| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Амарсайхан |
| Хэргийн индекс | 142/2017/00048/И |
| Дугаар | 001/ХТ2017/01056 |
| Огноо | 2017-09-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 001/ХТ2017/01056
Т.Э-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2017/00289 дүгээр шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 95 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч Т.Э-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч Х.Р-д холбогдох,
1 140 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Х.Р- болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Э-, хариуцагч Х.Р-, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Т.Э- нь 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Х.Р-д 1 140 000 төгрөгний 5 тонн цемент зээлээр өгсөн юм. Тухайн үед 7 хоногийн дотор удахгүй өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа тул шүүхэд хандахаас өөр аргагүй болж байна.Х.Р- нь манай 100 айлд худалдаа хийдэг Гандолгор гэдэг хүнээр хэлүүлж гуйж байгаад зээлж авсан ба өөрөө биеэр ирж авсан юм. Гандолгор манай худалдагч Батаа нар нь гэрчилж хэлэх болно.Иймд Х.Р-ээс 1 140 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
Уг материалыг манай хүү Р.Батзаяа хувийн бизнестээ хэрэглэхээр авсан. Миний бие өгөх авах үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр оролцоогүй. 2013 оноос хойш ямар нэгэн байдлаар Зуун айл барилгын материалын дэлгүүрээр худалдан авалт хийж яваагүй.Миний хүү Р.Батзаяа нь тус материалыг авсан мөнгөө Энх-Учралт ахтай би өөрөө учраа олж өгнө гэж байгаад АНУ-д суралцах виз гарч мөнгөө өгч амжилгүй явсан. Өөрөө би өгнө гэдэг тайлбараа надад чатаар өгсөн. Би өөрийгөө хариуцагч болохгүй гэж үзэж байна гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2017/00289 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Р-ээс 1 140 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Э-ад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 910 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 31 910 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Э-ад олгож шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 95 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2017/00289 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэнгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Х.Р-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 910 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээжээ.
Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Х.Р- миний бие нь уг барилгын материалыг өөрийн биеэр очиж аваагүй бөгөөд уг материалыг авах өгөх асуудал дээр ямар нэгэн баримт үйлдээгүй, гарын үсэг зураагүй, нотлох утасны яриа бичлэг байхгүй. Тухайн үйлдэл болох үеийн аль нэг камерт бичигдсэн бичлэг байхгүй. Ядаж тээвэрлэсэн тээврийн хэрэгслийн улсын дугаар, жолоочийн нэр тодорхойгүй, цаг хугацааны хувьд зөрүүтэй, нэхэмжлэгчийн хэлсэн хугацаа болох 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн камерийн бичлэг, эсвэл бусад хөндлөнгийн этгээд, тухайн аж ахуйн нэгжийн харуул манаачийн тэмдэглэл зэргийг харьцуулан шалгалгүйгээр, үгсэн тохиролцсон хэсэг бүлэг этгээдүүдийн нотлох баримтгүй бие биендээ гэрч болсон үйлдэл, хэл аманд, итгэж уг материалыг аваагүй хэрэглээгүй хүн дээр 2 дахь удаагаа хариуцан төлөх тухай шийдвэр гаргаж байгааг зөвшөөрөхгүй байна....Тэгээд би энийг хэн ачиж, хаана буулгаж ямар ажилд хэрэглэсэн талаар асууж сурч цуг ажиллаж байсан иргэн Бямбацогт, Өлзийсайхан, Батзориг гэм мэт хүмүүстэй нэг нэгнээс нь дамжуулан холбогдож уг материалыг хүү Батзаяа 2014 оны 8 сард авч байсан тухай мэднэ, тайлбар өгөх шаардлагатай бол өгнө гэж ярьсан. Бямбацогт нь өөрийн гараар тайлбар бичиж өгсөн ба түүнийг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзсэнгүй. Үүнийг дахин хянуулах шаардлагатай гэж үзэж байна....Хичнээн үр хүүхэд нь байсан ч хууль ёсоор тусдаа гарч өрх толгойлон амьдарч яваа хүнээс шалтгаалсан зүйлийг би шийтгэлтэйгээр төлмөөргүй байна....Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.
Нэхэмжлэгч Т.Э- нь хариуцагч Х.Р-ээс 5 тн цементийн үнэ 1 140 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Х.Р- нэхэмжлэгчээс юм худалдаж аваагүй, хүү Батзаяа авсан гэж нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын тайлбар, гэрч Гандолгор, Дэнсмаа нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн утсан дахь хариуцагчтай харьцсан мессежний зураг зэрэг нотлох баримтыг харьцуулан судлаж, хариуцагч Х.Р-ээс худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 1 140 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь үндэслэл бүхий болжээ.
Хариуцагч Х.Р- нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй татгалзлаа баримтаар нотлоогүй, гэрчүүдийн мэдүүлгийг үгүйсгэж чадаагүй тул маргааны үйл баримтын талаар гаргасан түүний гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.
Шүүх хэрэглэвэл зохих ямар хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй ямар хуулийг хэрэглэсэн, хуулийг хэрхэн буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрхэн зөрчсөн талаар хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд тусгагдаагүй байх тул гомдлын агуулгыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзнэ.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2017/00289 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 95 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31 910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН