Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1082

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Б.Нямсүрэн

улсын яллагч: М.Очбадрах

шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Ганбат

шүүгдэгч: А.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Б овогт А А холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1806099961213  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт А А, 19 оны 3 дугаар  сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод  төрсөн,  настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам  бүл 2, эхийн хамт  дугаар хороо Сонсголонгийн  дүгээр гудамжны  тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй,

          Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан,

          2008 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн баянзүрх дүүргийн шүүхийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,

          2011 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Баянзүрх  дүүргийн шүүхийн 430 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, уг баривчлах 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр эдлэж дууссан,

          2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 255 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугцаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, уг ялыг 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр эдлэж дуусгасан,

         2017 оны  9 дүгээр сарын 15-ны өдрийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 519 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнсэж байсан, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          А.А нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Алтан тэвшийн 71 тоот хашаанд байрлах Монмэп ХХК-н эзэмшлийн үйлдвэрийн зориулалттай сэндвичин барилгад 2018 оны 12 дугаар сарын 18-ны оройн 22.00 цагийн орчимд хууль бусаар нэвтэрч улмаар 1.000.000 төгрөгийн үнэтэй DEWALT нэртэй 220 вольтоор ажилладаг градустай мужааны хөрөөг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан, мөн 2018 оны 12 дугаар сарын 19-ний шөнө 02.00 цагийн үед уг барилгад дахин нэвтэрч хамгаалалтын ажилтанд баригдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч  А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Эхнийх дээр нь ороод авсан. Харин дараагийнх дээр нь буюу 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би дахин тэр газар нэвтрээгүй.  Бусад нь үнэн зөв таарч байна гэв.

          Шүүгдэгч  А.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би БЗД-ийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр 5-257 тоотод байдаг Дөлгөөн Минж ТББ-д амьдардаг юм. 2018 оны 12 дугаар сарын 18-ны орой 20.00 цагийн орчимд байх Дөлгөөн Минжээс гараад урагш явж лааз цуглуулаад 8000 төгрөг болгоод архи уусан. Тэгээд лааз түүгээд явж байтал Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Нарантуул захын замын хойд талд зам дагуу сендвичин барилга байсан. Тэгэхээр нь би жижиг цонхных нь гадна талаас асаагуурын гэрэл тусгаад хартал дотор нь багаж харагдсан. Тэгэхээр нь цонхыг хагалаад гараа оруулж түгжээг тайлаад дотогш орсон. Дотогш ороод цаад талын том заалруу ортол залны дунд хэсэгт шар өнгийн бариултай цагаан саарал өнгийн цахилгаан хөрөө байсан. Түүнийг аваад  Өгөөмөр захын хойд талд байдаг Ч гэх гагнуурчин дээр авч очоод хөрөө авах уу гэхэд авья гэсэн. Тэгээд би 100.000 төгрөгөөр өгий гэхэд байгаа нь 15.000 төгрөг байна гээд үлдэгдлийг нь маргааш өгөхөөр болоод авсан. Би архи уух гээд ийм зүйл хийсэн. Би өмнө нь Ч ахад төмөр зарж байсан гэжээ. /хх-ийн 28/  

         Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: /хх-н 8-11/

         Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 18-ны орой манай эхнэрийн шинэ жил Баянгол дүүргийн 25 дугаар эмийн сангийн эсрэг талд байрлах Эвент Хол нэртэй газар болоод би эхнэрээ авах гээд гэрээсээ 21.00 цаг өнгөрч байхад явсан. Эхнэрээ аваад шөнө 23.50 цагийн орчимд гэртээ ирээд машинаа хашаан дотор зогсоолд тавиад гэртээ орж гал түлчихээд эхнэрийнхээ хамт ажилладаг хүмүүстэй буцаж гарсан. Тэгээд 13 дугаар хороололд байдаг нэг караоке ороод сууж байтал шөнө 02.40 цагийн орчимд миний утас дуугарахаар нь автал хамгаалалтын албанаас ярьж байна танай цонхийг хагалаад хулгайч орсон байна хулгайчийг барьчихлаа гэсэн. Тэгээд би гэртээ ирээд эд зүйлээ бүртгэхэд юм алдагдсан шинжгүй байсан. Тэгэхээр нь цагдаа дуудаад нөгөө хүнийг өгч явуулсан. Дараа нь хашаан дотор байдаг мужаан цехийн цонх онгорхой байхаар нь уг цехийг хариуцдаг хүнийг дуудаад камер шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 18-ний 22.00 цагийн орчимд мод хөрөөддөг градустай цахилгаан хөрөөг саарал өнгийн хувцастай 40 орчим насны эрэгтэй хүн цехийн цонх хагалж ороод юм аваад гарч байгаа бичлэг байсан. Тэгээд дахиад шөнийн 02.30 цагийн орчимд орж байгаа бичлэг байсан. Уг градустай хөрөөг 2017 оны 8 дугаар сард БНХАУ-аас 2.600.000 төгрөгөөр худалдан авч байсан юм гэжээ. /хх-н 25-26/

        Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн тухай тэмдэглэл /хх-н 16-17/

         Телекамерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-.н 18-19/         

          Гэрч Ц.Ч  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 18-ны орой 23.00 цагийн орчимд байх цагийг нь сайн санахгүй байна манай хашааны хаалгыг хүн цохиод байхаар нь гараад харахад зүс таних залуу /нэрийг нь мэдэхгүй байна/ шуудайтай юм бариад явж байсан. Тэгээд надад хэлэхдээ та төмөр тасдаж гагнуур хийдэг юм чинь хөрөө авах уу төмөр тасалдаг юм байна гэхээр нь санаанд оролгүй хэд юм гэж асуухад 100.000 төгрөг гэсэн. Тэгэхээр нь тийм их мөнгө алга байгаа нь 15.000 төгрөг л байна гэхэд үлдсэнийг нь дараа өгчих гээд явсан. Би гагнуур хийдэг болохоор өмнө нь ганц нэг төмөр авч байсан юм гэжээ. /хх-н 27/

          Гэрч Р.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Миний хүү Алтантулга 1988 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Бага насаа ХУД-ийн 124 дүгээр цэцэрлэгт өнгөрөөсөн. 7 дугаар ангиасаа сургуулиас гарсан. Сургуулиас гараад барилгын ажил хийж байсан. 2013 онд байх эхнэртэйгээ танилцаад Яармагт манай хашаанд надтай хамт амьдарч байсан. 2017 онд эхнэр нь нас бараад хоёр хүүхэд нь асрамжийн газарт очсон. Манай хүү сүүлийн хэдэн жил архи ууж байгаа гэжээ. /хх-н 29/

         Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 30/

         Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд: 1.000.000 хөрөөг үнэлжээ. /хх-н 31-32/

         Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 33-34/

        А.А  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 51/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 52 /, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-н 56-69/

       Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын санал /хх-н 43-45/

         А.А Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 35/, прокурорын тогтоол /хх-н 36-37/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 39-42/ зэрэг болно.

         А.А нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Алтан тэвшийн 71 тоот хашаанд байрлах Монмэп ХХК-н эзэмшлийн үйлдвэрийн зориулалттай сэндвичин барилгад 2018 оны 12 дугаар сарын 18-ны оройн 22.00 цагийн орчимд хууль бусаар нэвтэрч улмаар 1.000.000 төгрөгийн үнэтэй DEWALTнэртэй 220 вольтоор ажилладаг градустай мужааны хөрөөг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан, мөн 2018 оны 12 дугаар сарын 19-ний шөнө 02.00 цагийн үед уг барилгад дахин нэвтэрч хамгаалалтын ажилтанд баригдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах бичгийн нотлох бармтуудаар тогтоогдож байна.Үүнд: Хохирогч Б.Г  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... шөнө 02.40 цагийн орчимд миний утас дуугарахаар нь автал хамгаалалтын албанаас ярьж байна танай цонхийг хагалаад хулгайч орсон байна хулгайчийг барьчихлаа гэсэн. Тэгээд би гэртээ ирээд эд зүйлээ бүртгэхэд юм алдагдсан шинжгүй байсан. Тэгэхээр нь цагдаа дуудаад нөгөө хүнийг өгч явуулсан. Дараа нь хашаан дотор байдаг мужаан цехийн цонх онгорхой байхаар нь уг цехийг хариуцдаг хүнийг дуудаад камер шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 18-ний 22.00 цагийн орчимд мод хөрөөддөг градустай цахилгаан хөрөөг саарал өнгийн хувцастай 40 орчим насны эрэгтэй хүн цехийн цонх хагалж ороод юм аваад гарч байгаа бичлэг байсан. Тэгээд дахиад шөнийн 02.30 цагийн орчимд орж байгаа бичлэг байсан. Уг градустай хөрөөг 2017 оны 8 дугаар сард БНХАУ-аас 2.600.000 төгрөгөөр худалдан авч байсан юм гэсэн мэдүүлэг  /хх-н 25-26/, Гэрч Ц.Ч  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... манай хашааны хаалгыг хүн цохиод байхаар нь гараад харахад зүс таних залуу /нэрийг нь мэдэхгүй байна/ шуудайтай юм бариад явж байсан. Тэгээд надад хэлэхдээ та төмөр тасдаж гагнуур хийдэг юм чинь хөрөө авах уу төмөр тасалдаг юм байна гэхээр нь санаанд оролгүй хэд юм гэж асуухад 100.000 төгрөг гэсэн. Тэгэхээр нь тийм их мөнгө алга байгаа нь 15.000 төгрөг л байна гэхэд үлдсэнийг нь дараа өгчих гээд явсан гэсэн мэдүүлэг /хх-н 27/, Шүүгдэгч  А.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Нарантуул захын замын хойд талд зам дагуу сендвичин барилга байсан. Тэгэхээр нь би жижиг цонхных нь гадна талаас асаагуурын гэрэл тусгаад хартал дотор нь багаж харагдсан. Тэгэхээр нь цонхыг хагалаад гараа оруулж түгжээг тайлаад дотогш орсон. Дотогш ороод цаад талын том заалруу ортол залны дунд хэсэгт шар өнгийн бариултай цагаан саарал өнгийн цахилгаан хөрөө байсан. Түүнийг аваад  Өгөөмөр захын хойд талд байдаг Чимэд гэх гагнуурчин дээр авч очоод хөрөө авах уу гэхэд авья гэсэн. Тэгээд би 100.000 төгрөгөөр өгий гэхэд байгаа нь 15.000 төгрөг байна гээд үлдэгдлийг нь маргааш өгөхөөр болоод авсан. Би архи уух гээд ийм зүйл хийсэн гэсэн мэдүүлэг /хх-н 28/  зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

           А.А  холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч  үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэмт хэрэгт  гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. 

          А.А нь 2017 оны  9 дүгээр сарын 15-ны өдрийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 519 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнссэн шийтгэх тогтоолыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд  энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн тул хүчингүй болгож ял оногдуулахаар шидвэрлэв.

          А.А оногдуулсан ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэх нь зүйтэй байна.

          А.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 42 хоногийн эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй. 

         А.А нь хулгайлж авсан эд зүйлээ буцааж өгсөн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.         

         Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.       

         Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.А 2017 оны  9 дүгээр сарын 15-ны өдрийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 519 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнссэн  шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Б овогт А А  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч   үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тус тус  тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-д зааснаар А.А 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар А.А 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.А оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагааар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар А.А оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.А 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн өдөр хүртэл  цагдан хоригдсон 42 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.А авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

9. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, А.А нь бусдад төлөх төдбөргүй болохыг  тус тус дурьдсугай.

10. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.А авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН