг Иргэний нисэхийн үндэсний төвөөс түрээслэн 172,000,000 төгрөгийн зардал гаргажээ. Анхан шатны шүүх уг зардлаас 100,000,000 төгрөгийг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосон нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

 

7. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7 дахь хэсэгт зааснаар гэрээний нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх, энэ үүргийг гэрээний талууд нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй гэж заасан тул шүүх гэрээнээс татгалзсаны үр дагаврыг нэгмөр хянан шийдвэрлэх учиртайг анхан шатны шүүх анхаараагүйг давж заалдах шатны шүүхээс залруулна. Иймээс гэрээ хэрэгжиж байх хугацаанд хариуцагчийн нийлүүлсэн тусгай тоноглол бүхий тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч ******* ХХК-аас гаргуулан хариуцагч ******* ХХК-д олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.

 

8. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэг дэх нэхэмжлэгч, хариуцагч талын тайлбарыг шүүхэд гаргасан болон шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан байдлаар буулгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 29 дугаартай Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай тогтоолын дагуу шийдвэрийн тодорхойлох хэсгийг боловсруулаагүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэгчийн анх гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарыг хэт нуршуу, цэгцгүй байдлаар тусгаснаас шийдвэр нь бүтцийн хувьд хэргийн оролцогч, сонирхогч бусад этгээдэд ойлгомжгүй болжээ. Шийдвэр нь бүтцийн хувьд хэргийн оролцогчид ойлгомжтой байх, зохигчийн хэд хэдэн удаагийн тайлбарын үндсэн, гол санаа давхардаагүй, цэгцтэй байх шаардлагад нийцвэл зохихыг тэмдэглэж байна. Энэ талаар дүгнэх, анхаарах асуудлын шалтгаан, үндэслэлийг тэмдэглэх нь анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шийдвэр хуульд нийцсэн байхыг дурдах нь зүйтэй.

 

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/04422 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 398,080,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгч ******* ХХК-аас зам шүүрдэгч, цас цэвэрлэх тусгай тоноглол бүхий тээврийн хэрэгслийг хариуцагч ******* ХХК-д шилжүүлэхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 72,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,148,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ