Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1060

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Ш.Ундармаа

улсын яллагч: Э.Намуун

шүүгдэгчийн  өмгөөлөгч: Ц.Эрдэнэбат

хохирогч: Л.Б

шүүгдэгч: К.Т  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Саарал овогт К Т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1906020630802  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С овогт К Т, 19 оны 6 дугаар  сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд  төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ХХК-д жолооч ажилтай,  ам  бүл 5, эхнэр,  хүүхдүүдийн хамт, Баянзүрх  дүүргийн  дугаар  хороо  тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          К.Т нь 2019 оны 3 дугаар сарын 18-ны шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Л.Б маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

         Шүүгдэгч К.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манайхан ажил дээр баяр тэмдэглээд  бүгдээрээ гараад нэг  “Пилье” гэдэг караокед ороод зарим нь согтоод яваад, зарим үлдсэн хүмүүс нь өөр пабад очиж сууя гээд бүгдээрээ гараад явсан. Гарч яваад “Тэлмэн” пабад орж сууж байгаад нэг шил архи авч уугаад бүгдээрээ тарах гээд гарсан.Тэгэхэд Т, Б З гэх гурав миний санаж байгаагаар Т, Б 2 маргалдаад зогсож байсан.Тэгээд би очоод та хоёр юундаа маргалдаад байгаа юм гээд боль гээд салгасан. Намайг салгаж байх хооронд цагдаа нар ирээд бас салгасан. Тэгээд урагшаагаа явж байгаагаа санаж байгаа юм. Урагшаагаа явж байгаад ахиад нэг бөөн зодоон болсон тэр дундаас эхнэрээ салгаж аваад, бас 2,3 хүүхэн нь салгаж аваад Б татаж аваад байснаа  санаж байна.Тэгээд л нэг мэдсэн гэртээ очоод унтсан байсан.Тэрнээс пабад зодоон нүдээн болсныг сайн  санаж байна. Тийм зүйл болоогүй. Б цохисоноо сайн санахгүй байна. Б миний нэр дээр өргөдөл гаргасан болохоор цохьсон байж магадгүй гэж бодож байгаа.  Б мэдүүлэгтээ танилцаж байхад шал тэс ондоо мэдүүлэг өгсөн байсан. Цуг явж байгаа хүмүүсээсээ асуухад тийм зүйл огт болоогүй гэсэн.Тэр үед пабад, караокэд юу болсоноо сайн санаж байгаа. Гараад би Б Т хоёрыг муудалцаж байхыг  бас санаж байна. Гэрлүүгээ харьсанаа санахгүй байгаа. 2 зодоон болсоны сүүлд дахиад бөөн зодоон болсон  гэв.

          Хохирогч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манайхан баяр тэмдэглээд архи дарс уусан. Б миний шүдийг хийлгэж өгий гэж хэлж байсан. Б намайг зодсон гэв.

         Шүүгдэгч  К.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр манай ажлын газрыхан эмэгтэйчүүд, цэргийн баярыг хамт тэмдэглэх гээд ажил дээрээ ууж идээд тэндээсээ гараад эхлээд Натурын зам дагуу байдаг Од караокед орсон. Дараа нь 18 дугаар хороонд байдаг Тэлмэн караокед орсон. Бид нилээн согтсон байсан миний санаж байгаагаар хамгийн сүүлд би Б, Т хоёр менежер Б маргаж байхад голоор нь ороод салгаж байсан. Түүнээс хойш юу болсоныг үнэхээр мэдэхгүй байгаа юм. Тэгээд л би гэртээ харьсан байсан. Гэртээ ирээд амраад байж байхад Б ээж гэж хүн манай эхнэртэй яриад шүдийг нь унагаасан байна гэж хэлсэн байсан. Дараа нь би ажил дээрээ ирээд Б уулзахад та миний шүдийг унагаасан гэж хэлсэн. Би юм санахгүй байгаагаа хэлсэн. Манай ажлыхан болохоор та Б зууралдаад байж байсан шүд унасан талаар хараагүй гэж хэлсэн гэжээ. /хх-ийн 10/ 

         Хохирогч Л.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр цэргийн баяр тэмдэглээд манай хамт олон Натур худалдааны төвийн орчимд байдаг караокед орсон. Тэндээсээ зарим нь гэрлүүгээ явсан зарим нь өөр газар суухаар болсон. Т, О, Д, Б, З, Т бид нар Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах Тэргэл караокед орсон. Тэнд ороод нэг шил архи авч хувааж уусан. Гэтэл Т ах над руу дайраад янз бүрийн юм яриад байсан. Би тоглож байгаа юм байна гэж бодоод тоглоод та эхнэрээ таслаж байгаад  Д явах гэж байгаа юм уу гэж хэлсэн.  Тэгтэл уурлаад гараад ир яасан овоо муу пязда бэ гээд намайг хүзүүдээд пабын гадаа гаргасан. Тэгээд үүдэн дээр гарангуутаа миний хоолойгоор боож байгаад нүүрэн тус газар баруун гараа зангидаж байгаад 3-4 удаа цохисон. Тухайн үед бид хоёртой хамт явж байсан манай ажлыхан бид хоёрыг салгасан. Би Т салтал амнаас цус гараад байсан гэтэл шүд унасан байсан юм. Би гомдолтой байна гэжээ. /хх-н 4-9/     

          Хохирогч Л.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  Би Пабад Д юм яриад байж байхад Төрмөнх ах хүрч ирээд чи манай Д яах гээд байна гэж хэлэхээр нь би шууд та харин эхнэрээ тасраачхаад яах гээд байгаа юм гэж хариу хэлэхэд Т ах уурлаад бид 2 жаахан маргалдсан. Тэгээд бид хоёр пабаас гарсан. Т ах бид хоёр пабаас гараад шууд маргалдсан. Т ах миний хоолойг боож байгаад нүүрэнд гараараа 3-4 удаа цохисон. Би нүүрээ дараад доошоо тонгойход дээрээс мөн цохисон. Яг энэ үед Д, О 2 пабаас гарч ирсэн. Би тухайн үед Т өөр хүнтэй маргалдаагүй гэжээ. /хх-н 72-74/              

          Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр манай байгууллага эмэгтэйчүүд, цэргийн баярыг хамт тэмдэглэсэн. Бид эхлээд ажил дээрээ ууж идсэн. Дараа нь караоке орсон. Би шууд гэрлүүгээ явсан. Гэртээ байж байхад орой 22.00 цагийн орчимд утас дуугараад манай ажлын А залгаад хүрээд ир гэхээр нь би ганцаараа очсон. Манайхан нилээн согтсон байсан. Би уугаагүй. Намайг ороод удаагүй байхад манайхан тарах болсон. Гадаа гараад Т, Б хоёр жоохон маргалдаад тэгээд цагдаа ирээд хоёр тийш нь явуулсан. Би , Т хоёрыг машинд суулгах гээд авч явж байхад Б яасан овоо амьтан бэ гээд эсрэг тийшээ явж байсан хүмүүсийн араас гүйсэн. Б очоод шууд зодоон болсон. Түүнээс өмнө ямар нэгэн зодоон болоогүй байсан гэжээ. /хх-н 13-14/

          Гэрч Т.З мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр манай ажил эмэгтэйчүүдийн болон цэргийн баярыг хамт тэмдэглэх болсон. Бид нар эхлээд ажил дээрээ тэмдэглээд тэндээсээ гараад караоке орсон. Нилээн орой болтол караокед байсан. Тэндээс гараад иртэл Б, Т хоёр маргалдсан. Бид нар маргааныг салгаж байтал цагдаа ирээд Т салгаад явуулсан. Бид нар явж байтал Б араас ирээд Б хэрэлдсэн. Тэгтэл Т ах Б салгаад цааш нь аваад явсан. Тэр хоёр хоорондоо ярилцаж байсан. Өөр болсон асуудлыг би мэдээгүй. Учир нь би тэгээд таксинд суугаад явчихсан юм гэжээ. /хх-н 75-76/

          Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Тухайн өдөр манай ажлыхан баяр тэмдэглэсэн. Машин барьж байгаа нь архи уугаагүй. Караокенээс гарч ирээд Т бид хоёр нилээн маргалдсан. Яг тэр үед цагдаа нар гарч ирээд бид хоёрыг салгаад явуулсан. Би бас зарим зүйлийг санахгүй байгаа юм гэжээ. /хх-н 77-78/

          Гэрч Ц.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Тухайн өдөр манай ажлыхан 2 баяр зэрэг тэмдэглэсэн. Эхлээд ажил дээрээ тэмдэглээд тэндээсээ караоке орсон. Тарах дөхөж байхад би Б, З хоёртой маргалдсан. Бид гурав каракокенээс гарсан. Би Т, Б хоёрыг маргалдаад зогсож байхыг харсан түүнээс цохиж зодолдож байхыг хараагүй гэжээ. /хх-н 79-81/

          Гэрч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Тухайн өдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр манай ажил дээр ямар нэгэн зодоон цохион болоогүй гэжээ /хх-н 82-83/

          Шинжээч томилж,шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 16/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 3795 тоот шинжилгээ:

          1.Л.Б биед 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал, 1 шүдний эмтрэл, зүүн зовхинд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

           2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн одон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.2-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           4. Цаашид 1 шүдний булгарал /унах/ нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонгийг 5% алдагдуулна.

           5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд  үүссэн байх боломжтой байна гэжээ. /хх-н 17/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 19-20/

           Оксман ХХК-ны нэхэмжлэл /хх-н 37-39/

          К.Т иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 21/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 22 /, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 32/

         К.Т  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 32-33/

          К.Т Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 36/, прокурорын тогтоол /хх-н 29-30/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 31/ зэрэг болно.

          Д.Т нь 2019 оны 3 дугаар сарын 18-ны шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Л.Б маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах  Хохирогч Л.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ....Т ах над руу дайраад янз бүрийн юм яриад байсан. Би тоглож байгаа юм байна гэж бодоод тоглоод та эхнэрээ таслаж байгаад  Д явах гэж байгаа юм уу гэж хэлсэн.  Тэгтэл уурлаад гараад ир яасан овоо муу пязда бэ гээд намайг хүзүүдээд пабын гадаа гаргасан. Тэгээд үүдэн дээр гарангуутаа миний хоолойгоор боож байгаад нүүрэн тус газар баруун гараа зангидаж байгаад 3-4 удаа цохисон. Тухайн үед бид хоёртой хамт явж байсан манай ажлыхан бид хоёрыг салгасан. Би Т салтал амнаас цус гараад байсан гэтэл шүд унасан байсан юм гэсэн мэдүүлэг /хх-н 4-9/, Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 3795 тоот шинжилгээгээр Л.Б биед 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал, 1 шүдний эмтрэл, зүүн зовхинд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдсон, гэмтэл нь мохоо зүйлийн одон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.2-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.        Цаашид 1 шүдний булгарал /унах/ нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонгийг 5% алдагдуулна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд  үүссэн байх боломжтой гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ, Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Гадаа гараад Т, Б хоёр жоохон маргалдаад тэгээд цагдаа ирээд хоёр тийш нь явуулсан. Би Б, Т хоёрыг машинд суулгах гээд авч явж байхад Б яасан овоо амьтан бэ гээд эсрэг тийшээ явж байсан хүмүүсийн араас гүйсэн. Б очоод шууд зодоон болсон. Түүнээс өмнө ямар нэгэн зодоон болоогүй байсан гэсэн мэдүүлэг  /хх-н 13-14/,Шүүгдэгч  К.Т мөрдөн шалгах ажиллагааны үед ...би Б, Т хоёр менежер Б маргаж байхад голоор нь ороод салгаж байсан. Түүнээс хойш юу болсоныг үнэхээр мэдэхгүй байгаа юм. Тэгээд л би гэртээ харьсан байсан. Гэртээ ирээд амраад байж байхад Б ээж гэж хүн манай эхнэртэй яриад шүдийг нь унагаасан байна гэж хэлсэн байсан. Дараа нь би ажил дээрээ ирээд Б уулзахад та миний шүдийг унагаасан гэж хэлсэн. Би юм санахгүй байгаагаа хэлсэн. Манай ажлыхан болохоор та Б зууралдаад байж байсан шүд унасан талаар хараагүй гэж хэлсэн гэсэн мэдүүлэг  /хх-ийн 10/   зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

           Д.Т холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч К.Т холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул хэрэгсэхгүй болгох санал тавьсаныг шүүх хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв. Хэрэгт авагдсан ямар баримтаар үгүйсгэгдээд байгааг тодорхой гаргаж нотолсонгүй гэж үзэв.

        Хохирогч Л.Б нь юунаас болж маргалдаад цохих болсоныг тодорхой зааж мэдүүлж байна. Хамт байсан хүмүүс нь яг зодолдож байхгыг хараагүй ч гэсэн зууралдаад зогсож байсныг хэлдэг. Гэхдээ энэ нь зодсон гэсэн үг биш боловч хохирогч өөрөө эх сурвалжаа тодорхой хэлж байгаа учраас К.Төрмөнхийг Л.Б цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэв.

           Д.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.

          Хохирогч Л.Б нь нэг шүд хийлгэхэд гарах зардалд 2.654.000 төгрөг нэхэмжилсэнийг шүүх шүүгдэгчээс гаргуулж төлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Одоогоор шүдээ хийлгээгүй ч гэсэн уг шүдийг хийх шүдний эмнэлэгийн тодорхойлолт ирсэн учир уг тодорхойлолтыг үндэслэн шүүх шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэв.         

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож харгалзан үзэв.

       Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. С овогт К Т   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Д.Т нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 150.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Т нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Д.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,   битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурьдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар К.Т 2.654.000 төгрөгийг гаргуулж Л.Б олгосугай.

9. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН