Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 907

 

А.А-д холбогдох эрүүгийн

                                                                           хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Очбадрах,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 1082 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, дээд шатны прокурор А.Бямбацэемаагийн бичсэн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 103 дугаартай эсэргүүцлээр А.А-д холбогдох эрүүгийн 1806099961213 дугаартай хэргийг 2019 оны 9 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Боржигон овгийн А.А-, 1988 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

            - Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэг, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгүүдэд зааснаар нийт 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            - Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 430 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

             - Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 255 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            - Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 519 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан,

            А.А- нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтантэвшийн 71 тоот хашаанд байрлах “МонМеп” ХХК-ийн эзэмшлийн үйлдвэрийн зориулалттай сэндвичин барилгад 2018 оны 12 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед хууль бусаар нэвтэрч, улмаар 1.000.000 төгрөгийн үнэ бүхий “Dewalt” нэртэй цахилгаан мужааны хөрөөг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, мөн 2018 оны 12 дугаар сарын 19-ний шөнө 02 цагийн үед уг барилгад дахин нэвтэрч хамгаалалтын ажилтанд баригдсан гэмт хэрэгт холбогджээ. 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                     

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.А-д Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 519 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнссэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, А.А-н цагдан хоригдсон 42 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, А.А- нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, А.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор А.Бямбацэемаа тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж заасан байхад уг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 519 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан байхад уг шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан байна. Шүүгдэгч А.А- нь урьд 5 удаа ял шийтгүүлж байсан бөгөөд хамгийн сүүлд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 519 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан байх хугацаандаа хүлээлгэсэн үүрэг, эрх хязгаарласан албадлагын арга хэмжээг зөрчиж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн байхад түүнд 4 жилийн хорих ял оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцээгүй болно. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

Прокурор М.Очбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

А.А- нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 519 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан ба тэрээр энэ хугацаандаа буюу 2018 оны 12 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтантэвшийн 71 тоот хашаанд байрлах “МонМеп” ХХК-ийн эзэмшлийн үйлдвэрийн зориулалттай сэндвичин барилгад хууль бусаар нэвтэрч, улмаар 1.000.000 төгрөгийн үнэ бүхий “Dewalt” нэртэй цахилгаан мужааны хөрөөг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад худалдан борлуулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч “МонМеп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбаатар нь “...шөнө 02 цаг 40 минутын үед хамгаалалтын албанаас яриад “Манай цонхийг хагалаад хулгайч орсон байна. Хулгайчийг барьчихлаа” гэсэн. Тэгээд би гэртээ ирээд цагдаа дуудаж нөгөө хүнийг өгч явуулсан. Дараа нь хашаан дотор байдаг мужааны цехийн цонх онгорхой байхаар нь уг цехийг хариуцдаг хүнийг дуудаад камер шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 18-ний орой 22 цагийн үед саарал өнгийн хувцастай 40 орчим насны эрэгтэй хүн цехийн цонхыг хагалж ороод мод хөрөөддөг градустай, цахилгаан хөрөөг авч гарч байгаа бичлэг байсан. Мөн шөнийн 02 цагийн үед дахин орж байгаа бичлэг байсан...” /хх-ийн 25-26/ гэж эд хөрөнгөө алдсан цаг хугацаа, алдагдсан эд хөрөнгийнхөө шинж байдлын талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь:

гэрч Ц.Чимэдцэрэнгийн “...2018 оны 12 дугаар сарын 18-ны орой 23 цагийн үед байх цагийг нь сайн санахгүй байна, манай хашааны хаалгыг хүн цохиод байхаар нь гараад харахад зүс таних залуу шуудайтай юм бариад явж байсан. Тэгээд надад хэлэхдээ “Та төмөр тасдаж гагнуур хийдэг юм чинь хөрөө авах уу” гэхээр нь “Хэд юм бэ” гэж асуухад “100.000 төгрөг” гэсэн. Тэгэхээр нь “Тийм их мөнгө алга, 15.000 төгрөг л байна” гэхэд “Үлдсэнийг нь дараа өгчих” гээд явсан...” /хх-ийн 27/,

яллагдагч А.А-н “...би жижиг цонхны гадна талаас асаагуурын гэрэл тусгаад хартал дотор нь багаж харагдсан. Тэгэхээр нь цонхыг хагалаад гараа оруулж түгжээг тайлаад дотогш орсон. Дотогш ороод цаад талын том заал руу ортол шар өнгийн бариултай, цагаан саарал өнгийн цахилгаан хөрөө байсан. Түүнийг аваад Өгөөмөр захын хойд талд байдаг Чимэд гэх гагнуурчинд 100.000 төгрөгөөр өгөх гэтэл байгаа нь 15.000 төгрөг байна гээд, үлдэгдлийг нь маргааш өгөхөөр болоод авсан. Би архи уух гэж ийм зүйл хийсэн...” /хх-ийн 28/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-11/, гэмт хэрэг гарсан байдлыг харуулсан хяналтын камерын бичлэг, түүнээс хуулбар хийсэн 1 ширхэг “Сиди”, түүнийг нотлох баримтын ач холбогдолтой гэж эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-19/, алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /хх-31-32/, алдагдсан эд хөрөнгийг Ц.Чимэдцэрэнгээс хураан авч, Б.Ганбаатарт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 16-17/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн А.А-г хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Харин А.А-н 2018 оны 12 дугаар сарын 19-ний шөнө 02 цагийн үед уг барилгад дахин нэвтэрч, хамгаалалтын ажилтанд баригдсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, А.А-г хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдэхийг завдсан гэж дүгнэн тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь буруу болсны гадна, А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн, мөн уг гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцохдоо тухайн зүйл, хэсэг, заалтад заагаагүй буюу “агуулах саванд нэвтэрч үйлдсэн” гэх шинжээр буруутгасан нь зохимжгүй болжээ.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж, мөн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ.” гэж тус тус тодорхойлсон.

Гэмт хэрэг гарсан газар, тухайн цаг хугацаанд болж буй үйл явдлыг харуулсан хяналтын дүрс бичлэгээс үзэхэд, А.А- нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний шөнө 02 цаг 34 минутын үед барилгын цонхоор нэвтэрч дотогш орсон, улмаар 02 цаг 38 минутын үед барилгын хашаанаас гарч зугтаахад хамгаалалтын албаны ажилтан араас нь гүйж байгаа үйл явдал бичигджээ. Тэрээр уг барилгад дахин нэвтрэхдээ ямар эд хөрөнгө хулгайлахыг завдсан нь тодорхой бус, хохирогчоос нэмж өөр эд хөрөнгө алдагдсан талаар гомдол мэдүүлээгүй байх тул тухайн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр гэмт хэргийн шинжтэй байж болох асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн гүйцэд шалгаагүй байна.

Өөрөөр хэлбэл аливаа үйлдэл, эс үйлдэхүйг эхлээд оюун ухаандаа төсөөлсний үр дүнд үйл ажиллагааны илрэл болж улмаар өөрийн хүсэл зоригийн чиглэлтэй буюу тодорхой зорилго, сэдэлтээр гэмт үйлдлээ эхлүүлсэн боловч өөрөөс нь үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрэлгүйгээр таслан зогсоогддог тул А.А-н дээрх үйлдэл бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан шинжийг агуулаагүй болно.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хохирол, үнийн дүн, үйлдэж буй арга зэрэг нь тухайн гэмт хэргийн нэг шинж болж байдаг онцлогтой. Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, сэм нууц аргаар, хууль бусаар авч өөртөө захиран зарцуулах боломжийг бий болгосноор төгсдөг.

Гэтэл энэхүү хэргийн хувьд тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрсэн боловч ямар нэгэн тухайлсан эд хөрөнгө авалгүйгээр буцаж гарч яваад харуул хамгаалалтын ажилтанд саатуулагдсан байна.

Бусдын өмчлөлийн тусгайлан хамгаалсан байранд нэвтэрснээр эсхүл гэм буруу буюу субъектив тал нь дангаараа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсаныг хангахгүй. Хэний, ямар үнэтэй эд хөрөнгийг авах гэж байсан нь тодорхойгүй, хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулаагүй, бодитой материаллаг эд хөрөнгийг өөрийн болгох зорилгогүй үйлдэлд гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь буруу болжээ.

Иймээс давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан зарчмыг баримтлан прокуророос А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Түүнчлэн шүүгдэгч А.А- урьд нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 519 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан байхдаа буюу 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дахин энэ төрлийн гэмт хэргийг санаатай үйлдсэн байна.

Тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, урьд гэм буруутайд тооцогдсон үйлдэлд ял сэргээн оногдуулах журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ойлгох бөгөөд энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоохоор хуульчилсан байхад анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 519 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч А.А-г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд дахин тооцож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Өөрөөр хэлбэл уг шийтгэх тогтоолыг бүхэлд нь бус, зөвхөн шүүгдэгч А.А-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тодорхой төрлийн албадлагын арга хэмжээ авсан буюу шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн зарим заалтыг хүчингүй болгох нь хуульд нийцэхээр байх тул энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг агуулгын хувьд хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч А.А-н тэнссэн хугацаанд дахин үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 519 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эдгээр ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоосныг буруутгах үндэслэлгүй байна.

Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж, 4 дэх хэсэгт “Нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна.” гэж тус тус хуульчилсан боловч шүүгдэгч А.А-д өмнөх шийтгэх тогтоолоор ял оногдуулаагүй тул эдлээгүй үлдсэн ял гэж байхгүй юм.

Иймээс дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлээс “...А.А-д оногдуулсан ял хөнгөдсөн...” гэх утга агуулга бүхий хэсгийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.  

Түүнчлэн алдагдсан эд хөрөнгийг шүүгдэгчээс худалдан авч, урьдчилгаа болгон 15.000 төгрөг өгсөн гэх иргэн Ц.Чимэдцэрэнгээс тухайн эд хөрөнгийг хураан авч эзэмшигчид нь хүлээлгэн өгсөн байхад энэ хэрэгт Ц.Чимэдцэрэнг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй, түүнд учирсан хохирлын асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан байх тул Ц.Чимэдцэрэн нь өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдав.   

Дээр дурьдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 1082 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.А-г Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 519 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгосугай.” гэж,

- 2 дахь заалтыг “Боржигон овгийн Алтантуулын А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

- 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар А.А-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 519 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

- 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд зааснаар А.А-д оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосугай.” гэж,

- 5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар А.А-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Дээд шатны прокурор А.Бямбацэемаагийн бичсэн эсэргүүцлээс “...ял хөнгөдсөн...” тухай хэсгийг хүчингүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.АЛДАР

                                   ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ

                                   ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН