Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 906

 

К.Т-өд холбогдох эрүүгийн

                                                                           хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Гэрэлмаа,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 1060 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч К.Т-ийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбатын гаргасан давж заалдах гомдлоор К.Т-өд холбогдох эрүүгийн 1906020630802 дугаартай хэргийг 2019 оны 9 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Саарал овгийн К.Т-, 1981 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            К.Т- нь 2019 оны 3 дугаар сарын 19-ний шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Л.Батнямтай маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: К.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: К.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Т-ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг торгох ялыг 3 сарын дотор нэг сард 150.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол шүүх торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар К.Т-өөс 2.654.000 төгрөгийг гаргуулан Л.Батнямд олгож, Д.Т-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч К.Т-ийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат гаргасан давж заалдах гомдолдоо: “...шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Учир нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр шүүгдэгчийн гэм буруутай байдал үгүйсгэгддэг. Хохирогч мэдүүлэг өгөх бүрдээ зөрүүтэй мэдүүлдэг. Тухайлбал анхны мэдүүлэгтээ болон шүүхийн хэлэлцүүлэгт “...би пабад К.Т-тэй маргалдаад бид хоёр хоёулханаа гарч ирсэн. Ингээд намайг шууд нүүр лүү цохисон ба араас Даваажаргал, Одончимэг хоёр гарч ирж салгасан...” гэдэг. Гэтэл бусад гэрч нар пабаас бөөндөө гарсан гэдэг бөгөөд маргааныг салгасан гэх Даваажаргал, Одончимэг нар согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан нь нотлогддог. Уг хэргийг прокурорт буцааж нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах үед болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ ахин өөр байдлаар мэдүүлсэн. Ийнхүү хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан өөр бусад баримтаар нотлогдохгүй, гэрч нарын мэдүүлгээс зөрдөг. Шүүх хохирогчийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байхад алийг нь үнэлж байгаа, алийг нь үгүйсгэж байгаа талаараа тодорхой тайлбарлаагүй. Ямар нотлох баримтаар нотлогдож буй нь тогтоогдохгүй байна. Мөн хохирогчийн мэдүүлгээс үзэхэд маргаан бүхий нөхцөл байдал буюу шүүгдэгчид цохиулсан гэх цаг хугацаанаас гэртээ харих хүртэл цаг хугацаанд гэрч нар түүний амнаас цус гарсан байхыг нь харах, мэдэх бүрэн боломжтой байхад гэрт нь хүргэж өгсөн гэрч Даваасүрэн энэ талаар юу ч хараагүй мэдээгүй байдаг нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Шүүх дүгнэлтэд нөлөөлж болох дээрх нөхцөл байдлуудыг анхаарч үзээгүй, нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад үнэлсэн болон үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй бөгөөд энэ нь улмаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нөлөөлсөн гэж үзэхээр байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

            Прокурор Н.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хохирогч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадсан. Гэрч нар нь хохирогч, шүүгдэгч хоёрыг зууралдаж байхыг харсан, харин цохисон эсэхийг хараагүй гэж мэдүүлдэг. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой болохыг тогтоосон. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Прокуророос К.Т-ийг 2019 оны 3 дугаар сарын 19-ний шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Л.Батнямтай маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд К.Т-ийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэл муутай болжээ.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 3795 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17/-ээр Л.Батнямын эрүүл мэндэд “1 шүдний булгарал, 1 шүдний сулрал, 1 шүдний эмтрэл, зүүн зовхинд цус хуралт, цээжинд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон байх боловч түүний биед уг гэмтлийг хэн учруулсан эсэх, мөн гэмтэл учирсан байж болох цаг хугацаанд болсон асуудал буюу гэмт хэрэг гарсан байдлын талаар эргэлзээ бүхий дараах нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад, хохирогч Л.Батням нь тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед гэмтэл учирсан нөхцөл байдлын талаар нийт 5 удаа мэдүүлэг өгсөн байх бөгөөд түүний 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр өгсөн “...Т-, Одончимэг, Даваасүрэн, Баачка, Золбоо, Төмөрсүх нарын хамт пабд орж архи уусан. Би Т- ахыг тоглоомоор “Та өөрийнхөө эхнэрийг тасрааж байгаад Давкатай яах гээд байгаа юм” гэж хэлсэн чинь над руу дайраад “Чи муу гараад ир яасан овоо том п**** вэ” гээд хүзүүнээс боож аваад пабын гадаа гаргасан. Ингээд Т- шууд миний хоолойгоор боож байгаад нүүрэн тус газар луу баруун гараа зангидаж байгаад 3-4 удаа цохисон. Намайг цохиж байхад ямар нэгэн хүн байгаагүй. Сүүлд нь бид хоёрыг салгах гээд Одончимэг, Давка эгч хоёр гарч ирсэн. Би Т-өөс салаад байж байтал амнаас цус гараад байсан ба хэсэг хугацааны дараа би өөрийнхөө шүдийг унасан байсныг мэдсэн...” /хх-ийн 6-7/,

2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр өгсөн “...маргалдаж байгаад Т- ах гаръя гэж хэлэхэд би зөвшөөрөөд хамтдаа тэр газраас гарсан. Гадаа гарахад хэн ч хамт гараагүй хоёулахнаа гарсан. Гадаа Т- ах намайг заамдаж аваад гараараа нүүр лүү 3 удаа цохисон. Намайг цохисны дараа Одончимэг болон Давка эгч гарч ирээд Т- ахыг надаас салгасан. Бүх үйл явдал дууссаны дараа намайг Даваасүрэн ах гэрт хүргэж өгсөн...” /хх-ийн 8-9/,

2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр өгсөн “...Төрөө ах “Чи ямар овоо юм бэ” гараад ир гээд хэлэхээр нь би ч гэсэн “За тэгвэл гаръя” гээд гарсан чинь намайг хамгаалахын завдалгүй боож аваад шууд нүүр лүү цохисон. Миний амнаас цус гараад сууж байхыг Даваажаргал харсан. Нөгөө талд манай ажлын Батжаргал, дүү Төмөрсүх нар хоорондоо маргалдаж байсан. Манай дүүг хоёр хүн элбэж зодоод байхаар нь би дунд нь ороод дүүгээ авсан. Өөр хүнтэй зодолдоогүй. Даваасүрэн ах машинтайгаа ирээд Төмөрсүх бид хоёрыг гэрт хүргэж өгсөн. Даваасүрэн ахын машинд явж байхад уруул хавдсан байсан. Тэгээд хэлээрээ тэмтрээд үзсэн чинь шүд хөдлөөд уначихсан. Нөгөөдөр нь ажил дээрээ очиход Т- ахын гар хавдаад шүдний ором орсон байхаар нь “Төрөө ахаа та намайг цохисон байна шдээ” гэхэд “Төрөө ах би сайн санахгүй байна, би цохиогүй” гэсэн...” /хх-ийн 58-60/,

2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр өгсөн “...Т- ах бид хоёр жаахан маргалдаад пабаас хоёулаа гарсан. Бид хоёрыг гарахаас өмнө Батжаргал, Золбоо, Төмөрсүх гурав гараад явсан байсан. Т- ахтай пабаас гараад шууд муудалцаж эхэлсэн ба Т- ах миний хоолойг цамцаар боогоод нүүр лүү гараараа 3-4 удаа цохисон. Би нүүрээ дараад доошоо тонгойход миний дээрээс 2-3 удаа цохисон. Яг энэ үед Даваажаргал, Одончимэг хоёр гарч ирээд Т- ахыг аваад явсан. Би Т-өөс өөр хүнтэй маргалдаагүй. Тэр гурвыг явахаар нь би араас нь харчихаад замын нөгөө тал руу харахад цаана Батжаргал, Золбоо, Төмөрсүх гурав бас хоорондоо маргалдаад байж байхаар нь би яваад очсон. Төмөрсүх миний нүдийг хараад хавдсан шүднээс чинь цус гарч байна гэж хэлсэн. Би тэр үед хавдсаныг мэдсэн. Сүүлд би Золбоогоос Т- ах бид хоёрыг маргалдаж байхыг харсан уу гэж асуухад надад харсан гэж хэлсэн. Төмөрсүх бас харсан гэж хэлсэн...” /хх-ийн 73-74/,

2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр өгсөн “...Т- ах намайг цохиж байсан чинь эхнэр нь гарч ирсэн. Тэгээд зодоон болсны дараа цусаа цамцаараа арччихаад дүү дээрээ очсон чинь манай дүү Батжаргал, Цолмон хоёртой зодолдоод байж байсан. Би тэгээд салгасан. Маргааш нь Т- ахын зүүн гар нь шархалсан байхаар нь асуусан чинь “Мэдэхгүй юманд цохисон байна” гэж хэлсэн...” /хх-ийн 114/ гэсэн мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй, тогтворгүй байгаагаас гадна, “...маргааш, нөгөөдөр нь ажил дээрээ очиход Т- ахын гар хавдаад шүдний ором орсон байхаар нь “Төрөө ахаа та намайг цохисон байна шдээ” гэхэд “Төрөө ах би сайн санахгүй байна, би цохиогүй” гэсэн...” гэх мэдүүлгээс үзэхэд, өөрийн биед гэмтэл учруулсан этгээдийг шууд заалгүй, таамаглал дэвшүүлсэн, эдгээр мэдүүлэг нь бусад нотлох баримтаар давхар нотлогдохгүй байна.   

Нөгөөтэйгүүр, тухайн цаг хугацаанд хамт байсан гэх хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авахад тэд К.Т- нь Л.Батнямыг цохиж байхыг хараагүй, Л.Батнямын биед ил харагдах шарх, гэмтэл ажиглагдаагүй, харин Л.Батням өөр бусад этгээдтэй хэрүүл маргаан үүсгэж, зодолдсон үйл явдлын талаар мэдүүлдэг. 

Тухайлбал гэрч О.Одончимэгийн “...пабаас бүгдээрээ гараад явж байхад ард зууралдаан болсон. Би очоод салгахад Батням, Т-, Золбоо, Төмөрсүх, Батжаргал нар байсан...” /хх-ийн 11-12/,

гэрч Д.Даваасүрэнгийн “...манай ажлын Даваажаргалаас болж Т-, Батням хоёр муудалцаж байсныг би сонссон. Тэр хоёр караокены гадаа зодолдоогүй. Бид нар бөөндөө байж байгаад бүгдээрээ зэрэг гараад явах шиг болсон... Батням нь “Энэ хэд ямар овоо юм” гэж хэлээд эсрэг тийшээ явж байсан хүмүүсийн араас гүйгээд явсан. Энэ үед шүд, нүүр ам нь зүгээр байсан. Би Төмөрсүхэд хандан “Ах Батнямыг аваад ир” гэж хэлээд араас нь явуулсан. Би алсаас хараад зогсож байсан ба Батням, Төмөрсүх хоёр очоод шууд ажлынхантайгаа зодоон хийгээд эхлэхээр нь очиж салгаад тэр хоёрыг аваад гэрийнх нь ойролцоо хүргэж өгсөн. Машинд явж байхад Батнямын нүүр царайнд ил харагдах гэмтэл байгаагүй. Шүднээс цус гарсан асуудал байхгүй байх шиг байсан...” /хх-ийн 13-14, 84/,

гэрч Т.Золбоогийн “...бид нар пабад үйлчлүүлж байгаад гарсан чинь Батжаргал, Төмөрсүх хоёр маргалдсан. Бид нар маргааныг салгаад байж байхад цагдаа нар ирээд Төмөрсүхийг салгаад явуулсан. Бид нар тараад явж байхад Батням араас хүрч ирээд Батжаргалтай хэрэлдсэн. Тэгсэн Т- ах Батнямыг салгаад цааш нь аваад явсан. Батням, Т- хоёр маргалдсан асуудлыг би сайн анзаарч хараагүй...” /хх-ийн 75-76/,

гэрч Г.Батжаргалын “...бид нар бүгдээрээ гарсан. Үүдэнд Төмөрсүхтэй би маргалдсан. Яг энэ үед цагдаа нар ирээд бид нарыг салгаад явсан. Харин гээд явж байхад Төмөрсүх, Батням хоёр гүйж ирээд миний нүүр лүү цохиод явсан...” /хх-ийн 77-78/,

гэрч Ц.Төмөрсүх /К.Т-ийн дүү гэх/-ийн 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр өгсөн “...би Батжаргал, Золбоо хоёртой маргалдаад байж байсан болохоор Т- Батнямыг цохисныг бол хараагүй. Харин маргалдаж байхыг харсан. Түүний дараа Батням ахын нүд нь хавдаж, шүднээс нь цус гарсан байсан. Бас Т- ахын гар нь халцарч, гаранд нь шүдний ором гарсан байсныг би харсан...” /хх-ийн 80-81/,

шүүгдэгч К.Т-ийн “...пабаас дуудаж гаргаж ирээд цохисон зүйл байхгүй. Бид нар пабаас гарч ирэхэд Батнямын дүү Төмөрсүх, манай менежер Батжаргал хоёр маргалдаж байсан. Бид нар тэр хоёрыг салгах гэж байхад хэв журмын цагдаа нар ирээд салгасан. Тэгээд бид нар салаад урагшаа явсан. Батням дүүтэйгээ хойшоо салаад явсан. Тэгтэл Батням араас дахин гүйж ирээд зодоон эхлүүлсэн...” /хх-ийн 57, 111/ гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд, тухайн цаг хугацаанд К.Т-, Л.Батням нар хоорондоо маргалдсан байж болох асуудлыг үгүйсгэхгүй боловч К.Т-ийн хувьд Л.Батнямын эрүүл мэндэд хөнгөн хохирол учрахад хүргэсэн үйлдэл, эс үйлдэл хийсэн эсэх нь эргэлзээтэй, харин Л.Батням нь өөрийн дүү гэх Ц.Төмөрсүхийг өмөөрч, К.Т-өөс өөр бусад этгээдүүдтэй хэрүүл маргаан үүсгэн, зодолдсоны улмаас биедээ гэмтэл авсан байж болох нөхцөл байдал байна.   

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийхдээ “...Хамт байсан хүмүүс нь яг зодолдож байхыг хараагүй ч гэсэн зууралдаад зогсож байсныг хэлдэг. Гэхдээ энэ нь зодсон гэсэн үг биш боловч хохирогч өөрөө эх сурвалжаа тодорхой хэлж байгаа учраас К.Т-ийг Л.Батнямыг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэв...” гэсэн нь шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэсэн, ойлгомжгүй, эргэлзээтэй болсноос гадна, шийтгэх тогтоолын тодорхойлох, тогтоох хэсгүүдэд К.Т-ийг “Д.Т-” гэж удаа дараа ташаарч бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болж байдаг. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргээр зүйлчлэхийн тулд гэм буруутай этгээдийн хүний бие махбодид гэмтэл учруулахыг хүссэн санаа зорилго, тухайн гэмтлийг учруулахад хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг сайтар тогтоох шаардлагатай.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч К.Т-ийн гэмт үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдоогүй бөгөөд түүнийг хохирогч Л.Батнямтай маргалдсан үйлдлийнх нь төлөө хүний эрүүл мэндэд халдсан байж болзошгүй хэмээн буруутгах үндэслэлгүй болно.    

Иймээс давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан зарчмыг баримтлан гэмт хэрэг гарсан байдал болон гэмт хэргийг хэн үйлдсэн талаар дээрх эргэлзээтэй байдлыг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн тул “...хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг...” хүссэн өмгөөлөгч Ц.Эрдэнэбатын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, прокуророос К.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан К.Т-өд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг хэргийг тус дүүргийн прокурорын газраар дамжуулан хэрэг бүртгэлтэд буцааж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосныг дурьдав.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 1060 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн прокурорын газраас К.Т-өд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар К.Т-өд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг тус дүүргийн прокурорын газраар дамжуулан хэрэг бүртгэлтэд буцаасугай.

3. Шүүгдэгч К.Т-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  М.АЛДАР

                               ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ

                               ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН